Энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 8-ны өдөр “Оюу Толгой” компанийн ТУЗ хуралдах товтой байгаа. ТУЗ-ийн энэ удаагийн хурлаар хэлэлцэгдэх асуудлууд хэвлэлийнхний анхаарлыг татаж буй.
Тухайлбал, ТУЗ өнгөрсөн сарын 25-ны өдөр болсон хурлаараараа хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой албан ёсны хариултыг “Рио Тинто”-гоос авч чадаагүй гэдгийг ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлсэн.
ТУЗ дахь “Рио Тинто”-гийн төлөөлөл болох тус компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд өөрийнхөө оронд өөр хүн явуулсан учраас ТУЗ-ийн гишүүд далд уурхайн асуудлаар хөндлөнгийн шинжээчдийн гаргасан тайлан, дүгнэлттэй холбоотой албан ёсны хариултыг “Рио”-гоос авч чадаагүй байгаа юм.
Тэгэхээр хоёр өдрийн дараа болох ТУЗ-ийн хуралдаанд Б.Болд захирал оролцсоноор далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөсөн зардал дээр нэмэгдсэн 1.45 тэрбум ам.долларын хэтрэлтийн үндэслэл, шалтгаануудын талаар “Рио Тинто” албан ёсны байр сууриа илэрхийлэх байх гэсэн хүлээлт байна.
“Рио Тинто”-гийн зүгээс төслийн талаар шаардлагатай мэдээлэл, тайланг өгөхдөө хойрго ханддаг. Тухайлбал, далд уурхайн зардал хэтрэлтэд тайлан, дүгнэлт хийсэн Тусгай хороонд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхгүй хэдэн сар болж байсан билээ.
Түүнчлэн ТУЗ-ийн энэ удаагийн хурлаар 1.45 тэрбум ам.долларын хэтрэлтэд санхүүгийн нарийвчилсан аудит хийх шаардлагатай гэсэн Хөндлөнгийн шинжээчдийн зөвлөмжийг хүлээн авах эсэх нь мөн хүлээлт үүсгэсэн асуудал юм. Төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гоос хариуцлага шаардахад нарийвчилсан аудитын дүгнэлт илүү хүч нэмэгдүүлэх учраас зардлын хэтрэлтэд аудит хийх тухай шийдвэрийг ТУЗ-аас гаргах нь манай тухайд чухал юм.
“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь Монголын Засгийн газрын 34 хувийн төлөөлөл байдаг. Түүнчлэн “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын эрх ашигтай холбоотой асуудлууд 6:3 гэсэн харьцаагаар, хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчдийн талд шийдэгдээд явчихдаг.
Тиймээс далд уурхайн зардал хэтрэлтэд нарийвчилсан аудит хийх тухай шийдвэр гаргахыг “Туркойз Хилл Ресурс”-ын талаас дэмжих эсэх нь чухал юм.
Өмнө нь ТУЗ-аас далд уурхайн зардал хэтрэлт, хугацаа хойшилсон асуудлыг шалгах Тусгай хороо байгуулах шийдвэр гаргахад “Туркойз Хилл Ресурс”-ын төлөөллүүд манай Засгийн газрын төлөөллүүдтэй нэг талд гарч байсан учраас тайлан, дүгнэлтийг илүү нарийвчлахтай холбоотой шийдвэр дээр мөн нэг талд гарах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Ер нь ТУЗ дахь манай Засгийн газрын төлөөллийн мэдээлэлтэй, хяналттай байх эрх мэдлийг хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй ижил түвшинд аваачихын тулд, хяналт тавих функцээ сайжруулах шаардлагууд байгаа гэдгийг Засгийн газраас мэдэгдэж буй.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо хэлэхдээ "1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт чухам юун дээр гарав гэдэг дээр санхүүгийн аудит хийх зөвлөмжийг шинжээчид гаргасан. Үүн дээр Оюутолгойн ТУЗ дээр шийдвэр гаргах ёстой. Ирээдүйд гарах зардлуудад хэрхэн яаж хяналт тавих вэ, хяналт тавих функцээ хэрхэн үр дүнтэй болгох вэ гэдэг дээр анхаарна.
"Оюутолгой" компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. Үүнтэй адил төсөлд хяналт тавих чиг үүрэгтэй хороо ажиллах бүрэн боломжтой. Төслийн үйл явцад хяналт тавьж, өдөр тутам мэдээллээр хангадаг байх ёстой. "Эрдэнэс Оюутолгой" компанид "Оюутолгой"-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш "Оюутолгой" компани эхлүүлсэн. “Рио Тинто” групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй... Засгийн газар “Оюутолгой” компаниас Арбитрт гаргасан татварын маргааны асуудлыг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Үүн дээр зөвшилцөх, эвлэрэх шаардлагагүй гэж харж байгаа. “Рио Тинто”-гийн зүгээс ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлье гэсэн байр суурийг илэрхийлж байна гэж ойлгож байгаа” гэсэн мэдээллийг өнгөрсөн сарын 31-нд өгсөн.
“Рио Тинто” компани Монголын Засгийн газартай зарим асуудлуудаар ойлголцох, зөвшилцөх саналаа ирүүлсэн гэж ойлгогдож буй. Гэвч үндсэн асуудлууд руугаа оролгүйгээр, аргацаасан байдлаар тохироо хийх гээд байна уу гэдэг асуулт дагаж байгаа. Тухайлбал, удаа дараагийн зардал хэтрэлтийн уг шалтгаанууд өөрсдийнх нь менежментийн алдаатай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Төслийн зардал хэтрэлтийн асуудал зөвхөн далд уурхай дээр биш эхний үе шатанд ч гарч, Дубайн хэлцлээр зохицуулагдаж байсан. Гэтэл менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” тухайн үед ямар ч хариуцлага хүлээхгүйгээр менежментийн төлбөрөө урьдчилсан авсан хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Олон жилийн насжилттай энэ том төсөлд дараагийн удаа ч зардлын асуудлууд гарах магадлалтай. Тэгэхээр “Рио Тинто”-гийн авдаг менежментийн төлбөрийг үйл ажиллагаатай нь уялдуулан олгодог байх уу, зардлын хэтрэлт хэдэн хувьд хүрэхэд “улаан гэрэл” асч, араас нь хяналт, шалгалтын функц ажилладаг байх вэ зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19
\nСайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 52 48 39 19
Saihanbileg gj muu is dagaad bolj bgan.