Өвөрхангай аймаг Өндөр гэгээн хийгээд өвгөн хүрээ, шашин номын авшигтай буурлуудын өлгий нутаг. Өнө эртнээс түүхтэй энэ л нутгийн уугуул хэл шинжлэлийн ухааны доктор Д.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр "Өндөр гэгээний Өвгөн хүрээ" номоо энэ зун хэвлүүлсэн билээ. Уг номыг санаачлагч, зохиогч нь Баруун хүрээний шавь, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Даваасүрэн бол хамтран зохиогч нар нь Шанхын унаган нутгийн хүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч-сэтгүүлч Д.Шагдарсүрэн , Физикийн багш С.Батдулам, Баруун хүрээний шавь, гэвш Ч.Чинбат нар юм.
-Та баринтагаа задлаад удаагүй байгаа "Өндөр гэгээний Өвгөн хүрээ” номынхоо тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Хамгийн товчоор хэлбэл, энэ ном түүх, намтар, хууч ярианаас бүтсэн. “Өндөр гэгээн” гэж хэн бэ гэдгийг бид байтугай, дэлхийнхэн мэднэ. Аа харин түүний байгуулсан “Өвгөн хүрээ” гэдгийг бидний олонх нь мэдэхгүй шиг янзтай байна. Яагаад “Өвгөн хүрээ” гэж нэрлэсний учрыг ч сонссон даруйгаа шууд ойлгох нь ч цөөний цөөн болов уу даа гэж бодогдож байна. Тэгэхээр Өвгөн хүрээний түүх энэ номд бий гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын Бурханы шашны гурван зулын нэг, Монголын анхдугаар богд, Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын арван гурван сүүдэртэйдээ анх үүтгэсэн, Монгол газар дэлгэрсэн Бурханы шашны гуравдах дэлгэрэлтийн гал голомт, өдгөө хэлэхээр бол Шанхын Баруун хүрээний түүх энэ номд бий. Хоёр хувилбараар бий. Эхнийх нь энгийн уншигчдад зориулж нэлээд товчилсон, удаах нь төвөд бүрэн эхийг нь зургаар хавсаргасан.
Товчлохдоо, төвөд эхийн агуулга, түүний дарааллыг баримтлан, дэд хэсэг болгон бичсэн. Төвөд эх зохиолыг нь Номгоны Дара эх ламтан Агваанцүлтэмжамц бичсэн. Агваанцүлтэмжамц бол төвөдөөр ном зохиол туурвисан монгол лам нарын нэг. Хуучнаар Түшээт хан аймгийн Очирай түшээт ханы хошууны Дайчин Түмэнтийн багийн нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Шилүүтийн өврийн “Үхэр чулуу” хэмээх газар арван тавдугаар жарны арван дөрөвдүгээр “Тийн дарагч” хэмээх цагаан луу жил буюу 1880 онд мэндэлсэн хүн. Хожим хэлмэгдсэн. Баруун хүрээний Чойр болон Жүд дацанд ном эрдэмд суралцаж гавж, аграмба цол хүртсэн эрдэмтэн. Самгарьд, төвөд, ланз, соёмбо үсэгт нэвтэрхий мэргэжсэн үлэмжийн их дуун ухаантан байсан гэдэг. Төвөд хэлээр намтар, яруу найраг, гүр дуулал, шашны зан үйлийн чиглэлээр дөрвөн боть зохиол туурвисан талаар Номч мэргэн хамба, гавж С.Гомбожав, гэвш Иштавхай гуай нар 1959 онд анх мэдээлж, дараа дараа нь бид “захирал багш” гэж авгайлдаг миний багш гавж, түүхийн ухааны доктор Ш.Сонинбаяр, судлаач Р.Бямбаа нарын хүмүүс улируулан судалсан, намтар болон зохиол бүтээл нь харьцангуй сайн судлагдсан монгол эрдэмтэн л дээ. Төвөд эх зохиолыг нь захирал багш маань 1995 онд монгол хэлнээ орчуулж, “Авралт итгэлт Богд Живзүндамбын хийд Баруун Хүрээний гарсан ёсыг товч өгүүлсэн шударга оршигчдын чихний чимэг хэмээх оршвой (Өндөр гэгээний намтар, Баруун хүрээний түүх) нэрт ном хэвлүүлсэн. Тэгэхээр, миний энэ удаагийн хэвлүүлсэн номын нэгдүгээр бүлэг “Баруун хүрээний түүх” бол үндсэндээ Номгоны Дара эх ламтан, захирал багш хоёрын эх зохиол, түүний монгол орчуулга хоёрт тулгуурласан, хялбаршуулсан хувилбар нь бөгөөд бид “Өндөр гэгээнд холбогдол бүхий зарим домогт газрууд”, “Өндөр гэгээнд холбогдох он цагийн товчоон”, “Их хүрээнээ төрөл дараалан заларсан Дарнатын хувилгаад”, “Ноён ламын сүм буюу дээд төвийн тухай”, “Суурины эзэн сайхан авгайн тухай”, “Суурины эзэн сайхан авгайг тахих зан үйлийн гарын авлагын тухай”, “Ноён ламын сүмээс тахилгатай Голын овоот”, “Баруун хүрээнээс 1937 онд хэлмэгдсэн, аграмба цолтой нэгдүгээр зэргийн лам нарын нэрс”, “Шанх сумын харьяат хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт” гэх агуулгыг холбогдох бусад ном бүтээлээс авч, нэмж найруулсан.
