Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяртай ковидын үеийн цусны нөөц болон вакцины дараах цус цуглуулалт, эмчилгээний сийвэнгийн төслийн талаар ярилцлаа
-Цар тахалтай холбоотойгоор иргэд III тунд хамрагдаад эхэллээ. Вакцинд хамрагдсан иргэд цусаа хэд хоногийн дараа өгөх ёстой вэ?
-Цар тахалтай холбоотойгоор ард иргэд II тундаа бүрэн хамрагдаж, III тундаа файзер вакцин хийж эхэллээ. Олон улсын зөвлөмжийг харахад АНУ-д файзер вакцин хийлгэснээс хойш долоо хоногийн дараа цусаа өгөх боломжтой гэж зөвлөсөн. Манай улсад 14 хоногийн дараа гэж үзэж байна. Учир нь хүн бүрд вакцины дараа хөнгөн урвал илэрч байгаа шүү дээ. Бие зовуурилах, ядрах зэрэг шинж илрээд байгаа учраас 14 хоног гэж заасан. Ер нь, вакцины дараа өгсөн цусны сийвэнгийн бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний эсрэг биетийн агууламж илэрч байгаа учраас идэвхгүй дархлаажуулалтыг дэмжих эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж судлаачид хэлж байна.
-Тэгвэл коронавирусээр өвдсөн хүмүүс хэд хоногийн дараа цусаа өгвөл тохиромжтой вэ. Цусны сийвэнд нь ямар өөрчлөлт ордог юм бол?
-Коронавирус туссан хүн эдгээд нэг сарын дараа цусаа өгч болно. Цусаа өгөх үедээ биеийн байдал нь хэвийн, үргэлжилсэн зовуурьгүй байх ёстой. Жишээ нь, ядрах цуцах зэрэг дээр өгүүлсэн зовуурь илрээгүй бол цусыг нь авах юм. Мөн л адил коронавирусээр өвдөөд эдгэсэн хүний цусны сийвэн идэвхгүй хэлбэрийн дархлаажуулалтад эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа.
-Эмчилгээний сийвэнгийн төсөл танай төвд хэрэгжиж байгаа. Энэ төслөөс ямар үр дүн харж байна вэ?
-Энэ төслийн хүрээнд коронавирусээр өвдөөд эдгэсэн хүний цуснаас нь шинжилгээ аваад эсрэг биетийн хувийг тодорхойлж гаргаж байна. Эсрэг биет өндөр тогтсон хүмүүсийн цуснаас эмчилгээний сийвэн аваад коронавирусний эмнэлзүй хүндэвтэр байгаа өвчтөнүүдэд сийвэн хийхэд эмчилгээний үр дүн сайнаар нөлөөлж байна, хүндэвтэр шатнаас маш хүнд шат руу шилжихгүй байна гэж гарсан. Энэ судалгаа бол олон улсын түвшинд судлагдсан. Манай улсын хувьд Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл аваад ёсзүйн зөвшөөрөл аваад эмчилгээг хийж байгаа. Өөрөөр хэлбэл сийвэн цуглуулж байгаа юм. Хэрэв өвдөөд эдгэсэн хүний биед эсрэг биет бага концентрацитай гарвал өвөрмөц био бэлдмэл гарган авахад ашиглахаар судалгааны ажил явагдаж байна. Энэ нь цаашид гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, нөөцийг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой.
-Олон нийтийн дунд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны хомсдол үүсээд байна гэсэн мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-“Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” аяныг тасралтгүй явуулсны үр дүнд цусны нөөц коронавирусний өмнөх үеэс 24 хувиар нэмэгдсэн. Намар болж хичээл сургууль, ажил төрөл хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотой. Иргэдийн дунд нөөц хомсодсон гэдэг нь хоцрогдсон мэдээлэл шүү. Цар тахал дэгдсэний дараа хөл хорио гэх мэт хүчин зүйлээс болж цусны нөөц дутагдсан үе бий.
-Хамгийн ховор төрлийн цусны нөөцийг ямар байдлаар бүрдүүлж байна вэ?
-Хамгийн ховор буюу IV бүлгийн цустай хүн нийт хүн амын долоон хувьд л байдаг. Энэ бүлгийн цуснаас ялтаст эсийг ялгаруулж аваад нөөц бүрдүүлдэг. Ялтаст эс гэдэг нь донороос аваад 3-5 хоног хадгалдаг бөгөөд эмнэлгүүдийн захиалгын дагуу цуглуулж өгдөг. Бид IV бүлгийн цустай доноруудаа дуудаж авдаг учраас хугацаа ордог. Үүнээс болж ард иргэд цусны нөөц хомс байна гэж өрөөсгөл ойлгоод байх шиг. Ялтаст эс нь цус бүлэгнэлтийн эмгэгтэй хүмүүст амин чухал шаардлагатай байдаг. Сүүлийн жилүүдэд хэрэглээ нь маш их нэмэгдэж байгаа бүтээгдэхүүн. Нэг донороос 4-6 нэгж ялтаст эс авбал мөн тооны донороос цус авсантай ижил үр дүнтэй бөгөөд нэг өвчтөнд 4-6 хүний бус нэг л хүний цусан бүтээгдэхүүн хэрэглэх нь эмчилгээний өндөр ач холбогдолтой юм л даа. Сийвэнгийн бүтээгдэхүүн зургаан сарын нөөц бий. Сийвэнг 5-10 жил хадгалдаг. Манайх зориулалтын хөргөгч, хөлдөөгчийн тоог нэмэгдүүлснээр цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 85 хувиар өссөн. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг түргэн хөлдөөгчийн тусламжтайгаар 15-хан минутад маш хурдан хөлдөөх учир бүтээгдэхүүн чанараа алдахгүй, шинэхэн хэвээр хадгалагдах нөхцөл бүрдсэн. Сийвэнг -70 хэмд хадгалах горимтой бөгөөд чанарыг алдуулахгүйгээр хадгалах хамгийн орчин үеийн хөргөгч, хөлдөөгчүүдийг төслийн санхүүжилтээр нийлүүлсэн. Хөлдөөсөн сийвэнг эмчилгээнд хэрэглэх захиалга ирвэл бүтээгдэхүүнийг технологийн дагуу богино хугацаанд гэсгээх төхөөрөмж ашиглан гэсгээж, эмчилгээнд хэрэглэхэд бэлэн болгодог.
-Цусаа өгөхөөр ирж буй хүмүүс наад захын ямар ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ?
-Өдөрт 100-120 донороос цус цуглуулж байж эмнэлгүүдийн хэрэглээг хангадаг. Иргэдэд манай төвийн үүд хаалга үргэлж нээлттэй. Таныг юун түрүүнд бүртгэж мэргэжлийн эмчид үзүүлж эрүүл мэндийн байдлыг хянана. Эмч эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж хариулсан байдалд дүгнэлт хийгээд шинжилгээний хариун дээр үндэслэж донороос цус, эс, сийвэнгийн алиныг, ямар хэмжээгээр авахыг шийддэг дээ. Цус өгөхийн өмнө архи согтууруурах ундаа, чихэрлэг зүйл, шарсан хуурсан тостой хоол хэрэглээгүй байх, нойр сайн авсан байх гээд шаардлагууд бий. Тэрийг асуумжин дээр бөглүүлдэг. Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд, жилд 4-6 удаа цусаа өгөх боломжтой. Шинжилгээгээр В, С гепатит, ДОХ, тэмбүүгийн шинжилгээг бүрэн хийдэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ашгүйдээ. Польшт энэ аргаар эмчлээд их хурдан үр дүн гарч байна гэсэн. Өвдөөд 10 хоног дотор үр дүн нь сайн гардаг гэсэн шүү.