Цагдаагийн алба хаагчийн бие бялдарт бус ёс зүйд нь анхаараач ээ!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнийг зодон танхайрсан бичлэг цахим орчинд цацагдсан нь нийгмийг цочиролд орууллаа.

Хүнлэг ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жилийн нүүр үзсэн гэх Монгол Улсын иргэд ямар орчинд амьдарч, ямар хэмжээний ёс зүйтэй цагдаагийн байгууллага оршин байгааг л харуулсан хэрэг. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө болсон эл харгислалыг цахим орчноос иргэд олон нийт харсан байх. Гавлаж байгаад нүүр нүдгүй зодож байгаа энэхүү харгислал нь олныг цочирдуулахаас ч аргагүй юм.

Ганц энэ явдал ч биш, нийтэд цацагдаагүй олон зүйл байгааг ч эх сурвалжууд дэлгээд эхэлжээ. Энэ мэт сөрөг үзэгдэл нь цагдаагийн байгууллагын босгыг өндөрсгөх болсныг харуулсан хэрэг юм. Өдгөөгийн цагдаагийн алба хаагчдыг шалгаруулж авдаг гол зүйл гэвэл ердөө л “бие бялдар сайтай, эрүүл байх”-ыг чухалчилдаг болохоос бус тухайн алба хаагчийн боловсрол мэдлэг, ёс зүйд төдийлөн анхаарахгүй байгаа тал бий. Үүнээс үүдэн төрийн дүрэмт хувцас өмссөн бялдар сайтай ойворгон залуус иргэдийн биед ноцтой халдаж, улмаар амь насанд нь хүрсэн тохиолдол ч байгаа.

Тэгвэл тухайн бичлэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямаатарт үүрэгдсэн. Гэтэл цагдаагийн байгууллагаас “Тус хэрэг нь хоёр жилийн өмнө болсон, цахимд тавигдсанаар ил боллоо. Тухайн үед зодуулсан иргэд цэнгээний газрын төлбөрөө төлөөгүй нь ийн зодуулах шалтгаан болсон. Гэвч иргэд зодуулсан хэргээ нуун дарагдуулсан тул мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр хийж байгаа” хэмээн тайлбар өгөв. Өнөөх саатуулах байрны дүрэм журам ч дүүрч, камерын систем яасан бэ.

Үүний шилийг даран Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” хэмээн өөрийн цахим хуудсаар жиргээд авав. Бараг л “Надад хамаагүй” гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байгаа нь нийгмийг бүр ч бухимдалд хүргэлээ. Салбарын сайд, цагдаагийн байгууллагын байр сууринаас харвал аль аль нь өөрсдийгөө хамгаалах төлөв ажиглагдаж байна. Ерөнхий сайдын зүгээс иргэдийн харгислан зодсон алба хаагчдад хариуцлага тооцох үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгч, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Цагдаагийн ерөнхий газарт уламжилсан байдалтай сууж байна.

Энэ нь зөвхөн хоёр алба хаагчид хариуцлага тооцоод өнгөрөх асуудал лав биш. Х.Нямбаатар нь байгаагүй юм бол тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, холбогдох харъяа дүүргийн цагдаагийн газрын дарга, Хэв журмын тасгийн дарга гээд шат дараалсан арга хэмжээ авах ёстой. Бичлэгээс харахад ийм хэмжээний харгислал нь ямар нэгэн хэмжээнд мэдэгдсэн байж таарна. Үгүй ядахад тухайн өдрийн ерөнхий жижүүрээр ажиллаж байсан цагдаагийн офицер, бусад алба хаагчдад мэдэгдэх учиртай. Үүнийг мэдсэн албан тушаалтан нуун дарагдуулах бус дүүргийн цагдаагийн газрын дарга гээд цааш цааш нь мэдэгдэж асуудлыг нэн даруй шийдвэрлэх хууль дүрэмтэй. Тухайн үед ийм процесс явагдаагүйгээс харахад нуун дарагдуулсан байх магадлалтай гэх хардлага ч хаа хаанаа бий. Хардах эрх нь хэнд ч бий бөгөөд хардахаар үйл явдал болсон байна.

Бидэнд байгаа мэдээллээр бол уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, тухайн алба хаагчдын албан тушаалыг нь түдгэлзүүлэн, шалгаад байгаа. Цагдаагийн газраас бас нэг өөр тайлбар өгсөн нь бий. Тэд “Тухайн үед ийм хэрэг гарсан ч  хохирогчид ямар нэг гомдол гаргаагүй. Тиймээс энэ хэрэг нийтэд ил гараагүй. Алба хаагчдад ч ямар нэг хуулийн хариуцлага оноогоогүй байна. Манай байгууллагийн зүгээс нуун дарагдуулсан зүйл байхгүй. Мөн одоогоор хохирогчид тухайн үед яагаад гомдол гаргаагүй талаар ч шалгаж байна" гэсэн юм. Хичнээн иргэд ийм замаар хохирч үлдэснийг таах аргагүй. Зодуулсан иргэн амь алдаагүй л бол энэ мэт зүйлс байдаг нь хэвийн үзэгдэл бололтой.

Энэ үед Цагдаагийн удирдах газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төвийн байранд бас нэгэн харгислал болж нэг иргэн амиа алдсан. Яах аргагүй зодуулсан иргэн амиа алдсан учраас хэрэг гарах өдөр тухайн байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч У нь одоогоор ял эдэлж байгаа аж.

Мөн өнгөрөгч 2019 онд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхээс татгалзлаа гэх шалтгаанаар иргэний биед хүнд гэмтэл учруулсан цагдаагийн алба хаагчид эрүү үүсгэн шалгаж байгаад гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан байдаг. Тодруулбал цагдаагийн алба хаагч Б нь 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд “цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгааны улмаас иргэн Ч-г гавлах явцдаа гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Үүнийг дурдахын учир нь бас л цагдаагийн алба хаагчийн нэгэн дээрэнгүй үзэгдэл бөгөөд хуулиа ч мэдэхгүй байгааг харуулсан юм. Үйл явцыг тодотговол иргэн Ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ хамт гэрийнхээ орц руу орж явахад нь цагдаа араас нь очиж “заавал эрүүлжүүлэхэд аваачина” хэмээн дээрх үйлдлийг гаргасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тэгвэл “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн болон түүнийг хамгаалах хүний хүсэлтээр, эсхүл цагдаагийн алба хаагч өөрөө санаачлан тухайн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхгүйгээр хамгаалах хүнд хүлээлгэн өгч болно” гэж заасан байдаг аж. Энэхүү хуулиа ч мэдэхгүй цагдаа байгаагийн нэгэн жишээ юм. Гэр бүлийнхээ хүнтэй яваа иргэнийг заавал саатуулах эрүүлжүүлэх шаардлага алга. Тэгээд ч хуульд тодорхой зааж өгсөн байтал эрүүлжүүлэх гэж иргэний биед ноцтой гэмтэл урчуулж байгаа зэрэг нь  өнөөх л босго намхан, өндөр шалгуур байхгүйг л харуулсан хэрэг.

Саяхан даа, өнгөрөгч зургаадугаар сард Сүхбаатарын талбай дээр болсон “Номын баяр”-ын үеэр 58 настай иргэнийг цагдаа нар шаардлага биелүүлээгүй хэмээн зодож чирч гулдарч байгаа бичлэг цацагдсан. Тиймээс тухайн иргэн гомдол гаргахад цагдаагийн газраас "Та цагдаагийн алба хаагчид зодуулаагүй байна. Үүнийг чинь нотлох зураг, бичлэг байхгүй. Та өөр газар зодуулсан, мөн цагдаагийн биед халдсан учраас хорино" гэж дарамталсан байдаг.

Үүнээс өмнө буюу 2017 онд цагдаагийн албан хаагчид бүлэглэж энгийн иргэнийг зодсон талаар шуугиан дэгдэж байв. Улмаар тухайн иргэн хоёр удаагийн мэс засалд орсон ч гэдэг. Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт байрлах авто угаалгын газарт гарсан байдаг. Хохирогч өөрөө энэ талаар ярилцлага өгсөн нь ч бий. Тэрээр "Цагдаагийн дүрэмт хувцастай залуус машинаа үнэгүй угаалгана гэсэн учраас маргаан үүсгэсэн" гэжээ. Харин нөгөө талын эх сурвалжийн мэдээлснээр "Хохирогч согтуурхсан тул шаардлага тавьсан" гэх. Ерөөсөө цагдаагийн алба хаагчдын дээрэнгүй зангийн нэгэн илрэл. Төрийн хувцас төрсөн бие бялдраар далайлгаж бусдын хөдөлмөрийг шулах энэ мэт хандлага ч байдаг бололтой.

Дурдаад байвал олон зүйл бий. Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед гар хүрэх гээд юу эс дуулдах билээ. Иргэдийн буруутай үйлдлийг хаацайлах гэсэнгүй. Тодорхой зааж өгсөн хууль дүрмийн дагуу ёс зүйтэй ажиллахыг л сануулсан бөгөөд цагдаагийн байгууллагын босгыг өндөрсгөх цаг нь болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.21) 2021 оны 08 сарын 06

Хүнд гаруудтай хатуу гараар л үзэхгүй бол дийлдэхгүй нөхдүүд их бий шүү, орон нутагт бол дархлаглсан архичин атаманууд бол зөндөө, бүр сумаараа багаараа айж чичирдэг юм шүү дээ, түүнтэй цагдаа л улаан гараараа тулж номхруулдаг юм даа, хуулийг нь эрхийг нь л нээгээд өгчих хэрэгтэй, өөрөөр хэлбэл оросууд шиг, хятадууд шиг, америкууд шиг. Тэгвэл ингэж даврах далчигнах, агсамнах, атамандах нөхдүүд нураад л унана.

0  |  1
Top