Нэгдүгээр бүлгийн агуулгыг Баруун хүрээгээр хайрцаглаж бодоход, Баруун хүрээнд холбогдол бүхий 1647 оноос нааш даруй гурван зуу гаруй жилийн хэрэг явдал ямар нэг хэмжээгээр багтаж байна гэсэн үг болно. Монголд Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэдэг агуулгаар бол дээрх түүхэн цаг хугацаа урагш ахина л даа. Хоёрдугаар бүлэг нь “Баруун хүрээний Ноён лам нарын намтар” гэдэг нэртэй. Төвөд эх зохиол нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт буй, тухайн үеийн Сайн ноён хан аймгийн гол хийдийн хамба Галсанлодой гэж хүний зохиол. Бас л төвөд хэлээр ном зохиол туурвисан монгол эрдэмтэн. Номгоны Дара эх ламтантай харьцуулахад орчин цагийн судалгааны эргэлтэд намтар, зохиол талаасаа бараг судлагдаагүй эрдэмтэн. Галсанлодой ламын “Богд ламын судар дандарын шашныг тодруулагч цорж, ноён лам Лувсангончогбалдангийн энэхүү намтрыг түүний багш Очирдара богд тойн Дамцэгдоржийн нууц зарлигаас ирсэн төрөл дарааллын залбирал Сүсгийн үүдийг нээгч хэмээхийн дагуу жигдрүүлсэн тонилгох нирвааны сайн байшин чандманийн хүүсан Сүсэгтний сэтгэлийг булаагч” гэх зохиолыг төвөд хэлээс орчуулж, 2000 онд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны их сургуулийг миний бие төгсөхдөө дипломын ажил бичсэн. Захирал багш маань л орчуулж өгсөн л дөө, үнэн хэрэгтээ.
Уйгаржин болон төвөдийг хавсарган, 2000 онд “Шашны зурхай эрдэнийн эрих хэмээх оршвой” номыг Х.Бямбажав гэж нэг төгсөлтийн ламтайгаа хамтарч хэвлүүлсэн юм. Лувсангончогбалдан гэдэг нь Баруун хүрээний хувилгаан ноён ламын дөрөвдүгээр дүр. Манай нутагт “Дээд дүр ламтан” гэдэг. Дөрөвдүгээр дүрийн намтрыг эх зохиолд байгаа агуулгыг дагаж, дэд гарчигт оруулсан. Эх зохиолоос өөр сурвалжаас нэмэлт зүйл байхгүй. Нэг, хоёр, гуравдугаар дүрийн Ноён лам нарын намтар эх зохиолдоо ч товч байдаг. Тиймээс эх зохиолд байгаагаар нь л энэ номдоо оруулсан. Харин тавдугаар дүрийн Ноён ламын намтарт бага сага нэмэлт оруулж баяжуулсан. Тавдугаар дүр нь 1938 онд хэлмэгдсэн юм.
-“Ноён лам” гэх нэрийг тодруулаач?
-Анхдугаар дүрийн хувилгаан нь Пунцагравдан гэж лам байсан юм билээ. Аав нь Түшээт хан эцэг Ванжилдорж. Өндөр гэгээний ах Чахундоржийн ач хүү нь болох хүн. Түшээт хан Ванжилдорж хүүгээ ах ламдаа буюу Өндөр гэгээнд өргөж, хувраг болгосон байдаг. Тэгэхэд нь Өндөр гэгээнээс хүүд нь “Ноён лам” гэх алдар хайрлаж, Баруун хүрээний Ноён ламын хувилгаан Чингисийн алтан язгуураас тодрох болсон. Энд л ёстой өнөөх “Төрийн хар хайрцаг” гэгч бодлого байсан гэж би боддог. Ингэж бодоход хүргэж байгаа баримтаар нотлогдох хэд хэдэн үндэслэл ч бий. Тухайлбал, Чингис хааны хар сүлд Баруун хүрээнд тахигдаж байсан. Тусдаа “Хойд бурханых” гэх хашаа хүрээ бүхий гэр өргөөнд залж, жил бүрийн цагаан сарын шинэдээр Түшээт хан өөрөө ирж тахидаг. Бусад цагт нь тахилч хүн л орж гарахаас бус өөр хүн ордоггүй байсан гэдэг. Хожим ямар замаар, яагаад, хэзээ Баруун хүрээнд хүрч, тэндээ өдий хүртэл хадгалагдсан юм мэдэхгүй Богд хаант Монгол Улсын Төрийн далбаа Баруун хүрээнд байна. Яармагийн багш Гомбосүрэнгийн Найдан гэж ламын, одоогийн Баруун хүрээний дэд лам Пүрэвсүрэнболдод ярьснаар Хойд бурханыд Хар сүлдний дэргэд өргөөний хоёр талаар давхарлаад хураачихсан, гадуур нь ширээр ширлээд, татлага хүлээстэй, цоожных нь нүх рүү тулга цутгачихсан авдрууд байсан юм гэнэ лээ. Хар сүлдийг хотоос Дэндэв, Ядамсүрэн, Санжаа, А.Д.Симуков, жолооч Максимов гэх хүмүүс ирээд аваад явсан хойгуур өнөөх авдрыг задалж үзсэн юм болов уу даа, дотроос нь цэргийн жанжны хөө хуяг, дуулга, илд бамбай тэргүүтэй эд зүйлс гарсан гэж бас багш ярьж. Тахилгын үеэр нь цагаан торгон дээр монголоор бичсэн зүйлийг Түшээт хан чангаар дуудаж байгаа бололтой өргөөний гадна талаас сонсогддог байж.
Их Монгол Улсыг байгуулахад гавьяа байгуулсан цэргийн жанжин, номч мэргэн түшмэдийн гавьяаг л дуудаж байна даа гэж Яармагийн багш сонсоод мэдсэн гэж Болд ламд ярьсан байна лээ. Ингээд бодохоор, Баруун хүрээнд хадгалагдаж, Түшээт хан өөрийн биеэр очиж, тахидаг байсан тэр Хар сүлд бол одооныхоор бол Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын туг байж гэхэд дэгс болохгүй гэж санагдаж байна. Одоогоор мэдэгдэж байгаа бусад аймаг, суманд байсан гэх хар, алаг, цагаан сүлд бол хил, хязгаар нутагт байсан, одооныхоор бол анги нэгтгэлийн ч юм уу туг, сүлд болох байх л даа. Магадгүй ээ, миний ярьж байгаагаас өөр ч байхыг би үгүйсгэхгүй. Миний л бодол. Абтай сайн хан төвөдөөс залж ирсэн гэдэг Очирваань, Өндөр гэгээний бага насны дээл, номт хувцас болон Өндөр гэгээнд Банчин богд, Далай лам нарын хайрласан нандин бурхан шүтээн Баруун хүрээнд байсан нь Монгол газар дэлгэрсэн Бурханы шашны гуравдугаар дэлгэрэлтийн гал голомт, Монгол Төрийн нандин шүтээний газар гэж Баруун хүрээг үзэхээс өөр аргагүй болгож байгаа юм даа. “Ноён лам” гэдэг алдрын далд утга, чухам хэрэг ч үүнтэй шууд холбоотой биз ээ. Гуравдугаар бүлэг бол хууч яриа, дурсамжаас бүрдсэн.
-Хэдий үед амьдарч байсан ямархан хүмүүсийн талаарх хууч, дурсамж багтсан бэ?
