Хоёр, гурван настнуудаа ХЭН НЬ харах вэ?

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

Цар тахлын улмаас 2,3 настнууд харах хүнгүй болоход хүрээд байна. Учир нь томуугийн вакцинжуулалт дуусах хүртэл цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргасан. Ингээд томуугийн вакцинд хамрагдсаны дараа цэцэрлэгийн асуудлыг шийдэх юм. Тэгвэл хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжгүй болсон ээж, аавууд 2,3 настнуудаа хэрхэх талаар санаагаа чилээж сууна.

ХҮҮХЭД ХАРАХ ХҮНГҮЙ УЧРААС АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛООД БАЙНА

Энэ талаар хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байгаа ээж Д.Солонго:

Би хоёр хүүхэдтэй. Бага хүүхэд маань гурван настай. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй. Миний хувьд хувиараа бизнес хийдэг. Хүүхэд харах хүн байхгүй учраас ажил хийж чадахгүй болоод байна. Нэгэнт л 4,5 настай хүүхэд нь цэцэрлэгт явж байгаа учраас ямар ч ялгаагүй шүү дээ. Цэцэрлэгийн насны гурван хүүхэдтэй айлын хоёр нь цэцэрлэгт яваад нэг нь гэртээ үлдэхэд адилхан л халдвар авна. Тиймээс бүх хүүхдээ л цэцэрлэгт хамруулах хэрэгтэй.

Өнгөрсөн жил бас л хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй  гэж байгаад аравдугаар сард авсан. Гэвч удалгүй сарын дараа хөл хорио тогтоочихсон. Би гадуур гарах ажил ихтэй байдаг. Хүүхдийг маань харах хүнгүй учраас тэр үедээ ч хүүхдээ машиндаа суулгаад явдаг.

Том охины маань 6 болон 3 настай хоёр хүүхэдтэй. Бага нь хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч нийгэмшүүлэхийн тулд энгийн цэцэрлэгт явуулахаар төлөвлөсөн. Гэтэл бас л явах боломжгүй боллоо. Том нь нэгдүгээр ангид орно. Сургуульд нь хүргэж өгөхдөө гурван настай хүүхдээ тэврээд явахаас өөр арга алга.

АРГАГҮЙН ЭРХЭНД ААВЫГАА ДУУДАЖ ХҮҮХДЭЭ ХАРУУЛЖ БАЙНА

Цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй ээж О.Шинэтуяа:

-Миний хувьд ой долоон сараас дөрвөн настай хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд маань хоёулаа арванхоёрдугаар сард төрсөн учраас цэцэрлэгийн насанд хүрээгүй гээд орж чадаагүй. Энэ жил том хүүхдээ оруулах гэсэн боловч гурван нас долоон сартай учраас бас л цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болоод байна. Ингээд ажлаа хийх гэхээр хоёр хүүхдээ яах учраа олохгүй. Аргагүйн эрхэнд аавыгаа дуудаж харуулж байна.

Хүүхэд асрагчаар харуулж болно л доо. Гэхдээ танихгүй хүнээр харуулна гэдэг хэцүү. Нөгөө талаас цар тахлын үед эдийн засаг муу байхад төлбөртэйгөөр хүүхдээ харуулахад хүндрэлтэй байна.

Хүүхэд хөл хорионд ээж, аавтайгаа удаан байхаар эрхлээд хөгжиж чадахгүй байна. Тиймээс нийгэмшүүлэхийн тулд цэцэрлэгт нь явуулах хэрэгтэй.  Эцэг эхчүүд бид хүүхдээ цэцэрлэгийн багш шиг сургаж чадахгүй.  Хүүхдүүдээ сургуульд сурахад нь бэлтгэмээр байна. Гэтэл боломжгүй болчихсон. Халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлаад хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах хэрэгтэй байна.

Энэ мэт эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүйн тулд “хоёр, гурван настнуудаа хэн нь харах вэ” гэх хүндхэн асуудалтай нүүр тулаад байгаа юм. Нөгөө талаас гэртэй байгаа тэдгээр хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, хүмүүжиж чадахгүй. Тиймээс төр засаг энэ шийдвэрээ эргэн харахыг эцэг эхчүүд хүсэж байна.

2,3 НАСТАЙ ХҮҮХЭД БИЕЭ ДААГААГҮЙ БАЙДАГ

Цэцэрлэг хүүхдээ хүлээж авахад бэлэн эсэх талаар Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Нарантуяатай цөөн хором ярилцлаа.

