Б.Даваацэрэн: Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнтэй соёлын өв болон түүний сэргээн засварлалт, соёлын өвийн хулгайн асуудлаар ярилцлаа.


-Соёлын өв гэж яг юуг хэлдэг юм бэ?

-Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль гэж бий. Түүнд зааснаар “Түүхэн тодорхой цаг үеийн аль нэгийг тодорхойлж чадах, түүх соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэн бүхий биет болон биет бус үнэт зүйлийг соёлын өв гэнэ” гэж заасан байдаг. Үүнийг агууллага, мөн чанараар нь тодорхойлж ойлговол тухайн хүн, хамт олон, улс үндэстний оршин тогтнож ирсний ой санамжийг хадгалж байгаа бүх төрлийн биет болон биет бус илэрхийлэлүүд үүнд хамаарагдаж байгаа юм. Хүн төрөлхтөн соёлын өвийг тодорхойлохдоо хамгаалах үйлдэлтэй нь хамтатгаж ойлгодог. Хамгаалах гэдэг нь өөр хооронд нь салгаж үл болох олон үйл ажиллагааны нэгдэл байдаг. Олж илрүүлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, түгээн сурталчилах, ашиглах гээд олон зүйл байдаг л даа. Эдгээр нь ч дотроо процессийн олон хэлбэрт хуваагддаг.

-Соёлын өвийг сэргээн засварлах тал дээр манай улс ямар арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа вэ?

-Сэргээн засварлах бол соёлын өвийг хамгааллын нэг томоохон хэсэг. Олон улсад тусдаа бие даасан том шинжлэх ухаан болон хөгжөөд явж байна. Харин манай улсын хувьд нэгдсэн системтэй биш ч гэсэн түүх соёлын дурсгалыг сэлбэх ажлууд тасралтгүй хийгдэж байсан. Буддын шашины сүм дугануудыг засаж, өнгө будгыг нь сэргээх, металл эд зүйлсийг сэргээх зэргээр явагдаж байсан.  Харин БНМАУ-ын соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай хууль 1970-аад онд гарсан. Уг хуулийн дараахан Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар байгуулагдсан. энэ газар байгуулагдсанаар олон улсын жишигт нийцсэн зарим хэм хэмжээний дагуу сэргээн засварлах ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр энэ чиг үүргийг Соёлын өвийн үндэсний төв, зарим нэгэн музей, эрдэм шинжилгээний газруудад байгаа сэргээн засварлагчид хамтран гүйцэтгэж байна.

Бидний анхаарал тавьж байгаа гол ажил бол мэргэжилтэй боловсон хүчнийхээ нөөцийг бэхжүүлэх. Энэ хүрээнд гадаадын улс орнуудад явуулж давтан сургах, шинээр бэлтгэх, өөр энэ төрлийн ажил гүйцэтгэдэг хүмүүсийг дадлагажуулж салбартаа авах гээд олон талаар ажиллаж байгаа. Мөн зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай дурсгалуудыг нэн тэргүүнд энэ ажилдаа оруулдаг. Энэ нь ихэвчлэн хөдлөх дурсгалууд буюу музей, номын сан гээд бусад соёлын өвийг хадгалдаг газруудад чиглэдэг. Дээрээс нь технологийн асуудалд анхаарал хандуулж байна. Байгаль орчин, цаг уур гэсэн нөхцлүүдээс их хамааралтай байдаг учраас түүх соёлын үл хөдлөх дурсгал буюу сүм хийд, дуган, уран барилга, архитекториудын дурсгалуудад технологийн арга ихэвчлэн чиглэдэг юм. Ингэж иж бүрнээрээ бий болж байж сэргээн засварлах ажил үр дүнгээ өгнө гэсэн үг.

-Сэргээн засварлах тал дээр Хэрлэн барс хотын цамхагийг шинээр барьчихсан гэх зэргээр хүмүүсийн дунд шүүмжлэл нилээд байдаг?

-Ер нь манай хүмүүсийн дунд буруу зөрүү ойлголт зөндөө байдгийн нэг нь таны ярьж байгаа энэ цамхаг. Сэргээн засварлахын хамгийн чухал зорилго нь түүний оршин тогтнох чадварыг хамгаалах. Хоёрдугаарт, түүнд агуулагдаж байсан ой санамжийг буцаан сэргээхийг зорьдог. Жишээлбэл, нэг гар нь тасарчихсан хөшөө байлаа гэхэд түүнийг нь сэргээж, яг ийм байсан шүү гэдэг ой санамжийг нь өгөх ёстой. Гэхдээ үүнийг тэдэн онд ингэж сэргээсэн гэдэг мэдээлэл нь илэрхий харагдаж байх ёстой байдаг. Хэрлэн барсын тухайд энэ ажилд гар бие оролцож явсан хүний хувьд би сайн мэдэж байна. Үүнийг сэргээн засварлахын тулд Хятад улсад очиж ижил цаг үеийн Киданы суваргуудыг үзэж, сэргээн засварласан арга технологитой нь танилцсан. Мөн тус улсын сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг газар дээр нь авч ирж төлөв байдлын үнэлгээ буюу яг энэ байгаагаараа үлдэх нь үү гэдэг үнэлгээ хийлгэсэн. Ингэхэд маш бага хэмжээний чичирхийлэл даахгүй, суурийн тоосгонууд нь суларсан, нурах нэн өндөр эрсдэлтэй гэж гарсан. Мөн архелогийн малталгаа хийлгэж ерөнхий хэлбэр дүрсийг нь ч гаргуулсан. Хамгийн түрүүнд тухайн тоосгонуудаас нь дээж авч шинжилгээ хийлгээд найрлагуудыг нь тогтоож, тухайн цаг үедээ тоосгоны шавар, шороогоо хаанаас авч байсныг нь илрүүлсэн. Ингээд орц найрлагыг нь бэлдэж, тэнд нь шатаах зуух бэлдээд тоосгонуудаа гаргаж авч байж нөхөлт хийсэн. Яагаад нөхөлт хийсэн гэхээр тухайн орон нутгийн иргэд тоосгыг нь суллаж авч халаагаад нуруун дээрээ тавьдаг, ходоод гэдсэнд сайн гээд нунтаглаж найруулаад уух, зарим нь бүр шунахайн сэдлээр тоосгонуудыг нь түүгээд үүдний гишгүүртээ хүртэл хийчихсэн тохиолдол ч байдаг. Энэ үйлдлүүд тухайн цамхагийн оршин тогтнох чадварыг байхгүй болгочихсон учраас түүнийг нь бий болгохын тулд нөхөлт хийсэн. Хоёрдугаарт тухайн байгууламжийн анхны хэлбэр дүрсийг гаргасан нь хүмүүст шинээр барьсан гэсэн буруу ойлголт төрүүлсэн. Гэвч түүнийг цоо шинээр бариад цагаанаар будчихсан юм огт биш. Тоосго хоорондын барьцалдуулагч лагшингуудыг нь хэвээр нь үлдээж хаана, хаана нөхөлт хийснийг нь харуулахын тулд хэвээр нь үлдээсэн. Энэ зарчим бол Венецийн Хартид байдаг зүйл.

-Соёлын өвийн бүртгэлд одоогоор хичнээн өв бий вэ?

-Улсын хэмжээнд 90 гаруй мянган түүх соёлын үл хөдлөх дурсгал, аж ахуйн нэгж, иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа 336,5 мянган түүх соёлын дурсгалт зүйл бүртгэлтэй байна. Мөн 360 орчим соёлын биет бус өвийн бүртгэл байдаг. 

-Өнгөрсөн хугацаанд төвийн аймгуудын нутгаар соёлын өвийн зүйлсийг хулгайлсан гэмт хэргүүд гарсан гэсэн. Тэр талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Сүүлийн жилүүдэд түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйлсийг музей, хийдээс хулгайлах нь нэмэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан. Энэ оны эхний найман сарын байдлаар яг ийм гэмт хэрэг долоон удаа гарсанаас сүүлийн дөрвөн сарын хугацаанд нийтдээ зургаа гарч, цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Ер нь  түүх соёлын дурсгалт зүйлийг эвдэж гэмтээх, устгах, хууль бусаар архелогийн малтлага хийх, соёлын өвийн худалдааг зохион байгуулах, зуучилах зэрэг тохиолдолд 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 25-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тогтоодог. нэг егээр соёлын өвийн эсрэг хэрэг хийсэн тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгтэн болно гэсэн үг. Ялангуяа амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор аялж яваа байдлаар сүм хийдүүдэд орж нуугдах, судлах байдлаар Архангай, Өвөрхангай, Завхан аймгууд, Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс Майдар бурхан гурав, Богд Зонхов бурхан хоёр, Өндөр гэгээн Занабазар бурхан нэг, Алтангэрэл судар, эмээлийн тоноглол зэргийг хулгайлсаныг цагдаа нар тогтоогоод хураан авсан. Эдгээр гэмт хэргүүд гарсантай холбоотойгоор Соёлын яамнаас шуурхай Ажлын хэсэг гаргаад дээрх аймгуудад ажиллуулсан. Цар тахалтай холбоотойгоор музей, сүм хийдүүдийн ажилчдын анхаарал суларсан нөхцөл байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас бидэнд анхааруулж байгаа гол зүйл бол дээрх газруудыг камержуулах, дохиолол хамгаалалттай байлгах, харуул хамгаалалтын ажилчдын чадавхийг дээшлүүлэх байгаа юм. Тиймээс бид энэ чиглэлд түлхүү анхаарахаар тусгаад ажиллаж байна.    

-Нэгэнт улсын хилээр гараад явчихсан томоохон соёлын өвийн дурсгалын бүртгэл байдаг уу. Байдаг бол түүнийг буцаан эх орондоо авч ирэх боломж хэр вэ?

-Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг худалдан авагч, худалдаалагч, зуучлагч гээд ихэнхдээ зохион байгуулалтын шинжтэй байдаг. Нэгэнт хилээр гараад явчихсан соёлын өвийн асуудлаар Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага, Интерпол болон бусад адил төстэй мэргэжлийн байгууллагуудтай манай цагдаагийн байгууллага тогтмол хамтран ажилладаг юм билээ. Тэгэхээр боломж бол бий. Гэсэн ч зөвхөн биднээс хамаарахгүй болохоор нэг соёлын өвийг буцаан авч ирэхэд хэдий хэр хугацаа орохыг хэлэх боломжгүй. 

-Соёлын өвийн хулгайтай тэмцэх цагдаагийн нэгж байгуулах ажил юу болж байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талын зорилт туссан. Алсын зорилго бол хууль сахиулах байгууллагуудын хоорондын гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний сүлжээ бий болгох. Нэг үгээр ТЕГ, ХХЕГ, ГЕГ, цагдаа, салбар яам гэсэн байгууллагуудын нэгдсэн сүлжээ гэсэн үг. Үүний нэг хэсэг болсон мөрдөн байцаах ажиллагааг явуулах бие даасан нэгж байгуулахаар цагдаагийн байгууллага, ХЗДХЯ, Соёлын яамны удирдлагын түвшинд ярьж тохироод ажил хэрэг болгохоор зэхэж байна. Гэхдээ цагдаагийн байгууллагад бие даасан нэгж байгуулах нь нэг хэрэг. Гол нь энэ нэгж өөрөө зөвхөн гэмт хэрэгтэй тэмцээд байхаас гадна соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээ соён гэгээрүүлэх, гэмт хэрэг гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг мэдлэг, арга зүйн мэдлэгийг түгээх ёстой. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг гаргахгүй байхын тулд төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна ард иргэдийн оролцоо маш хэрэгтэй. Нэг талдаа бодлогын яам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ байгууллага, иргэний оролцоо гээд энэ гурав бол соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тулгын гурван чулуу нь болох ёстой. Хэн нэг нь ерөөсөө доголдож болохгүй.

-Хүмүүс санаатай болон санамсаргүй байдлаар энэ гэмт хэргийн хамтрагч болчихдог тохиолдууд бий. Тэгэхээр иргэдээ соён гэгээрүүлэх тал дээр ямар ажил хийх вэ?

-Энэ бол их санаа зовоосон асуудал. Бид нар өнөөгийн цаг үеийн хэрэгцээ, шаардлагадаа баригдаад улс үндэстэн, дэлхийн хүн төрөлхтний соёлын үнэт өвийг устгахад санаатай, санамсаргүй байдлаар орчихдог. Ялангуяа булш, хиргисүүр, эртний сүм хийдийн туурийг зааж өгөх, эндээс тийм зүйл гардаг гэж хэлэх зэргээр орооцолдчихдог. Ирээдүйд ийм байдлыг огт гаргаж болохгүй. Ингэхийн тулд ард иргэд рүү чиглэсэн соён гэгээрлийн ажлыг түлхүү хийх шаардлага байна. Түүх соёлын дурсгалт зүйлийг устгаж үгүй хийхэд хор хохирлыг нь нийт ард түмэн, хүн төрөлхтнөөрөө эдэлдэг. Улс үндэстний аюулгүй байдал доголдоход ч хүргэдэг. Төлбөр мөнгөөр үнэлэх боломжгүй зүйл. Бид чинь хүн төрөлхтний нэг хэсэг нь учраас өөрсдийн газар нутаг дээрээ бүтээсэн эд зүйл хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтын нэг хэсэг, сан хөмрөгийнх нь бүрэлдэхүүн хэсэг юм шүү дээ. Харамсалтай нь ийм зүйлийг үгүй хийж байна гэдэг ухамсар тэдэнд одоогоор алга. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг хийдэг хүмүүст ийм л ухамсарыг суулгах хэрэгтэй байгаа юм. Харин энэ ухамсар бодлыг суулгахын тулд бид нар чадах чинээгээрээ хичээж, аль болох олон нийтийг энэ асуудалд чиглүүлж байж энэ дурсгалт зүйлсээ хамгаалж үлдэнэ гэж бодож явдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.169.6) 2021 оны 08 сарын 16

Хулгайн замаар хилээр гараад явчихсан соёлын өвүүдээ эргүүлж авсан албан ёсны жишээ баримт гаргаж хэлж өгвөл их зүгээр байна. Алдаад л байдаг болохоос буцаагаад авчихсан нь Батаараас өөр юм байна уу. Бөөн худлаа ам ярианууд...

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 08 сарын 16

Соёлын хулгайч Соёлын сайд асан Чулуун нарыг яагаад зүгээр байлгаад байна. Архивын сан хөмрөгийг эрх мэдлээ ашиглан зарж асар их ашиг олсон түүхч гэх хулгай нар хуулийн %ийтгэл үүрэх ёстой.

0  |  0
Top