Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 36 хүүхдийн амь нас хохирсон байна
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоогоос “Гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаацгаая” аян болон хүүхдүүдийг зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.
-ТЦА-наас “Гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаацгаая” аяныг санаачилан хэрэгжүүлж байгаа юм байна. Аяныхаа талаар мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хариуцлагийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа. Энэ хичээлийн жил өмнөх жилүүдээ бодоход ихээхэн онцлогтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хичээл цахимаар орсон. Харин энэ жил танхимаар хичээл орж байгаа болохоор бага насны хүүхдүүд баяр хөөртэйгөөр сургуульдаа ирж таарна. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр хүүхэд зам тээврийн осолд орсон тохиолдол бүртгэгддэггүй. Яагаад гэхээр эхний өдөр эцэг эхчүүд маань хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд буцаагаад тосож авдаг. Харин есдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний дүрмэнд “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гээд заачихсан байтал бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр явуулаад эхэлдэг.
-Энэ аянаар чухам юуг анхааруулж байгаа вэ?
-Цар тахлын үеэр хамгийн их хохирсон нь хүүхдүүд. Яагаад гэхээр хичээл сургууль нь орохгүй сурч боловсрох эрх нь зөрчигдсөн. Тийм болохоор хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлж есдүгээр сарын 01-ны өдөр өдрийн цагаар ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг жолооч нартаа уриалж байгаа юм. Энэ уриалгийг нийт 21 аймгийн хэмжээнд гаргасан. Мөн эцэг эхчүүддээ 10 хүртэлх насны хүүхдүүдээ заавал насанд хүрсэн асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвлөж байна. Гуравдугаарт, эцэг эхчүүд маань хүүхдүүдээ дагуулаад явж байхдаа өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчих, гарцгүй газраар гарах зэрэг алдаа дутагдал их гаргадаг. Энэ нь эргээд хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Тиймээс та бүхэнд үр хүүхдэдээ хайртай л бол тэдэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлж байхыг уриалж байна. Дөрөвдүгээрт, сургууль орчмын бүсэд автомашинаа байрлуулахдаа бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зөвшөөрөгдсөн зогсоолд байрлуулах, хөдөлгөөн эхлэхдээ машинаа нэг тойрч хараарай гэдгийг уриалж байгаа юм. Ер нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг насанд хүрсэн хүмүүс л хангаж чадна. Бага насны хүүхдүүдэд ийм дадал суугаагүй байдаг учраас зам хөндлөн гарах гэж байгаа хүүхдүүдэд туслах хэрэгтэй байдаг гэдгийг хэлмээр байна.
-Есдүгээр сард хүүхэд зам тээврийн осолд өртөх нь их байдаг гэсэн мэдээлэл байсан?
-Өнгөрсөн 2019 оны есдүгээр сард улсын хэмжээнд нийтдээ хүүхэд өртсөн 59 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирсон бол 2020 онд 91 осол гарч, таван хүүхдийн амь нас хохирсон гэсэн харамсалтай тоон мэдээлэл байдаг. Энэ бол зөвхөн тухайн жилийн есдүгээр сард гарсан ослын тоо. Учир нь энэ сард суурин газар руу чиглэсэн замын хөдөлгөөн эрс ихэсдэг. Харин энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн 282 зам тээврийн хэрэг бүртгэгдсэнээс ослын улмаас 36 хүүхдийн амь нас хохирсон байна. Хүүхдийн амь нас хохироод байгаа дийлэнх тохиолдолын нэгдүгээрт, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан, хоёрдугаарт, хүүхдийг автомашинд зөв тээвэрлээгүй байдлаас болж байна. Энэ хоёр тохиолдол амь нас хохирсон ослын 80 гаруй хувийг эзэлдэг.
-Хүүхэд өртсөн зам тээврийн хэрэг сургуулийн бүсэд хэр гардаг вэ?
-Өнгөрсөн 2019, 2020 онуудад сургуулийн орчимд ийм хэрэг бүртгэгдээгүй. Энэ нь сургуулийн бүх шатны эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлага сайжирсан, school police ажилладаг болсон зэрэгтэй холбоотой. Гэвч байрныхаа гадаа тоглож байгаад машинд мөргүүлэх, харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцох, эцэг эх нь зориулалтын дагуу тээвэрлээгүйгээс болж хүүхдүүдийн амь нас хохирч байна. тиймээс эцэг эхчүүд маань замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, зогсоож болох хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг зориулалтын дагуу тээвэрлэх хэрэгтэй байгаа юм.
-Өнөөдөр цагдаагийн алба хаагчид маань гарц, уулзвар дээр эргүүлийн ажил хийх үү?
-Томоохон уулзвар, сургуулийн бүс орчим, гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллана. Гэвч зөвхөн цагдаа гэхээсээ илүү эцэг эхчүүд, насанд хүрсэн хүмүүс маань замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь хүүхдүүдээ хамгаалахад чухал.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )