Б.Мягмарсүрэн: ЭЕШ-ийг багш нарын мэдлэг чадварыг давхар шалгадаг эгзэгтэй мөч гэж боддог

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

Цар тахлын улмаас боловсролын салбар цахимаар сургалтаа явуулсан. 2021 оны  Элсэлтийн ерөнхий шалгалт цахим хичээлийн чанарыг шалгасан гэхэд болно.  Шалгалтаар улсын хэмжээнд өндөр оноо авсан хүүхэд цөөхөн байгаа нь харагдаж байв. Багш, сурагчид бүтэн жилийнхээ мэдлэгийг үнэлүүлэх энэхүү шалгалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын II сургуулийн гурван сурагч нийгэм судлалын хичээлийнхээ шалгалтаар 800 оноо авчээ. Сурагчдаа сайн бэлтгэсэн багш Б.Мягмарсүрэнтэй ярилцлаа.


-Та багш гэдэг эрхэм алдрыг хүртээд хэдэн жил болж байна вэ. Чухам яагаад багш мэргэжилтэй болъё гэж шийдсэн бэ?

- Багшийн мэргэжил гэдэг бахархам ажил шүү дээ. Олон сайхан хүүхдийн дунд гэгээн энергиэр цэнэглэгдэн,  сэтгэл минь мөнхийн залуугаараа байдаг даа. Би 2012  онд МУБИС-ийг философи-улс төр судлалын мэргэжлээр төгсөөд ажил амьдралын гараагаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын II сургуулиас эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна даа.

Анх багшийн мэргэжлийг сонгоход нөлөөлсөн хоёр хүнийг заавал дурдах хэрэгтэй.  Сүхбаатар сумын IV сургуулийн Нийгэм судлалын багш Ц.Гэлэгмээ, II сургуулийн сургалтын менежер Х.Амарсүрэн багш нараараа нийгэм судлалын хичээл заалгаж багш болох чинь хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн. Ц.Гэлэгмаа багш маань гавьяаныхаа амралтанд суусан байгаа бол  Х.Амарсүрэн багштайгаа одоо нэг сургуульд цуг ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Нийгэм судлалын хичээлээрээ хүүхдүүдэд ямар мэдлэг, төлөвшил олгох нь таны гол зорилго вэ?

-Нийгэм судлалын хичээл нь  хүнд ертөнцийг үзэх үзэл  хандлага төлөвшүүлэх,  өөрийн гэсэн байр суурьтай байх, нийгэмд өөрийгөө аваад явах чадвартай бие хүн төлөвшүүлдгээрээ бусад хичээлээс онцлогтой гэж би боддог. Бүх хүнийг бие хүн болгож чадахгүй ч гэлээ  улс орныхоо хөгжил дэвшилд зөв иргэн бэлдэж өгөхийн төлөө хичээж л явна. Хүүхэд гэдэг юу ч мэдэхгүй цагаахан цаас шиг байдаг учраас түүн дээр томчууд бид л юм бичнэ шүү дээ. Хүссэн хүсээгүй хүн гэдэг нийгмийн харилцаанд орж нэг  эд эс нь болж явах жамтай. Тиймээс л бид нийгэм судлах шаардлага гардаг.

-Таныг 10 жил багшилж байхад халгамаар үе гарч байв уу, ер нь багш хүний зовлон хийгээд жаргал юундаа оршдог вэ?

-Багш нар маш их завгүй бас их ачаалалтай ажилладаг л даа. Нойр дутуу ядарч зүдэрсэн ч  сургууль дээрээ  ирээд л хүүхдүүдээ хараад эрч хүч авдаг даа.  Багш хүний хамгийн гоё мэдрэмж бол шавийнхаа амжилтаар бахархах, мөн шавь нарыгаа сайн явж байгааг харах шүү дээ.  Дандаа хүүхдүүдтэй хамт байдаг болохоор орчлон хорвоогийн муу муухай бүхнээс хол, ариун дагшин ордонд буй мэт мэдрэмж төрдөг. Энэ ордонд бид эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, багшийн тангаргаасаа няцах эрх үгүй. Багш хүний хувьд олон хүүхдийн мөрөөдөлд цучил нэмж, угтах замынх нь гэрэл гэгээ болох юм сан гэж боддог.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн шавь бэлтгэсэн бэ, шавь нараас нь салбартаа амжилттай яваа хүмүүс олон байх даа?

-Миний бие 2012 оноос хойш маш олон шавь  бэлтгэсэн байна.  2014 онд бэлтгэсэн шавь О.Түмэнхишиг маань 800 оноо авч байсан бол  мөн жил төгсөлтийн  хүүхдүүд маань аймагтаа хамгийн өндөр оноог авч байлаа. Өмнөх хичээлийн жил мөн адил хүүхдүүд маань амжилтаараа тэргүүн, дэд байранд жагссан.  Шавь нар маань эхнээсээ төгсөөд Шүүхийн байгууллага, прокурорын байгууллага, Цагдаа, Хилийн цэрэг, банк санхүүгийн байгууллагад ажиллаж байгааг хараад  шавь нараараа маш их баярладаг.

-Багшийн хөгжлийн төвөөс багш нарт чиглэсэн ямар ямар сургалт явагддаг вэ. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга хэр хангалттай санагддаг вэ? 

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, аймаг орон нутгийн боловсролын газар зэргээс багшийн хэрэгцээ шаардлагад тохирсон олон сургалтыг зохион явуулдаг. Энэ жилийн хувьд онлайн хэлбэрээр хамрагдсан.

Монгол хүүхдийн онцлогт тулгуурласан боловсролын хөтөлбөр хэрэгтэй гэж боддог.  Үүнийг судлан гаргахад Монголын багш нарт чадвар байгаа шүү. Сүүлийн жилүүдэд  чадварлаг багш нараа цуглуулан шинэчилсэн хөтөлбөр боловсруулж байгаа нь сайшаалтай бөгөөд мөн боловсролын салбарт бодит дэвшил гарч байгаа нь харагдаж байна. Үүний нэг жишээ сүүлийн хоёр жил дэлхий нийтэд тулгамдаж байгаа цар тахлын үед боловсролын яамнаас  сурагчдад “Теле хичээл” бэлтгэж, сурлагын хоцрогдлыг арилгахад тус дөхөм болж байна.  Багш нарын хувьд ч мөн адил олон чадварлаг багш нараас  туршлага судлах боломж гарсан.

-Ковидын улмаас цахимаар хоёр жил хичээллэсэн. Цахим сургалтын давуу болон сул талыг дурдвал. Ер нь цахимаар хичээллэх нь танхимаар хичээллэхээс  бэрхшээлтэй байх нь ойлгомжой шүү дээ...?

-Энэ жил багш нарын хувьд хамгийн их тулгамдсан асуудал бол сурагчдын сурлагын хоцрогдол байлаа. Цахим сургалтын бэрхшээл гэвэл хүүхэдтэйгээ нүүр тулж биечлэн уулзахгүй байх шүү дээ. Танхимаар суралцаж байх үед хүүхэд бүрийнхээ харцнаас, биеийн хэлэмжээс, дуу хоолойноос хичээлээ ойлгож байгаа эсэхийг мэдчихэж болдог байсан. Цахимаар хичээллэхэд хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжгүй байдаг. Давуу тал гэвэл хүүхдүүд онлайн орчинд илүү өргөн мэдээлэл авч сурч байна. Техник технологи хөгжөөд онлайн эрин зуун ирсэн энэ цагт хүүхэд төдийгүй багш бид ч энэ тал дээр илүү боловсронгуй болж буй нь сайшаалтай.

-Цахимаар хичээллэхэд хүүхдүүдэд багшаасаа ихэвчлэн юу асууж байна вэ?

-2020 оны намраас Ковид дотооддоо алдсан цагаас эхлэн сурагчдадаа  google meet ашиглаж хичээлээ орж эхэлсэн.  Хичээл бүрийн онцлогоос шалтгаалаад  цахим хичээл орох харилцан ялгаатай  санагдсан. Ялангуяа математик, хими физикийн хичээлийн  хувьд хүндрэл байх шиг байсан. Нийгэм судлалын хичээлийн хувьд хүүхэд онлайнаар сурч болох юм байна  гэдэг итгэл төрсөн шүү. Бид  ЭЕШ-аа амжилттай өгөхийн тулд бүхий л боломжтой хувилбарыг ашигласан.  Мөн манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам гишүүн аймаг орон нутгийнхаа боловсролын салбарт бодит дэмжлэг үзүүлж Еlab цахим хичээл бэлтгэж өгсөнд маш их баярлаж байгаа шүү.

-Энэ жилийн ЭЕШ-аар таны бэлтгэсэн шавь нар хамгийн өндөр оноог авсан байна лээ. Хэдэн хүүхэд бэлдсэн бэ?

-Шалгалт дөхөхөөр морьдоо наадамд сойсон уяач шиг л нойр хүрэхээ болино шүү дээ. Хэдэн хүүхдээ л гэнэ. Бас өөрийнхөө сургалтын арга барил, мэдлэг чадварыг давхар үнэлүүлэх эгзэгтэй мөч гэж боддог болохоор их хариуцлага өөртөө үрүүлдэг. Энэ жил нийт 29 сурагч бэлтгэсэн. Бүгд улсын дунджаас дээгүүр дүгнэгдсэн  бөгөөд гурван сурагч маань 100 хувь гүйцэтгэлтэй 800 оноо авч МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцсан. Энэ жил хүүхдүүдээ цахимаар л бэлтгэсэн шүү дээ. Байнгын тогтмол давтлага өгдөг байлаа. 10 дугаар ангидаа нийгэм судлалын хичээлээр анги дэвших шалгалт өгч байсан. Чамлахааргүй үр дүн бас гарсан гэж бодож байгаа. ЭЕШ-нд сурагчдаа  өндөр оноо авахуулах нь багш маш сайн төлөвлөлттэй бас тооцоо судалгаатай байх хэрэгтэй

-Шалгалтандаа амжилттай оролцож, өндөр оноо авсан хүүхдүүдэд ямар, ямар урамшуулал байдаг вэ?