-Энэ хичээлийн жилд хичнээн хүүхэд бүртгэсэн бэ?

-Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 4,5 настнууд хамрагдана. Ахлах болон бэлтгэл бүлэг тус тус тавыг гаргаж, 230 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар бэлтгэж байна. Нэг ангид гэхэд 25 хүүхдийн багтаамжтай байхаар төлөвлөсөн гэсэн үг.

-2,3 настнуудыг бүртгэхгүй байгаа юу?

-2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан. Цаашид хэрхэх талаар улсаас ямар ч чиглэл өгөөгүй байна. Одоогийн байдлаар хүүхдээ яах вэ гэж надад хандсан ээж, аав байхгүй байна. Улсаас нэгэнт шийдвэр гаргасан учраас ойлгож байгаа байх гэж бодож байна.

2,3 настай хүүхдийн дархлаа бага байдаг. Тиймээс олон хүүхдийн дунд ханиад их гардаг. Covid-19 тархалт өндөр байгаа энэ үед хүүхэд халдвар авчихвал хэцүү зүйл болно. Үүнийг ээж аавууд маань ухамсарлаж байна.

-Халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байна вэ?

-Өнгөрсөн баасан гарагт цэцэрлэгтээ ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Багш ажилчид цэцэрлэгт байх үедээ нүүрний шилэн хамгаалалт зүүнэ. Харин хүүхдүүдийн хувьд өдрийн цагаар амны хаалт зүүхгүй. Цэцэрлэгтээ ирэх, явахдаа зүүнэ.

Хүүхдүүдийн дундаас Covid-19 халдвар илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөнд оруулаад анхан шатны тусламж үзүүлнэ. Үүнийхээ дараа эцэг эхтэй нь холбогдоно.  

-Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгч, авахдаа яах вэ?

-4,5 настнууд харьцангүй биеэ даасан байдаг учраас ээж, аавуудыг аль болох оруулахгүйг байх арга хэмжээ авна. Хэрэв 4,3 настнуудыг цэцэрлэгт хамруулбал, тэд биеэ даагаагүй байдаг учир заавал эцэг, эхтэйгээ хамт анги руу орох хэрэгтэй болоод байгаа юм. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаална.

Сэтгүүлч Б.Хонгорзул, Гэрэл зургийг Д.Амаржаргал

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.81.189) 2021 оны 08 сарын 31

Зарим ажилгүйчүүд цэцэрлэгт битгий хүүхдээ өгч улсаар харуулаад байгаач. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг авдаг болбол таарна.

0  |  0
Зочин(202.180.218.21) 2021 оны 08 сарын 30

ерөөсөө ясль, цэцэрлэгийг өвөл зунгүй хүрэлцээтэй болгож ажиллуулах хэрэгтэй ажилдчын цалтин хөлсийг нэмэгдүүлж хариуцлагыг дээшлүүлэх хэртэгтэй байна. Цэцэрлэг яслийн хүрэлцээг нэмгдүүлмээр байна. Сая гарсан өглөө эрт авах орой 8 цаг хүртэл ээлжийн ажилтантай болгосон нь нэгч гэсэн зөв санаа байлаа

1  |  0
Чука(202.126.89.79) 2021 оны 08 сарын 30

Өөрсдөө сексдэж хүүхэд гаргасан юм чинь өөрсдөө л харцгаа. Яахаараа төр хүүхдийг нь харж өгөх ёстой гэж

0  |  0
Үнэн(64.119.27.126) 2021 оны 08 сарын 30

Манай сайд дарга нар ийм л тэнэг. Зарим хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй, зарим нь явж болно ч гэх шиг. Халдвар тархах бол аль нь ч тараана. Хүүхдүүдийг ялгаж байгаа нь дарга нарын ажлын чадваргүй учраас хэн нийгмийн сул доройг хэсгийг нь онилж тушаал шийдвэр гарган хохирооодог. Тэгсэн мөртлөө үр дүн гарахгүй. Коронагийн халдварыг буулщруулах гээд байнга л буруу арга хэмжээ авснаас халдвараа дийлэхээ байсан. Дахиад нэмж буруу шийдвэр гаргаж байгаа нь хүүхдүүдийг цэцэрлэгт явуулахгүй байх шийдвэр. Үүний цаана авилгал байдаг бөгөөд сургууль, цэцэрлэгүүдингэж эрэлтийг нэмэгдүүлж, эцэг эхээс авилгал

0  |  0
Top