Инфляц буюу үнийн өсөлт энэ оны долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 7.4 хувь, Улаанбаатар хотод 7.9 хувьтай байгаа. Монголбанкны зүгээс мэдээлэхдээ, “Нийлүүлэлтээс үүдсэн инфляцын өсөлтөд Төв банк хариу үйлдэл үзүүлэх боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.
Тодотгоход, Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр 2021 онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусган, батлуулсан. Тэгэхээр инфляцын өсөлтийн төлөв энэхүү зорилтын дээд хязгаарт ойрхон ирээд байна.
Тэгвэл Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцын өнөөгийн өсөлтөд хариу үйлдэл үзүүлэх боломжгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан юм.
Тэрбээр “Нийлүүлэлт буюу гадаад шалтгаантай холбоотойгоор инфляц өсч байгаа ч дотоодод эдийн засгийн сэргэлт бүрэн явагдаагүй, дөнгөж сэргэж эхэлж буй үе шатандаа байна. Дотоодын эдийн засгийн өсөлт жигд бус байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр үйлчилгээний салбар эмзэг байна. Энэ салбарт маш их ажлын байр хадгалагддаг. Энэ оны нэгдүгээр улирал болон 2020 оны дөрөвдүгээр улиралд өрхийн хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт маш эмзэг, жигд бус байгааг илэрхийлж байна. Тиймээс сэргэлтийг хязгаарлах хэмжээнд нийлүүлэлтийн шинж чанартай инфляцад Төв банк хариу үйлдэл үзүүлэхээс болгоомжилж байгаа юм. Мөн инфляцын багагүй хувийг гадаад шалтгаантай тээвэр, ложистиктой холбоотой дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн дотоодод хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь тайлбарлаж байгаа үед мөнгөний бодлогоор тохируулга хийхдээ Төв банк маш болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Учир нь нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийг хязгаарлачих вий гэдэг болгоомжлол байна гэсэн үг” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл эдийн засагт оролцогчид, иргэд ирэх саруудад үнийн өсөлтийн талаар ямар хүлээлттэй байна вэ гэдэгт анхаарал хандуулъя.
Эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны шинэ тайлан гарсан байна.
2021 оны хоёрдугаар улирлын байдлаар хэрэглэгчид ирэх зургаан сарын хугацаанд инфляц 9.2 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Хүлээгдэж буй инфляц өмнөх оны мөн үеэс бараг 2.5 дахин, өмнөх улирлаасаа 2 пунктээр өсжээ. 2020 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар иргэд зургаан сарын дараа буюу 2021 оны хоёрдугаар улиралд инфляци 6.6 пунктээр өсч 6.2 хувь болно гэсэн хүлээлттэй байжээ.
Нэг жилийн дараах хүлээгдэж буй инфляц 11.4 хувь байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 5 пунктээр өндөр байна. 2020 оны хоёрдугаар улирлын судалгаагаар иргэд жилийн дараа буюу 2021 оны хоёрдугаар улиралд инфляц 3.7 пунктээр өсч 6.5 хувь болно гэсэн хүлээлттэй байсан бол бодит инфляц 3.8 пунктээр өсч 6.6 хувь болсон.
Энэ улирлын судалгаагаар хүлээгдэж буй инфляц Улаанбаатар хот болон хөдөөд бага зэрэг ялгаатай байна. Ирэх зургаан сарын хүлээгдэж буй инфляц Улаанбаатар хотод 9.5, харин хөдөөд 8.8 хувьтай байна. Нэг жилийн хүлээгдэж буй инфляц Улаанбаатар хотод 12.2 хувь, хөдөөд 10.6 хувьтай гэсэн хүлээлт гарчээ.
Хүлээгдэж буй инфляци, 6 сар болон жилийн хугацаанд
Ер нь бол ковидын үеийн инфляц сүүлийн саруудад дэлхийн улс орнуудын эдийн засагт тулгамдсан асуудал болж байгаа талаар эдийн засагчид, судлаачид хэлж ярьж, бичиж байгаа. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа нь хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудын хувьд ихээхэн хүндрэл дагуулна гэдгийг анхааруулж буй. Манай тухайд хүнс болон бусад импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэрдундаа шатахууны үнийн өсөлт инфляцын цаашдын төлөвт сөрөг хүлээлт дагуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Иргэд хохироод үлддэг асуугаад хэрэггүй