Эцэг эхчүүд хичээл орохыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Цар тахлын дэгдэлт ихсэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа ч өнөөдөр есдүгээр сарын нэгэн, хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Хүссэн хүсээгүй хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотой хөл хөдөлгөөн ч нэмэгдэж таарна. Үүнээс гадна Дорноговь, Өмнөговь аймагт хатуу хөл хорио хэвээрээ буюу гарах орох хязгаартай байна. Тиймээс гарах орох хатуу хөл хориотой байгаа говийн хоёр аймгийн иргэд ерөнхий боловсролын сургууль орох эсэхэд ихээхэн эргэлзээтэй маргаж байна. Үүгээр ч зогсохгүй эцэг эхчүүдийн төлөөлөл орон нутгийн захиргаанд хандаад байгаа бөгөөд тэд вакцинд хамрагдаагүй бага ангийн хүүхдээ хичээлд нь явуулмааргүй байна гэдгийг онцолж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн өндөр ач холбогдолтой тус хоёр аймгийг “Ногоон бүс” байлгах зорилго дор ийнхүү хатуу хөл хорио тогтоон, гарах орох хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч халдварын тархалт нэмэгдсээр байна. Өчигдрийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт цар тахлын батлагдсан тохиолдол 40 бүртгэгдэж, өссөн дүнгээр 938 болжээ. Үүний 90 гаруй хувь нь аймгийнхаа төв дээр бүртгэгдсэн гэхээр эрсдэл өндөр байгааг харуулна. Тэгвэл Өмнөговь айм­гийн хэмжээнд сүүлийн 24 цагт 47 тохиолдол бүртгэгдэж, өссөн дүнгээр 876 байгааг мэдээлжээ. Энэ бол багагүй тоо.

Нөхцөл байдал ийм байгаа учраас Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөл “Хатуу хөл хориотой байгаа ч цар тахлын дэгдэлт байсаар байна. Дээрээс нь Эрүүл мэндийн яамнаас дельта вирусний дэгдэлт есдүгээр сарын дунд үеэс хойш идэвхтэй тархана гэсэн. Ийм эрсдэлтэй үед хичээл орох хэрэг байна уу. Магадгүй зөндөө бэлтгэл ажил болж, мөнгө төгрөг зарчихаад эргээд хатуу хөл хорио тогтоовол яах юм. Эцэг эхчүүд бид зээл хуй тавих нь тавьж, хичээлийн бэлтгэл хангаж, төлбөр мөнгө цуглуулж байна. Гэтэл хичээл орохгүй хаавал яах юм. Энэ ч дүүрсэн хэрэг. Хүүхдүүдийн дунд вирус нэг алдвал барьж авна гэдэг амаргүй. Шинээр тархаж байгаа вирус нэг анги танхим, сургууль руу орж ирлээ л бол маш хэцүү байдал үүснэ. Бага ангийн хүүхдээ сургуульд явуулмааргүй байна. Тэд вакцинд хамрагдаагүй” хэмээж байна.

Мөнхүү Өмнөговь аймгийн иргэдийн байр суурийг сонирховол нөхцөл байдал тэс өөр байгааг дуулгав. Тодотговол, “Өмнөговь аймагт цар тахлын вирусын халдваргүй, Ногоон бүс шахуу зүйл ярьж байгаа ч бодит байдал дээр худлаа зүйл. Манай аймаг бол олон хөлийн газар. Тэр тусмаа Цагаан хаданд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүмүүс ирж очиж байна. Хэдийгээр шинээр ирж байгаа хүмүүсийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа ч зарим дарга нар 14 хоног тусгаарлаж, шинжилгээний хариу сөрөг гарсан гэх бичиг үйлдээд мөнгөөр зардаг болсон. Үүнээс үүдэж Ногоон бүс гэж зарлагдаад байсан Цагаан хаданд халдварын хүрээ тэлсэн ч нууцалж байгаа юм. Үүнээс үүдэж, Ханбогд, Цогтцэций төдийгүй аймаг даяар халдвар дэгдэхэд бэлэн болсон. Ийм хүнд үед хичээл сургууль оруулах гэж яарах хэрэг байна уу. Хүүхэд бол хүүхэд. Анги танхимд нэг тохиолдол илэрвэл юу болохыг мэдэж баймаар юм. Ялангуяа вакцинд хамрагдаагүй бага ангийн хүүхдийг хичээлд нь оруулмааргүй байна. Бага насны хүүхэд халдвар хамгааллын дэглэм барьж чадах­гүй ч үгүй. Тэртээ тэргүй есдүгээр сарын дундуур халдвар ихсэхийг анхааруулж л байхад хэрэггүй гэж бодож байна” гэлээ.

Энэ мэт говийн хоёр аймагт эцэг эхчүүдийн байр суурь сонир­хоход сургууль оруулахын эсрэг байна. Тодорхой журмын дагуу Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн учраас хичээл эхэлж таарна. Хоёр жил шахам цахим нэрээр гэртээ байсан хүү­хэд багачуудын сурлагад ч ихээхэн өөрчлөлт орсон. Энэ утгаараа боловсролын салбарт анхаарал хандуулж хичээл эхлүүлж байгааг шууд буруутгах аргагүй. Хэрвээ эцэг эхчүүдийн хэлж байгаа шиг хичээл эхлээд явж байтал халдвар дэгдээд хаах юм бол хохирол амсана гээд хоёр талтай зүйл. Мэргэжлийн байгууллагын өгч байгаа заавар бол халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, анхааралтай байхыг л сануулахаас өөр аргагүй.

Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Цагаан хад боомтыг “Ногоон бүс” байлгах тал дээр хуралдаж байгаа бол мөн Дорно­говь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” байлгахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шуурхай бүлэг, ажлын хэсэг мөн танхимаар хуралдлаа. Учир нь Монгол Улсын эдийн засгийн нэгэн том эргэлт болсон тус хоёр боомт одоогоор хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг. Хөл хөдөлгөөн дагасан халдварын эрсдэл их байгаа учраас ийнхүү байн байн хуралдаж хамгаалах арга хэмжээ авч байгаа ч бодит үр дүнд хараахан хүрээгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин л байх(49.97.24.21) 2021 оны 09 сарын 02

явуулахгүй нь явуулахгүй л байна биз\nявуулах нь явуулна биз

0  |  0
өмгөөлөгч(192.82.80.66) 2021 оны 09 сарын 01

орохгүй бол сайн л биз дээ хүүхэд чинь мангар болохгүй бол

2  |  1
Top