Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр /2021.08.19/ Монгол улсын түүхийн хичээлээр эхэлсэн бөгөөд ням гараг буюу наймдугаар сарын 22-ны өдөр дуусна. Шалгалтад ажиллах 9250 багш, түүнчлэн цар тахалтай холбоотойгоор нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулагдаж байна.
Нийт 40 420 шалгуулагч шалгалтад орохоор бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар англи хэл 564, түүх 23 шалгуулагч оролцоод байна.
Долоодугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Монгол Улсад коронавирусны халдвар эрчимтэй тархаад байсан тул хойшлуулсан. Ийнхүү хойшлогдсон элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд 45 шалгалтын байранд зохион байгуулaхаар төлөвлөж байсан бол одоогийн шинэчилсэн суудлын хувиараар Монгол Улсын хэмжээнд 82 шалгалтын байранд зохион байгуулж байна.
Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан дарга Б.Болдсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Ингэснээр нэг шалгалтын байранд ирэх хүүхдүүдийн тоо цөөрч, нэг ангид 12-15 шалгуулагч сууж, халдвар хамгааллын дэглэмээ барин ажиллаж байна. Өмнө нь нэг сургууль дээр дунджаар 700 шалгуулагч ирдэг байсан. Түүнчлэн тэдгээр шалгуулагч нарыг дагалдан эцэг эхчүүдийг тооцвол 150 хүн орчим нэмэгддэг байсан бол одоо нэг сургууль дээр 400-450 хүн хувaaрилагдаж бөөгнөрөл цөөрч байна.
Энэ жилийн элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад маш олон хүний оролцоо байгаа. Тухайлбал зөвхөн хянагч багшаар улсын хэмжээнд 2000 багш ажиллаж, зохион байгуулагч багшийн хувьд 900 орчим, 300 гаруй хүн шалгалтийн зохион байгуулагч комиссоор ажиллаж эдгээр хүмүүсийн давхардсан тоогоор 10 250-н хүний оролцоотой. Өмнөх элсэлтийн шалгалтийн зохион байгуулалт болох 7.1-нээс тавны өдрүүдэд маш их хүндрэл байсан. Багш нар ээлжийн амралтаа авч, коронавирусны халдвар их байсан учир хүний нөөцийн бэрхшээл үүсэж байсан бол одоо дунд сургуулийн багш нар ажилдаа орчихсон, хүний нөөц хангалттай боломж үүссэн байна. Магадгүй багш коронавирусны халдвар авсан тохиолдолд нөөц машин гаргах боломж бүрдсэн байгаа. Хоёрдахь жилдээ цахимаар хичээллэж байгаа хүүхдүүд 11 дүгээр ангидаа танхимаар судлах ёстой хичээлийнхээ агуулгагийнхаа 50%-ийг л судалж чадсан. 12 дугаар ангидаа ороод нийт судлах ёстой агуулгын 30%-ийг судалсан. Тэгэхээр энэ болгон шалгалтын өмнө айдас үүсгэх боломжтой. Тийм учраас бид бүхэн өнгөрсөн тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 15-ний өдөр хүртэлх хугацаанд боловсролын үнэлгээний төвийн сэтгэл зүйчид хүсэлт гаргаж “Шалгалтын айдсыг хэрхэн даван туулах вэ” сэдвээр сургалт зохион байгуулсан” гэлээ.
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 43 дугаар сургуулийн байранд шалгалтаа өгсөн шалгуулагчаас сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Нийслэлийн 84-р сургуулийн 12-ын “Ж” ангийн сурагч Ч.Цэндмаа:
-Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Орохоосоо өмнө нэлээн сандарч байсан ч цагийн өмнө ангидаа орж суугаад сандарлаа дарж чадсан болохоор сэтгэл санаа дажгүй байна.
-Сургуулийн зүгээс яаж хамтарсан бэ. Хүндрэлтэй зүйл байсан уу?
-Түүхийн хичээлийн хувьд сургуулиас цөөн тооны хүүхэд шалгалт өгсөн учраас багш сайн тулж ажилсан.
-Шалгалтаа хэр сайн өгсөн гэж бодож байна вэ?
-Миний бодлоор сайн өгсөн гэж бодож байгаа. 70 хувьтай өгсөн байх аа.
-Өмнөх жилийн шалгалтын материалууд бэлдэж байснаас чинь хэр хүнд санагдсан бэ?
-Бэлдэж байснаас нээх хүнд гэж бодохгүй байна. Мэдэхгүй зүйл бага зэрэг байсан ч бусад нь дажгүй байлаа.
Шалгалт 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулагдаж байгаа ба энэ сарын 22-ны өдөр хүртэл дөрвөн хоног үргэлжилнэ.
Бэлтгэсэн: Б.Цэлмүүн
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр дампуу ЭЕШ болж байна. Хэлэх ч үг алга