Өсвөрийн парламентаас үлдэх өв

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Манай орон хэдийгээр Ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байгаа ч төр нь иргэнээсээ дэндүү хол хэвээр л байна.

Өнөөдөр амьдрах орчны нөхцөл, хүний эрхээ хангуулах байтугай эрүүл мэнд, амьд явах эрхээ зөрчүүлж байгаа хүн хэрхэн өөрийгөө хамгаалахаа ч мэддэггүй. Өөрийнхөө эрхийн төлөө наад зах нь хэнд өргөдөл бичих талаар ойлголтгүй нь үнэн шүү дээ. Дэмий л “Төр засаг гэж нэг дампуу юм байна. Бид туйлдлаа” гэж гэр орондоо бухимддаг. Уг нь бол асуудлаа шийдүүлэх зохих шат дамжлагаар нь яваад, шийдэгдэхгүй бол өөр шигээ байдалд орсон хүмүүсийг олж, зохион байгуулалтад орж үр дүнд хүрэх арга эрх зүйн хувьд бий. Иргэд ингээд сурчихвал бүгдийг дээрээс зохицуулдаг тогтолцоо ч аажмаар эрүүлжиж, өнөө хүсээд байгаа энх тунх нийгмийнхээ зах зухад бага багаар хүрэх юм.

Тэгвэл бид хэзээнээс ингэж нийгмийн мэдэгдэхүүний хувьд хоцрогдсон бэ гэдгийн хариуг их холоос хайж таараад байна. Чухамдаа монголчууд Манжийн талхинд 300 жил болохдоо хязгаарын нөөц газар, цэргийн раойн маягийн зохион байгуулалттай явж иржээ. Монголын өргөн уудам нутаг орчин цагийн боловсролын хэлтэрхий ч тусаагүй “хөмөрсөн тогоо” лугаа байв. Засаг ноёд чуулахаараа хошуу дамжуулж мал хөөгөөд байгаа хэдэн “сайн эрс”-тэй хэрхэн тэмцэх тухай тулга тойрсон сэдэв хөнддөг байж. Залгаад Зөвлөлт Холбоот Улсын дагуул боллоо. Тухайн цагтаа Хятад, Орос хоёр шууд нүүрэлдэхээс сэргийлсэн тоглоомын улс хэлбэртэй байв. Ийм ч болохоор оросууд бидэнд мэдлэг суулгахаас илүүтэй ямагт өмнөөс нь асуудлыг шийдвэрлэх дээрэнгүй бодлого баримтална. Тэд Монголд төр байгуулсан гэхээсээ илүү мал, мах нийлүүлдэг бүс нутгаа болгосон гэвэл илүү тохирно. Монгол Улсын 336 сум өөрсдийн малыг Улаанбаатарт төвлөрүүлж Сэлэнгийн боомтоор хойш нь гаргах ёстой байлаа. Тэр малчны хотноос сансарт ниссэн зэрэг бол зүгээр шоу. Чамлаад хэлбэл, бид оросуудаас орны цагаан хэрэгсэл, халбага сэрээтэй л үлдэж.

Гэтэл өнөөдөр Азийн бар, арслан гэгдээд байгаа Сингапур, Хонконг, Солонгосыг өөрийн цаг хугацаандаа дарангуйлж эрхшээл­дээ байлгасан гэх Их Британи, Америк, Японы тэдэнд үлдээсэн өв үнэхээр их. Тэд удирдлагадаа байсан улс, хотуудыг хөгжүүлж, өөрсдийн ажил хэргийн ноу хауг хуваалцсан юм. Эдийн засаг, хууль, олон улсын хэлэлцээр, гадаад хэлний мэдлэг туршлагатай газрын иргэд эзэгнэн дарангуйлж байсан хүчээсээ салаад улам ч цэцэглэн хөгжсөнийг өнөөдөр бид харж байна. Харин монголчууд өдгөө “Тоёота” машин унаж, ухаалаг гар утас барьсан боловч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадахгүй байгаа нь чухам Орос, Хятадын хүний хөгжлийн үр өгөөж муутай нөлөөнд хэдэн зуун жил орхигдсонтой холбоотой. Ялангуяа төрийн залгамж, үндэст­ний үнэт зүйл, амьдралын утга учрын хувьд маш их хохирсон. Ийм болохоор хөгжиж урагшилья гэвэл шинэ цагийн юмны наад цаад утга учрыг ойлгодог иргэдтэй болох хэрэгтэй.

Саяхан даа, УИХ-ын дарга Г.Занданшатар “Өсвөрийн парла­менттай болно” гэж хэлээд баахан гоочлуулав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ч УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргын хувиар энэ санаачлагыг ажил хэрэг болгох гэж чармайсныхаа төлөө энд тэнд элдвээр хэлүүлээд эхэлсэн байна лээ. Уг нь бол хүүхдүүдэд төрийн байгуулалтын үйл ажиллагааны тухай мэдлэг олгох ийм хөтөлбөр АНУ, Европын орнуудаас эхлээд Азийн өндөр хөгжилтэй орнуудад байж л байдаг. Харин манай олонх иргэдэд парламент гэдэг үг нь улстөрждөг газар гэсэн утгаар ойлгогддог. Яг энэ өнцгөөс хараад “Хүүхдүүдийг багаас нь өөрсөд шигээ улс төрөөр хордуулах гэлээ” гэсэн шүүмж өрнөөд байгаа хэрэг. Бас яг чухам ийм учраас л иргэдээ багаас нь төрийн байгуулалтын талаар тодорхой мэдлэг олгох хөтөлбөр хэрэгтэй байгаа юм. Ер нь тэгээд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтраад хүүхдүүдийг улстөржүүлнэ гэдэг бол итгэхэд инээдэмтэй л дээ.

Нэгдүгээрт, парламент нь хууль тогтоох дээд байгууллага. Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, төсвийг нь баталж өгдөг бүр өөрийн байнгын хороогоор өргө­дөл гомдол хүлээж авдаг гэх мэт үүрэгтэй. Адаглаад эдгээр эрх үүргийг нь мэддэг иргэдээ багаас нь төлөвшүүлэх шаардлага үүсэж байгаа биз. Дагаад сонгууль гэж юу юм бэ. Ямар шатны сонгуульд өрсөлдөж байгаа хүн цаад ажил төрөл дээрээ очихдоо юу хийх учиртайг ч тайлбарлаж өгөх ёстой. Өнөөдөр УИХ-д нэр дэвшиж байгаа хүний сурталчилгааны уулзалт дээр ёстой холион бантан болж байгаа харагддаг. Хууль гаргахаас гадна худаг ус гаргах, бэлэг сэлт өгөх тухай амлалт өгөх юм билээ. Бараг л бурхан сонгох хэмжээний юм болно. Ийнхүү сонгуулийн талаар мэдлэг муутайгаас өөрсдийн хүсэж байсан төрийг байгуулж чадалгүй хоцорсон иргэд эргээд өнөө сонгосон депутатаа “Нэг муу ченж явсан хулхи амьтан” гээд хараагаад үлдэх болдог.

Гэтэл аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрууд өнөө аж ахуйн шинжтэй ажлуудтай ноцолдох учиртай. Тэгэхээр “Өсвөрийн парламент” гээчийн зорилго нь чухамдаа парламентаас эхлээд төрийн бүх шатанд ямар хэлбэрээр ажил урагшилдаг талаар хүүхдүүдэд ойлголт өгөх гэсэн ажил аж. Ингэх­дээ сургалтыг танхимын уйтгартай лекцээр биш, өөрсдийг нь дүрд оруулан хэлэлцүүлэх илүү хялбар аргаар мэдэгдэхүүн суулгах гээд байна л даа. Ийм төрлийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд өөрсдийн мэдлэгээ үеийнхэнтэйгээ хуваалцах замаар аливаад бодитоор ханддаг, төрийн байгууллагатай хамтраад гарц шийдэл олж чаддаг нэг бүтэн үе бий болох учиртай.

Гадаадын орнуудад хэдийн хэвшин тогтсон ийм ажил тодорхой үр дүнгээ өгсөн байдаг байна. АНУ-ын сенатын гишүүд бол долоо хоног бүрийн нэг өдөрт хүүхдүүдийг хүлээн авч өөрийн ажлаа танилцуулдаг гэж байгаа. Сургуулиуд ч зохион байгуулалтад орж энэ арга хэмжээнд оролцдог. Энэ ганцхан мэдээлэл олгох гэсэн үйл явц биш. Хүүхдүүдэд төрийн ажил тэртээ холын зүйл биш, олон нийтийн төлөө ажиллах боломж бий гэдэг урам зориг өгөхтэй ч холбогдоод явчихна. Үүний тулд “Өсвөрийн парламент” санаачилга яваад байгаа юм билээ. Гэнэт өнөөдөр ч ярьж байгаа зүйл биш. Хэдэн жилийн өмнөөс жижиг оролдлогууд нь эхэлчихсэн. Одоо харин УИХ, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран анхааралдаа авч идэвхжүүлэхээр шийдсэн юм байна. Эхэндээ янз бүрийн л алдаа дутагдалтай байх биз. Гэвч хожмоо ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж хэвшсэнээрээ олох ашиг нь асар их билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top