Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцохдоо ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах ажил ахицтай явагдаж буйг онцлон мэдэгдсэн талаар Oilcapital.ru мэдээллээ.
Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно гэсэн Ерөнхийлөгчийн үгийг ТАСС эш татсаныг мөн дурджээ.
Тодотгоход, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганд оролцохдоо хэлсэн үгэндээ “Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдахыг хүсэж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байна.
Тухайлбал, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн Техник, эдийн засгийн үнэлгээний ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно” гэсэн юм.
Тэгвэл Оросын Шинжлэх Ухааны академийн Дорно дахины судлалын тэргүүн, академич Наумкин "Ямалаас Монголын нутаг дэвсгэрийг дайруулан Хятад руу татах хийн хоолойн ТЭЗҮ-ийн зураг төслийг аль болох хурдан л гаргаасай гэж бодож байна. Учир нь үүний дараагаар төслөө хэрэгжүүлэх ажилдаа орж, улс хоорондын харилцааны маш хүчтэй хөдөлгүүр болно шүү дээ” гэсэн байна.
Сануулахад, "Газпром”-ын захирал Алексей Миллер уг төслийн ТЭЗҮ-ийг 2021 оны эхний улиралд буюу гуравдугаар сард багтаан бэлэн болгоно гэж мэдэгдэж байсан. Харин одоо яригдаж буй хувилбараар энэ оны эцэс гэхэд ТЭЗҮ бэлэн болно гэсэн хүлээлттэй байна.
Уг ТЭЗҮ-ийг боловсруулах даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Газпром” НХН энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр албан ёсоор хүлээн авсан. “Газпром” компани төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцооллыг энэ оны дөрөвдүгээр сард гаргасан юм.
Ер нь бол манай газар нутаг дээгүүр хийн хоолой дамжуулах тухай сэдэв олон жилийн өмнөөс яригдаж байсан. 21 жилийн өмнө буюу 2000 онд Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах түвшинд уг асуудал яригдаж байв.
Тухайн үед, Ковыктагийн ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа Петролеум” компани байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан Хятадын хил рүү хүргэх хийн хоолойн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахдаа, Трансмонголын төмөр зам болон авто замын дагуух тал нутгаар дайруулан байгуулах тухай яригдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )