Энэтхэгийн Карнатака мужийн эрх баригчид хөрш зэргэлдээх Керала мужид аюулт Нипах вирусний халдвар гарсантай холбогдуулан хэд хэдэн бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Энэ долоо хоногт Керала мужид аминд аюултай Нипах вирусний халдварын 11 тохиолдол бүртгэгдсэн. Тэд бүгд энэ вирусний улмаас нас барсан 12 настай хүүгийн хавьтагчид гэнэ. Эмч нар хүүтэй хавьтагч болсон нийт 251 хүнийг үзлэгт оруулсан байна.
Карнатака мужийн эрүүл мэндийн сайд К. Судхакарын мэдэгдснээр, одоогоор тус мужид энэ вирусний халдвар бүртгэгдээгүй. Нипах вирусний халдвар авсан хүнд чичрэгийн шинж тэмдэг илэрч, сэтгэцийн эрүүл мэндэд өөрчлөлт орж, хэт сульдах, толгой өвдөх, амьсгал алдагдах, ханиалгах, бөөлжих, булчин шархирч өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Нипах вирусийг дэлхий дээрх хамгийн аюултай вирусний нэг гэж үздэг бөгөөд энэ вирусний эсрэг эм, вакцин байдаггүй байна. Нас баралтын түвшин 40-75 хувьтай.
Нипах вирусийг анх Малайз улсад 1998 онд бүртгэжээ. Үүнээс хойш энэ вирусний халдварын тохиолдол Азид үе үе гардаг байна. Эл вирусийг Megabat аварга сарьсан багваахай тараадаг байна. Тэд манго, гадил зэрэг жимсээр хооллодог бөгөөд халдвартай шүлс нь эдгээр жимсэнд үлддэг гэнэ. Тиймээс эрх баригчид хазсан эсвэл муудсан жимс идэхгүй байх, газраас авахгүй байхыг анхааруулж байна.
2018 онд Керала мужид Нипах вирусний халдвар дэгдэж, 17 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )