Дэлхийн улс орнууд цар тахлын эрсдэл, сорилтыг сөрөн шандсаа сорьсон хэвээрээ байгаа эдгээр өдрүүдэд хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны олимпын их наадам Токио хотноо үргэлжилж байна.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ сарын 23-нд их хүлээлт дагуулан, нээлтээ хийсэн “Токио-2020” олимпын наадмыг түүхэнд хамгийн өндөр зардалтай олимп болж байна хэмээн Wall Street Journal мэдээллээ. 15 тэрбум ам.долларын зардлаар эхэнд бичигдэж байсан Лондонгийн олимпоос 11.04 тэрбум ам.доллароор илүү буюу 26 тэрбум ам.долларын өртөгтэй олимп болж байна гэж мэдээлэлд дурджээ.
Албаны зарим мэдээлэлд 15.4 тэрбум ам.долларын нийт төсөв зарцуулагдсан гэж буй ч Японы Засгийн газрын дотоод аудитын хяналтаар “Токио-2020” олимпын зардал анх урьдчилсан байдлаар тооцоолж байсан 7.4 тэрбум ам.доллароос гурав дахин нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсныг мөн мэдээлэлд бичсэн байна.
Олимпын наадам гэдэг бол дэлхийн аль ч улс орны хувьд хамгийн өндөр зардлаар зохион байгуулдаг МЕГА тэмцээн гэдгийг онцолжээ.
Түүнчлэн “Токио-2020” олимпын наадмын нийт зардлын 12 тэрбум ам.доллар нь цэнгэлдэх хүрээлэн зэрэг спорттой холбоотой шууд зарлууд байгаа бол наадмын зохион байгуулалтад шаардагдсан бусад зардлууд үүнээс өндөр хувиар давсан үзүүлэлттэй байгааг судалгаанууд харуулж байна.
Олимпын наадмын гол зардлууд нь 2019 онд баригдаж дууссан 68,000 хүний суудалтай Үндэсний цэнгэлдэх хүрээлэн. 15,000 хүний суудалтай усан сэлэлт, гар бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн болон бусад 25 байгууламжийн засвар, тохижилт зэрэгт зарцуулагджээ.
Ковидын улмаас нэг жилээр хойшлуулсан хугацаанд 3 орчим тэрбум ам.долларын зардал нэмэгджээ. Цар тахлаас үүдэн олимпыг хойшлуулахаас өөр аргагүй болсон талаар мэдээллүүд анх гарч байх үед зардал нь 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ гэх мэдээллийг Японы хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл уг зардлыг 1 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн дүнг хэвлэлүүд ийнхүү мэдээлж буй юм.
“Токио-2020” олимпын наадмыг хойшлуулсан хугацаанд нэмэлтээр гарсан зардлууд нь, тасалбар буцаалт, ажиллагсдын цалин хөлс, заал талбайн түрээс зэрэгтэй голчлон холбоотой аж. Тухайлбал, тасалбар буцаалтаас 800 орчим сая ам.доллар алджээ.
Олон Улсын Олимпын Хороо болон Токиогийн Олимпын зохион байгуулах хороо цар тахлын үед хэмнэлттэй олимп зохион байгуулах тохиролцоог өнгөрсөн оны зургаадугаар сард хийж байсан.
Ер нь бол Токиогийн олимпын зардал түүхэн өндөр байгааг зөвхөн цар тахлын улмаас хойшилсонтой холбож авч үзэж болохгүй. Олимпын наадмын зардал урьдчилсан байдлаар тооцоолсноос өндөр хувиар давдаг жишиг 1960 оноос хойш давтагдах болсныг мэдээлэлд дурдсан байна. Бент Фливберг нарын 2020 онд хийсэн судалгаагаар, олимпын наадмыг 8 тэрбум ам.доллароор тооцсон бол бодит байдал дээр 12 тэрбум ам.долларын өртөг гардаг гэх тооцоолол хийгджээ.
Мөн зардал хэтрэлтээс үүдэх санхүүгийн үр нөлөө тухайн улсын эдийн засагт удаан хугацаанд үргэлжилж болзошгүй байдгийг судалгаа харуулж байна. Тухайлбал:
Тэгвэл Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг, 5 их наяд ам.доллар давсан том эдийн засагтай Япон улсын хувьд “Токио-2020” олимпод зориулсан 20 гаруй тэрбум ам.долларын зардал дээр дурдсан жишээнүүд шиг хүнд тусахгүй нь мэдээж. Түүнчлэн эв нэгдлийг илэрхийлсэн олимпын их наадмыг цар тахлын их сорилтыг 19 сарын турш сөрж буй дэлхий дахинд ТҮҮХЭН ӨНДӨР ЗАРДЛААР зохион байгуулж өгсөн гавьяатай үлдэх биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )