АНУ Афганистанаас бүх цэргээ татаж, 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараахан эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа дуусгасан гэдгээ Пентагоноос зарласан байна. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын дарга, генерал Кеннет Маккензи “Афганистанаас цэргээ гаргаж, Америкийн төдийгүй бусад орны иргэд, түүнчлэн эрсдэлд орсон афганчуудыг нүүлгэн шилжүүлэх цэргийн ажиллагаа дууссан болохыг мэдэгдэж байна” гэж Пентагонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Ийнхүү 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараахан эхлүүлж, 20 шахам жил үргэлжилсэн дайн төгсөж байна.
АНУ-ын хамгийн сүүлчийн цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 30 -ны үдээс хойш АНУ -ын зүүн эргийн цагаар 15 цаг 29 минутад Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ. 20 жил үргэлжилсан дайнд АНУ 193 тэрбум ам.доллар зарцуулж, 2461 цэргээ алджээ. Тэдний гол зорилго нь талибууд хяналтаа тогтоосон Афганистаны бүс нутгийг чөлөөлөх, тэдэнтэй тэмцэх байв. Гэвч Вашингтон зорьсондоо хүрч чадсангүй.
АНУ цэргүүдээ гаргаж эхэлснээс хойш талибууд 20 жилийн өмнө алдсан эрх мэдлээ эргүүлэн авахаар тулаан эхлүүлж, ээлж дараалан стратегийн гол цэгүүдийг эзлэн явсаар, наймдугаар сарын 15 гэхэд Кабулд тулж ирсэн юм. Америкийн Зэвсэгт хүчний төв командлалын дарга, генерал Кеннет Маккензи “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Америкийн 2461 цэрэг амиа алдсан. 20 жил үргэлжилсэн дайн амаргүй байлаа” хэмээжээ.
АНУ-ын Афганистан дахь ажиллагаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 26-ны өдөр Афганистаны нийслэл Кабул дахь нисэх буудалд цуврал халдлага гарч 200 хүн амиа алдаж, мянга орчим хүн шархадсан юм. Амиа алдсан хүмүүсийн дунд энгийн иргэд, талибууд, Америкийн 13 цэргийн алба хаагч байв. АНУ 2011 оноос хойш нэг дор ийм ноцтой хохирол амсаж байсангүй. Вашингтон Афганистаныг алан хядагчдын гарт үлдээлээ хэмээн дэлхий дахин буруутгаж байна. АНУ иргэдээ хамгаалах, тэднийг Афганистаныг орхин гарах боломжийг хангахын тулд тус улсын ямар ч эрх баригч, тэр дундаа талибуудтай ч хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын дарга генерал Кеннет Маккензи мэдэгдсэн юм. Жо Байдены мэдэгдсэнээр АНУ талибууд Засгийн эрхэнд гарснаас хойш нийт 122 мянган иргэнээ татаж авсан байна. Гэвч албаныхны мэдээлж байгаагаар тэдний ердөө 5400 орчим нь америкчүүд бөгөөд үлдсэн нь афган голдуу дүрвэгчид аж. Мөн 250 орчим америк иргэн Афганистанд үлдсэн гэнэ. Талибан хөдөлгөөний Улс төрийн товчооны төлөөлөгч Мохаммад Наим “Гадаадын бүх цэрэг Афганистаны нутгаас гарсан бөгөөд одоо тус улс талибуудын бүрэн хяналтад байна. Одоо манай улс эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс болсон" гэжээ.
Афганистанаас цэргээ татах ажиллагааг наймдугаар сарын 31 гэхэд дуусгахыг талибууд АНУ болон түүний холбоотнуудаас удаа дараа шаардаж байв. Гэхдээ талибууд “Умард эвсэл”-ийн далбаан дор тус хөдөлгөөний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс эсэргүүцлээ зарласан Панжшер мужаас бусад Афганистаны бүх нутаг дэвсгэрийг хянаж байгаа юм. Афганистанд үүсэж болзошгүй тогтворгүй байдлаас хөрш болон бүс нутгийн орнууд бүгд эмээж байна. Тухайлбал, Тажикистан хилийн хяналтаа бэхжүүлж, хилийнхээ дагуу 20 мянган цэрэг байрлуулаад байна.
Түүнчлэн 2021 оны долоодугаар сарын 14-ний өдөр ШХАБ-ын гишүүн орнууд болон Афганистаны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.И.Норов “Гадаадын цэргийн хүчийг Афганистанаас бүрэн гаргахаас өмнө умард мужуудад нь байдал улам хурцдаж байгаа явдал энэ улсыг энхтайван хөгжлийн замд оруулах чиглэлд бүс нутгийн орнууд, олон улсын байгууллага хамтран ажиллахын чухлыг харуулж байна. Афганистаныг терроризм, дайн, мансууруулах бодисоос бүрэн ангижирсан улс болгож, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд гишүүн орнууд хамтран ажиллах “замын зураг”-тай болох, ингэхдээ тус улсын хил орчмын нутаг дахь террорист, эктремист бүлэглэлээс ирэх шууд заналыг тогтоон барих, устгахад юун түрүүнд анхаарах хэрэгтэй” гэж мэдэгдэв.
Талибууд Засгийн эрхийг авах тохиолдолд одоогийн эрх баригчдад шашны тулгалт хийх, зарим бүлгийг өршөөж, заримыг нь устгах мэтээр ялгаварлах, америкчуудтай хамтарч, тусалж дэмжиж байсан олон афган талибуудын харгислал, өшөө авалтын бай болж магадгүйг олон улсын байгууллагаас анхааруулсаар байна. Ингэвэл иргэний дайн дэгдэж, 300-400 мянган хүн амиа алдаж, хамгийн багадаа хоёр сая хүн дүрвэнэ, үүнээс болж дүрвэгсдийн шинэ давлагаа үүсэж магадгүй гэж судлаачид таамаглаж байна. Дахин шинэ дайн дэгдвэл олон хүн үрэгдэхээс гадна бүс нутаг бүхэлдээ нэрвэгдэх тул бүс нутгийн орнууд үүнээс сэргийлж тодорхой арга хэмжээ аваад нэгэнт эхэлжээ.
Түүнчлэн АНУ-ын цэрэг Афганистанаас гарсны дараа манлайлах үүргийг БНХАУ гүйцэтгэнэ гэж олон шинжээч үзэж байна. Бээжин ингэхдээ бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлах нь гарцаагүй, үүнтэй холбоотой ШХАБ-ын үүрэг роль нэмэгдэх нь тодорхой болжээ. Хятадын зарим шинжээчийн үзэж байгаагаар Афганистанаас цаашид үүдэж болох террорист, экстремист ажиллагааг хазаарлахын тулд Бээжин бүс нутгийн орнуудтай хүчээ нэгтгэх магадлал өндөр. Ингэхдээ хүрвэл Орос, Пакистан, Ирантай нэгэнт тогтоосон стратегийн харилцаагаа ашиглан дөрвөл байгуулж магадгүй юм байна. Түүнчилэн, энэ дөрвөл Афганистанд үйл ажиллагаа явуулж эхэлбэл АНУ-ынхаас ч илүү үр дүнтэй байж магадгүй гэнэ.Гэхдээ энэ дөрвөлийг байгуулахад хэд хэдэн нөхцөл бүрдэх ёстой ажээ. Юун түрүүнд, эдийн засаг, улс төрийн талаас зөвхөн Бээжинд ашигтай нөхцлөөр эвсэж магадгүй юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )