Гэгээ татуулж, үүр хаяараад налгар намрын өнгө тодорно. Навчис шарлан, цэцэгс гандаад, нартай хамт шувууд ч буцна. Хүн ардын хөл татарч, хүүхэд багачуудын дуун холдоод хөдөө нутгийн уудам талд ганц нэг гэр үзэгдэх нь намрын нэгэн өнгө буй за. Үүрээр унасан хяруу өглөөний наранд үзэсгэлэнтэй гялтаганахын хамт үхэр, тугал мөөрөлдөн, шөнөжин хургасан нам гүмийг эвдэн цуурайтна. Тэдгээртэй зэрэгцэн нэгэн бор хөгшин бөхөлзөн, догонцон, саалийн үнээнийхээ хөлд суун босох нь харагдана.
Сааль сүүний үнэр ханхалсан бор даавуун дээлийг хуучирч сэмэрсэн шар дурдангаар даруулан бүсэлж, эрээлжилсэн олон өнгийн цэцгэн хээтэй алчуураар бууралтсан халимаг үсээ ороожээ. Олон жилийн хөдөлмөрт нухлагдан эвэршиж үрчийсэн гараараа үнээний дэлэнг эвлэгхэн шувтрах нь ажилдаа гаршсан байдлыг илтгэнэ. “Өдөр тутмын үнээ мал саах ч яахав дээ, эмээ нь залуудаа эмнэг адууг сургадаг байлаа” гэх нь буцаж яваа цагийг улам тодруулж, сэтгэлд гунигт мэдрэмжийг үүсгэнэ. Эргүүлж болдоггүй он цагийн хүрдэнд орчлон хорвоо эргэнэ. Зун намраар, намар нь өвлөөр солигдоно. Юм бүхэн урсан өнгөрч цаг хугацаа улиран одно. Намрын улирал хүйтнээр наашилна. Гэсэн ч элдэв янзын гоёл чимэггүй, эгэл бор намбалаг эмээгийн энэ төрх сэтгэлийн угт халуун дулаанаар үлдэнэ.
Д.Мягмарзаяа
Сэтгэгдэл ( 1 )
10