-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дахин нэг их наяд төгрөгөөр дэмжинэ-
Дэлхийд үйлдвэрлэгч, тэр дундаа хэрэгцээгээ дотоод нөөцөөрөө хангаж, улмаар үндэстнээрээ экспортлогч болж чадсан улсууд хөгжлөөрөө тэргүүлж байна. Үүнийг экспортын баримжаатай хөгжлийн загвар гэж тодорхойлоод байгаа. Энэ нь ажилтай, орлоготой дундаж давхаргыг бий болгож, үндэсний орлогоороо тэргүүлэх үндсэн нөхцөл байдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бэлээхэн жишээнээс харж болно. Тиймээс Монголын төр хамгийн олон ажлын байр бүрдүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, эдийн засгийн нэн тэргүүний салбар хэмээн тодорхойлоод байгаа. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгч. Мөн нийт ажиллагсдын 80 гаруй хувь энэ салбарт ногдож буй. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эдийн засагт эзлэх байр суурь ийм хэмжээнд хүртэл өссөн байна.
Хэдийгээр сүүлийн арваад жил алдаа, оноотой явсан ч жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогууд энэ өсөлтийг бий болгох гол хөшүүрэг байсан гэж болно.
Гэвч дэлхийг хамарсан цар тахал энэ салбарт, том зургаараа Монголын эдийн засагт маш том сорилт учруулсан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олноороо үүдээ барьж, ажлын байр олон мянгаараа хумигдах нөхцөл бүрдсэнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралын сүүдэр бизнесийн салбарыг нөмөрсөн. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлд хүчтэй цохилт өгч, хямрал өрх бүрийн үүдээр орсон. Яг тэр үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдөр үр дүнгээ өгснийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын судалгааны байгууллагууд сайшааж байгаа. Эдийн засгаа сэргээх хөтөлбөр нэгэнт үр дүнгээ өгсний дотор жижиг, дунд үйлдвэрт чиглэсэн ажлын байрыг хамгаалах хоёр их наяд төгрөгийн арга хэмжээг онцлох хэрэгтэй. Зарцуулсан мөнгөн дүн, хэрэгжүүлсэн далайцаараа ч Монголын жижиг, дунд үйлдвэрийн салбарт ийм зоригтой дэмжлэг урьд хожид байсангүй. Цар тахлаас гадна жинхэнэ эздэдээ хүрдэггүй байсан жижиг, үйлдвэрлэлийн дэмжих хөтөлбөрүүдийн нэр сэвтсэнээр санхүүжилт үлэмж хэмжээгээр буурсан. Үүнийг ажлын байрыг дэмжих хоёр их наядын хөтөлбөр нөхсөн. Хямралд тавиад туучхалгүй авч үлдсэн ажлын байр 125 мянгаар яригдаж байгаа гэхээр үр дүнгээ өгчээ. Улмаар эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилт 78.1 хувь гэдэг дориун дүгнэлттэй явж байна.
Ажлын байрыг хамгаалах хөтөлбөр хэрэгжсэн цагаас эхлэн нийт 18,000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид 1.823.6 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд ард нь 125 мянган өрх айл орлогыг хамгаалж чадсан гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Өнөөдөр Засгийн газраас ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дундарч, зээлийн эрэлт их байгаа аж. Тиймээс гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргасан. Нийтдээ нэг их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих аж. Мөн хөтөлбөрийн өөр нэг онцлог нь Зээлийн батлан даалтын санг мөнгөжүүлэх замаар банкнаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавьдаг босгыг намсгасан явдал. Ингэснээр банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгох боломж бүрдсэн. Үүнд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын оролцоо ч их. Зээлийн батлан даалтад хамрагдах аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн тодорхойлолтоо тус агентлагаас авдаг журамтай. Төрөөс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөнгөлттэй зээлийн хөтөлбөрүүд араасаа асуудал дагуулж ирсэн учраас тус агентлагийнхан энэ удаад жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн тодорхойлолтыг хүний оролцоогүй буюу цахимаар олгож эхэлсэн байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Цахим засаглал”-ыг бий болгох зорилтын хүрээнд олгодог болсон “Цахим тодорхойлолт”-ыг ердөө тавхан минутын дотор авах боломжтой аж. Өмнө нь бизнес эрхлэгчид төрийн энэ төрлийн үйлчилгээг авахад замын түгжрэл, үйлчилгээний дараалалд зогсох зэргээр багадаа 2-3 цаг, цаад тал нь хоног алдах тохиолдол байжээ.
Одоогоор Жижиг, дунд үйлдвэрийн газарт жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай ажлын байрыг дэмжих зээлийг авах 6,349.9 тэрбум төгрөгийн 62.3 мянган зээлийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс 1,823.6 тэрбум төгрөгийг 24,040 зээлдэгчид олгосон гэдэг дүн мэдээ байна. Мөн Ерөнхий сайдын дэргэд цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороо үйл ажиллагаа явуулах болсон. Тус хорооноос цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох замаар бизнесийн орчныг сайжруулах зорилго бүхий цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Уг хуулиар экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зэргээр жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд дэмжлэг үзүүлэн гэдгийг Сангийн сайд танилцуулсан. Төрөөс ийнхүү цогц байдлаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чухал үүргийг гүйцэтгэх ач холбогдолтой. Улмаар цар тахлын дараах эдийн засгийн орчныг дэлхий нийтээрээ төсөөлж буй энэ үед ажилтай иргэдийн орлогыг дэмжих, үндэсний бүтээгдэхүүний өсөлтийг дэмжих үндэс болно гэж үйлдвэрлэгчид харж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлснээр орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах, нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх, эдийн засгаа уул уурхайн хараат байдлаас гаргах хэтийн төлөв биелэх юм. Эдгээрийг “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, экспортын баримжаатай үйлдвэр байгуулах үндсэн баримт бичгүүд дэмжиж байгаа юм.
С.СҮЛД
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19
Ийм нэрийдлээр 30 н гэр бүлийн сүлжээ хүмүүс л энэ нь д хамрагдана ш дээ яг үнэндээ энийг яг шударгаар АТГ болон шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрыг оруулж шалгаруулах хэрэгтэй тэгээд шалгах ёстой хүмүүс нь сайн ил тод байлгах хэрэгтэй.