-"Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр II"-ийн дагуу бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-аас 800 оноо авсан багшийг нэг сая төгрөгөөр, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр хүүхэд тус бүрээр тооцож шагнах бол 750-800 оноо авсан хүүхдийг 500 мянган төгрөгөөр урамшуулах гээд олон дэмжлэг бий. Манай нутгаас УИХ-д нэр дэвшсэн Ч.Ундрам гишүүн 800 оноо авсан хүүхдүүдэд нэг сая төгрөг өгнө гэдгээ илэрхийлсэн. МУБИС маш сайн тэтгэлэг өгдөг.

-Ерөнхий боловсролын сургуулиудад нийгэм судлалын хичээлийн сурах бичиг, гарын авлага хэр хангалттай  байдаг вэ. Та өөрийн зүгээс сургалтандаа ямар нэмэлт гарын авлага ашигладаг вэ?

-Нийгэм судлалын сурах бичгийн хангалт 12 дугаар ангид байдаггүй. Тиймээс багш өөрөө  ном, сурах бичгийг   судлаж агуулгын логик холбоосыг  нэгтгэн сурагчдадаа лекц хэлбэрээр бэлтгэж өгдөг. Сурагчдаа бэлтгэхдээ хамгийн гол хэрэглэгдэхүүн нь  сурах бичиг байдаг. Түүнийг л маш сайн судлуулдаг. Сурах бичгээ сайн судалж дууссаны дараа нэмэлт ном, гарын авлага руу ордог доо.  Энэ хичээлийн жилд цахимаар давтлага орсон учир сурагчдадаа Elab цахим хичээл, Багшийн туслах  800 апликейшн , UBT exam, YESH 2021 гэх мэт апликейшныг ашигласан. Мөн сүүлийн онд хэвлэгдсэн мэргэжлийн багш нарын ном, тестийн эмхтгэл ашигласан.

-Багш хүний ар гэр хэр орхигддог вэ, өдөрт хэдэн цагийг ажилдаа зориулдаг бол?

-Багш хүний амьдралын нэг өдөр өглөө найман цагаас эхлээд орой  18 цаг хүртэл, заримдаа 22 цаг хүртэл сургууль дээр байх тохиолдол гардаг. Миний хувьд сургуулиасаа орой тарахдаа гэгээтэй үед гарч явсан нь ховор доо /инээв/. Багш нарын ар гэрийнхэн их л тэвчээртэй байдаг даа.  Ажлыг минь ойлгодог, дэмждэг болохоор ажлын бүтээмж ч өндөр гардаг байх гэж боддог.

-Орон нутгийн сургуулиудад дутагдаж байдаг зүйл юу байдаг вэ?

-Багш нар өөрсдөө компьютер, принтерээ худалдаад авчихдаг.  Багш нарт бичгийн цаас их хэрэг болдог шүү. Ер нь бол багш нараас хичээл сургалтаа амжилттай явуулахад зардал бол их гардаг.  Тэр бүрийг аль болох өөрсдийн боломжоороо шийдээд явдаг. Хөдөө орон нутагт бол ширээ сандлын асуудал их хүнд аймгийн төвүүдэд анги танхимын хүрэлцээ бага байна.

-Багш хүний хувьд ажиглаад байхад хүүхдүүд ямар ажил мэргэжлийг түлхүү сонгож байна вэ. Төгсөж буй шавь нартаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүүхэд бүр хүсэл сонирхлоосоо шалтгаалаад янз бүр байдаг.  Гэхдээ сүүлийн үед компьютер IT чиглэлийн ажил мэргэжлийг  их сонирхож байх шиг. Ямар ч мэргэжил сонгосон түүндээ чинхүү дуртай, хүсэлтэй бол хүүхдүүд минь амжилтанд хүрдэг юм шүү.  “Оролдлого сайт үргэлж оройд нь байдаг” энэ жил  сургуулиа төгсөж буй нийт шавь нарын маань амьдралын зам үргэлж алтан нар шиг гэрэлтэж явах болтугай  гэж ерөөе. 

Энэ завшааныг ашиглаад С.Энхтайван захиралтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын II сургуулийн хамт олондоо маш баярлаж явдаг шүү. Хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top