Зах зээл дэх төрийн оролцооны талаар эдийн засагчид онолуудын дагуу маргадаг. Манай хувийн хэвшлийнхний зүгээс өнгөрсөн хорь гаруй жилд илэрхийлж ирсэн нийтлэг байр суурийг харвал, төрийн оролцоо бага байх тусмаа том дэмжлэг болно гэдэг.
Тэгвэл ковидын үед дэлхийн бусад улс орнуудад ч, манай Монголд ч нийгмийн бүх шатан дахь төрийн оролцоо нэмэгдэв. Үнэндээ цар тахлын шуурганд хүчтэй өртөж буй хувийн хэвшлүүд, иргэдийн хувьд төр засгаас ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ-ыг хүлээсэн дүр зураг өнгөрсөн жил гаруйн хугацаанд дэлхийд ноёлсны сацуу төрд итгэх иргэдийн итгэл өссөн үзүүлэлтүүд ч судалгаанаас харагдаж байна.
Тодруулбал, Монгол Улсын тухайд эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг болох “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн судалгааны дүнгээс харахад “Та, Төрд, Засгийн газарт итгэдэг үү” гэсэн асуултад “Тийм” гэсэн хариулт өгсөн иргэдийн тоо өмнөх судалгааны дүнгээс хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Ер нь бол нийгэм, эдийн засгийн бүхий л шийдвэрүүд улс төрийн түвшинд гардаг гэдгийг энэ удаагийн цар тахал иргэдэд илүү тодоор сануулан, мэдрүүллээ.
Нөгөө талаас дэлхийн улс орнуудыг хамарсан, нийгмийг айдаст автуулсан, халдварт өвчний эсрэг тэмцэлд төр манлайлан оролцохоос өөр гарц өнөөгийн дэлхий дахинд алга байна. Тиймээс төр оролцоно. Гэхдээ төр оролцохдоо диктатур байх боломжоо ашиглаж буйг, тэр хандлага, барил нь ковидын дараа ч олонх нийгмүүдэд илүү урт хугацааны сүүдэр тусгах вий. Иргэд тахлын үеийн айдас хүйдсээсээ давж сэтгэлгүй, хяналтаа алдаж, ковидын дараах ардчиллын дутмагшилд орох вий гэсэн агуулга бүхий байр суурийг зарим эрдэмтэн, судлаачид энэ цаг үед анхааруулж байна. Иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх нь сайн хэрэг боловч төр тэрхүү итгэлийг хэрхэн хариулах вэ гэдэгт асуудлын гол байна.
Энэ бол Монгол Улсад ч хамаатай бөгөөд анзаарч харах ёстой агуулга юм. Азийн хөгжлийн банкнаас эрхлэн гаргасан “Монгол Улсын Эдийн Засгийн Хэтийн Төлөв: Хоёр том гүрний дунд орших арвин баялаг бүхий эх газрын орон” гарчигтай цогц дүн шинжилгээний тайлангаас энд эшлэе.
Тус тайланд “...Хүн амын бичиг үсэг тайлагдалтын хувь өндөр, хүйсийн тэнцвэртэй байдал сайн, гадаадад зорчих эрх нээлттэй, амьжиргааны түвшин сайжирсан гэх зэргээр давуу талууд бий хэдий ч ардчилсан эрх, эрх чөлөөг дагалдах институцийн чанараа сайжруулах шаардлага хэвээр байна. Хэдийгээр иргэдийн дуу хоолой, хариуцлагын механизм нь чухал ч институцийн чанар төдийлөн сайжраагүй нь асуудал дагуулсаар байна... Засаг өөрчлөгдөхөд төрийн албан хаагчдын халаа сэлгээ ч ихээр хийгддэг. Засгийн газарт тавих хараат бус хяналт (сонгуулийн саналыг эс тооцвол) сул бөгөөд өндөр хариуцлагатай эрх мэдлийг хэрэгжүүлэх авлигатай тэмцэх газар тус улсад дутагдаж байна” гэсэн байгаа юм.
Тэгвэл Дэлхийн банкнаас гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан” тайланд мөн институци, сайн засаглалыг онцолжээ. Тодруулбал, Монголын эдийн засгийн одоогийн өнгө төрх, хөгжлийг уул уурхай тодорхойлж байгаа ч ирээдүйд хүн, институци, сайн засаглал үүнийг тодорхойлох ёстойг тодотгожээ.
Эдийн засагч Б.Даваадалай Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Институцийн хувьд сайн засаглал гэж ярихаар хуулийн хэрэгжилт сайн байх, авлигаа бууруулах хэрэгтэй. УИХ болон бусад байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр дорвитой реформууд хийх шаардлагатай. Энэ дотор авлигын асуудал яригдана. Ахиц гарч байгаа ч хангалтгүй байна. Төсвийн институциудыг сайжруулмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаачидтай хамтран хийсэн "Монголын Бизнесийн Орчин-2020" судалгаанд оролцсон 4075 аж ахуйн нэгжийн 50-иас илүү хувь нь бизнес эрхлэхэд яамд, газрын албаны авлига хээл хахуулийн асуудал бэрхшээл учруулдаг, төрийн байгууллагын хүнд суртал асуудал болдог гэж хариулсан байсан.
Тодруулбал, судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 31.3-52.4% нь төрийн байгууллагаас учруулж буй саад бэрхшээлүүд болох Авлига, хээл хахууль, Хүнд суртал, Мэргэжилтний харилцаа, ёс зүй, Нэгж, алба хоорондын уялдаа холбоо муу зэрэг үзүүлэлтүүдэд МУУ гэсэн үнэлгээ өгсөн байна.
Тухайлбал, Газрын алба, Яамд, Мэргэжлийн хяналтын байгууллага, Гаалийн байгууллага, Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд бизнес эрхлэгчдэд хамгийн их хүндрэл учруулдаг. Эдгээр байгууллагуудад авлига, хээл хахууль ихтэй гэж судалгаанд оролцогсдын 42.8-52.4% хариулсан бол, хүнд суртал ихтэй гэж 42.2-52.1% нь, мэргэжилтний харилцаа, ёс зүй муу хэмээн 30.3-39.5% нь, нэгж, алба хоорондын уялдаа холбоо муу гэж 31.8-39.1% нь тус тус хариулжээ.
ТАЙЛБАР: Бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагаас учруулж буй хүндрэлийг үүсгэж буй хүчин зүйлс, улсын хэмжээнд
Эдгээр байр сууриуд, мэдээллүүдийг тодотгохын учир нь хувийн хэвшилдээ, иргэндээ ээлтэй сайн институциудыг бий болгож чадаагүй, ужиг асуудалтай Монгол Улс ковидын сөрөг нөлөөлөлтэй зэрэгцэн, энэ чиглэлд хийж, хэрэгжүүлэх байсан алхмуудаа улам хойшоо тавих вий гэсэн болгоомжлол үүсэж байна.
Ковидын үеийн төрийн оролцооны нөгөө талд Төр, Хувийн хэвшил, Иргэний зохистой түншлэл улам бүр алдагдах, төрийн хүнд суртал илүү нэмэгдэх эрсдэл байгааг өнөөдрийн нөхцөл байдал харуулж буй тул хаа хаанаа үүнээс сургамж авах, ёс зүйтэй, хариуцлагатай, хяналттай байх нь эрсдэлийг бууруулж, эерэг өөрчлөлт дагуулах болов уу.
Сэтгэгдэл ( 0 )