-Монголын Ерөнхийлөгч яг юу хийдэг, хуульд зааснаар ямар эрх, үүрэгтэй вэ-
Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүх ажлаа аваад гурван сар болж байна. Түүнээс өмнө П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашжээ.
Тэгвэл уншигчдадаа Монголын Ерөнхийлөгч яг юу хийдэг, хуульд зааснаар ямар эрх, үүрэгтэй вэ гэдэг мэдээллийг хүргэж байна.
Учир нь, төрийн тэргүүний эрх, үүргийн талаар олон нийт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг, хариуцлагыг хязгаарлагдмал, бэлгэ тэмдэг төдий гэж үзэх нь ч бий.
Харин шинэ Үндсэн хуулиаар Монгол Улсын төрийн тэргүүн нь хууль санаачлах эрхтэй. Тэрхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоож өгнө гэж заасан. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таван жилээс доошгүй эх орондоо оршин суусан Монгол Улсын уугуул иргэн байна. Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж тусгасан билээ.
Шинэ Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт өнгөрсөн зургаадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэгжиж, өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх анхны зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг Үндсэн хуульд ингэж тусгажээ.
1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
2. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөнө.
3. УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
4. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
5. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах.
6. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах.
7. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах.
8. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах.
9. Уучлал үзүүлэх.
10. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх.
11. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх.
12. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах.
13. УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах. Цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв УИХ шийдвэр гаргаагүй бол зарлиг хүчингүй болно.
14. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
15. Ерөнхийлөгч УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.
16. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.
17. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно.
18. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна.
19. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
20. Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.
21. Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
22. Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ.
23. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
24. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно гэж Монгол Улсын Үндсэн хуульд тусгажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ter oorin shvvh, atg iin erheese tatgalzlaa ene bol tom shiidwer shvv ter busad eronhiilogchoos oor gedegee haruullaa....
Харин тийм. Тэр тусмаа уул овоо тахихаас өөр ажилгүй, ямар ч үүрэггүй ерөнхийлөгчөөр яах юм
ер нь ядарсан улсад ерөнхийлөгч,түүний тамгын газар гэсэн төсвийн нэлээдгүй мөнгө үрэлгэн зардаг бүтцийг алга болговол яасийн.дээр нь сонгууль гэж хэдэн тэрбум үрнэ.шаал дэмий.