Шатахуун импортлогчид АИ-92 автобензиний үнийг өнөөдрөөс 300 төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Жилдээ 1-1.2 сая тонн орчим түүхий тос Монгол Улсынхаа газар нутгаас олборлон, 400 орчим сая ам.долларын экспорт хийдэг хэр нь дотоодын хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг манай улс гадаад зах зээлийн үнийн өсөлтийн шууд нөлөөллийг, сонгуулийн дараа ийнхүү жам ёсоор нь хүлээн авч байна.
2021 он гарснаас хойш өнгөрсөн долоон сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлт тогтмол ажиглагдаж байгаа. Брент төрлийн нэг баррель түүхий тосны үнэ дөрөвдүгээр сард дунджаар 67 ам.доллар байсан бол тавдугаар сард 69 ам.доллар болж нэмэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар 75.52 ам.доллар байгаа юм.
Өнгөрсөн саруудын үнийн өсөлтөд ковидын хязгаарлалтыг сөрсөн улс орнуудын эдийн засгийн идэвхжил болон ОПЕК+ орнуудын нэгдэл олборлолтоо танасан зэрэг асуудлууд голлон нөлөөллөө. Хэдийгээр ОПЕК+ олборлолтоо бага багаар нэмэгдүүлэх шийдвэрүүд гаргаж, ирэх сараас өдрийн олборлолтоо 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болсон ч, зах зээл дээрх үнэ 70 ам.доллар дээр хэсэгтээ байна гэсэн таамгийг шинжээчид бичиж буй юм.
Гадаад зах зээлийн төлөв байдлын талаар эхэнд дурдахын учир нь, Монгол Улс Сингапурын бирж дээрх Брент маркийн газрын тосны дундаж үнээр шатахууны үнийг тооцож, ОХУ-ын “Роснефть”-ээс сар болгон хил үнээр импортоор татаж авдаг.
Тиймээс гадаад зах зээл дээрх газрын тосны үнийн сүүлийн долоон сарын өсөлтийн нөлөөллөөс сонгууль угтсан улс төрийн “буян”-аар гэх юм уу, ямартаа ч хэсэг хугацаанд хол байж чадлаа.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр /2021.07.29/ мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн жилийн өдийд нэг тонн АИ-92 автобензиний үнэ 260-280 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 733 ам.доллар болж өссөн. Дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ 70 гаруй ам.доллар буюу өндөр өсөлттэй байна... Гадаад зах зээлийн үнэ манай жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлдөг. Цаашид шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай. Дэлхийн зах зээл дээрх түүхий эд, шатахууны үнийн өсөлтөд бид нөлөөлж чадахгүй. Гадаад зах зээл дэх үнийн өсөлтөд Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгжүүд зохицуулалт хийж чадахгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Шатахууны Онцгой албан татварыг тэглэсэн шийдвэрийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас нэг талаас төр засгийн зүгээс оролцох оролцоо хумигдмал харагдаж байгаа.
Эдийн засагчид, судлаачдын зүгээс шатахууны үнэд төрийн зүгээс оролцохдоо зах зээлийн арга хэрэгслийг ашиглаж, өрийн дарамт үүсгэхгүй арга замуудыг сонгох боломж, гарцууд бий талаар асуудал дэвшүүлж, хэлж ярьцгаадаг.
Тухайлбал, хеджинг хийж, тодорхой хугацаанд үнийг тогтворжуулах хэлцлүүд хийж болох ч, энэ нь 70 ам.доллар дээр тогтоод байгаа үнийн Монгол дахь жижиглэнгийн үнэд шингэсэн нөлөөллийг шууд буулгахгүй юм.
Түүнчлэн шатахууны үнийн өсөлт сүүлийн саруудад өсөлттэй байгаа инфляцад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь гол асуудал юм. Ковидын үеийн инфляц дэлхийн улс орнуудын эдийн засагт тулгамдсан асуудал болж буйтай адил манай тухайд ч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа энэ үед шатахууны үнийн өсөлт эрсдэл дагуулж байна.
Өнөөдөр үнэ нь өсөөд буй АИ-92 автобензин манай улсын шатахууны хэрэглээний 30 гаруй хувийг эзэлдэг.
Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ сүүлийн мэдээллээр, нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2021 оны зургаадугаар сард 1 450 төгрөг байсан нь,
Харин 2020 оны зургаадугаар сараас 4.6 хувь, өмнөх оны эцсээс 1.2 хувь буюу 18 төгрөгөөр өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй гарсан үзүүлэлт байв.
ТАЙЛБАР: Улаанбаатар хотод худалдаалагдаж буй нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ, сараар, төгрөгөөр
Инфляц улсын хэмжээнд 2021 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны эцсээс 7 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээлсэн. Инфляцын өсөлтийн 3.6 нэгж буюу 55 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс хамаарсан гэж тайлбарласан юм.
Судалгаанаас үзэхэд, Инфляцыг тооцон гаргадаг Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсан дахь 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 90 гаруй хувийнх нь үнэ шатахууны үнийн өсөлтийг шууд мэдэрдэг.
Тавдугаар сард инфляц улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотод 6.7 хувьд хүрч нэмэгдэхэд Төв банкны зүгээс тайлбарлахдаа,
Тэгвэл энэ сар гарсаар гол хэрэглэдэг шатахууны үнэ ийнхүү хоёр удаа дарааллан өсөж, бусад бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сүүлд буюу долоодугаар сарын 26-нд байр сууриа илэрхийлэхдээ,
"Инфляцын хөдөлгөөнийг ерөнхийд нь харвал 2019 оны сүүлээс тогтворжиж, алгуур буурах хандлагатай болж ирсэн. 2020 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжил суларсны зэрэгцээ зарим бараа, бүтээгдэхүүний үнэд зохицуулалтын арга хэмжээ авсантай холбоотойгоор инфляц 2-3 хувьд хүрч буурсан. Харин энэ оны 4 дүгээр сараас мах, хатуу түлш, шатахуун гэсэн цөөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор инфляц цар тахлын өмнөх үеийн түвшин рүү хүрч сэргээд байна. Жишээлбэл, 2021 оны зургаадугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.1 хувьтай байгаа бөгөөд үүнийг задлан харвал махны үнэ 2.1 нэгж хувь, хатуу түлш 0.5 нэгж хувь, шатахуун 0.4 нэгж хувь буюу үндсэндээ нийт инфляцын 3.0 нэгж хувь буюу 40 хувийг бүрдүүлсэн байна. Хүнсний болон хүнсний бусаар ангилан авч үзвэл хүнсний инфляц 13.1 хувь, хүнсний бус инфляц 4.7 хувьтай байна.
Нийлүүлэлтийн шинж чанартай инфляцыг мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан удирдах оролдлого нь шалтгааныг эмчлэхгүй. Мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь эдийн засгийн хэт халалт болон хөрөлтөөс үүдэлтэй инфляцад хариу үйлдэл үзүүлж, зорилтот түвшний орчимд тогтворжуулахад чиглэгддэг. Түүнчлэн, бодлогын хүүний хариу үйлдэл нь дор хаяж 3-4 улирлын дараа бодит эдийн засагт нөлөөлдөг тул түр зуурын шинжтэй инфляцын өөрчлөлтөд Төв банк хариу үйлдэл үзүүлэх нь буруу юм. Иймд дунд хугацаанд инфляц зорилтоос хэр хазайхаас хамаарч бодлогын төлөвийг өөрчлөх шаардлага үүснэ. Бидний тооцооллоор нийлүүлэлтийн болон нэг удаагийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ирэх улирлуудад инфляц нэмэгдэх боловч дунд хугацаанд инфляц Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Товчхондоо, нийлүүлэлтийн шалтгаантай уялдуулж бус эдийн засгийн сэргэлттэй уялдуулж бодлогын тохиргоог хийнэ...
Эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх ч харьцангуй алгуур байна гэж харж байна... Монголбанкны хувьд нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө ирэх оноос арилж, инфляц 2022-2023 онд тогтворжино гэж үзэж байгаа. Цаашдын бодлогын арга хэмжээ инфляц дунд, урт хугацаандаа зорилтоос хэт хазайхгүй байх, ужгирсан инфляцыг өдөөхгүй байхад чиглэгдэж, бодлогын тохируулгыг хийж ажиллана” гэж байсан юм.
Тодотгоход, энэ удаад шатахууны үнээс гадна нөөцийн асуудал гол анхаарал татаж буй. Хойд хөрш ОХУ-д дотоодын аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор автобензиний эрэлт нэмэгдэж, улмаар үнийн өсөлт үргэлжилж буй. Түүнчлэн тус улсын Засгийн газраас нефтийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хязгаарлахад хүрсэн. Тухайлбал, АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. АИ-92 автобензинийг ирэх сард нийлүүлж чадахгүй байх гэсэн мэдээллийг манай талд өгөөд буй. Тэгэхээр шатахууны нөөцийг тогтвортой барихад төр засгийн түвшинд анхаарч, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай юм. Шатахууны нөөцгүй болвол нийлүүлэлт буурч, эрэлт өсөхөд үнэ өсдөг зах зээлийн зарчим хүссэн хүсээгүй хэрэгжих бодит эрсдэлтэй.
Сэтгэгдэл ( 2 )
10 сард сонгууль болно ш дээ. Гэхдээ эх орончид ялах магадлал өндөр.
Газрын тос боловсруулах үйлдвэр юу болсон бэ?\n