Хэт өөдрөг төсөөлөл алдагдлыг өсгөх вий...

2021 оны 09 сарын 16

Төсвийн тухай хуульд заасны дагуу Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирсэн саналуудыг нэгтгэн, ирэх оны төсвийн төслийг эхний байдлаар есдүгээр сарын 15-ны өдөрт багтан Засгийн газарт хүргүүлэх үүрэгтэй байдаг.

 

Энэ дагуу өчигдөр Сангийн яамнаас 2022 оны төсвийн төслийг дагалдах хуулиудын төслүүдийн хамт Засгийн газарт хүргүүллээ. Жишгийн дагуу нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн экспортоос төсөвт төвлөрүүлэх орлогыг өндөр байхаар тооцож тусгаад байна. Тэрдундаа нүүрсний экспортын биет хэмжээг  36.5 сая тонн байхаар 2022 оны төсвийн төсөлд тусгажээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковид болон БНХАУ-ын эрэлтээс хамааран манай нүүрсний экспорт  төсөвт тусгасан тооноос дандаа бууралттай байгааг бид тодорхой харж буй. Түүнчлэн цар тахлын эрсдэл буураагүй, ирэх онд хадгалагдах төлөв өндөр байгаа энэ үед нүүрсний экспортын хэмжээг дахиад л ийнхүү өндрөөр тооцож төсвийн төсөлд тусгаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр мэдээлэл хийхдээ ч уул уурхайн түүхий эдийн экспортод эрсдэлүүд байгааг өөрөө хэлсэн. Гэсэн ч үнийн өсөлттэй байгаа үед  экспортыг тултал хийнэ гэж үзэж ийнхүү өндөр тоо тусгасан аж.

Тэрбээр хэлэхдээ “Нүүрсний экспорт түүхэндээ хамгийн өндөр байсан нь 2019 он байдаг. Энэ жил 30  гаруй сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвт тооцож, тусгасан байсан боловч сая тодотголоор 28 сая тонн болж буурсан. Бодит байдал дээр 16 сая тонн нүүрс л гарахаар байна. Экспорт биднээс шууд шалтгаалахгүй  нөхцөл байдал ирэх онд үргэлжилнэ. Гэхдээ бид 2019 оны хүрч байсан түвшиндээ экспортоо  хийе ээ гэж зорьж, оруулсан. Өөрөөр хэлбэл 36.5 сая тонн нүүрс гаргая гэж тооцсон.

Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Ирэх жил манай гол түүхий эдүүд зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн үнэ бидэнд тохиромжтой байх нь. Энэ алтан боломж, цонх үеийг ашиглаж,  экспортоо тултал хийх ёстой. Үүний төлөө бүх зохион байгуулалтыг хийнэ  гэж харж байгаа. Харамсалтай нь хил нэвтрүүлэх экспортын процесс зөвхөн нэг талаас шалтгаалдаггүй.  Хоёр улсаас шалтгаална. Аль аль талаасаа шинэ горимд зөвшилцөж байж экспорт амжилттай явах учраас үүний төлөө гадаад харилцаа, уул уурхай эрчим хүч тээвэр гээд бүхий л чиглэлд яамдууд хүчин чармайлтаа гарган ажиллаж байж экспорт амжилттай явна. Төмөр замаар гаргадаг  төмрийн хүдэр, зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа. Ирэх оны төсөвт 5-10 хувийн нэмэлттэй төсөвлөлөө” гэв.

Мөн тэрбээр төсвийн алдагдлын талаар тодотгохдоо, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон түүнд заасан Төсвийн тусгай шаардлагуудын дагуу 2022 онд 5.1 хувь, 2023 онд 3.6 хувь, 2024 онд 2.4 хувийн алдагдалтай байхаар, алдагдлыг шат дараатай бууруулахаар тусгасан. Энэ хүрээндээ 2022 оны төсвийн төсөлд алдагдлыг тооцож, тусгасан гэв.

Сануулахад, энэ 2021 оны улсын төсвийн тодотголыг хаврын чуулган хаахаас өмнө хэлэлцэн, батлахдаа төсвийн алдагдлыг  ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлсэн. Тодруулбал, энэ оны төсвийг анх хуульчлан батлахад, алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар  тооцож, баталсан бол тодотголоор 1.5 их наяд төгрөгийн зардал нэмэгдсэнээр, нийт алдагдал 3.6 их наяд төгрөг болсон юм.

Үүнийг сануулахын учир нь манай нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн түүхий эдүүдийн үнэ гадаад зах зээлд боломжийн байгаа ч, цар тахлаас үүдсэн эрсдэлүүд бодитой байна. Түүнчлэн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлчихөөр дагаад зарлагын төсөөлөл өндөр байна гэсэн үг. Орлого төлөвлөснөөс буураад ирэхээр нэгэнтээ төлөвлөсөн зардлуудаа өрөөр шийдэх, төсвийн алдагдлаа өсгөх магадлал өшөө нэмэгдэхээр л дүр зураг харагдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санжаа(124.158.74.49) 2021 оны 09 сарын 17

төсвийг алдагдалтай төлөвлөж өр нэмэх бодлого явуулдаг үе үеийн засгийн газрууд улс эх орноо ирээдүй үеээ л зориуд хорлох бодлого явуулаад байх шиг санагдах юм даа

0  |  0
Top