Арваад жилийн өмнө Хүүхдийн мөнгийг 20 мянгаар тогтооход МАХ, ТАЛХ  ямар үнэтэй байв?

2021 оны 09 сарын 20

Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанд эхний байдлаар  танилцуулаад байгаа. Энэ удаагийн төсвийн төслийг боловсруулахдаа “Энэ онд ёроолдоо хүрэх эдийн засаг оны сүүлийн хагаст сэргэж,  2022 онд сэргэлт үргэлжилнэ” гэсэн төсөөлөлд тулгуурласан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан  мэдэгдсэн.

Түүнчлэн эдийн засгийн сэргэлт үргэлжлэхтэй зэрэгцэн Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлнэ гэж буй юм.  Энэ хүрээнд төсөв дээр  Хүүхдийн мөнгөтэй холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж буйг тэрбээр хэлсэн.

Тодруулбал,  “Бид төсвийн хүрээний мэдэгдлээ хавар тавдугаар сард батлуулчихдаг. Төсвийн хүрээний мэдэгдэлд  Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу ковидын өмнөх түвшинд нь хүргэж буулганаа гэсэн тоог тусгаж, батлуулчихсан байгаа. Гэсэн хэдий ч сая тодотголын хүрээнд энэ оны сүүлийн хагаст Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь олгосон. Хүүхдийн мөнгө шууд хүүхдэд очиж буй халамжаас гадна ковидын эдийн засгийн хүндрэлтэй үед өрхийн орлогыг дэмжиж байна. Хүүхдийн мөнгөөр дамжиж, өрхийн орлого өсөж, худалдан авалтаар дамжуулан  эдийн засгаа дэмжсэн өргөн хүрээтэй суурь бодлого явсан.

Хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн бодлогын хувилбар нөөц байгаа. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй уялдуулах, ирээдүйдээ мөнгөө хуримтлуулах боломжийг нь бий болгох. Хуримтлал нь зүгээр нэг дэвтэр дээр бичигдэх биш Ирээдүйн өв сангаар баталгаажсан байх. Мөн хуримтлал үүсэх хугацаанд гачигдал юм уу, зайлшгүй асуудал гарахад 50 хүртэл хэмжээг нь мөнгөжүүлж авах боломжууд, хөрвөх чадваруудыг санал болгох талаар ярилцаж байна. Халамжаас  хуримтлал руу, бүр хөрөнгө оруулагч руу чиглүүлэх шилжилтийн бодлого эхлүүлнэ гэж бодож байгаа.

2022 онд 100 мянгаас шууд 20 мянга руу шилжих нь хэрэглээний түвшинд аваад үзэхэд  70-80 хувийн бууралт гэдэг бол шок үүсгэнэ. Тиймээс аажмаар шилжилтүүдийг хийх хувилбаруудыг судалж, төсөвтөө тусгаж байна. Эцэслэсэн танилцуулга хараахан болоогүй байна. Гэхдээ Хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд үрэх биш хадгаламж руу, хөрөнгө оруулалтын хуримтлал руу нь шилжүүлэх бодлогыг танилцуулж байгаа. Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулаад, 6-18 нас хүртэл нь хуримтлал үүсгэлээ гэхэд тухайн хүүхэд 18 нас хүрэхдээ 19-20 сая төгрөг авна, хөрөнгө оруулагч иргэн болно гэсэн үг. Халамжаас салж, ийм бүтээлч хуримтлалыг дэмжсэн бодлого руу шилжинэ”  хэмээн мэдэгдсэн.


 

Ер нь бол Хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянга болгон олгохоор шийдвэрлэсэн нь ковидын тархалтыг хумих зорилгоор удаа дараа авч хэрэгжүүлсэн хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүд, иргэдийн орлогод тасалдал үүссэнтэй холбоотой.

 

Түүнчлэн Хүүхдийн 100 мянга өрхийн орлогоор дамжин, эдийн засгийг дэмжсэн суурь бодлого байсан гэдгийг Сангийн сайд өөрөө албан ёсоор хэлж байна.

Сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх  үеэр Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийг бүгдийг нь шууд эргээд хэвийн байдалд оруулахад, цочирдол үүсэхээр байна гэдэг асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байсан.

Тухайн үед, ХНХ-ын сайдаас тодруулахад, “Ковидын үеийн дэмжлэгүүдээс  өрх бүрт хүрч байгаа Хүүхдийн мөнгийг ойрын хэдэн сар дотроо 100 мянган төгрөгөөр хэвээр нь олгоё,  цаашлаад үе шаттай бууруулах нь зүйтэй юм аа гэдэг дээр санал нэгдэж байгаа. Жишээлбэл, 80 юм уу, 70 мянга болгоод үе шаттай бууруулах талаар яригдаж буй” гэж байсан.

Мөн Хүүхдийн мөнгө 2012 онд анх олгогдож эхлэхдээ л 20 мянган төгрөг байсан. Гэтэл одоо 2022 он болох гэж байхад 20 мянган төгрөг хэвээрээ л байгаа. Арван жилийн хугацаанд инфляцын өсөлтийн ямар ч нөлөөлөл тооцохгүйгээр, 20 мянган төгрөг хэвээр байгаа нь эргэж харах хэрэгтэй гэдэг талаас Засгийн газар дээр яригдсан талаар хэлж байсан юм. 


Дашрамд тодотгоход, Хүүхдийн мөнгө олгож эхэлсэн 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар жишээлээд авч үзэхэд  төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1,396.37 байсан байна. Тэгвэл өнөөдөр Төв банкны ханшаар төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2,848.62 төгрөг байна.

 

Талх, мах, гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ 2012 онд хэдэн төгрөг байсныг эргэн сануулъя.

 

  • 2012 онд: Үхрийн 1 килограмм махны дундаж үнэ 5430-7814 төгрөг байсан бол 2021 оны есдүгээр сарын 16-ны байдлаар үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13,216 төгрөгийн үнэтэй байна.

 

  • 2012 онд: 1 килограмм гурилын үнэ 480-900 төгрөг байсан бол 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 969-1800 төгрөг байна.

 

  • 2012 онд: Атар талхны үнэ 630-700 төгрөг байсан бол энэ сарын 16-ны өдрийн байдлаар 1,430 - 1,540 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top