Хассуурийн Ганхуягийг харахаар УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй газар авахгүй хип хоп сонирхогч банди нарын төрхөөр сэтгэлд буудаг нь ямар учиртай юм бол. Манай парламент өөрөө Хууль тогтоох дээд байгууллага гэхээсээ илүүтэй асар олон ашиг хонжоо хайгчдын нөмөр бараадаж ирсэн орон зай мэт харагдах нь ч бий. Энэ ч яахав, гоё гоё дүрүүд байж л байдаг. Н.Батбаяр, Ж.Батзандан гээд хэнд ч хэрэггүй ярьдаг цагаан хоолойнууд ч байв. Бүр ярихгүй, чив чимээгүй бизнесээ хийж, хор хутгаад сууж байдаг Б.Чойжилсүрэн, хуралдаа ч ирдэггүй Б.Наранхүүгээс эхлээд сонин дүрүүд олон байсан, одоо ч байгаа. Х.Ганхуяг бол язгуур төрх, үйл хөдлөлөөрөө Б.Чойжилсүрэнтэй тун төстэй.
Түүнийг өөрийн хүч хөдөлмөрөөр бизнест амжилт олсон гэж ярьдагтай бол тэгтлээ зөрөхгүй. Харин парламентын түвшинд байх хүн мөн үү, биш үү гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Юуны өмнө манай парламентын 90 орчим хувийг бизнесийнхэн эзэлж, тэд эрх ашгаа хамгаалахаар сууж байгааг ч нуух аргагүй. Би ч хэлээд байгаа юм биш, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тэргүүтэн ийн хэлнэ лээ. Яг өнөөдрийн байдлаар “Эм Си Эс” болон үндэсний том компаниудын төлөөлөл болон өдгөө урган төлжиж байгаа Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын залуусыг тодорхой нэрлэж болно.
Энэ утгаараа парламентад бизнесээ хамгаалагчдын бүлэгт нэг залуу гишүүн нэмэгдсэн нь Х.Ганхуяг гэж ярьдаг. Өөрөөр шийдвэр гаргах түвшинд сэтгэл зүрх, гар хуруу дутах нь ойлгомжтой. Анхнаасаа л улс төрд өрсөлдөгчөө “намнах” замаар орж ирсэн гэхээр явуургүй санагдана. Нэгэн цагт нэр дэвшигчид өрсөлдөгчөө “намнах” замаар сонгуульдаж байсан бол сүүлийн үед өрсөлдөөний талбар арай гэгээлэг хувилбар руу шилжсэн. Ядаж л ил цагаан өрсөлдөгчөө ховлох, муучлах үзэгдэл байхгүй болсон шахам.
Гэтэл Х.Ганхуяг сонгууль болох сургаар “Би МАН-аас нэр дэвшиж, АН-ын дарга С.Эрдэнэтэй халз өрсөлдөнө” хэмээн зарлаж, улмаар “С.Эрдэнэ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна”, “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ нэхэж буй 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемээс ч илүү хор хөнөөлтэй” гэх зэргээр тулга тойрсон хов живээр хөөцөлдөн өрсөлдөж байсныг сайн санаж байна. Энэ утгаараа тэр цаашид их улс төрд хол явахгүй байж мэднэ. Тэгээд ч хамтарч өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, “Оргил”-ын Ж.Ганбаатар нарын нөлөө ч ташуур болов. Тэр тусмаа бизнесийн салбараас тодорсон Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт хувийн хөрөнгө оруулалтаар иргэдийн нүд хужирлах төдий ажил хийж байгаа нь олон нийтэд ихээхэн таалагддаг. Ашиг тусын хувьд базаах зүйл үгүй.
Тиймээс сонгогчид бизнесийн салбараас өрсөлдсөн Х.Ганхуягийг Ж.Ганбаатартай адилтган үзсэн нь тодорхой харагддаг. Үүнээс гадна АН болон С.Эрдэнийн рейтинг шалан дээр унасан зэрэг олон зүйл нөлөөлөв. Тэр гэнэт МАН дотор тодорч, өндөр авсан ч хэрэг огт биш.
Анх 2012 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын орон тооны бус зөвлөх нэрийн дор МоАХ-г бараадаж орж ирсэн хүн. Гэтэл АН бадар барьж яваа Х.Ганхуягийг бүү хэл байгаагаа багтааж шингээхгүй дундаа зодолдож байв даа. АН-ын төлөө 20 жил зүтгэсэн залуу нөхөд юу юу ч үгүй ах нарынхаа дор тарчилж байхад хоёрхон хошуунд нүүр тахлах эрэмбэгүй Х.Ганхуягаар ч яах билээ. Түүнд одоо АН-ын гишүүний батлах ч байж мэднэ. Нэг хэсэг МоАХ өөрийгөө АН гэж үздэг үед том санаа агуулж очсон хэрэг байх.
Харин энэ мэт учир шалтгааныг дотор нь орж мэдэрсэн учраас 2014 оноос залуустаа арай зөөлөн хандаад байгаа МАН-ыг бараачлах болов. Цаадуул нь ч гарын ая даах хэмжээний бэлтэй болсон нөхрийг анхаарлаасаа гаргахгүй л дээ. Ядахад л намын дэргэдэх залуучуудын байгууллага гэж өлсгөлөн бүлэглэл уухайн тас тосоод авна. Тиймдээ ч 2017 онд МАН түүнд Бага хурлын гишүүний орон зай гаргаад өгчихөв. Нэгэнт Бага хуралд суудал авсан учраас барьцаа ахиулан, 2018 онд Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22 дугаар хорооны намын хорооны дарга гэх сэтэр зүүлээ. АН-ын, тэр тусмаа МоАХ-ны хаяа хатавч бараадан, горьдлого тээж явсан нөхөрт томоос том зүйл байв. Ингээд зогсохгүй 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын орон тооны бус зөвлөхөөр өгсөв. Өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болж байгаа хэрэг шүү дээ. Тэр ийнхүү “аварга том” МАН дотор асар богино хугацаанд өндөр авсан түүхэн гэж болох хүн. Ийм хугацаанд энэ хэмжээний өндөр авахад мөнгөнөөс өөр юу ч түшдэггүй гэдгийг надаар хэлүүлэхгүй биз ээ. Ийн явсан замаас нь харахад Х.Ганхуяг бол “АН-ын уугуул МАН-ын суугуул” юм. Түүний улс төр, тэр тусмаа парламентад орж ирсэн зорилго нь тэс өөр байж болохыг зарим жишээнээс харж болно.
Тухайлбал, түүний зорилго нэгт нөхөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт нэгэнт ил болсон. Тэрбээр энэ үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байв. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг өдгөө парламентад амь нэгтэй байгаагийн цаад утга энэ ч байж мэднэ. Тэр ч бүү хэл тэд гэнэт бичил бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьж байсан нь санаандгүй хэрэг биш болов уу.
Баримтаас сөхөхөд “Вертекс майнинг партнер” компани 33 тэрбум төгрөгийн зээл авсан бол тухайн компанийн гол хувьцаа эзэмшигч нь Г.Дамдинням байна. “Вертекс майнинг партнер” компанийн гүйцэтгэх захирлаар түүний төрсөн дүү Хассуурийн Хашчимэг ажилладаг болох нь “opendata.burtgel.gov.mn” цахим хуудаст бий. Харин Х.Ганхуяг нь “Хэра инженеринг” компанийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хэра инвестмент” компанийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг байна. Энэхэн хэсгээс харахад эрхэм нөхөр ямар зорилгоор парламентад орж ирснийг таамаглахад болохгүй зүйл алга. Уг нь тэр боловсрол энэ тэрээр МАН-д тийм ч доогуур суудал эзлэхгүй. Чухам сурсан эсэхийг амьдрал өөрөө шалгаад өгөх учраас олон зүйл ярихгүй.
МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, АНУ-ын Харвардын их сургууль, БНСУ-ын Үндэсний академи, Канад улсын Бритиш Колумбийн их сургууль тус тус дүүргэсэн гэх намтар бий. “Олдоод өлдөхгүй” бол хангалттай боловсрол. Ийм хэмжээнд боловсорч байж “Хера Холдинг” групп хэмээх том айлыг өдий зэрэгт хүргээ биз. Ямартай ч тэр 26 насандаа импортын бизнесээр гараагаа эхэлж, 30 шүүрэх насандаа компаниа “Монголын топ 100” аж ахуйн нэгжид оруулж ирсэн. Өдгөө бизнес нь тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, барилга, барилгын материал, нийтийн тээвэр зэрэг олон салбарт 500 орчим хүн ажиллуулдаг аж. Энэ утгаараа гаднаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж оруулж ирж дамлан зардаг гэх хүмүүс ч бий.
Ямартай ч 500 орчим хүн цалинжуулна гэдэг амаргүйн зэрэгцээ буянтай ажил. Ийм л нэгэн бизнесмэн нөхөр парламентад сууж байна. Өнөөдөртөө түүнийг УИХ-ын гишүүний хувьд дүгнэх ямар ч боломж алга. Ядахад цар тахлын үүднээс нээлттэй хуралдаан, элдэв үйл явдал дунд ч түүний дүр алга. Магадгүй “Муу үг модон улаатай” гэгчээр түүний муу үйл нийгэмд ил гараад сайн нь ил гараагүй байхыг ч үгүйсгэхгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Өө энэ чинь 2 нутагтан эсхүл сарьсан багваахай юм байна шд ээ олигтой үр дүн хүлээлтгүй.
Сахалдаа дийлдэж хусахаас залхуурдаг хүн тийм ажлыг амжуулах ажилсаг байна гэлэгт эргэлзээ төрж байна. Хууль зөрчсөн бхаа.
Энэ Ганхуяг гэж үс сахалдаа баригдсан хагас зэрлэг залуу чинь урвадаг шарвадаг нөхөр байсан юм уу.Лав 33 тэрбум гээд яригдаад байл уу.Тэр яахав .Саяхан замын үүдэд мафи маягийн Ганхуяг Дамдин ням нарын байгууллага байна гэсэн .Шалгаач