-Миний өөрийн нас гүйцэж мэдэх, мэдэхгүй хүмүүсийн тухай дурсамжууд бий. Өөрийнхөө нас гүйцэж мэдэх өвгөчүүлийнхээ тухай дурсамжийг би өөрөө бичсэн. Тэр болгон бол нэг л хүний сонссон, тухайн үйл явдалд оролцсон нэг л хүний байр суурь. Өөрөөр хэлбэл, тэр өвгөчүүлийн тухай дурсамж гэхэд байж болох ч, өрөөсгөл, дутуу дулимаг л болно шүү дээ. Тиймээс, би өөрийн бичсэн дурсамжаа фэйсбүүкт бусадтай хуваалцаж, нутгийн хүмүүс тэр болгоны доор өөр өөрийн тухайн хүнтэй холбоотой мэдэхээ бичсэн. Тэр хүмүүсийн сэтгэгдлээс миний бичсэн дурсамжийг агуулгын хувьд тодруулж байгаа, дэлгэрүүлж байгаа, залж зөв, үнэн болгож байгааг нь тухайн хүнийх нь нэрээр, дурсамжийнхаа доор хавсаргаж номдоо оруулсан. Энэ нь тэр түүхэн хүний амьдрал үйлсийг тодруулахад хэрэгтэй болсон болов уу, нөгөө талаас Шанх гэх жижигхэн сууринд өнгөрсөн нийгмийн хагас зуу гаруй жилийн хугацаанд өв соёлоо эрхэмлэн хадгалж, түүний төлөө ухамсарт амьдралаа зориулсан энэ цагийн баатруудын тухай түмэн олон мэдэх боломж олгосон.
Харин нас гүйцэж мэдэхгүйг нь тэр тэр хүмүүсийн үр хүүхэд, ая зээ, хамаатан садан нь бичсэн. Миний бие тэр дурсамжуудыг нь хүлээж аваад, номын ерөнхий өнгө төрх, найруулгын хэв маягт оруулж жигдлээд л хэвлэсэн. Фэйсбүүкт надтай найз биш, найз боловч эхнээс нь идэвхтэй оролцож, өвөг дээдсийнхээ талаар дурсамж хууч бичиж ирүүлээгүй цөөнгүй хүмүүс мэдээж бий. Тиймээс Шанхын Баруун хүрээнд шавилж байсан, хожим Лам нарын артель гэх мэтэд ажиллаж байсан 1940, 50-аас 1970, 80 онд амьдарч байсан хүн бүрийн тухай бүрэн бүтэн дурсамж биш. Гэхдээ л ихэнхийнх нь талаар дурсамж хууч орсон. Эхнээс нь идэвхтэй дэмжиж, намайг мэдээллээр хангаж, холбогдох зураг ирүүлж байсан нутгийн ах эгч нартаа энэ ташрамд талархаж байгаагаа илэрхийлж, сайн сайхныг хүсье. Өвгөдийн минь суу алдар, өлзий хишиг, ухаан заяа та бүхнийг минь тэтгэж, түшиж байх болтугай.
Гуравдугаар бүлэг маань “Хурлаа залгуулсан бурхад минь”, “Орон шүтээндээ залбирсаар мордсон бурхад минь”, “Хуралтай золгосон хувьтнууд”, “Хүрээ, өвгөдөөр дүүрэн хууч” гэх дөрвөн хэсэгтэй. Эхнийх нь миний нас гүйцэж мэдэх, 1990 онд Баруун хүрээний хурлаа сэргээлцсэн өвгөн лам нарын минь тухай дурсамж. Хоёр дахь нь миний нас гүйцэж мэдэхгүй, хэлмэгдэж арван жилийн хорих ялаа эдэлсэн, бага залуу хүүхэд байсан ч сурч боловсрох, итгэл үнэмшлээрээ гадуурхагдаж, хавчигдаж, нэгэн насны амьдралаа “шар хувалз”, “эсэргүүн” гэх нэрийн доор, хэнд ч хал балгүйгээр орон хүрээнийхээ буурины дэргэд амьдарч байгаад өөд болсон өвгөчүүлийн тухай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн, багш С.Батдулам, Д.Дугаржав зэрэг нутгийн ах, эгч нарын бичсэн дурсамж. Гурав дахь нь 1990 онд лам болсон зургаа, долоогоос арван найм, есөн насны, одоо бол бүгд дөч гаран насны залуусын тухай дурсамж. Ер нь дурсамжуудыг зураг хараад, зурагт шингэж үлдсэн ойрх түүхэн үйл явдлыг сэргээн унших хэлбэрээр бичсэн юм.
-Номонд хэчнээн хүний тухай орсон бэ, олон хүний оролцоо, хувь нэмэр байх шиг байсан, нутаг орных нь хүмүүс хэр хүлээж авч байна вэ?
