Зүүн, баруунаа мэдэхгүй ЗАСАГ НОЁДЫН ТҮҮЧЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 23

Монгол Улсын Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага УИХ нь аль нэгэн аймаг, дүүргийн Засаг дарга нарыг сургаж, боловсрол олгодог их дээд сургууль, коллеж биш л дээ. Тэнд хууль баталж байх ёстой. Төрийн эрхийг хууль ёсны дагуу бодлого дор хэрэгжүүлдэг байх учиртай. Гэтэл аймаг, орон нутгийн хэмжээнд гайгүй нэр нүүр олсон Засаг дарга нар тойргоос сонгогдсон гишүүдийн дэмжлэг дор парламентад орж ирчихээд чухам хаана, яах гэж ирснээ мэдэхгүй шахам сууж байгааг шүүмжлэх болов. Үнэний ч хувьтай.

Тэдний нэг нь Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Гочоогийн Ганболд гэдгийг ч нуусангүй. Нутгаас сонгогдсон гишүүдийн нөмөр нөөлөг дор Засгийн газар, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах нь тийм ч хэцүү биш. Яагаад гэхээр тухайн Засаг дарга нутгийн ардуудад зөв харагдаад баталж өгсөн төсвийг зөв захиран зарцуулах, Иргэдийн хурлын төлөөлөгчидтэйгөө эв зүйгээ олчихдог байхад алзахгүй. Мэдээж хэрэг өргөж түшиж, засаг ноёны суудалд залсан тойргийнхоо гишүүдийн үгнээс гарахгүй байх ёстой. Энэ бол хатуу хууль болчихсон юм билээ. Сүүлийн үед аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын даргыг тойргоос сонгогдсон гишүүд томилох нь жишиг болсон. Шуудхан хэлэхэд аймаг, орон нутгийн ажлыг парламентын танхимаас хэн нэгэн эрхэм удирдаж, Засаг дарга нар “Утсан хүүхэлдэй” шиг ажилладаг болсныг нуух хэрэггүй.  

Харин Хууль тогтоох дээд байгууллагад санаачилга гарган, хууль батлах, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах бол өөр. Популистуудаар дүүрсэн парламентын танхимаас ард түмэнд өөрийгөө харуулж таниулна гэдэг захын нөхрийн хийчих ажил биш. Тэр тусмаа хэтэвч нимгэн бол санахын ч гарз.

Тэгэхээр өнөөдөр параментад аймгийн Засаг даргын суудлаас ирсэн тав, зургаан нөхөр бий. Тухайлбал, Орхон аймгийн Д.Батлут, Төв аймгийн Ж.Батжаргал, Өмнөговь аймгийн Н.Наранбаатар, Дорноговь аймгийн Т.Энхтүвшин, Сүхбаатар аймгийн Ж.Батсуурь гэх мэт зургаан хүн бүрэн эрхийнхээ хугацааг хугаслах шатандаа ирсэн ч баруун, зүүнээ сайтар олоогүй явна гэдгийг хэлэх болов. Өвөрхангай аймгийн Г.Ганболдын хувьд ч ялгаагүй, баруун зүүнээ олоогүй л яваа болов уу. Чухам хэзээ зүг чигээ олж, жинхэнэ Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болохыг ёстой л цаг хугацаа харуулах байх. Бас чиг парламентад орж ирсэн гишүүний хувиар дээр дурдсан Засаг дарга нартайгаа нийлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төсөл өргөн барьж байсныг дурдах хэрэгтэй. Нэгэн цагт парламентад “Элсний 13” гэх нөхөд байсныг санаж байгаа байх.

Ядахад эдгээр нөхдийг УИХ-д сонгогдож ирсэн цагаас хойш цар тахлын халдвар гээд хөл хориотой байсан нь ч тэднийг олны өмнө гаргасангүй. Парламентын түүхэнд аймгуудын Засаг дарга нар сонгогдож байсан нь цөөнгүй ч энэ удаад арай л олон хүн орж ирсэн. Энэ нь тойргоос сонгогдсон гишүүдийн дэмжлэг, тэдний нэр хүндийг тойрогт өргөж байсны шагнал төдийгүй дараа дараагийн нөхдөө аймгийн хэмжээнд оруулж ирэх гэж ийн дэвшүүлэн зайлуулдаг жишиг тогточихлоо. Аймаг орон нутагтаа гайгүй нэр хүндээ хадгалж байсан нь УИХ-д орж ирж байна. Нэр нүүрээ барсан нэг нь карьераа нэгэнт устгаад аймгийн Засаг дарга ч үгүй, УИХ-ын гишүүн ч үгүй болж байна. Г.Ганболдын хувьд ийм л жишгийн дагуу орж ирсэн гишүүн болов уу.

Үүнээс гадна дүүргийн Засаг дарга нараас орж ирсэн гэхээр энэ парламентад учраа сайн олоогүй байгаа арваад гишүүн байна гэсэн үг. Сонгинохайрхан дүүргээс Ж.Сандагсүрэн, Баянгол дүүргээс С.Одонтуяа, Баянзүрх дүүргээс Э.Бат-Амгалан нар бий. Гэхдээ С.Одонтуяагийн хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан учраас энэ хэдээсээ илүү туршлагатай. Ядахад л эр нөхрөө энд тэнд “зувчуулах” замаа мэддэг болсон нь харагддаг. Э.Бат-Амгалангийн хувьд бол Баянзүрх дүүргийн Засаг даргаар хоёр, гуравхан цаг ажилласан туршлага л байгаа. Баянзүрх дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан. Төрийн ажил гэхээсээ илүүтэй төрлийн болон улс төрийн самрах ажиллагаа явуулж байсныг баянзүрхчүүд мэднэ дээ. 

Дахин сануулж хэлэхэд бүтэн улсын бүрэн эрх бүхий парламент нь аймаг, дүүргийн дарга нарыг боловсруулдаг газар биш юм шүү дээ. Тэнд ажиллахаар ард түмнээс сонгогдсон л бол ямар ч асуудалгүй ажлаа хийх л ёстой. Г.Ганболд тэргүүтэй дээрх хүмүүс нь бүгд л өөр өөрийн хэмжээнд боловсрол мэдлэг олж авсан нөхөд гэдэгтэй маргахгүй. Гагцхүү Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах хэмжээнд хараахан ирээгүй гэдэг нь өнөөдрийн байдлаас нь харагдана. Ганц сайн хууль санаачилж, батлуулсан туршлагагүй, шуудхан нам эвсэл, бусдын дэмжлэг авч ирээд бусдын аяыг дагалдан суугаа нь харамсалтай. Бүдүүн бүлгийн нөхдийнхөө дохио зангаан дор суугааг л хэлээд байгаа хэрэг. Тухайлбал, тэдний төлөөлөл болгон дурдаад байгаа УИХ-ын гишүүн Г.Ганболд нь Завхан аймгийн Эдийн засгийн коллежид бэлтгэл судлал, ШУТИС-д радио холбооны инженер, Удирдлагын академид төрийн удирдлагын менежер гэх мэргэжил тус тус эзэмшсэнээс харж болно. Дутах зүйл алга.

Тэрээр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төрийн банкны мэдэлд байгаа “Жаст агро” компанийн махны үйлдвэрийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай ярьж маргаан дэгдэж байсан. Уг нь тус үйлдвэр ашиглалтад орсноор махны үнэ тогтвортой байхаас гадна ажлын байр нэмэгдэх, Мэргэжлийн сургалт үйдвэрлэлийн төвийг түшиглэсэн хөдөө аж ахуйн парк байгуулж, улмаар эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн ам дүүрэн ярьж байсан санагдана. Гагцхүү энэ ажлаа эхлүүлсэн эсэх, эхлүүлсэн бол ямар шатанд авчирсан зэргийг мэдэхгүй юм. Засаг даргаар ажиллаж байх үед нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдоржтой хамт Авилгатай тэмцэх газарт шалгуулах тухай гомдол гаргаж байсан ч чимээ намдаасан.

Уг нь тэр Орхон голын бохирдол гэх зүйлтэй тэмцэх санаархал байсан ч хүчин мөхөсдсөн байх. Тодотговол, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнаас болж, Орхон голоос хүн мал ундаалах аргагүй болдог ч энэ байдал олон жил давтагдсан. Түүний хувьд Засгийн газрын түвшинд хүртэл удаа дараа санал оруулж хөөцөлдөж явсан санагдана.

Ажилласан цаг хугацаа, туршлагын хувьд ч тэр бусад Засаг дарга нараасаа дутахгүй, 1997 оноос хойш төрийн болон хувийн хэвшилд гол төлөв удирдах албан тушаал хашиж ирсэн байдаг. Тодотговол Өвөрхангай аймгийн Холбооны газарт гол шугамын монтёроор ажлынхаа гарааг эхлүүлж, “Скайтел” компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт менежер, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газарт Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, “ӨВ АЗЗА” төрийн өмчит компанид гүйцэтгэх захирал, Өвөрхангай аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргаар тус тус ажиллаж байсан туршлагаас харж болно. Энэ мэтээс харахад Г.Ганболд болон түүний нөхөд нам эвсэл, дагаж, дагуулж орж ирсэн түшээд гэхээсээ илүүтэй улс үндэстэнд хэрэгтэй ажил төлөвлөж, парламентад орж ирсэн зорилгоо хэрэгжүүлдэг, зоригтой, зорилготой байгаасай л гэдгийг сонгогч олон хүсээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
norov(66.181.161.106) 2021 оны 08 сарын 23

Komnistuud bish ee! Ali ch namd bgaa ardchaliin huumgai uner shingesen huuramch luivarchidiin gai huurai uvsnii tuimer met mgl oron tuunii egel jiriin irgediig suiruulsen 30 jil bolj ungurch bndaa!!! Tuhailbol Bagabanid Bymbasuren Ochirbat Enhbayr met chin jinhene l ulaan komunist baisan ulaan urvagchid l bolov shivdee, yagaad ingej helj bn gevel ted erh medlee huviin erh ashigaar solij uls oron ard irgedee unuudriin iim baidald oruuljee

0  |  0
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 23

Хүүхдүүд чулуугаар айл гэр болж тоглодог шиг монголын коммунистууд чуулганаар улс орон болж 30 жил тоглолоо. Одоо болсон юм биш үү.

0  |  0
Top