Ц.Эрдэнэбаяр: Гадаад зах зээл дэх үнийн өсөлтөд Засгийн газар, ААН-үүд зохицуулалт хийж чадахгүй

2021 оны 07 сарын 29

Хойд хөрш ОХУ-д дотоодын аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор автобензиний эрэлт нэмэгдэж, улмаар үнийн өсөлт үргэлжилсээр байна. Тиймээс тус улсын Засгийн газраас нефтийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хязгаарлахад хүрсэн. 

Тухайлбал, АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр  сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл байгаа юм. 

Энэ нь тус улсаас нефтийн бүтээгдэхүүний импортын 90 орчим хувийн хамааралтай манай тухайд чухал мэдээлэл юм.

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц бий аж. Эдгээр нэр төрлийн шатахууныг БНХАУ-аас импортлохоор ажиллаж эхлээд байна. 


АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр цаг үеийн нөхцөл  байдалтай холбоотойгоор дараах  мэдээллийг өглөө (2021.07.29)


Тэрбээр “Наймдугаар сарын хилийн үнэ бүх төрлийн автобензин дээр тонн тутамдаа 38 ам.доллароор нэмэгдсэн. Дизелийн түлшний тонн тутамд 10 ам.доллар нэмэгдсэн. Ингэснээр гол хэрэглэдэг АИ-92 автобензин 695 ам.доллароос 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн байна. Тэгэхээр нэг литр АИ-92 автобензиний орж ирж байгаа өртөг нь 2000 гаруй төгрөг болж байна гэсэн үг. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд ам.долларын ханш харьцангуй өсөөгүй, тогтвортой байлаа.

Бид Сингапурын бирж дээрх Брент маркийн газрын тосны үнээс сарын дундаж үнээ аваад, “Роснефть”-ээс сар болгон хилийн үнээр оруулж ирдэг.  Өнгөрсөн жилийн өдийд нэг тонн АИ-92 автобензиний үнэ 260-280 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар  733 ам.доллар болж өссөн. Дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ 70 гаруй ам.доллар буюу өндөр өсөлттэй байна.

ОПЕК+ орнууд сүүлд хуралдаж,  өдрийн олборлолтыг 400 мянган баррелиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн.  Үүний дагуу үнийн бууралтууд гарсан. Гэхдээ эргээд тодорхой хэмжээний өсөлтүүд гарч байна. Цаашдаа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх хандлага ажиглагдаж байгаа.

Гадаад зах зээлийн үнэ манай жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлдөг. Монгол Улс 100 хувь импортоор авдаг. Цаашид шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай. Дэлхийн зах зээл дээрх түүхий эд, шатахууны үнийн өсөлтөд бид нөлөөлж чадахгүй.

Бид бензиний үнэ гэж харахаас гадна хамгийн түрүүнд шатахууны нөөцийн асуудлыг авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, шатахууны чанарын асуудал. Гуравдугаарт үнийн асуудал гарч ирдэг.

Та бүхэн санаж байгаа бол 2020 оны нэгдүгээр сард нэг литр АИ-92 автобензиний үнэ 1830 төгрөг байсан.  Улаанбаатар хотын хэмжээнд 1830 төгрөгөөс 1350 төгрөг хүртэл буулгаж хямдруулсан. Томоохон аж ахуйн нэгжүүд менежментийн хүрээнд литр тутамд 50 төгрөгийн буцаалт, картын 3 хувийн хөнгөлөлөлт зэргийг үзүүлж байсан.

2018 оны арваннэгдүгээр сард нэг литр автобензин 1950 төгрөг хүрч байсан. Тухайн үед дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий тосны үнэ 80 ам.доллар давж байсан.

Гадаад зах зээл дэх үнийн өсөлтөд  Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгжүүд зохицуулалт хийж чадахгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.240.53) 2021 оны 07 сарын 30

бүх юмны үнэ хэд дахин нэмэгдээд байна яаж амьдрах вэ эрх баригчдаа

0  |  0
Mongol(192.82.73.144) 2021 оны 07 сарын 29

баяртай мэдээлэл тараасан юм шиг бүү таахалз Чадахгүй бол ажлаа өг зайл . Чаддагыг нь энэ албанд томил.гарц гаргалгаагүй зүйл байдаггүй юм. Засгийн газар Шатахууны үнийг тогтоон барих хэрэгтэй

0  |  0
Top