Ж.Ариунболд: Дэлхийн шилдэг сургуулийн тэтгэлгийг зөвхөн дарга нарын хүүхэд авдаг байдлыг зогсооно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

2021-2022 оны хичээлийн жилд олгож байгаа зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж болон Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан суралцагчдад олгох Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой ярилцлаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан суралцагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Тэтгэлгийг хэзээнээс яаж олгох вэ?

-Боловсролын зээлийн сангаас дэлхийн шилдэг сургуулиудад 2013 оноос хойш сургаж эхэлсэн. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр дэлхийн шилдэг сургуулиудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулахаар боллоо. Энэхүү ажил Боловсролын зээлийн сангаар дамжиж хэрэгжинэ. Монгол Улсын 330 сум, 171 хорооноос жилд 504 хүүхдийг Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор нь байр эзлүүлнэ. “Боловсролын зээлийн сангаар явдаг байсан гадаад зээл их хардалд сэрдэлттэй, нээлттэй бус, дарга нарын хүүхэд явж байна” гэсэн гомдол, шүүмж олон жил үргэлжилсэн. Үүнд цэг тавьж байгаа. Учир нь, сум, хорооноос нэг нэг хүүхдийг Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор нь нээлттэй сонгож аваад, жил бүр 50 хүүхдийг Дэлхийн топ 100 сургуульд, 450 хүүхдийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд сургана. Өмнө нь гадаадад сурч байсан хүүхдүүд дандаа зээл хэлбэрээр сурдаг байсан. Боловсролын зээлийн сан дээр үл хөдлөх хөрөнгөө, байраа юм уу газраа барьцаанд тавиад сурдаг байсан. Харин Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр дэлхийн шилдэг сургуулиудад сурснаараа эргэн төлөх нөхцөлгүй гэдэг томоохон давуу талтай болж байна.

-“Төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдийг гадаадын сургуульд тэтгэлгээр сургахгүй” гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд хүртэл мэдээлсэн. Жилийн жилд энэ асуудал дээр хардлага үүсдэг. Та ч энэ тухай хэллээ. Дэлхийн шилдэг сургуулиуд болон гадаадын их, дээд сургуульд суралцахдаа Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр сурах нь өмнөх зээлээсээ юугаараа онцлог гэж вэ. Гол өөрчлөлт юу вэ?

-Өмнө нь яагаад хардлага яваад байсан бэ гэхээр “Зээл нууц явдаг” гэдэг байсан. Хэний хүүхэд хаашаа явснаа мэдэгдэхгүй, тодорхой нэр бүхий улстөрчийн хүүхэд зээлд хамрагдахаар хардлага дагуулдаг байсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн хувьд сум, хорооноос суралцагч тэтгэлэгт шалгарахад нутгийн хүмүүс, хорооны хүмүүс хэний хүүхэд, яаж шалгарсныг мэдчихнэ. Жишээлбэл, Доржоогийн хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт дээр хамгийн өндөр оноо авсан гэдгийг хорооны, сумын хүмүүс мэднэ. Тэдгээр хүүхдээс шалгаруулж байгаа учраас жинхэнэ утгаараа нээлттэй байж чадна. Дараагийн зүйл гэвэл тэтгэлэгт сонгон шалгаруулж байгаа комисс 11 хүний бүрэлдэхүүнтэй, эцэг эх, иргэд, төрийн бус байгууллага, цагдаа, Боловсролын зээлийн сангийн төлөөллийг оролцуулаад нээлттэй сонгон шалгаруулна. Эндээс процессын болон үр дүнгийн хувьд бүрэн өөрчлөлт гарах юм.

-Засгийн газрын наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Засгийн газрын сургалтын тэтгэлгийн журмыг баталсан. Журмын гол агуулга юу байв?

-Ерөнхийлөгчийн тэтгэлэг бол монгол хүүхэд, залуусын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тэдэнд тэгш боломжийг хүртээмжтэй олгоход л голлон дэмжлэг үзүүлж байгаа шүү дээ. Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяа сум, хорооноосоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг суралцагчийг тэтгэлэгт шалгаруулж бэлтгэнэ. Монгол Улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан суралцагч дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол тэтгэлэг авна. Засгийн газрын сургалтын тэтгэлгийн хувьд хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа, мөн сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл олгохоор журамласан байсан.

