АНУ Афганистаныг талибуудын гарт дахин алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Афганистанаас НАТО-ийн цэргүүд гарснаас хойш тус бүс нутагт Засгийн газрын цэргүүд болон талибуудын хооронд ширүүн тулалдаан өрнөж, талибууд ихээхэн газар нутгийг эзлээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн ням гарагт  Талибан хөдөлгөөний дайчид Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн аваад байна. Түүнчлэн Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвээд буй. Тажикийн "Азия-плюс" агентлагийн мэдээлснээр, Ашраф Гани Ерөнхийлөгчийн захиргааны дарга Фазла Махмуд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хамдулла Мухибын хамт Тажикистаныг зорьжээ. Эндээсээ гуравдагч орон руу нисэхээр төлөвлөж байгаа юм байна.  Ерөнхийлөгч нь эх орноо орхин явсан тул  тус улсад шилжилтийн Засгийн газарт эрх мэдлийг шилжүүлэх ажлыг тайван замаар  эхлүүлээд байгаа аж. Үүнээс өмнө талибууд тус улсын бүхий л том хотыг эзлэн аваад байсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистан дахь нөхцөл байдлын талаар хуралдаж байна. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр, Талибан хөдөлгөөний босогчид Афганистаны нийслэл Кабул хот руу ням гарагт ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр нэвтэрч, Засгийн газрын байрнуудыг хяналтдаа оруулжээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Жорж Бушийн засаг захиргаа Осама бин Ладен тэргүүтэй Аль-Каида бүлэглэлийн террористуудыг орогнуулж буй Афганистан дахь талибуудын дэглэмийг түлхэн унагах эвслийн  ажиллагааг эхлүүлж байв. Терроризмын эсрэг дайн нэртэй эвслийн ажиллагаанд олон ч улс орон холбоотны хувиар дэмжлэг үзүүлсэн. Харин өнгөрсөн жил  АНУ 19 жилийн өмнө түлхэж унагасан талибуудтайгаа энхийн хэлэлцээр байгуулсан.

Ойрхи Дорнод, Исламын ертөнцөд АНУ-ын зарцуулж буй олон их наяд ам.долларын урсгалыг зогсоох гэсэн Дональд Трампын оролдлого 20 жил үргэлжилсэн дайныг зогсоох бус талибуудын гарт Афганистаныг дахин алдахад хүргэлээ.

 

ОРОС, ХЯТАДЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ КАБУЛЫГ ОРХИХГҮЙ

 

Талибууд Кабулыг эзэлсний дараа АНУ болон тус улсын  холбоотон орнууд Элчин сайдын яамдуудаа хааж, дипломат ажилтнуудаа  нийслэлээс нүүлгэн шилжүүлж эхэлсэн бол Хятад, Орос  Элчин сайдын яамаа хаах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. БНХАУ Афганистанд ажиллаж амьдарч буй  иргэддээ хандаж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Харин ОХУ -ын Гадаад хэргийн яам төрийн мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан дипломат ажилтнуудаа  нүүлгэн шилжүүлэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна.  Талибаны төлөөлөгчид өнгөрсөн сарын сүүлчээр Хятадад айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Ван И -тэй уулзсан билээ. Тухайн үед Хятадын Гадаад хэргийн яам Афганистаны дотоод хэрэгт "хөндлөнгөөс оролцохгүй" гэсэн бодлого баримтлахаа илэрхийлсэн юм.

 

Дайны өртөг

2010-2012 онд  АНУ  Афганистанд  100 мянга гаруй цэрэг байрлуулж байх үед  жилд бараг 100 тэрбум ам.долларын зардал гарч байжээ. Браун их сургуулийн 2019 онд хийсэн судалгаагаар Афганистанд АНУ ойролцоогоор 978 тэрбум ам.доллар зарцуулсан байна.  Афганистанд  байрлуулсан цэргийн тоогоороо АНУ-ын араас бичигдэж буй Их Британи,  ХБНГУ  30 болон 19 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

 

АФГАНИСТАНААС ИРГЭДЭЭ АВЧ БУЙ АНХНЫ УЛС НЬ ФРАНЦ

 

Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли Кабулаас АНЭУ дахь өөрийн цэргийн  бааз руугаа өчигдөр оройноос эхлэн иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаараа мэдээлжээ. Нүүлгэн шилжүүлэх ажилд Францын  цэргийн хоёр нисэх онгоцыг ашигласан байна. Цэргийн онгоцнууд Афганистан дахь францчуудыг АНЭУ дахь цэргийн бааздаа авчрах бөгөөд  дараа бусад цэргийн онгоцоор Франц руу зөөх юм байна.  Түүнчлэн АНУ тэргүүтэй дэлхийн 60 гаруй улс  Афганистаныг орхин явах хүсэлтэй байгаа хүмүүст аюулгүй нөхцөл бүрдүүлэхийг Талибан  бүлэглэлд уриалсан хамтарсан мэдэгдэл гаргаад байна.

