Цахим ертөнцөөр дамжуулж хөгжих боломжийг өдгөө бид хүссэн хүсээгүй ашиглах ёстой цаг үе тулгарч байна. Гагцхүү энэ боломжийг хэр бодитой ашиглаж, хэрэгжүүлж байгаа нь өдгөө боловсролын салбарын чухал асуудлын нэг болжээ. Цаг үеийн энэхүү хэрэгцээ шаардлагад сургалтын арга хэлбэрийг нийцүүлэх, сурагчдад дэмжлэг болох зорилгоор УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 2000 орчим сурагчийг хамруулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан эрчимжүүлсэн сургалтыг санаачлан гурван сарын хугацаанд цахимаар зохион байгуулжээ. Ингээд “Үндэсний ном, бичиг, соёлын өдөр”-ийг тохиолдуулан “ЭЕШ-2021” сургалтад идэвхтэй хамрагдаж, шалгалтдаа амжилт гаргасан төгсөгчдийнхөө төлөөллийг хүлээн авч баяр хүргэн, нөтэбүүк, таблет болон сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр шагнаж урамшуулжээ.
Түүнчэн тэрбээр дүүргийнхээ ЕБС-иудад сургалтын цахим системийг нэвтрүүлж, СҮХБААТАР ДҮҮРГИЙГ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ЖИШИГ ДҮҮРЭГ болгохоор зорин ажиллаж байгаа аж. Ингээд УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэгтэй боловсролын салбарын цахим шилжилт, төгсөх ангийн сурагчдад зориулсан цахим сургалтын үр дүнгийн талаар ярилцлаа.
-Боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай хийж чадвал боловсрол тэгш, хүртээмжтэй байх боломж бүрдэнэ-
-Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-ын эрчимжүүлсэн сургалтын хэдий хугацаанд зохион байгуулсан бэ. Санаачлагчийн хувьд сургалтын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Дэлхий нийтээр дэгдсэн Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр хичээлийн жилд сурагчид маань цахимаар хичээллэлээ. Үүний улмаас багш, сурагчдад ихээхэн асуудал бэрхшээл үүсч, боловсролын систем бүхэлдээ томоохон сорилтод ороод байна. Ялангуяа төгсөх ангийн сурагчдын хувьд их эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байсан л даа. Тэд өнгөрсөн жил 11 дүгээр ангид байхдаа хоёр улирал, 12 дугаар ангид ороод бүтэн гурван улирал цахимаар хичээллээд ЭЕШ-аа өглөө. Амьдралынхаа хамгийн хариуцлагатай сонголтын үед олон хүчин зүйлээс хамааралтайгаар сургалтынхаа агуулгыг бүрэн дүүрэн үзэж, ойлгосон уу гэвэл мэдээж эргэлзээтэй. Өнгөрсөн намар, өвөл УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны гишүүд бид боловсролын салбарын цогц шинэчлэлийн асуудлаар багш нар, судлаачид, мэргэжилтнүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон хэд хэдэн удаагийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр багш нар боловсролын салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх, боловсролын тэгш бус байдлыг арилгахын тулд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг онцлон хэлж байсан.
Цахим шилжилтийг амжилттай хийж чадвал боловсрол тэгш, хүртээмжтэй байх боломж бүрдэнэ. Эс чадвал цахим шилжилт нь “цахим хуваагдал” гэгчийг бий болгож нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Тийм учраас хүүхэд бүрт оршин суугаа газар, эцэг эхийн орлогын байдлаас үл хамааран чанартай боловсролыг төрөөс олгох ёстой. Үүнд цахим сургалт онцгой үүрэг гүйцэтгэх учраас Сүхбаатар дүүргийнхээ төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдад зориулж, ЭЕШ-д бэлтгэх сургалтыг санаачлан EAST Education Academy-тай хамран гурван сар гаруйн хугацаанд үнэ төлбөргүй зохион байгуулсан.
-Нийт 2000 орчим сурагчийг хамруулсан гэсэн. Нэгэн зэрэг ийм олон сурагчийг хамруулсан цахим сургалт зохион байгуулахад хүндрэлтэй зүйлүүд нь юу байв?
-Мэдээж тийм амар байгаагүй. Гэхдээ бид зорьсондоо хүрч, нэг ч гэсэн сурагчид ахиц өгөхийг хичээсэн. Энэ жилийн ЭЕШ-д Сүхбаатар дүүргийн хэмжээнд 36 хүүхэд 800 оноо авсан, дундаж үзүүлэлт ч боломжийн байсан нь багш, сурагчид төдийгүй сургалтыг санаачлан зохион байгуулсан багийнханд маань урам өглөө. Багш, сурагчдын зүгээс “Үнэхээр ойлгомжтой зааж байна. Маш төвөгтэй агуулгыг хүртэл амархан ойлгохоор зааж байгаа болохоор сурагчид гэлтгүй багш нар ч заах арга барилаас нь суралцаж байна” гэсэн сэтгэгдэл ирж байснаас харахад чанартай сургалт хийнэ гэсэн эхний үр дүндээ хүрсэн болов уу гэж бодож байна.