-Дурсамжийн нэгдүгээр хэсэгт хорин долоон хүний тухай бий. Баруун хүрээ 1990 онд хурал номоо нээлттэй хурж эхлэхэд сэрүүн тунгалаг байсан бүх өвгөчүүл гэсэн үг л дээ. Хоёрдугаар хэсэгт нь нэр зааж, гарчиглаж гучин найм, зөвхөн нэр төдий дурдагдаж байгааг нь оруулбал жар шахам өвгөчүүлийн талаар их, бага ямар боловч мэдээ бий. Гуравдах хэсэгт бидний үеийн хорь гаруй залуус, хурал нээгдэхэд нярав, тогооч, манаач зэрэг алба хашсан энгийн хүмүүсийн талаар дурсамж орсон. “Хурал ном нээлттэй хурж эхлэхэд” гэж онцлоод байгаа шалтгаан нь Баруун хүрээ цогчин хурлаа таслалгүй хурж ирсэн юм. Цогчин гэдэг аливаа сүм хийдийн өдөр тутмын хурал юм. Шашин шүтлэг албан ёсоор хориотой байсан тавин гурван жилийн хугацаанд хүрээнийхээ цогчин хурлыг дөрвөн хүн дамжуулж уншаад, 1990 онтой золгуулсан.
Дөрөв дэх нь буюу хуучнаар Баруун хүрээний цогчин унзад бол миний багш Лувсандоржийн Нацаг гэж буянтан байлаа. Бодисадва биз ээ, буй биеэрээ. Цогчин хурлаа таслалгүй хурж ирсэн өөр хийд орон хэд байдаг юм мэдэхгүй. Ямартай ч, Баруун хүрээний цогчин хурал тасраагүй ээ.
-Хүмүүс номыг чинь хэр хүлээж авч байна вэ. Өвөг дээдсийнхээ тухай хэр судалж мэдэхийг хүсдэг юм бол?
-Менежмент гэх үү, яах уу. Би номынхоо эхийг бэлтгэх, хэвлүүлэх тал дээр нэлээд шинэлэг байх гэж хичээсэн. Ерөнхийдөө миний талаас бодвол, энэ ном миний гуч шахам жилийн минь хөдөлмөр. Гуравдугаар бүлэг нь бүхэлдээ хөл хорионы үед бичигдсэн. Нутгийн хүмүүсийг өргөнөөр оролцуулж, тэдэнтэй хамтарч бичихийг эхнээс нь хичээсэн. Номын эх бэлтгэл хаанаа явааг, өрөлт, хавтасны шийдэл ямар байвал зохимжтойг гээд бүх л үе шатны явцын болон эцсийн мэдээллийг идэвхтэй байнга мэдээлж, хүмүүсээс санаа оноо авч байсан. Цар тахлын улмаас хэвлэлийн үйлдвэр ажиллахгүй, эх бэлтгэл удаашрах зэрэг ялихгүй гацаа саад байсан. Гэвч, мэдээллийг хүмүүстээ байнга өгч, өргөдсөн хэсгийн зургийг хэсэгчилж тавиад байснаас зарим хүн хэвлэгдчихсэн юм байна гэж хүртэл ойлгоод, хэвлэлээс ирээгүй байхад нь “Номоо авъя” гэж хүртэл байсан. Энэ бол нэг талаасаа хүлээлт ямар байсныг, нөгөө талаасаа энэ номд сэтгэл зүрх, цаг заваа зориулсан хэчнээн хүн байгаагийн илэрхийлэл л дээ. Эх бэлтгэж байхдаа урьдчилан захиалга авсан.
Нийт гурван зуун наян дөрвөн номыг хоёр зуу гаруй хүн урьдчилж захиалсан. Эх бэлтгэж дуусаад, хэвлэлийн үнээр нь захиалагч нараасаа мөнгийг нь авч, хэвлэлийн үйлдвэрт шилжүүлсэн. Яах вэ, гурван зуу жаахан гаран хүмүүс мөнгөө шилжүүлж, дал хүрэхтэй үгүйтэй хэдэн хүн захиалгаа баталгаажуулаагүй. Одоо чинь монгол даяараа амарч байна шүү дээ. Хөдөө аялал зугаалгаас гэртээ ирцгээгээд, үлдсэн захиалагчид маань мөнгөө шилжүүлж, номоо авна гэдэгт итгэлтэй байгаа. Одоогоор номтой холбогдолтой гомдол санал ирээгүй байна. Энэ бас нэг том үзүүлэлт байх. Бас ном хэвлэгдэж, гар дээр ирэхийг надаас илүү хүсэн хүлээсэн хүмүүс олон байсан нь бидэнд дараа дараагийн бүтээлийн санаа, урам зориг өгч байна даа.
-Дараа нь ямар ном гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Нас ахих тусам хүн төрсөн нутаг усаа гэдэг юм байна. Бага залуугаа байчихаар, одоо үлдэж байгаа хугацаандаа нутаг орондоо бага сага юм хийж бүтээх юм сан гэж өөрийн эрхгүй боддог болдог юм байна. “Шанхынхан”, чадвал дараа нь “дулааныхан” гэдэг ном бүтээх санаатай, ахан дүүс, нутгийнхаа хүмүүстэй ярилцаж байна. “Шанхынхан” гэж ном бол лавлагаа, толь маягтай ном байна. Эндээс хуучнаар Архангай аймгийн Шанх сум гэж байх цагийн Шанхынхан, тэдний ураг удмын талаар товч мэдээлэл, нутаг орны уулс ус, голын нэр ус, зураг хөрөг байх юм. Ач холбогдлыг нь номд орсон айл бүрийн угийн бичиг хөтлөхөд шаардлагатай үндсэн мэдээлэл, жалга, хамар бүр нь нэртэй байсан, одоо тэр бүрийг нь нэрлэж мэдэхгүй болоод байгаа уул усны нэр, байршил, зурагтайгаа орж, нутаг усаа мэдэх, дээдлэх, хайрлах хамгаалахад дэм болоход байна гэж бодож байна. Болж бүтээгүй байгаа юмны талаар эндээс илүү дэлгэрэнгүй яриад яах вэ, саад орчихно (инээв).
-Монголчуудын шашин соёл, итгэл үнэмшил, үүх түүхийг хэр далайцтай багтаасан гэж бодож байна вэ?
-Монголын Бурханы шашин бол Бурханы шашны нэгээхэн хэсэг нь. Баруун хүрээ бол Монголын Бурханы шашны бас л нэгээхэн хэсэг нь. Ингэж бодвол, Монголчуудын шашин, соёл, итгэл үнэмшлийн үнэн мөн чанар, ололт амжилтыг бүрэн төлөөлж чадахгүй. Гэсэн хэдий ч, салгаж болохгүй, орхигдуулж болохгүй, тоохгүй байж болохгүй эд эс нь мөн. Монголын Бурханы шашны нийтлэг хэв шинжийг агуулсан, ихээхэн үүрэг ач холбогдол бүхий судлагдахуун бол Баруун хүрээ мөн гэх утгаараа ямар нэг хэмжээгээр төлөөлөх чадвартай гэж үзэх юм бол далайц, багтаамж нь чамгүй л байх. Хүмүүсийг уншаасай л гэж залбирч байна. Уншигчид л энэ асуултад хариулаасай. Хүмүүс их хүндэтгэлтэй, их дуртай хүлээж авсан. Цаг сайхан болохоор уншигчдын уулзалт хийнэ, шалгалт авна шүү гэж тоглоом наргианы завсар зарим хүмүүст номоо гардуулахдаа хэлсэн. АХА зохиосон ч болно л доо (инээв).
-Номд орсон дурсамж, хууч, түүхээс харахад тухайн үеийн нийгмийн амьдрал, хүн ардын сэтгэлгээ ямархан байж вэ?
-Энэ асуултад би бүрэн хариулж, тэр үеийн тэр хүмүүсийн сэтгэлгээг үнэн зөвөөр тодорхойлж чадахгүй. Тиймээс хариулахаасаа айж байна. Зүгээр номоо эмхэтгээд, хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, ирүүлсэн дурсамжийг нэгтгээд, хянан найруулаад сууж байхад нэг зүйл бодогдсон. Номдоо ч бичсэн, энэ тухайгаа. Тэр бол “...одоо цаг эргэвэл, хүн амын дийлэнх олонх нь шашингүй үзэлтэн болбол, харийн шашны байр суурь уламжлалт шашны байр суурьтай эн тэнцүү болбол юу гээч болдог болдоо гэж л бодогдож, сэрвээний шар үс босож байна. Тийм хэцүү цаг үед, тийм их мэргэн арга, түргэн ухаан, нарийн зохион байгуулалтаар аваад үлдсэн биет болоод биет бус өвийг дахиад л хамгаалах хадгалах бэрх цагтай тулбал яадаг бол... Түй түй...муу ёр л доо муу ёр” гэж бичсэн. Хэрэв өнөөдөр хэлмэгдүүлэлт болбол Монголын оюун санааны гэх үнэ цэнтэй зүйл үлдэхгүй ч байж мэдэх тийм аймшигтай эрин үед бид амьдарч байгаа.
