ОУВС-гаас Монгол Улсад 130 сая ам.доллар ногдохоор байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Олон улсын валютын сангийн (ОУВС) 650 тэрбум ам.долларын тусгай зээл авах эрх бүхий хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. ОУВС -гийн тэргүүн  Кристалина Георгиева "Хэрэв ухаалгаар ашиглавал энэ удаагийн санхүүжилт хямралтай тэмцэх хамгийн том боломж болно” гэжээ.  Нийт 650 тэрбум ам.долларыг  гишүүн орнуудадаа хуваарилах бөгөөд хөгжиж буй орнуудад ойролцоогоор 275 тэрбум ам.доллар, бага орлоготой орнуудад 21 тэрбум орчим ам.доллар ногдохоор байгаа юм байна.

АНУ -ын “Jubilee” судалгааны байгууллагын тооцоолсноор  ОХУ-д 17.6 тэрбум ам.доллар, Иранд 4.8 тэрбум ам.доллар, Сирид 390 сая ам.доллар, Пакистанд 2.7 тэрбум, БНХАУ-д 41 тэрбум, Монголд 130 сая  тус тус ногдохоор байна.  ОУВС өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсыг Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд хамруулж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын төсвийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх санхүүжилтийг зургаадугаар сард Төв банкин дахь Сангийн яамны дансанд хүлээн авч нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн билээ. Тус байгууллагын энэ удаагийн хэрэгжүүлж буй хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий санхүүжилт юм. Хэдий тийм боловч тусламжийн ихэнх хэсэг нь хөгжингүй орнуудад ногдохоор байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Олон улсын валютын сангийн дүрмээр “SDR” буюу Зээлжих тусгай эрх нь тухайн улсын тус санд эзэмшиж буй хувьцааны  хэмжээнээс ерөнхийдөө хамаардаг.

Ингэснээр нийт тусламжийн 58 хувь нь хөгжингүй, 42 хувь нь хөгжиж буй улсуудад ногдоно гэсэн үг юм. Дональд Трампын үед АНУ-ын Сангийн сайд асан Стивен Мнучин Олон улсын валютын сангийн төлөвлөгөө буурай орнуудад дэмжлэг үзүүлэх талд хангалтгүй байна гэж шүүмжилж байсан билээ. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева 650 тэрбум ам.долларын санхүүжилтийн төлөвлөгөөг зургаадугаар сард захирлуудын зөвлөлөөр эцэслэн батлуулахаар төлөвлөж байсан ч хойшлоод байсан юм.  Афганистаны засгийн эрх  талибуудын гарт шилжсэнтэй холбоотойгоор тус улс уг зээлд хамрагдах боломжгүй болоод буй. Тус улсад 400 сая ам.доллар ногдох байсан юм.

Түүнчлэн  Венесуэль, Мьянмар, Вьетнам зэрэг улсыг ОУВС хуваарилалтаасаа хасаад байгаа юм.   ОУВС  хамгийн сүүлд  2009 онд  дэлхийн санхүүгийн хямралыг даван туулахад туслах зорилгоор гишүүн орнууддаа 250 тэрбум долларын Зээлжих тусгай эрхийн нэмэлт санхүүжилт баталж байжээ. Улс орнууд зээлээ заавал ам.доллароор бус бусад валютаар сольж авч болохоос гадна  мөнгийг хэрхэн ашиглах эсэх талаар  ямар ч хязгаарлалт тавихгүй аж. ОУВС анх Зээлжих тусгай эрх  хэмээх зохиомол нөөцийн валютыг 1969 онд гаргасан байдаг бөгөөд түүний багцдаа олон улсын хөрвөх чадвартай валютуудыг  оруулдаг.

Тухайлбал, 1973 онд Бреттон Вүүдсийн систем задран унасны дараа Зээлжих тусгай эрхийн сагсанд америк доллар 48.2, евро 32.7, английн фунт стерлинг 11.8, японы иен 7.3 хувийг тус тус эзлэх болжээ. ОУВС таван жил тутамд Зээлжих тусгай эрхийн сагсаа шинэчилж, шинээр валют оруулах эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг. Хамгийн сүүлд буюу 2015 онп  Хятадын юанийг сагсандаа оруулсан билээ.  1999 онд Зээлжих тусгай эрхийн сагс дотроо еврог оруулж, францын франк, германы дойче маркийг хасч байснаас хойш нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй байж байгаад ийнхүү юанийг эгнээндээ багтаасан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.24.234) 2021 оны 08 сарын 29

Монголд орж ирсэн гадаадын зээл тусламж юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж шаардаж байхгүй бол коммунистууд гэртээ аваачаад нуучихна шүү.

1  |  0
Top