АХБ: Ази тивийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг БУУРУУЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Азийн Хөгжлийн Банк (АХБ) хөгжиж буй Ази тивийн энэ оны эдийн засгийн өсөлтийг өнгөрөгч дөрөвдүгээр сард 7.3% гэж тооцож байсан бол коронавируст өвчлөлийн цар тахлын дахин дэгдэлт нь бүс нутгийн зарим орны эдийн засгийн сэргэлтийг удаашруулж байгааг харгалзан 7.2% болгож бууруулжээ. Харин 2022 оны өсөлтийн төлөв 5.3% байсныг 5.4% болгож нэмэгдүүлсэн байна.

БНСУ, Сингапур, БНХАУ-ын Хонконг, Тайвань зэрэг шинээр аж үйлдвэржсэн орнуудыг оруулахгүйгээр тооцвол хөгжиж буй Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2021 онд өмнөх 7.7%-иас буурч 7.5%, 2022 онд өмнөх 5.6%-иас өсч 5.7% болж шинэчлэгдлээ.

АХБ-наас эрхлэн гаргадаг эдийн засгийн гол тайлан болох Азийн хөгжлийн төлөв (АХТ) 2021 нэмэлт тайланд КОВИД-19 цар тахлын үеийн бүс нутгийн эдийн засаг, инфляцын түвшний шинэчилсэн төсөөллийг тусгажээ.

АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада “Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг КОВИД-19 цар тахлаас эргэн сэргэж байгаа ч, цар тахлын дахин дэгдэлт газар авч, вирусын шинэ хувилбарууд үүсч, вакцинжуулалт харилцан адилгүй үр дүнтэй буюу жигд бус байгаагаас шалтгаалж тодорхойгүй байдалтай нүүр тулсан хэвээр байна. Вакцинжуулалт болон халдварыг зогсооход чиглэсэн бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт эдийн засгийн үйл ажиллагааг үе шаттай нээж, тодорхой стратегийг баримтлан идэвхжүүлж байж эдийн засгийн сэргэлтийг илүү ногоон, хүртээмжтэй, эрсдэл даах чадвартай болгоно” хэмээн онцлон тэмдэглэв.

Олон улс оронд КОВИД-19 цар тахлын халдварын дэгдэлт үргэлжилсээр байгаа тул цар тахлын эрсдэл нь эдийн засгийн хэтийн төлөвт хамгийн том эрсдэл хэвээр байна. 5 дугаар сарын дунд үед бүс нутгийн хэмжээнд нэг өдөрт батлагдсан тохиолдол 434,000 орчим болж дээд цэгтээ хүрсэн бол 6 дугаар сарын сүүлчээр 109,000 орчим болж буурснаас ихэнх тохиолдол нь Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутагт илэрсэн байна. Үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд вакцинжуулалт эрчимжиж 6 дугаар сарын сүүлээр 100 хүн тутамд 41.6 тун хийгдсэн байгаа нь дэлхийн дундаж 39.2 тун гэсэн үзүүлэлтээс өндөр байгаа ч АНУ-ын 97.6, Европын Холбооны 81.8-аас бага байна.

БНХАУ-ын Хонконг, БНСУ болон БНХАУ-ын Тайвань зэрэг шинээр аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг төсөөлж байснаас илүү эрчимтэй сэргэж байгаагийн нөлөөгөөр Зүүн Азийн бүс нутгийн 2021 оны өсөлтийн төлөвийг өнгөрсөн 4 дүгээр сарын 7.4%-иас 7.5% болгож нэмэгдүүлсэн бол 2022 оны төсөөлөл 5.1%-иас өөрчлөгдөөгүй болно. Түүнчлэн, аж үйлдвэрлэл, экспорт, үйлчилгээний салбарын гүйцэтгэл тогтвортой байгаатай уялдан БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 8.1%, 2022 онд 5.5%-д хүрнэ гэсэн өнгөрсөн 4 дүгээр сарын төсөөлөл өөрчлөгдөөгүй.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 3.4% байна хэмээн дөрөвдүгээр сард төсөөлж байсныг 3.6% болгон нэмэгдүүллээ. Үүнд тус дэд бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Армен, Гүрж болон Казахстан Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн. Төв Азийн эдийн засгийн өсөлтийн 2022 оны төсөөлөл 4.0%-д хэвээр байна.

Цар тахлын дэгдэлтийг зогсоох, халдварын шинэ голомтыг хумих хамгааллын болон хөл хорионы арга хэмжээний улмаас эдийн засгийн үйл ажиллагаанд саад тотгор учирч байгаатай холбоотойгоор Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн дэд бүсийн 2021 оны өсөлтийн төсөөллийг буурууллаа. Өмнөд Азийн эдийн засаг 2021 оны санхүүгийн жилд 9.5%-иар өсөх төсөөлөлтэй байсныг 8.9% болгож бууруулсан. Энэтхэг Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв 1.0 нэгж хувиар буурч 10.0%-д байна. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийн 2021 оны төлөв 4.4%-иас 4.0%, Номхон далайн орнуудынх 1.4%-иас 0.3% болж тус тус буураад байна. Гэхдээ 2022 онд эдгээр дэд бүсийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл харгалзан 7.0%, 5.2%, 4.0% болж сайжирсан болно.

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд энэ оны инфляцийн төсөөлөл өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаар 2.3% байсан бол газрын тос, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2.4% болж нэмэгдлээ. Харин 2022 онд инфляцийн төсөөлөл өмнөх 2.7%-иас өөрчлөгдөөгүй хэвээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top