Монголын гэх болгон л муугийн, муухайгийн үлгэр болж, үгүйсгэгдэж, шоовдорлогдож байна гэхэд огт хилс болохгүй. Та уншаад үзээрэй, тэгвэл тэр өвгөчүүлийн ухаан, сэтгэл ямар агуу байсныг зах зухаас нь мэднэ. Та гайхна, биширнэ. Хүний амьдралын утга учир, үнэ цэнийн талаар та өмнөхөөсөө өөрөөр, илүү өргөнөөр бодож тунгаах, хичээж мэрийхэд хүрнэ. Үнэн шүү. Та уншаад үзээрэй.
-Энэхүү номоороо өдгөө үеийн залууст юу ойлгуулж, сургаж үлдээх зорилготой юм бол?
-Юу ч гэмээр юм бэ дээ... Ер нь бол ойлгуулах гэсэн гэж хэлж болох байх. Ойлгоод, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрхэн тусгаад явах бол нэг хэрэг. Хэрэв тэгж чадвал, тэр цагт сургамжийн чанартай санаа нь тодорхой илэрч болох л юм. Яг үнэндээ энэ асуултад хариулахын тулд яльгүй амбийцлах гээд байна л даа. Юуны өмнө, 1938 оны хэлмэгдүүлэлт болоод л, Монголд Бурханы шашин гэж үгүй болсон. Лам хувраг гэж байхгүй болсон. 1944 оноос Гандан байсан хэдэн өвөгчүүл бол яах вэ, амьд музейн л үзмэр байсан шиг дайтай санах хүмүүс байдаг. Тэгж бичсэн ч байх. Сая 90 он гарч, Монголчууд төвөдүүдийн оролцоотойгоор Бурханы шашнаа сэргээлээ гэж ярих, тэгж итгэх нь ч бий. Энэ номоороо тэр бүхэнд би “үгүй” гэж л хариулахыг оролдсон. 1944 онд, одоогийн Гандантэгчэнлин хийд дахин хурж эхлэхийг хүртэлх, 1938 оноос хойших зургаа долоон жилд Бизьяагийн их лам Дамдинсүрэн гэж лам цогчингоо таслалгүй уншиж байсан гэлцдэг. Тэгээд 44 оноос хойш Ганданд зүг зүгийн эрдэмтэд хуврагууд цуглаж, хурал, сургууль, судалгааны ажил өрнүүлсэн шүү дээ.
1960-аад оны үед Номын гэр, 1970 он гэхэд Шашны дээд сургууль байгуулагдаж, 1990 он гарахад гүн ухааны дацангуудаа сэргээж, гавжийн дамжаагаа өвгөн лам нар маань нэг ч төвөдийн оролцоогүйгээр өөрсдөө л сэргээсэн, залгуулсан. Дараагийн нэг асуудал бол, өмнөх Монголд шашин байхгүй устсан, эсхүл сахил санваартай лам нар бараг байхгүй гэх мэтээр адалж, тэрнээсээ болоод социализмын үеийн Монголын Бурханы шашны түүхийн асуудал судлаачдын анхаарлын гадна талд үлдэх вий, буруу зөрүү ойлгохоор болж ном сонинд тэмдэглэгдэх вий гэж айх болгоомжлолоос үүдэж энэ номыг бичихэд зорьсон гэж хэлж болох байх. Ингэж нэг хүн ч бодоогүй байсан, ингэж бодож байгаа маань зөвхөн миний атгаг сэтгэлээс үүдэлтэй байсан ч бай, ямар ч гэсэн өнгөрсөн нийгмийн тавь гаруй жилийн Монголын Бурханы шашны нөхцөл байдал, энгийн дүрээр хурал ном, зан заншлаа хадгалж, хожим 1990 онтой залгуулсан тэр үеийн өвгөчүүлийн Монголын Бурханы шашин соёлд оруулсан хувь нэмрийг бид, биднээс хойших үеийнхэн мартаж, үгүйсгэж болохгүй.
