Уул уурхайн салбарт бодлогын реформ хийнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ. Тэрбээр өөрийн удирдаж буй Засгийн газрынхаа 100 хоногийн үйл ажиллагааг тайлагнах үеэрээ өнөөдрийг хүртэл геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй явж ирсэн уул уурхайг нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ сарын 3-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.
Баялгийг арвижуулах, өгөөжийг хуваарилах, тэгш хүртээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл одоогийн байдлаар танилцуулгын хэмжээнд байгаа бөгөөд харьяа газруудаас санал авч нэгтгэнэ гэсэн мэдээллийг засгаас өгч байна.
Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажиллаж буй юм.
Баялгийн сан бол манай тухайд байнга яригддаг сэдвүүдийн нэг юм.
Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тус тус баталснаар Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудыг тус тус үүсгэн байгуулсан. Эдгээр сангууд нь ашигт малтмалын салбараас орж ирэх төсвийн орлогын зохих хэсгээр бүрддэг сангуудад хуримтлал үүсгэх, хуримтлагдсан хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас, хувьцаа зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт хийх буюу тогтворжуулалтын болон хуримтлалын зорилго бүхий Баялгийн сангийн хэлбэрээр ажиллах тодорхой шинж чанарыг агуулж, анх байгуулагдаж байв.
Гэвч бодит байдал дээр Баялгийн сангийн үүргийг гүйцэтгэж чадаагүй.
Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд улс төрчдийн баялгийн сангийн эрэл үргэлжилсэн хэвээр байлаа.
Өдгөө хотын даргаар ажиллаж буй Д.Сумъяабазар УУХҮЯ-ыг удирдаж байх үедээ 2018 он гэхэд Монгол Улс Баялгийн сантай болчихсон байна хэмээн хэлж ярьж байлаа.
Харин одоо баялгийн сангийн автор болохоор зорьж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жил гаруйн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын даргын хувиар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзахдаа тус компанийг хөгжүүлэх замаар Баялгийн сан байгуулах боломжтой эсэхийг тодруулж, уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсныг дуулгаж байв.
Мөн манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд дэлхийн жишиг болсон сангуудтай явж танилцсан жишээ цөөнгүй. Яриад л, яваад үзээд л байдаг жишиг тогтсон.
Ямартаа л дэлхийн улс орнуудын эдийн засгийн цаашдын төлөв ковидын тархалтаас хамаарах тухай сэдэв ид хүчээ авч байсан 2020 оны хоёрдугаар сард Х.Баттулга Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сантай газар дээр нь танилцаад ирж байв.
Үнэндээ Норвеги улсыг зорьсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч тэр биш. 2012 онд буюу есөн жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувиар Норвегид очиж Баялгийн сантай нь танилцаж байсан юм.
Цаашид ч манай улстөрчид ээлж дараалан Норвегийг зорих магадлал тун өндөр.
Тэд баялгийн сангийн төгс хувилбарыг хайсаар. Харин энд байгуулсан хэдэн сан нь улс оронд биш эрх мэдэлтнүүдэд илүү ээлтэй байдаг нь ЖДҮ-ийн сангийн жишээгээр илэрч байсныг сануулахад гэмгүй.
Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан зэрэг нь энэ улс оронд чухам ямар эерэг нөлөөтэй нь өнөөдрийг хүртэл тодорхой бус.
Төсвийн бодлогод хувьсгал хийнэ гэж ярьж байгаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж байсан ч, тэр хувьсгал нь ирээгүй. Хуулийн дагуу Тогтворжуулалтын санг байгуулсан. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс хоёрынхоо үнийг Нэрлэсэн үнэ, Тэнцвэржүүлсэн үнэ гэж ялгачихаад, Тэнцвэржүүлсэн үнээс нь илүү гарч борлогдвол, тэр хэсгийг нь Тогтворжуулалтын сандаа хийгээд байгаа гэдэг ч, тэр сангийн мөнгөний зарцуулалт олон жилийн туршид ойлгомжгүй явж ирсэн.
Санд байгаа мөнгийг өөр эх үүсвэрүүдэд байршуулж, арвижуулах санаа оноо байгаа талаар, гадаадын Засгийн газрын өрийн бичгийг авч, тэднээс хүү авч, хэрэглэх тухай нэг хэсэг яригдаад л байсан, ажил хэрэг болоогүй.
Монголын төр засаг уул уурхайн салбараас олсон 1 ам.доллар тутмаас 1 л центийг ирээдүй хойчдоо үлдээхдээ гар татаж, хадгалсан данснаасаа нууцаар авч хэрэглэдэг, муухай арга барилаасаа салж, ангижрах хэрэгтэй.
Нэг ёсондоо байгаа хэдэн сангуудынхаа үйл ажиллагааг сайжруулах, ил тод, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахад дутуу дулимаг хандсаар өнөөдрийг хүрсэн Монгол Улс дараа дараагийн шинэ сангуудад тулгуурлан нийгмийн олон салбарт реформ хийхийн тулд анхаарах олон асуудал бий.
Ерөнхий сайдын анхаарал хандуулаад буй Хуримтлалын сангийн талаар тодотгоё.
Тус сан нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг болон эдийн засаг дахь нөөц, бололцоог ирээдүй үеийнхэнд хуваарилах зорилгоор хуримтлал бий болгох, тухайн хуримтлагдсан хөрөнгийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн нөөц болгон удирдах зорилготой юм.
Дэлхийн цөөнгүй улс орон Баялгийн сан үүсгэх замаар эдийн засгаа “голланд өвчин”, “баялгийн хараал"-д нэрвэгдэхээс сэргийлж чадсан байдаг. Харин манай тухайд улстөрчид баялгийн сангийн төгс хувилбарын эрэлд хатсан хэвээрээ, улс орон том зургаараа байгалийн баялаг хөгжлийг түргэтгэх увдистай ч, хараал болох бас чадвартай гэдгийг мэдэрсэн янзаараа байна.
Сэтгэгдэл ( 0 )