Тэр ч утгаараа “Үндэсний ном, бичиг, соёлын өдөр”-ийг тохиолдуулан “ЭЕШ-2021” цахим сургалтад идэвхтэй оролцож, ЭЕШ-даа хамгийн өндөр оноо авсан төгсөгчдийнхөө төлөөллийг хүлээн авч, урамшууллаа. Тэд сургалтын үр дүнг нэлээд өндрөөр үнэлж, сургалтад хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдүүдийн хооронд ЭЕШ-ын онооны ялгаа нэлээд байсныг хэлж байсан.
-Сургалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангасан бэ?
-Бид өнгөрсөн намраас бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Сургалтад шаардлагатай смарт самбар болон видео хичээлээ бичиж архивлах, тестүүдээ боловсруулах, цахим сургалтын систем хөгжүүлэлт гээд нэлээд бэлтгэл ажил шаардсан. Энэ бүгдийг мэргэжлийн байгууллагуудаар нь хийж гүйцэтгүүлсэн. Энэ төслийн ард нийтдээ 20 гаруй хүн 3 сарын хугацаанд ажилласан даа. Ингээд сургалтаа 2021 оны гуравдугаар сараас зургадугаар сарын 25 хүртэл явуулсан. Энэ жил Ковид-19 цар тахлын улмаас долоодугаар сард явагдах байсан ЭЕШ хойшлогдож наймдугаар сарын 19-22-нд болсон тул сургалтад хамрагдсан сурагчдынхаа үзсэн хичээлийг шалгалтын өмнө сэргээх үүднээс дахин давтлагад хамруулсан.
-Багш нараа хэрхэн сонгов?
-Энэ жилийн тухайд математик, англи хэл, нийгмийн ухаан гэсэн гурван хичээлээр нийт 140 цагийн хичээлийг цахимаар явуулсан. Математикийн хичээлийг Улсын олимпиадын 4 удаагийн аварга, Нийслэлийн Ур чадварын олимпиадын аварга, “Шинэ үе” сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Зөвлөх багш Н.Дайвий-Од, Нийгмийн ухааны хичээлийг Улс, хотын олимпиадын алт, мөнгө, хүрэл медальт, “History and Social studies” олимпиадын аварга, “Шинэ Монгол” сургуулийн нийгэм судлалын багш Б.Булган-Эрдэнэ, англи хэлийг Нийслэлийн Ур чадварын олимпиадын аварга “Шинэ Үе” сургуулийн багш Ч.Нарангэрэл нар удирдан явуулсан. Сургалтын хүрээнд математик 12 бүлэг 60 цаг, англи хэл 40 цаг, нийгмийн ухаан 6 бүлэг 40 цагийн хичээлийг цахимаар явуулаад байна. Сурагчид маань хичээл бүрийнхээ дараа дунд болон ахисан шатны сорил өгч, агуулгаа баталгаажуулж, эргэх холбоотой ажилласан.
-Хичээл бүрийнхээ араас хоёр шатны сорил өгч байсан гэлээ. Тэгэхээр энэ олон хүүхдийн сорилын хариу болон эргэх холбоог хэрхэн, яаж шийдсэн бэ. Ер нь хараад байхад ихэнх цахим сургалтуудын тухайд хичээлүүдээ фэйсбүүк группт байршуулах ч юм уу эсвэл систем рүү нэвтрэх код өгөөд орхидог юм билээ. Өөрөөр хэлбэл, тухайн хичээлийг нь сурагч Бат үзэж байна уу, үзэхгүй байна уу гэдэг нь огт хамаагүй юм шиг харагддаг?
-Өмнө нь хүүхдүүд шалгалт өгөөд багшдаа дэвтрээ хураалгаад, багш нь засаад хэд хоногийн дараа өгдөг байлаа шүү дээ. Одоо бол цаг үе хурдтай байхыг шаардаж байна. Тиймээс үүнд нийцэх хэлбэрийг цахим хичээлдээ оруулсан. Сурагчид маань видео хичээлүүдээ хуваарийн дагуу үзсэн. Хичээл бүрийнхээ араас тухайн хичээлтэй холбоотой бататгах сорилоо хийгээд систем рүү илгээмэгц тэр даруйдаа хариу нь гарахын сацуу хариултынх нь бүх хувилбарын утгыг тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл, сурагчид алдсан зүйлээ мэдээд явна гэсэн үг. Түүнчлэн онлайн хичээлийг давтаж үзэхэд ямар хурдаар үзэх вэ гэдгийг нь хүртэл нэмэлтээр хийж өгсөн. Хүүхдүүдээс энэ мэт маш нарийн хүсэлтүүд их ирдэг юм билээ /инээв/. Видео хичээлийнхээ агуулгаас эхлээд харагдах байдал гээд бүхий л талд дээр нь анхаарал хандуулсан.
-Онлайнаар хичээлээ заагаад орхихгүй тогтмол тестээр шалгаад явдаг зарчим нь их давуу талтай санагдлаа. Харин сурагчдынхаа оролцоог хэрхэн хангаж байв?
-Сургалтыг заавал үр дүнгээр хэмжих ёстой. Тиймээс сургалт эхлэхээс өмнө уг сургалтыг зохион байгуулж байгаа EAST Education academy-ын багш нар сургалтад хамрагдаж байгаа нийт сурагчдаасаа математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлүүдээр гарааны сорил авсан. Ингээд хичээл тус бүр дээр сурагчдаа дунд болон ахисан шат гээд хоёр бүлэгт хуваасан байгаа. Өөрөөр хэлбэл, сургууль тус бүр дээр 3 хичээлээрээ 6 анги үүсгэсэн. Ингээд аль сургуулийн хүүхдүүд хэдэн хувьтай оролцож байна, хичээлүүд дээрх дундаж оноо ямар байна вэ гэдгийг өдөр бүр сургууль, анги, хүүхэд тус бүр дээр тодорхой гаргаж явсан. Манай төсөл ер нь унтдаггүй төсөл гэдгээрээ алдартай байлаа шүү дээ. (инээв) Сурагчид маань өглөө 06 цагаас эхлээд шөнийн 01 цаг хүртэл багш нартайгаа холбогдож, лавлах зүйлүүдээ бичиж, нягталж байсан. Сургалтад хамрагдаж байгаа сурагчид маань ЭЕШ-д хүссэн оноо авахад нь туслах гэдэг зорилго нь тодорхой байгаа учраас манай төслийн багийнхан энэ бүх хугацаанд зангидсан гар шиг зүтгэсэн. Би ч тэднээс үр дүн нэхэж байсан учир зарим тохиолдолд багш нарын үндсэн ажил дээр нь ачаалал нэмж байгаа зэрэг асуудлууд мэр сэр гарсан. Гэхдээ багш нар маань ч тэр, төслийн багийнхан ч тэр сурагчдаа ЭЕШ-д нь амжилттай оролцуулах гэсэн нэг л зорилгын төлөө дор бүрнээ хичээсэн гэж бодож байна.
-Технологийн давуу талуудыг сайн ашиглаж байгаа нь таны ярианаас харагдлаа. Таныг Сүхбаатар дүүргийнхээ ЕБС-иудад цахим систем нэвтрүүлж байгаа гэж байсан. Энэ нь ЭЕШ-ын сургалт явуулахад ихээхэн дөхөм байсан болов уу?
-2000 хэрэглэгч нэгэн зэрэг шалгалт өгөх гээд ороход support хийх сервер Монголд цөөн байдаг юм билээ. Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээлэл технологийн төвд л бий. Энгийн хэрэглэгчийн серверүүд бол хүн чадал багатай. Энэ асуудлыг шийдэхийн тулд төсөл хэрэгжүүлэгч EAST Education академи “Google” компанитай нягт холбоотой ажилласан. Манай Ажлын албаныхан өнгөрсөн оны намар Сүхбаатар дүүргийнхээ сургуулиудад судалгаа хийж, нөхцөл байдалтай нь танилцаад энэ оны нэгдүгээр сараас эхлэн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг цахимжуулах буюу Google-ийн сургалтын бүх системийг нэвтрүүлээд байна. Хувийн хэвшлийн зарим сургуулиудад хэрэгжээд эхэлсэн ажил л даа. Өөрөөр хэлбэл боломж нь хэдийнээ бүрдчихсэн зүйлийг өргөн хүрээнд, цогц байдлаар Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад хэрэгжүүлж, БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ЖИШИГ ДҮҮРЭГ болгохоор зорин ажиллаж байна.
-Одоогоор хэчнээн сургуулийг цахимд холбоод байна вэ?
-Манай Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 24 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Зарим хувийн сургуулиуд маань өөрсдийн гэсэн сургалтын цахим системтэй. Бид сургуулиудиас ирсэн хүсэлтийн дагуу дүүргийнхээ 17 сургуульд Google-ийн сургалтын цахим системийг нэвтрүүлсэн. Мөн багш нарт энэ программ дээр ажиллах сургалтуудыг нь шат дараатайгаар ороод явж байна.
Ингэснээр багшийн ажлын ачааллыг багасгаж, сургалтыг ил тод, нээлттэй явуулахад дөхөм болж байгаа юм. Цахим системгүй сургуулиудын хувьд сурагчид теле хичээлээ үзээд гэрийн даалгавраа фэйсбүүк групптээ байршуулах ч юм уу, багшийнхаа хувь чат руу явуулж хянуулдаг байсан. Одоо энэ байдал арилж, Google Classroom дээр бүх хичээлүүд нь тавигдаад багш, сурагч, эцэг эхчүүдэд нээлттэй байдлаар явж байна.
-Сүүлийн хоёр хичээлийн жил цар тахлаас үүдэн цахимаар хичээллэж байгаа. Цахимаар хичээллэхэд үед багш, сурагчдад тулгарч байгаа гол бэрхшээл нь юу байна вэ?
-Танхимын хичээл цахимаар явагдаж эхэлснээс хойш багш нарын ажлын ачаалал ердийн үеэсээ 2-3 дахин нэмэгдсэн. Цахим хичээлээ бэлдэх, даалгавар шалгах, сурагч нэр бүртэй хүрч ажиллах гээд маш их ачаалалтай байгаа. Сурагчдын хувьд ч гэсэн нэлээд бэрхшээлүүдтэй тулгарч байна. Ялангуяа алслагдсан тойргийн зарим хүүхдүүдийн хувьд компьютер, ухаалаг гар утас, интернэтгүйгээс цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл цахим сургалт нь орлогын ялгаатай байдлаас хамааран тэгш бус байдлыг бий болгож байна. Тийм учраас бид энэ байдлыг арилгахын тулд судалгаа шинжилгээ хийж, холбогдох газруудтай хамтран шийдвэрлэхийг оролдож ирлээ. Тухайлбал, бидний хийсэн судалгаагаар багш, сурагчдын хувьд интернэтийн эрх буюу дата хэрэглээ тулгамдсан асуудлуудын нэгд зүй ёсоор орж байсан. Нэг багш сарын дата хэрэглээндээ 20,000-30,000₮ зарцуулдаг бол сурагчид 6 цагийн хичээлд цахимаар оролцоход 3000-4000₮ зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Тиймээс энэ асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд миний бие үүрэн телефоны компаниуд руу албан хүсэлт хүргүүлж, хямд үнээр боловсролд зориулсан дата багц гаргаж өгөх хүссэн. Энэ хүсэлтийг Мобиком корпорацийнхан маш шуурхай хүлээн авч, хөнгөлөлттэй үнээр боловсролд зориулсан дата багцыг худалдаанд гаргасанд маш их баярлаж байна. Тодруулбал, уг дата багцыг 4000₮-р худалдаж аваад 30 хоногийн турш цахим хичээлээ явуулж, сургалтдаа хамрагдах бүрэн боломжтой болсон.
-СБД хэдийгээр төвийн дүүрэг ч гэлээ хамрагдаж байгаа сургуулийн хүүхдүүдийн хувьд боловсролын чанарын ялгаа хэр байна вэ?
-Сургулуиудын байршлаас шалтгаалаад сургалтын орчин, тоног төхөөрөмж болон өөр бусад хүчин зүйлээс хамааралтайгаар сурагчдын суурь мэдлэг, сурлагын ялгаа, гүйцэтгэлийн түвшин харилцан адилгүй байгаа нь гарааны сорил болон хичээл бүрийн дараа өгч байгаа сорилуудын дүн мэдээнээс харагдаж байна лээ. Жишээ нь, хотын төвийн буюу амжиргааны түвшин харьцангуй боломжтой айлын хүүхэд агуулгын хоцрогдлоо төлбөртэй сургалтаар нөхөж байхад хотын захын сургуулийн зарим хүүхдэд тийм боломж хязгаарлагдмал байгаа. Тиймээс энэ ялгааг арилгаж, боловсролын тэгш боломжийг олгож байгаа нь энэ сургалтын гол давуу тал.
-ЭЕШ-д зориулсан энэ сургалт дараа жил үргэлжлэх үү ?
-Жил бүр ЭЕШ болдог учраас энэ сургалтаа үргэлжүүлж явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. ЭЕШ-д богино хугацаанд онлайнаар бэлдэж болдог гэдгийг энэ төслөөр харуулж, улам боловсруулаад хамрах хүрээгээ өргөсгөөд явах бодолтой байна.
Сэтгэгдэл ( 0 )