Л.Баттөр: Вакцины гуравдугаар тунг хийх гэж яарахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.

-Коронавирусний тархалт харьцангуй саарч байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол?

-Хэр удаан үргэлжлэх нь таниас л хамаарна шүү дээ. Цаашид хатуу хөл хорихгүйгээр ресторан барны үйл ажиллагаа чөлөөтэй явах боломжийг бий болгох гэж байна. Тэнд очиж эрсдэлд орох эсэх нь иргэний хүний ухамсар юм. Бид бүхэлдээ хандлагаа өөрчлөхгүй бол цар тахал хэзээ ч алга болохгүй.

-Дельта хувилбар Монгол Улсад тархсан уу?

-Дельта хувилбар нийгэмд байлаа ч тухайн иргэн халдвар хамгааллын дэглэм сахиж байвал халдвар авахгүй шүү дээ. Иргэн хүн ресторан бараар үйлчлүүлж байхдаа ч халдвар хамгааллын дэглэм сахих ёстой.

-Эмнэлгүүдийн ачаалал харьцангуй багасаад ирж байна уу?

-Нэмэлтээр дайчлагдаж байсан зарим эмнэлгүүд үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Сая наадмын өмнө 14 мянган хүн эмнэлэгт хэвтэж байсан бол одоо 9 мянга гаруй хүн эмчлүүлж байгаа. Гэхдээ нийт батлагдаж байгаа тохиолдлын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Та анзаарсан бол бүх аймагт халдвар тархаад байгаа юм биш. Өнөөдрийн |2021.08.04| мэдээгээр жишээ болгоход Баян-Өлгий, Дархан, Ховд аймагт гарч байгаа тохиолдол нийлээд орон нутагт батлагдаж байгаа тохиолдлын 50 хувь нь болж байна. Баян-Өлгийн дангаараар 300 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа нь өнөөдөр батлагдсан тохиолдлын 30 хувь нь болж байгаа юм. Ховд 100, Дархан-Уул 100 гэхээр нийт орон нутагт бүртгэгдэж байгаа тохиолдлын 50 хувь нь гуравхан аймаг эзэлж байна.

-Орон нутагт тархалт нэмэгдэж байгаа нь амралт зугаалгын хөл хөдөлгөөнийг дагаж өссөн үү?

-Аялал зугаалга бол бүх аймагт нөлөөлсөн. Гэхдээ тухайн орон нутгийн онцлог нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл Баян-Өлгийд хурим найр маш их зохион байгуулсан байсан. Энэ мэт тухайн орон нутгийн өвөрмөц үйл ажиллагаатай холбоотой тархалт өсөх хандлагатай байгаа.

-Сургууль, цэцэрлэгт танхимаар хичээллэж шийдвэр гаргалаа. Энэ нь хэр зэрэг эрсдэлтэй вэ?

-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийн хэдэн хувь нь вакцинд хамрагдах вэ гэдэг нь чухал. Өнөөдөр 60 гаруй хувь нь хамрагдаад байна. Одоо бол вакцины нөөц хангалттай байна. Эдгээр хүүхдүүд вакциндаа бүрэн хамрагдах юм бол дүү нараа хамгаалах нэг төрлийн хамгаалалт болох юм. Тэгэхээр энэ наймдугаар сарыг вакцинжуулалтын сар болгох хэрэгтэй. Энэ байдлаар нийслэл тархалт буурах юм бол янз бүрийн мутаци хувилбар байлаа ч эрсдэл багатай байна гэсэн үг. Тохиолдол их байх тусмаа жижиг мутаци гарч ирж байгаад бүгдийг нь хамрах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ нь цэвэр тохиолдлын тоо, хариу арга хэмжээ зэрэг хүчин зүйлтэй холбоотой. Сүүлийн дөрвөн долоо хоногийн дотор 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл эрс буурсан. Энэ нөлөө бол нийт халдварын тоо буурахад ч нөлөөлж байгаа юм. Яагаад гэвэл хүүхэд өөрөө нийт халдварын 20 хувийг эзэлж байсан бол тал хувь нь вакцинжуулаад ирэхээр тохиолдлын тоондоо ч нөлөөлж байна. Нөгөө талаар хүүхдийн вакцин үр дүнтэй болох юм байна гэдгийг харуулаад байгаа юм.

-Сая тархалт нэлээн өндөр болоход вакцин ажиллахгүй байна гэх шүүмжлэл нэлээд өрнөсөн. Үнэнийг хэлэхэд би ч вакцинд эргэлзэж эхэлсэн. Тэгвэл одоо нөхцөл байдал арай өөр хариулт руу чиглүүлээд байх шиг?

-Вакцин ажиллаж байгааг батлах нотлох зүйл зөндөө байна. Тухайлбал жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл нэлээд нэмэгдсэн. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр вакцингүй бүлэг рүү халдвар шилжиж байгаа харуулж байгаа юм. Одоо 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл эрс буугаад 5-11 насны хүүхэд халдвар авсан тохиолдол 44 хувь руу очиж байна. Энэ нь вакцингүй хүүхдүүдийн халдварт өртөх эрсдэл хэвээр үлдэж байгаа харуулж байна. Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа ийм тоон үзүүлэлтэд иргэд итгэх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдийн халдвар ерөнхийдөө бууж байна. Хүүхдүүдийг бодвол жирэмсэн эхчүүд тийм ч олноороо вакцинд хамрагдах боломжгүй байгаа. Гэхдээ л 5000 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдсан. Мөн ээжүүд халдвар хамгааллын дэглэм сайн барьж байгаа тул өвчлөл маш бага хэмжээнд байна.

-Одоо хичээл сургууль эхлэх дөхөж байгаа тул хамгийн сайн бэлтгэл ажил юу вэ?

-Хамгийн сайн бэлтгэл ажил бол 12-17 насны хүүхдүүдээ вакцинд хамруулах дээр нь иргэн бүр халдвар хамгааллын дэглэм сахих явдал юм. Уг нь бол гадуур бүгд масктай байна. Гагцхүү хоол идэхдээ л маскаа авдаг. Тэгэхээр цаашид илүү сайн анхаараад хоол идэхдээ бага яриад, аль болох харилцаа үүсгэхгүй гарч явдаг болчихвол мэдээж тархалт буурна. Дөрөвдүгээр сард хөл хорио тогтоогоод нийслэлийн өвчлөл өнөөдрийнх шиг буураагүй. Гэтэл өнөөдөр хөл хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ч халдвар буурч байгаа нь вакцины нөлөө болон маскаа тогтмол зүүдэг болсонтой холбоотой.

-Хоёр тунгаа хийлгэсэн иргэд гурав дахь тунг хийлгэвэл халдвар авахгүй байх магадлал илүү нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Хэзээнээс хийж эхлэх вэ?

-Дараагийн вакцинд ач холбогдол өгөхгүй байж болно. Өөрөөр хэлбэл гурав дахь тунг хийхгүйгээр халдвараас хамгаалагдаж байгаа нь өнөөдрийн тоон үзүүлэлтээр харагдаж байна. Харин дархлаа тогтохгүй байгаа зарим иргэнд хийж болох юм гэдэг судалгааг дэлхий нийт хийж байна. Магадгүй тодорхой хугацааны дараа зургаан сар эсвэл жилийн дараа дархлаа нь буураад ирэх үед гурав дахь тунг хийж болох юм. Тэгэхээр хоёр тунтай иргэд гурав дахь тунг хийлгэх гэж яарах хэрэггүй. Тэр битгий хэл бид вакцингүй байхдаа маскаа зүүгээд, гараа ариутгаад халдвараас сэргийлж чадаж байсан. Тэгэхээр одоо вакцинтай байж гурав дахь тунг хэзээ хийх вэ гэж хүлээх хэрэггүй. Үүнийг дэлхийн олон байгууллага судалгааны түвшинд хийж байна. Ганц нэг хүнд гурав дахь тунг хийж байна гэдэг нь судалгаа юм.

