Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзахдаа төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг даалгасан гэсэн албан мэдээг хэвлэлийн албанаас нь өгсөн билээ.
Том мөнгөн дэвсгэрт манай эдийн засагт үнэхээр шаардлагатай байгаа юу гэдэг асуудлаар эдийн засагч Н.Энхбаярын байр суурийг тодрууллаа.
-Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар сүүлийн үед дахин яригдаж эхэллээ. Төв банкны зүгээс өгч буй мэдээллээр бол гүйлгээнд байгаа мөнгөн дэвсгэртийн бүтцэд өөрчлөлт хийхэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөө үзүүлдэггүй, эрсдэлгүй гэсэн мэдээллийг өгч байна. Та эдийн засагчийн хувиар үүнд хэрхэн хандаж байгаа вэ. Яригдаж байгаачлан мөнгөн дэвсгэртийн бүтцэд өөрчлөлт оруулж, 50 мянган төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд нэвтрүүлэх шаардлага Монголын эдийн засагт байгаа юу?
-Сүүлийн өдрүүдэд Монголбанкнаас том мөнгөн дэвсгэртийн талаар, бусад улс орнуудад ямар байна вэ гэсэн утгатай зарим нэг мэдээллийг хэвлэлүүдэд өгч байх шиг байна. Тэр бол нэг талын л мэдээлэл байна. Бид хэрхэн харах ёстой вэ гэхээр, нэгдүгээрт, том дэвсгэрт хэрэгтэй юм уу, эрэлт хэрэгцээ нь байна уу гэдгийг авч үзэх ёстой. Дундаж цалингийн хэмжээг аваад үзэхэд төсвийн байгууллагынх 400-500 мянган төгрөг, дээшлээд 600 мянган төгрөг байна. 600 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн 20 мянгатаар авна уу, 50 мянгатаар авна уу, ямар ч ач холбогдолгүй. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн бэлнээр, 20 мянгатын дэвсгэртээр цалингаа авлаа гэхэд ганц л боодол мөнгө шүү дээ. Дундаж цалингаас доош орлоготой хүмүүст 20 мянгат, 50 мянгатын дэвсгэрт ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр иргэд, худалдан авагчдын зүгээс бол 50 мянган төгрөгийн дэвсгэртийн эрэлт байхгүй. Одоо 20 мянгатын дэвсгэртийг задлах газар байна уу гээд явдаг хүмүүс чинь 50 мянгат задлах гэхэд олдохгүй. Цалиндаа нэг удаа дөрвөн дэвсгэрт авлаа гэхэд, түүгээрээ дэлгүүрт ороод худалдаа хийхэд бараг хариулж өгөхгүй, тийм л хэмжээнд байгаа. Тэгэхээр энэ бол жирийн иргэдэд нэг их хүртээмжтэй биш. Магадгүй, өндөр орлоготой хүмүүс, бизнесийнхэнд л хэрэг болж магадгүй. Гэхдээ бэлэн мөнгөний хэрэглээний сонирхол байна уу, үгүй юу. Эсрэгээрээ Монголбанк бэлэн мөнгө битгий хэрэглээрэй гэж өнгөрсөн олон жил сурталчилсан шүү дээ. Монголбанк бусад улс орнуудын том дэвсгэрт хэдэн доллартай тэнцдэг вэ гээд судалгаа гаргасан байна.
-Тийм байсан. Манай 20 мянгатын дэвсгэрт 7 ам.доллартай тэмцэж байна гэсэн байсан...
-Нэг залуу судлаачид үүрэг өгөөд л, үүнийг гаргаадах гэсэн байна л даа. Агуулгыг нь бодоогүй байна. Гэтэл бид мөнгөнийхөө нийт масстай харьцуулах ёстой. Тэр харьцуулаад байгаа улс орнуудын эдийн засагт хэдэн тэрбум ам.доллар эргэлдэж байгаа вэ. Гэтэл манай ДНБ 14-хөн тэрбум ам.доллар. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө яг одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөг л байна. 1.1 их наяд төгрөг дээр 20 мянгат байна уу, 50 мянгат байна уу нэг их ач холбогдол байхгүй. Харьцангуй том эдийн засагтай харьцуулаад байна шүү дээ. Тэгэхээр манай 20 мянгатын дэвсгэрт гүйлгээнд байгаа бэлэн мөнгөндөө бол хангалттай. Эдийн засгийн хэмжээ, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, төлбөр тооцоо гүйцэтгэж байгаа байдалдаа бол 20 мянгатын дэвсгэрт тохирч байна. За яахав, дээд тал нь 30 мянгатын дэвсгэрт байлаа гэхэд болж байна. Бүр дээшлээд 50, 100 мянгат гэж тооцоолдог аргачлал байгаа бол тэрийгээ танилцуулах хэрэгтэй. Бусад улс орнууд 50 мянгатын том дэвсгэрттэй байна, манайх тийм болгоно гэдэг бол тэнэг хэрэг.
-Том мөнгөн дэвсгэрт гаргавал бага мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнээс хасагдана байх?
-Угаасаа ач холбогдолгүй болно. 10, 20 төгрөг хэрэглэхгүй байгаатай адилхан 50, 100-тын дэвсгэртүүд гүйлгээнээс гарна гэсэн үг.
-Бага мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнээс гарахаар бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлөх вэ. Жишээ нь, 50 төгрөг гүйлгээнээс гарснаар 1450, 1650 гэсэн үнэлгээгээр зарагддаг талхны үнэ болон бусад барааны үнэ тэгшитгэх байдлаар нэмэгдэх үү?
-Энэ бол иргэд, худалдан авагч, худалдагчийн сэтгэлзүйд нөлөөлж байгаа байдал нь. Яг эдийн засгийн агуулга нь гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, эдийн засгийн нөхцөлдөө л тохируулж тооцох ёстой. 20 тэрбум ам.доллар эргэлдэж байгаа эдийн засагт бол 50 мянгатын дэвсгэрт тохирч байж болно. Гэтэл манайх түрүүн хэлсэнчлэн ДНБ нь бүхэлдээ 14 тэрбум ам.доллар, төсвийн орлого нь 3 тэрбум ам.доллар, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг л байна. Тэгэхээр манай эдийн засгийнхаа эргэлтэд орж байгаа хэмжээнд одоогийн мөнгөн дэвсгэрт болж байгаа. Нарийвчлаад, судлахаар барааны үнэ цэнэ гээд цаашаа үнэлээд үзнэ. Хамгийн бага үнэтэй худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн гээд аваад үзэхэд, нэг хайрцаг шүдэнз 500 төгрөг, 100 төгрөгийн үнэтэй боолт гээд байна. Тэдгээр бараа бүтээгдэхүүнийхээ үнэлгээтэй бодолцож дэвсгэртээ гаргах ёстой. Зорилго нь бол эдийн засгийн агуулгатай биш, магадгүй улс төрийн агуулгатай байх.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзахдаа, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг даалгасан гэсэн албан мэдээг өгсөн л дөө. Ер нь бол том мөнгөн дэвсгэрт гаргах тухай сэдэв улстөрийн хүрээнд үе үе яригдаад л байдаг?
-Тэгш ой гээд л юм яриад байдаг. Тэрэндээ зориулсан юм хийх гээд л байна шүү дээ. Бид эрх барьж байхдаа ийм том дэвсгэрт гаргасан, гарын үсгээ зурсан гэх гээд. Тэрийг их мундаг зүйл гэж ойлгоод байна. Эсрэгээрээ эдийн засагт хорлонтой зүйл байхгүй юу. Санаачилга нь угаасаа Монголбанкнаас гараагүй нь тодорхой байна. Санаачилга нь төрийн ордон хавиас, улстөрчдөөс гарсан байна. Даалгавар өгчихсөн учраас Монголбанк аргагүйн эрхэнд дургүйд хүчгүй гэсэн юм л хийгээд сууж байна шүү дээ. Ингэж болохгүй ээ. Мэргэжлийн байгууллагынхаа санал дүгнэлтийг сонсож байж хийх хэрэгтэй. Манай улстөрчид өнгөрсөн жилүүдэд хүчээр давамгайлж, загнасаар байгаад өөрсдийнхөөрөө шийдэж ирсэн. Тэрэндээ гаршаад байна. Ингэх тусмаа эдийн засгаа, улсаа хорлоноо. Иймэрхүү юм аа болих хэрэгтэй.
Том мөнгөн дэвсгэрт гаргах тухай ярьж байгаа нь том том хөшөө бариад байгаа шиг нь л агуулгатай юм. Цаасан дэвсгэрт дээр мундаг хөшөө барьж, нэрээ үлдээх гээд байна. Өөрсдийгөө их аугаа л гэж ойлгоод байна. Өндөр хөгжилтэй орны Төв банкны гарын үсэг зурдаг, дэвсгэрт дээр хөрөг нь байдаг хүмүүс бол аугаа хүмүүс. Дор хаяж Евро дээр зураг нь залардаг хүмүүс Нобелын шагналтнууд, эрин зууны суутнууд шүү дээ. Үгүй бол тухайн улсын Ерөнхийлөгч байдаг. Гэтэл манайх өөрсдийгөө өргөмжлөөд, тэр түвшинд аваачиж мөнгөн дэвсгэрт дээр нэрээ хавчуулж, зургаа тавьчих гээд байна. Энд ямар ч эдийн засгийн агуулга алга. Улс төрийн явцуу сонирхлоор л хандаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Том дэвсгэрт гарсан өдөр 100,500,1000-н дэвсгэртүүд шууд л үнэ цэнэгүй болно.
Зөв зүйтэй байна.
Энэ үхээнц нөхөр яг үнэндээ овоо зөв юм хэлдэг энэ удаа бүүрч овоо олоод хэлчлээ
taniig demjij bna. Enchbayraa
занданшатарын л санаа өөр юу ч байхгүй
Том мөнгөн дэвсгэртийн талаар ярих арай болоогүй. Эдийн засгаа өсгөж бэхжүүлж дараа нь ярих хэрэгтэй. Энхбаяр зөв дүгнэлт хийжээ. Улс төр буруу эргэхээрээ Эдийн засгаа татаад унагдаг жишээ дэлхийд бэлэн байсаар байгаа шүүдээ.