"Зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Иргэд койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа эрсдэлээ бүрэн дүүрэн тооцох хэрэгтэй” гэсэн албан ёсны байр суурийг санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас илэрхийлсээр байгаатай зэрэгцэн энэ долоо хоногт IHC койны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн.
Уг койны анхдагч зах зээлийн арилжаагаар биржүүд ачааллаа даахгүй байсан.
Тэгвэл уг койныг гаргаж буй "Их Бит" ХХК- ийн үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхжин энэ талаар хэлэхдээ "IHC токены анxдагч заxиалга нээгдэx үеэр Монголын бүx крипто биржүүд гаднын xалдлагад өртсөн бөгөөд, нийт 28 сая удаагийн зэрэг xандалт, "DDOS Attack" ирсэн. Бүx биржүүд тус xалдлагуудаас өөрсдийгөө амжилттай xамгаалж чадсан бөгөөд, аюулгүй байдлын шинэчлэлүүдийг xийж, илүү сайжруулсан" гэсэн байна.
IHC токены xоёрдагч заx зээлийн арилжаа нээгдээд эxний 24 цагт Coinhub, DAX, Trademn биржүүд дээр, нийт 50 тэрбум токен арилжаанд солилцогдож, нэгж токен 2 төгрөгийн дунджаар бодвол 100 тэрбум шаxам төгрөгийн арилжаа xийгдсэн байна гэв.
Тэдний зүгээс ийм мэдээлэл өгч буй ч санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас сэрэмжлүүлсэн мэдээллийг өгсөөр байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ:
Криптовалют, койнууд нь ямар нэг бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт биш гэдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, алт шиг байгалийн шинж чанараараа дотоод үнэ цэнэтэй зүйл биш шүү дээ. Түүнчлэн, ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй. Хоёрт, хуулийн зохицуулалтгүй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журамгүй гэдгээрээ албан ёсны мөнгөн тэмдэгт эсвэл хувьцаа, бонд зэрэг зохицуулалттай хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдээс ихээхэн ялгаатай. Өөрөөр хэлбэл, мэдээлэл багатай, зах зээлд нөлөөлөх чадваргүй жижиг хөрөнгө оруулагч нар золиос болох эрсдэл маш өндөр, үүнээс сэргийлэх хамгаалалтгүй юм. Хэдийгээр өндөр өгөөж амлаж болох ч, дийлэнх хөрөнгө оруулагчдын хувьд өндөр эрсдэл л биеллээ олно гэсэн үг" гэхчлэн байр сууриа илэрхийлсэн.
Мөн Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлэхдээ:
Ард иргэд сүүлийн үед гарч буй койнуудад их хэмжээний хөрөнгө оруулж, худалдан авч байна. Монголбанк энэ тал дээр байнгын анхааруулга гаргаж байгаа. Иргэд эдгээр койнууд болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс Монголбанк зах зээл дээр зохицуулалтгүй байгаа шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцохыг зөвлөж байна. Хэн нэгэн хүн 100 төгрөгөөр койн авлаа гэж бодъё, тэр хүн өөр нэг хүнд 150 төгрөгөөр зарж байж л ашиг олно, авсан хүн нь дараагийхаа хүнд 200 төгрөгөөр гэх мэт. Тэгэхээр энэ процесс хэзээ нэгэн цагт дуусна л гэсэн үг" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан койн, токений талаар дараах байр суурийг илэрхийлсэн.
"Олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалют, койны төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм. Тодруулбал, виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон санхүүгийн хэрэгсэлд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол нөгөө талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд цахим мөнгөнд хамаарахгүй бөгөөд албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш юм.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй, энэ хэмжээгээрээ эрсдэл өндөртэй гэдгийг олон нийтэд удаа дараа сэрэмжлүүлж, анхааруулсан. 2021оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, олон нийтэд зориулж нийтдээ 14 удаагийн зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлэг гаргасан. Гэсэн ч зарим иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох сэдлийг ашиглаж залилан, луйврын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байх эрсдэлтэй тул хүн бүр хөрөнгө оруулах шийдвэрээ сайтар тооцоолж, анхаарал болгоомжтой хандах шаардлагатай.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүн бөгөөд уг байгууллагатай мэдээлэл байнга солилцож, гаргасан анхааруулга, хийж хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, мэдээ мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллаж байна.
Виртуал хөрөнгийн хувьд зохицуулалтгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ тул эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө хүлээх юм. Койн, криптовалют гаргасан этгээд дампуурах, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд ямар нэгэн албан ёсны баталгаа гаргаагүй бол Та оруулсан хөрөнгөө алдана л гэсэн үг. Харин хувьцаа, бонд зэрэг нь хууль, эрх зүйн орчны хүрээнд зохицуулалттай буюу гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны хохирогч болсон тохиолдолд авах арга хэмжээ болон хаана хандаж шийдвэрлүүлэх, татан буулгах, төлбөрийн дараалал тогтоох, хэн хэрхэн хариуцах зэрэг харилцаа тодорхой байдгаараа ялгаатай.
Түүнчлэн “Памп энд Дамп” буюу өөрөөр хэлбэл үнийг зохиомлоор хөөрөгдүүлэн өсгөж, санаатайгаар унагаах схем нь олон улсад виртуал хөрөнгө, криптовалют дээр ихэвчлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү санхүүгийн луйврын хэлбэр нь хүмүүсийн хурдан баяжих сэтгэлгээнд суурилан богино хугацаанд өндөр ашиг амладаг. Ийнхүү иргэд өндөр ашиг хүртэх итгэлтэйгээр өөрийн мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулснаар алдах нь элбэг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэл болох хувьцаа, бондтой огт адилгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй учир үнийн савалгаа ихтэй байдаг. Биткойны өндөр савалгаанаас үүдэн их хэмжээний мөнгөө богино хугацаанд алдсан бодит кейсүүд маш олон. Үүнээс гадна, виртуал хөрөнгө нь бодит хөрөнгөөр баталгаажаагүй, ямар нэгэн бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Иймээс Та хөрөнгө оруулалтын шийдвэрээ ухаалгаар гаргаж, боломжтой бүхий л эрсдэлийг тооцож үзэх нь зүйтэй гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
залилангиинхаа эхийг /суурь/ тавьж байна.хамаг юмыг чинь хамж авсаны дараа гадны халдлаганд өртсөн гээд сууж байхаа хэлээд байгаа юм шүүдээ???!!!
Үхэр монголчууд хоосон зүйлд итгэдэг. Бодит жишээ нь коммунист МАН д итгэж сонгосон малнууд. Койнд итгэж хөрөнгө оруулж байгаа үхэрнүүд.