-Боловсролын зээлийн сангаас 2021-2022 оны хичээлийн жилд хэдэн төгрөгийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж олгох вэ?

-Боловсролын зээлийн сан өмнөх жилүүдэд буцалтгүй тусламж авч байсан шаардлага хангасан бүх оюутанд буцалтгүй тусламжийг олгоно. Өнгөрсөн сарын 25-нд энэ талаарх Засгийн газрын шийдвэр гарсан. Гадаадад зээлээр суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг энэ жил ч олгоно. Дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад олгодог Оюутны хөгжлийн зээлийг хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн өмнөх жилүүдэд зээл авч байсан бүх оюутанд олгоно. Нэгдүгээр курсийн хувьд Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад олгоно. Тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаас харж болно.

-“Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил” гэдэгт ямар мэргэжлүүд орох вэ?

-Бакалаврын түвшинд 35 мэргэжил байгаа. Жишээлбэл, сургуулийн өмнөх нас, бага анги, тусгай хэрэгцээт боловсролын багш, утасгүй холбоо, өгөгдлийн ухаан, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, газрын тосны инженер, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, био-инженерчлэл, биотехнологи, хөрс судлал, агрохими, сувилахуй, нийгмийн эрүүл мэнд гэх мэтчилэн 35 мэргэжил байгаа юм.

-Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас боловсролын салбарын хөрөнгө оруулалт танагдсан. Ялангуяа Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлүүдийн хөрөнгө оруулалт буурсан шүү дээ. Энэ хичээлийн жилд төсөв буурсан уу?

-Ковид-19 цар тахлын улмаас 2019-2021 он хүртэл Боловсролын зээлийн сангийн төсөв гурав дахин буурсан. Учир нь иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа ус, цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлтийн 100 төгрөг тутмын 11 төгрөгийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангаас татаж өгсөн. Ийм учраас арга байхгүй хүндрэл үүссэн. Гэхдээ хүндрэл үүслээ гээд оюутнуудаа орхиж болохгүй. Энэ хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээлд 7.2 тэрбум төгрөг олгоно. Улирал тутмаар олгодог учир хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4800 оюутанд зээл олгохоор байгаа юм. Энэ хичээлийн жилд буцалтгүй тусламжид 11.3 тэрбум төгрөг олгож байгаа. Зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийг бүгдийг жигд олгоод явна. Ямар нэг хүндрэл, асуудал байхгүй.

-Дотоодын сургалтын төлбөрийн зээл буюу Оюутны хөгжлийн зээлд яаж хамрагдах вэ?

-Оюутнууд их, дээд сургуульдаа материалаа бүрдүүлээд сургууль нь сонгон шалгаруулалт хийгээд Боловсролын зээлийн сан руу өгдөг. Бид сургуулиудын материал өгсний дагуу зээлийг олгодог. Тиймээс шалгуур их, дээд сургуультай холбоотой. Ерөнхийдөө Оюутны хөгжлийн зээлд анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан хамрагдана. Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо, оюутны голч дүн зэргийг харгалзана.

-2013 оноос хойш Дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах зээл олгожээ. Энэ хугацаанд хэдэн оюутан, хэдэн төгрөгийн зээлд хамрагдсан бэ?

-Дэлхийн шилдэг 100 сургуулийн зээлийг одоо суралцаж байгаа оюутнуудад үргэлжлүүлэн олгоод дуусах юм. Өөрөөр хэлбэл, 2024 он хүртэл тус зээлийг олгоод, 2022 оноос Ерөнхийлөгчийн тэтгэлэг болоод давхар явна. Дэлхийн шилдэг 100 сургуульд 2013 оноос хойш 420 орчим хүүхэд суралцсан.

-Дэлхийн шилдэг 100 сургуульд сурч байгаа хүмүүс төгсөөд Монголдоо ирж таван жил ажиллах ёстой. Төгсөгчдийн чанар, Монголдоо ирээд хийж бүтээж, үлдээж байгаа зүйл нь хэр байна вэ?

-Гэрээний дагуу гадаад зээлд бүх оюутан үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг учраас төгсөж ирээд улсад ажиллаж, барьцаагаа чөлөөлүүлдэг. Хамгийн багадаа хоёр өрөө байр барьцаанд тавьдаг юм шүү дээ.

-Зээлээ төлөөгүй, төлж чадахгүй байгаа оюутнууд байна уу. Барьцаа хөрөнгийг буцаан олгохгүй байхаас өөр арга хэмжээ авдаг уу?

-Сургуулиа төгсөж ирээд таван жил ажиллана гэхээр 2023 оноос зээл төлөлтийн асуудал яригдана.

-Одоо Боловсролын зээлийн санд хадгалаастай байгаа диплом болон үл хөдлөх хөрөнгө хэр хэмжээтэй байна вэ?

-1993-2016 онд Оюутны хөгжлийн зээлд диплом барьцаалдаг байсан. Энэ хугацаанд зээл авсан 13650 хүн дипломоо авахгүй байна. Энэ бол зөвхөн дотоодын их, дээд сургуульд зээлээр сурсан дипломоо аваагүй хүмүүсийн тоо шүү дээ. Бид “Дипломоо ирж аваач ээ” гэдэг асуудлыг тодорхой ярьж байгаа. Дипломоо авахгүй бол олон нийтэд зарлана.

-Диплом тийм хэрэгцээгүй гэж үү. Яагаад авахгүй байна?

-1993-2016 оны хооронд зээл авахдаа Зээлийн санд дипломын эх хувиа өгчихөөд хуулбарыг нь нотариатаар баталгаажуулаад авчихсан хүмүүс олон. Ажилд орохдоо нотариаттай хуулбараа үзүүлчихсэн. 2010 онд сургууль төгссөн бол түүнээс хойш “Дипломоо ашиглахгүй, байгууллага нь мартчихсан” зэрэг шалтгаанууд байна. Төрийн албаны зөвлөлд зээлийн барьцаанд дипломоо аваагүй үлдээсэн хүмүүсийг мэдээлж, “Дипломын шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж өгөөч гэсэн зүйлийг бид ярьж байгаа.

-Дотоодын сургалтын төлбөрийн зээлд 2016 оноос хойш диплом барьцаалахаа больсон байна. Оронд нь ямар шалгуур орсон бэ?

-Сургууль төгссөнөөсөө хойш зургаан жилийн дотор зээлээ эргүүлэн төлнө. Оюутны хөгжлийн зээл аваад эргэн төлөхгүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдэнэ. Банкан дээр очиход найдваргүй зээлдэгч болоод ямар ч зээл олгохгүй үр дүн гарч байгаа учраас 2016 оноос хойш дотоодын сургалтын төлбөрийн зээл төлөлт сайн байна.

-Жилд хэр хэмжээний зээлийн эргэн төлөлт ордог вэ?

-Жилд 1.7 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгддэг.

-Зээл, тэтгэлэг олголт, эргэн төлөлтийн явцад хаанаас яаж хяналт тавьдаг вэ?

-Гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөлт явна. Зээлээ хугацаандаа төлөөгүй бол Монголбанкны найдваргүй зээлдэгч ангилалд оруулах замаар процесс явна гэсэн үг.

-Жилд дунджаар 12 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг Боловсролын зээлийн сангаас олгодог. Энэ нь хэдэн оюутанд ногддог вэ?

-Монгол Улсын 2014 оны Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор “Бүтэн өнчин, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, эцэг, эхийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувь алдсан, цаатан өрх, нэг өрхийн гурван суралцагчийн нэг нь, төрийн өмчийн сургуульд багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд, төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудад сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залууст” буцалтгүй тусламж олгодог. Буцалтгүй тусламжид жилд дунджаар 6600 орчим оюутан хамрагддаг. Жилд дунджаар 12 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгодог. Боловсролын зээлийн сангаас Монгол Улсын төсөвт тодорхой эзлэх хувьдаа тохируулж зээл олгож байгаа. Айл өрхийн цалин, орлого сарын төсөв ямар байна түүндээ тохируулж амьдардагтай адил шүү дээ. Зарим хүнд нь зээл, тэтгэлэг хүрдэггүй. Тэр хүрээгүй хүмүүс гомдол гаргадаг. Гэхдээ бид бүх оюутанд зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж өгөх боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улсын төсөв дээр Боловсролын зээлийн санд тэдэн төгрөгийн санхүүжилт гаргаж, хуваарилалтын дагуу олгоно. Бид өөрсдөө санхүүжилт шийдэх боломж байхгүй.

-Нийт оюутны 11 хувь нь Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрүүдэд хамрагддаг гэсэн. Төрөөс олгож байгаа зээл, тэтгэлгүүдийг илүү хүртээмжтэй болгож, чанаржуулах тал дээр төлөвлөлт хийж байгаа юу?

-Боловсролын зээлийн сан 2020 оноос өөр эрч хүч, зорилт, төлөвлөлттэй ажиллаж эхэлсэн. Дэлхийн шилдэг сургуулиудад Боловсролын зээлийн сангаас өөрсдөө явуулж байна. Энэ жил анхны суралцагч виз аваад АНУ-ын Чикагогийн Иллинойсын их сургуульд тэнцсэн явж байна. Заавал Дэлхийн топ 100 сургууль гэхгүйгээр манай Зээлийн санд хандаад гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах бүрэн боломж байгаа. IELTS, TOEFL-ийн шалгалтад ордог төлбөрийг Боловсролын зээлийн сангаас бүрэн хөнгөлж оруулна. Цаад сургуулиуд нь манайхаар дамжвал эдгээр шалгалтыг авахгүй байх гэрээтэй. Өөрөө хүүхэд очоод хэлээ сурах боломжтой. Түүнчлэн манай зээлийн сангаар дамжиж явж байгаа бол 12-16 мянган ам.долларын хөнгөлөлт эдэлж байгаа. Эдгээр боломж гарсан.

-Заавал хэлний оноо шаардахгүй эсвэл IELTS, TOEFL-ийн шалгалтад орох төлбөрийг Боловсролын зээлийн сангаас олгоно гээд тэтгэлэгт урдах урдахаасаа илүү боломжийг оюутанд олгох санагдлаа?

-Тийм ээ. Монгол Улсад 157 мянган оюутан байна. Тэднээс Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжийг 11 хувь нь л авдаг. Үлдсэн 89 хувийг эзлэх оюутнуудад зээл, тусламж, тэтгэлгийг хүртээмжтэй олгохын тулд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч 2022 ондоо багтааж Оюутны хөгжлийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар судалж байна. Шинэ бүтээгдэхүүн гаргаж нийт оюутнаа дэмжих зорилготой. Гадаадын зээлээр бакалаврт жилд 40 орчим хүүхэд явдаг байсан бол Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гарснаар жилд 500 гаруй хүүхэд явдаг болно. Тэтгэлэг олголтыг 12 дахин нэмэгдүүлнэ. Түүнчлэн Ерөнхий сайдын нэрэмжит магистр, докторын тэтгэлгийг олгож байна. Сая Засгийн газрын тогтоолоор Боловсролын зээлийн сантай холбоотой бүх тогтоол нэгтгэгдэж есөн хуудас ганц журамтай болсон. Үүний дагуу бүх ажил явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЛ(124.158.67.164) 2021 оны 09 сарын 03

ХЭЗЭЭ Ч ЗОГСОХГҮЙ ХУДЛАА ШАА.

0  |  0
Иргэн(64.119.27.149) 2021 оны 09 сарын 03

Зев чиглэл боловч социализмын уеийн уг хэллэг, хандлага ажиглагдаж байна. Ундсэн хуулиараа ямар ч иргэний хуухдийг ялгаварлаж болохгуй. Ард иргэдийн, хедеегийн малчны хуухэд гэж онцлоод л.

0  |  0
Зочин(202.126.92.99) 2021 оны 09 сарын 03

Яагаад зөвхөн дарга нарын хүүхдэд өгдөг байсын та нар, мэдсээр байж яагаад дуугарахгүй өдий хүргэчихээд нээх том том юм яриад байдгын, харж л байя да чамайг\n

0  |  0
Зочин(139.5.216.84) 2021 оны 09 сарын 03

За энэ нь үнэн байгаасай даа. Ам ажил нь зөрсөн төр засагт итгэл алдарч байна шүү. Томчуудын хүүхдүүд даллуур явж л таарна даа. Энхийн цагаан тагтаа шиг зүйл ярьж ард түмнээ үнэндээ хулхидаад л байх юмдаа.

0  |  0
Иргэн(66.181.182.93) 2021 оны 09 сарын 03

Салаа туурайтай байж битүү туурайтан болох гэнээ.

0  |  0
Зочин(59.153.112.208) 2021 оны 09 сарын 03

Тэтгэлэг зээл бүгдийг хулгайлаад монголдоо\nИрэхгүй гадаадын иргэн болцгоодог. Хайран мөнгө Хулгайчуудад бэлэг болгож байна даа

0  |  0
Top