Түүнээс биш вакцин үйлдвэрлэгч нь “гурав дахь тунгаа хийлгээрэй” гэж хэлээгүй байна. Бид дотооддоо судалгаа эхлүүлж байгаа ч энэ нь маш их цаг хугацаа зарцуулдаг судалгаа юм. Тиймээс бид гуравдугаар тунг хийх гэж яарахгүй.

Өөрөөр хэлбэл гуравдугаар тунгаа тариулаад халдвар авахгүй гэсэн үг биш. Тодорхой хэмжээнд өвчний хүндрэлээс сэргийлнэ. Гэхдээ 100 хувь халдвар авахгүй гэсэн баталгаа болохгүй.  

-Дотоодод халдвар тархаагүй байх үед эмнэлэг ачааллаа дийлэхгүй гэсэн айдас байсан. Гэтэл манай эмч нар маш мундаг байлаа гэж харж байна?

-Ер нь бол эмч, эмнэлгийн ажилчид туйлдсан. КОВИД авдаггүй эмнэлэг болон хувийн эмнэлгүүдээ ч дайчилсан. Одоо ч халдварын цаана гарсан гэж хэлэх болоогүй л байна. Өнөөдөр нас баралгүй, халдварын тархалтгүй болж байж л “бид цаана нь гарлаа” гэж хэлэх байх. Гэхдээ сая үүссэн том давалгааг нэлээн зүтгэж байж өнөөдрийн нөхцөл байдалд хүрч байна. Хүчилтөрөгчийн хүрэлцээ хангамжаас эхлээд юм юм л дутагдалтай байлаа. Одоо ч гэсэн эрүүл мэндийн салбарт сайжруулах, хийх ажил зөндөө бий.

-Халдвар авсан хүн дахин өвчлөх магадлал хэр байна вэ?

-Халдвар авсан хүн дахин халдвар авсан гэдэг нь яриа төдий зүйл юм. Дэлхий нийтэд цөөн хэлбэрээр туссан хүн дахин тусна гэдэг мэдээлэл цацаж байгаа. Гэхдээ бүрэн гүйцэт нотолсон зүйл байхгүй. Яриа хэлбэрээр гэдэг нь “би өмнө нь халдвар авах шиг болсон. Шинжилгээ хийлгээд гэрээр эмчлүүлсэн. Гэтэл сая дахиад эерэг гарлаа” гэж ярьдаг. Тухайн иргэнээс сайн асуугаад байхаар өмнө нь халдвар аваагүй байх магадлал илүү өндөр байгаа юм. Хэрэв өмнө нь шинж тэмдэггүй өвдсөн бол одоо дахин өвчлөхдөө шинж тэмдэггүй өвчлөх магадлал өндөр байна. Яагаад гэхээр тэр хүн халдвар авсан бол вакцин хийснээс илүү эсрэг бие үүсч, дархлаа тогтсон байх магадлалтай юм. Онолын хувьд дахин халдвар авах магадлалтай. Гэхдээ ийм тохиолдол цөөн хувьд тохиолдоно. Өвдөөд эдгэрсэн гээд маскгүй явна гэсэн үг биш. Эдгэрсэн байсан ч халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмжийг дэлхий нийтээрээ өгч байна. Гэхдээ харьцангуй цөөн тохиолдолд өвчилсөн иргэн дахин өвчлөх боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.193) 2021 оны 08 сарын 06

Худлаа битгий солиороод бай, синофармын факцин ямар хамгаалах чадваргүй болсон бна гэсэн судалгааны үр дүн гарсан, мөд дельта тархана, яаралтайгаар ядаж ахмад настнууддах фазерийг бустер тунгаар хийгээч!!!!

0  |  0
Top