Коронавирусний эсрэг “Pfizer-BioNTech” вакцин нь 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг эмнэлзүйн судалгаа харуулсан тухай “Pfizer” компани мэдэгджээ.
Эмнэлзүйн туршилтад 5-11 насны нийт 2268 хүүхэд оролцсон байна.
Оролцогчдын 60 гаруй хувь нь 21 хоногийн зайтай хоёр тун хийлгэсэн бол бусад нь идэвхгүй вакцин хийлгэжээ.
“Pfizer-BioNTech” вакцины 10 мкг тун хийлгэсэн оролцогчдод гарсан дархлааны хариу үйлдэл 30 мкг тун авсан 16-25 насныхтай ижил гарчээ. Вакцин 5-11 насныханд сайн тохирч байсан бөгөөд 16-25 насныханд илэрч байсан сөрөг нөлөө ажиглагдсан байна.
Тиймээс тус компани АНУ болон Европын холбогдох агентлагуудаас зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоодугаар сараас АНУ-д хүүхдийн халдвар 240 хувиар нэмэгдсэн нь эл насны хүүхдүүдийн дунд вакцинжуулалт явуулах шаардлага буйг харуулж байна гэж тус компани онцолжээ.
Энэ оны сүүлээр “Pfizer” компани Германы “BioNTech” хамтран 6 сараас дээш насны хүүхдүүдийн дунд эмнэлзүйн судалгаа хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )