Улс орны хөгжлийн гол тулгуур болсон инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургуулиудын нэг Налайх дүүрэг дэх Политехникийн коллеж билээ. 68 жилийн түүхтэй тус сургууль нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байсан бөгөөд энэ жил Политехникийн коллеж болон өргөжиж байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мэргэжлээр 20 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн бөгөөд, ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тал дээр анхаарч ажилладаг ажээ. Үүнтэй холбоотойгоор тус сургууль нь 60 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодтой хамтран ажилладаг байна. Төгсөгчдийнх нь 70 гаруй хувь нь ажлын байртай болж, нийгэм улс орондоо бүтээн байгуулалтад гар бие оролцдог гээд бахархах зүйл олонтой тус сургуулийг өнөөдрийн сурвалжилгадаа онцоллоо.
ЭНЭ ЖИЛ ЕСДҮГЭЭР АНГИ ТӨГССӨН ХҮҮХДҮҮД ТҮЛХҮҮ ЭЛСЖЭЭ
Политехникийн коллеж нь дунд шатны техникийн ажилчдыг бэлтгэж манай орны өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхай, зам анги, геологи, эрчим хүч, дулааны станц, үйлчилгээний салбарт боловсон хүчин бэлтгэж байгаа билээ. Тус сургууль нь 1000 гаруй суралцагч суралцах хүчин чадал бүхий хичээлийн таван байртай бөгөөд орчин үеийн шинэлэг технологийг нэвтрүүлсэн иж бүрэн дадлагын газрууд онолын хичээлийн танхимуудтай ажээ. Тус коллежийн сургалтын менежер О.Гибрат “Манай сургууль ерөнхий боловсролын есдүгээр анги төгссөн төгсөгчдийг 2.5 жилийн сургалтанд хамруулж, мэргэжлийн боловсролоос гадна суурь боловсрол эзэмшүүлдэг. Мөн МСҮТ төгссөн хүүхдүүд тухайн мэргэжлээрээ шатлан суралцаж 1.5 жилийн хугацаанд мэргэжлийн дипломтой төгсөнө. Мөн 12 дугаар ангиа төгссөн эсвэл насанд хүрсэн буюу 18-аас дээш насны, ажилгүй, мэргэжил эзэмших хүсэлтэй иргэд гурван жилээр суралцаад техникийн боловсролын дипломтой төгсөх боломжтой.
Сургуулийн нийт багш нарын 90 хувь нь магистр зэрэгтэй, 33 хувь нь зөвлөх, тэргүүлэх мэргэжлийн чадварлаг боловсон хүчин ажиллаж байна. Манай сургуулиас Хөдөлмөрийн баатар 11, гавьяат уурхайчин гурав, гавьяат багш хоёр, төрснөөс гадна төрийн одон медаль, салбарын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн аварга сайчууд олноороо төрөн гарсан. Политехникийн коллежийг жилд 400 гаруй хүүхэд төгсдөг бөгөөд төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байртай болдог” хэмээн бахархан өгүүлэв.
Мөн дээрх сургуулийг төгсөөд дараагийн шатлалд ШУТИС, ХААИС гэх мэт сургуулиудад мэргэжил дээшлүүлэн суралцах боломжтой гэв. Бас энэ жилийн хичээлийн элсэлтээр есдүгээр ангиа төгссөн хүүхдүүд түлхүү элссэн баяртай мэдээ дуулгалаа. Мөн насанд хүрэгчдийн элсэлт 100 хувь дүүрчээ.
Политехникийн коллеж болсноор 1.5 жилийн анхны элсэлтээ авч тус ангид элсэлт 60 гаруй хувьтай байгаа аж. Энэхүү коллежид хүнд машин механизм, уул уурхай, автозам, өрмийн машин, гагнуур, барилгын оператор чиглэлийн мэргэжлийн ангиуд эрэлттэй байдаг учир хамгийн түрүүнд элсэлт нь дүүрдэг байна. Залуучууд төдийлөн сонгодоггүй үргэлж эрэлттэй байдаг мэргэжил нь токарьчин, суурь машины оператор мэргэжлүүд байдаг гэнэ лээ. Хөдөө орон нутгаас ирсэн суралцагчдыг дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, сурах орчин нөхцөлөөр нь хангадаг гэдгээрээ ч давуу талтай юм байна. Тус коллеж нь 18 мянга гаруй номын фондтой, видео танхимтай номын сан, урлагийн танхим, спорт заал, багш хөгжлийн төв, чийрэгжүүлэлтийн танхим, цайны газар, музей, интернет дотоод сүлжээ зэрэг ая таатай суралцах бүхий л боломжийг хангажээ.
ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХЫН САЦУУ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖ ТӨГСДӨГ
Сайн инженер болъё гэвэл есдүгээр ангиа төгсөөд шатлан суралцах нь цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй бөгөөд сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авч мэргэжлийн болон техникийн өндөр боловсролтой боловсон хүчин болох боломжтой юм. Цаашид шатлан суралцаж дипломтой болсноор зэрэг ахиж туршлага нэмэгдэх тусам албан тушаал, цалин хөлс нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Политехникийн коллежийн үсчин, тогооч, оёдлын ангиудад эмэгтэй хүүхдүүд түлхүү суралцаж, нийт суралцагчдын 20 хувийг охид эзэлдэг байна. Сүүлийн үед хүнд механизм, гагнуур, операторын ангид хоёр гурваараа эмэгтэй хүүхэд суралцах болсон нь олзуурхууштай. Эмэгтэй хүүхэд төгсөөд мэргэжлээрээ эрэгтэйчүүдээсээ илүү амжилттай, хариуцлагатай ажилладаг талаар онцолж байв. Өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Налайх дахь Политехникийн коллежийг түшиглэн авто зам, гүүр барилгын чадамжийн төв байгуулжээ. Тус төв нь авто зам, гүүрийн салбарын мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх, багш нарыг давтан сургах, ажил олгогч компаниудын боловсон хүчнийг сургах, үнэлгээ хийх зориулалттай аж. Сүүлийн хоёр жил цар тахлын үед цахимаар хичээллэх хүндрэлтэй байсан тухайгаа сургалтын менежер О.Гибрат учирлаж байв. Учир нь энэ чиглэлийн сургалт амьд харилцаанд түшиглэж практик дээр хичээллэдэг онцлогтой. Гэвч сургалтаа таслалгүй багш суралцагчид хичээсний үр дүн ч гарчээ. Энэ жилийн тухайд дадлагын хичээл нь танхимаар, онолын хичээл нь цахимаар явагдах бөгөөд ангиудаа сөөлжилж бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулсан байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 45, Политехник коллеж 30, нийт 75 сургалтын байгууллага хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа билээ. Эдгээрийн 36 нь Улаанбаатар хотод, 39 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж.
МСҮТ, Политехник коллежид 1-3 жилийн хугацаанд суралцан төгсөгчдөд улсаас сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Үүний зэрэгцээ чадварлаг боловсон хүчин болж төгсөнө гэхээр амьдралд хэчнээн хэрэгтэй билээ. Өнгөрсөн жилд нийт 42 мянган суралцагч МСҮТ, Политехник коллежид суралцсан бол энэ хичээлийн жилд шинээр 27.8 мянган суралцагч элсэн оржээ. Налайх дахь Политехникийн коллеж нь автомашины завсарчин, хүнд машин механизмын оператор, өндөр хүчдэлийн тоноглолын монтёр, уурхайн цахилгаанчин, үсчин, метал боловсруулах машины оператор, барилгын сантехникч, өрмийн машины оператор, тогооч, барилгын мужаан, зам барилгын машин механизмын оператор, гагнуурчин, хүнд машин механизмын засварчин зэрэг 20 мэргэжлээр сургадаг билээ.
Өрмийн багш М.Баярсайхан “Манай ангийн төгсөгчид 100 хувь ажлын байртай болдог. Багш хүний хувьд шавь нар маань ажил амьдралтай, өнгөтэй өөдтэй явж байгаад нь баярлаж явдаг. Сүүлийн үед уул уурхай, зам засвар, барилгын бүтээн байгуулалт өргөжин тэлж энэ чиглэлийн ажлын байр хамгийн эрэлттэй байгаа. Тиймээс манай өрөмдлөгийн мэргэжилтнүүд байнга ажлын байр нь бэлэн байдаг онцлогтой” гэлээ.
Тус коллеж нь тэртээ 1954 онд Налайхын уурхайн захиргааны шийдвэрээр ажиллах ажилтан бэлтгэх “Сургууль курс” –ээр өрөмдөгч, тэсэлгээчин, бэхэлгээчин, засварчин зэрэг 10 гаруй мэргэжлээр 160 сурагчтай хичээллэж эхэлжээ. Ийнхүү одоогийн Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдсан түүхтэй.
Тус сургуулиас БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваажав, Н.Дэмбэрэл, Д.Чанкий, Х.Түвшин, БНМАУ-ын гавьяат уурхайчин З.Жавлай, Д.Пүрвээ, Монгол Улсын гавьяат багш Д.Лхагва, Ж.Юра зэрэг олон арван алдартнууд төрсөн гэдгээрээ түүхэнд бахархалтай юм.
Политехникийн коллеж нь “Оюу толгой”, “Багануур” ХК, “Танан импекс” ХХК, Дулааны цахилгаан станц-4, Налайхын дулааны станц зэрэг 60 гаруй байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг билээ. Эрчим хүчний шугам сүлжээ, дэд өртөөний угсралт, засварын чиглэлээр салбартаа тэргүүлэгч "Эрчим инженеринг" компани энэ жил тус сургуулийн цахилгаанчны ангийн суралцагчдыг ангиар нь цалинтай дадлага хийлгэхээр болсон бөгөөд амжилттай сайн дадлага хийвэл ангиар нь ажилд авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн өрмийн ангийн суралцагчид нь үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаандаа багш нараасаа өндөр цалин авдаг гэж өрмийн багш М.Баярсайхан бахархан өгүүлж байлаа.
Н.ТӨГӨЛДӨР: ТӨГСӨӨД ДАДЛАГА ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДВЭРТЭЭ АЖИЛЛАНА
Политехникийн коллеж нь нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн дадлага хариуцсан арга зүйчтэй учир суралцаж буй суралцагчдаа үйлдвэрээр дагуулж явж дагалдан хийлгэх, улмаар төгссөний дараа ажилд зуучлах зэргээр үргэлж холбоо харилцаатай ажилладаг ажээ.
Арга зүйч П.Шинэбаатар “Манай сургуулийг төгссөн хүүхдүүд ихэнх нь ажлын байртай болдгоороо давуу талтай. Одоогоор 50 бүлгийн 15 бүлэг нь дадлагад гарсан. Өнөөдөр “Дархан геомаш” компаний салбар “Оюундарь эх“ компанид таван хүүхэд дагалдуулж байна. Тэд үйлдэрлэлийн дадлага хийснээр сурсан эрдмээ амьдрал дээр хэрэгжүүлж, ажлын дөртэй болох, ажил мэргэжилдээ дурлах, бие хүн болох төлөвшил суудаг” гэлээ.
Амгаланд байрлах тус үйлдвэрээр сурвалжлахаар зорин очлоо. Тус компани нь хүнд машин механизмын тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэл засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 25 жил болжээ. “Оюундарь эх“ компани нь гурван цехээс бүрддэг бөгөөд 30-аад ажилтантай юм байна. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал н.Батбаяр “Манайх төв компанитайгаа нийлээд 100-аад ажилтантай. Одоогийн байдлаар 20-оод ажилтныхаа орон байрны асуудлыг шийдэж өгсөн. Цаашлаад ажилчдаа байрлуулах дотуур байр барьж байна. Ингэснээр ар гэртээ санаа зовохгүй ая тухтай ажиллах нөхцөл бүрдэх юм. Өмнө нь бид өөрсдөө ажилчдаа сургаж авдаг байсан бол таван жилийн өмнөөс Налайхын сургуультай хамтарч дадлага хийлгэж, үйлдвэрээ танилцуулж, 10 гаруй хүүхэд ажилд авсан” гэлээ.
Энэхүү үйлдвэрт Политехникийн коллежийн төгсөгч Т.Цогтсайхан токарьчиний мэргэжлээр ажилд ороод дөрвөн жил болжээ. Тэрбээр 2018 онд ОХУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах “World skill” мэргэжлийн ур чадварын тэмцээнд механик токарьчиний мэргэжлээрээ оролцож багаараа алтан медаль авч байсан түүхтэй. Тэрбээр “Би ажилдаа хайртай. Энэ мэргэжлээр ажиллахын тулд комьютерын мэдлэг өндөр, тоондоо сайн байх хэрэгтэй. Анхаарал, тооцоолол шаардсан нарийн ажил шүү. Төгсөөд шууд ажлын байртай болсон нь сайхан санагддаг. Цаашлаад ШУТИС-д суралцаж зэрэглэлээ ахиулж инженер болох бодолтой байгаа” гэлээ.
Мөн Политехникийн коллежийн хоёрдугаар курсийн хоёр ч суралцагч тус үйлдвэрт дадлага хийж байлаа. Тэд Өмнөговь аймагт болсон “Монгол ур чадвар” тэмцээнд III, IV байрыг тус тус эзэлжээ. Н.Төгөлдөр “Би багаасаа юм угсрах сонирхолтой байсан. Одоо метал боловсруулах суурь машины оператор мэргэжлээр сурдаг. Нарийн хэмжээстэй, ухаан шаардсан, ур шавхсан ажил болохоор мэргэжилдээ дуртай. Төгсөөд энэ үйлдвэртээ ажиллах хүсэлтэй байгаа” гэлээ.
Өглөөнөөс үд болтол завгүй ажилласан үйлдвэрийн ажилчдын өдрийн амралт эхэлжээ. Ажилчид цайндаа орж хэсэг амрангаа сагс тоглож байлаа. Хашаандаа хүнсний ногоо тариалж хүнсэндээ хэрэглэдэг нь хамт олных нь аж ахуйч, ажилсаг гэдгийг илтгэнэ. Тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын дарга Л.Эрдэнэхүү “Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулиудаар явж үйлдвэрүүдээ танилцуулах, хүүхдийг багаас нь хөдөлмөрт хайртай болгох аян зохион байгуулах хэрэгтэй. Социализмын үе шиг хүүхдүүдийг үйлдвэрүүдээр дадлага хийлгүүлж, ажилтан ангийг бэлтгэх, инженерүүдийг төрүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Манай компанид цахилгаанчин, засварчин, гагнуурчин, метал боловсруулах оператор шаардлагатай байгаа. Зар өгөөд хүмүүс ирэхгүй байна шүү. Хөдөлмөрлөх хүч дутмаг байгаа нь боловсролын тогтолцооны гажуудал гэж үзэж байна” гэв.
Үнэхээр л улс орны хөгжлийг хөсөг тэрэг гэж үзвэл тэр тэрэгнийх нь эрэг шураг, хөдөлгөгч хүч болсон ажилтан, мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэдэг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежуудыг дэмжиж ажиллах нь юу юунас илүү чухал болжээ. Бэлэн халамжид дулдуйдсан цагаан гартай эх орончоос илүү хөдөлмөрийн амтыг мэдэрсэн ажилтан анги улс орныг хөгжүүлдэг юм шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Боловсролын сайд Энх-Амгалан үүнийг унших хэрэгтэй
ХУЦААД БАЙ.НАМ ШДЭЭ.