Тиймээс энэ номыг үлгэр болгож, улам сайжруулж, 1990 онд хурал номоо сэргээсэн, өвгөчүүлтэй хамт хуралд хурж, тэднээр ном эрдэм заалгаж, хурлын дөртэй болсон, одоо лам хувраг хэвээрээ яваа, мань шиг энгийн хар болсон хүмүүс тэр хүрээ хийдийнхээ тухай, өвгөчүүлийнхээ талаар дор бүрнээ ном бичээсэй, тэгж социализмын үеийн Монголын Бурханы шашинд холбогдох мэдээ баримтыг үлдээгээсэй гэсэндээ энэ номыг миний бие, нутгийн ахан дүүстэйгээ хамтарч бичсэн дээ.
-Өнөөдрийн Баруун хүрээний талаар та яриач?
-Баруун хүрээ хэзээнээсээ нэг их гялгар цалгар байгаагүй ч байж мэднэ. Нэг ийм хууч яриа байдаг сан. Нэг бадарчин ч юм уу, аль нэг нутаг хошууны нэртэй алдартай лам ч юм уу, Баруун хүрээнд мөргөлөөр ирээд, том хэнгэргээ шидэмсээр уяж тогтоосон байхыг хараад “Аргагүй их орон гэж ийм байдаг байх даа” гээд залбираад байсан гэдэг. Бүдүүн барагдуухан байсан гэсэн үг юм уу даа. Бас Сайн усны дэнж гэж Баруун хүрээнээс хойнохон байдаг газраас анагаах чадалтай рашаан гарсанд Ноён лам “Хүрээ хөлд дарагдана” гээд даруулсан ч гэж яриа бий. Энэ мэтээс бодоход, Баруун хүрээ аль болох олны хөлөөс хол байхыг хичээдэг байж. Тэр нь олны шунал хүслээс ангид, хий хоосон алдар нэрээс хол хөндий байж, нарийн нандин эд өлөг, өв соёлоо унаган төрхөөр нь авч үлдэхийн төлөө байж. Өнөөдөр ч л ийм янзтай. Хуучин Баруун хүрээ энх тунх байхад, тэнд тахигдаж байсан хосгүй үнэт эд өлөг, бурхан шүтээнээс чамгүйг хадгалж өнөөдөрт хүрсэн, тэр болгоны үнэ цэнийг тэнд өдөр тутам хуралд хурж байгаа, тэр орныг өнөөдөр ахлаад явж байгаа лам нараас бусад, ойлгох ёстой нь, харж хандах ёстой хүмүүс нь ойлгож, харж хандахгүй л байна.
Өөрөөр хэлбэл, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд, социализм байгуулж байх цаг үед амьтайгаа дүйлгэж хамгаалж хадгалсан тэр өвгөчүүлийн хичээл зүтгэлийг бид үнэн мөн утгаар нь ойлгоогүй л байна. Улсын хамгаалалтад авлаа гэдэг. Гэрчилгээ ч юм уу ирж, тогтоол шийдвэр л гардаг. Хосгүй үнэтэд бүртгэлээ л гэдэг. Бас л нэг гэрчилгээ өгөөд л гүйцээ. Хамгаалахын тулд хадгалалтын нөхцөл байдлыг сайжруулах, тэр чиглэлээр заавал урилга заллагагүйгээр, бичиг цаас нэхэхгүйгээр, нааш цааш нь шидүүлэлгүйгээр анхаараад, төлөвлөөд, бүрэн бүтэн аваад явчих төрийн бодлого, салбарын яамны оролцоо, санаачилга, дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй болоод байгаа, өнөөдрийн Баруун хүрээнд. Тэнд хуралд хурж байгаа залуу лам нар өөрсдөд байгаа боломж, олдсон мөнгө хөрөнгөөрөө тэр бүх нарийн нандин эд өлгийн зүйлийг хадгалж, хамгаалж өнөөдрийг хүрлээ.
Нэг л мэдэхэд, сэвтээд гэмтээд, алдаж асгах юм бол тэр хэдэн залуу ламын биш, Монголын өв соёлын томоохон эд эс устаж балрах юм гэдгийг л ойлгоосой гэж бодох юм. Бидний хэвлүүлсэн “Өндөр гэгээний Өвгөн хүрээ” ном энд зохих хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, холбогдох хүмүүс нь анхаарч, додомдож өөд нь татах байх л гэж найдаж байя даа.
Сэтгэгдэл ( 1 )
ноён ламын хойд дүр гэж тодруулж болох болов уу