 

Талибан бүлэглэлийн санхүүжилт

Тагнуулын байгууллагуудын мэдээлж байгаагаар, талибанчууд хэр хэмжээний нөөц хөрөнгөтэйг яг нарийн хэмжих боломжгүй ч тус бүлэглэл жилд 300 сая ам.доллараас 1.6 тэрбум хүртэлх ам.долларын орлого олдог байна. Дэлхийн улс орнуудын тагнуулын мэдээлэлд үндэслэн өнгөрсөн зургаадугаар  сард гаргасан НҮБ-ын тайланд дурдсанаар ихэнх хөрөнгөө хар тамхины наймаа, мөнгө угаах, хүн хулгайлах зэрэг гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаанаас олдог аж. Нэг тагнуулын байгууллагын мэдээлснээр хар тамхины наймаанаас л гэхэд жилдээ  460 сая ам.долларын орлого олдог байж магадгүй гэнэ. Түүнчлэн НҮБ-аас талибуудад зэвсэг нийлүүлдэг гэж оросуудыг буруутгадаг.

 

АФГАНИСТАНЫГ ЭЗЛЭЭД БУЙ ТАЛИБАН БҮЛЭГЛЭЛИЙН ТУХАЙ БАРИМТУУД

 

Талибан гэдэг нь Паштун хэлээр сурагчид гэсэн утгатай бөгөөд 1990-ээд оны эхээр Пакистаны хойд нутагт үүссэн бүлэглэл юм. Пакистан-Афганистаны хилийг дамнан нутагладаг паштунчуудын дунд шашны семинарь маягаар эхэлсэн энэ хөдөлгөөнийг анх Саудын Араб санхүүжүүлсэн гэдэг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ бүлэглэлийг 2003 онд террорист гэж тодорхойлсон. Мулла Ахтар Мохаммед Омар 1990-ээд оны дунд үеэс 2013 он хүртэл буюу нас барах хүртлээ Талибан бүлэглэлийг удирдаж байв. Ихэнх гишүүд нь Афганистан дахь хамгийн том угсаатан болох паштунууд юм. Тус бүлэглэл ислам шашны бусад төрлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гадаадын нөлөөг тус улсаасаа устгахыг зорьдог.

 

1979-1989 он - ЗХУ Афганистан руу довтолж, эзлэн авав. Афганистаны эсэргүүцэгчид эсэргүүцэн тэмцэж байв.

1994 он - Омар тэргүүтэй оюутнуудаас бүрдсэн Талибан бүлэглэл байгуулагджээ.

1994 он- Талибан хөдөлгөөн Кандагар хотыг эзлэн авав.

1996 он- Нийслэл Кабул хот нь талибуудын мэдэлд оров.

1996-2001 он - Тус бүлэглэл Афганистаны ард түмэнд Исламын хатуу хуулийг тулгаж байсан үе. Тухайлбал, эмэгтэйчүүдийг толгойноосоо хөл хүртэл урт хар, хувцас өмсөхийг шаардаж, эмэгтэй хүн ажил эрхлэхийг хориглож, Исламын шашинтай л холбоогүй бол бүх баярыг хориглож эхлэв.

1997он – Талибан бүлгийн толгойлогч Омар аль Каидагийн удирдагч Осама бин Ладентай холбоо тогтоож, гол баазаа Кандагар руу нүүлгэв.

1998 он-Талибанчууд стратегийн чухал Мазари-Шариф хотыг эзлэн Афганистаны газар нутгийн 90 орчим хувийг хяналтдаа авав.

2001 он- Аль -Каидатай холбоотой террористууд есдүгээр сарын 11 -ний халдлагыг үйлдсэнээс хойш нэг сар хүрэхгүй хугацааны дараа Америкийн болон холбоотнуудын цэргүүд Афганистан руу довтолж,  Афганистаныг террорист үйл ажиллагааны бааз болгон ашиглахын эсрэг тэмцэж эхлэв.

2001 он- Кандагар хотыг алдсанаар талибанчууд сүүлчийн томоохон түшиц газраа алдлаа.

2007 он- НАТО -гийн дэмжлэгтэй Афганистаны цэргүүд Муса Кала хотыг Талибаны хяналтаас эргүүлэн авав

2008 он-Афганистаны албаны хүмүүс болон талибуудын хооронд хэлэлцээ хийв.

2013 он-Катарын нийслэл Доха хотод Талибан хөдөлгөөний үйл ажиллагааны баазаа нээж, бусад улстай харилцаагаа сайжруулахад анхаарч эхлэв.

2015 он-Талибан хөдөлгөөний цэргүүд Афганистаны Гилманд мужийн стратегийн ач холбогдолтой хот Сангиныг  бүрэн хяналтандаа авсан байна.

2016 он-Талибаны удирдагч Мулла Ахтар Мохаммед Мансур агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн байна.

2016 он-Талибанчууд шинэ удирдагчаараа Мавлави Хайбатулла Ахундзадаг нэрлэжээ.

2019 он-АНУ болон Талибанчууд Катарын нийслэл Доха хотод энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэв.

2020 он-АНУ, Афганистанаас цэргээ гаргахаар болж,  талибанчууд гал зогсоож, Засгийн газартай энхийн яриа хэлэлцээ хийхээр болов.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 18

Улс орны дотоодын асуудал, талибанчууд бол афнанистанчууд. Зүгээр л орхиод ажигла.

0  |  0
Top