АХБ: Ази тивийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг БУУРУУЛЛАА

2021 оны 09 сарын 22

 

Азийн хөгжлийн банкнаас /АХБ/  эрхлэн гаргадаг эдийн засгийн голлох тайлан болох “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2021” тайлангаа өнөөдөр /2021.09.22/ танилцуулж байна.

Ковид цар тахлын сөрөг үр дагавар бүс нутгийн хэмжээнд үргэлжилж буйтай холбогдуулан хөгжиж буй Ази тивийн 2021 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, 7.1% байхаар тооцоолжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын тайланд өсөлтийн төсөөллийг 7.3% байхаар таамаглаж байсан. Харин 2022 оны тухайд өсөлтийн төлөв 5.3% байхаар төсөөлж байсныг 5.4% болгож өсгөсөн байна. Ковидын шинэ хувилбарууд гарч, дотоодод халдварууд дэгдэж, янз бүрийн түвшинд хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг эргэн сэргээж буйгаас гадна вакцинжуулах үйл явц удаашралтай, улс орон бүрт харилцан адилгүй, жигд бус үр дүнтэй байгаа нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг өмнөхөөс бууруулах суурь үндэслэл болж байна гэж мэдэгдлээ.

АХБ-ны Ерөнхий эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгч Жозеф Звеглич Жуниор ““Вирусын шинэ хувилбарууд нь шинэ дэгдэлтийг өдөөж буйгаас зарим эдийн засагт хөл хорио тогтоож, дахин хөдөлгөөн хязгаарлахад хүргэж байгаа тул хөгжиж буй Ази нь КОВИД-19 цар тахалд эмзэг хэвээр байна. Бодлогын арга хэмжээ нь зөвхөн халдварыг тогтоон барих, вакцинжуулах зэрэгт анхаараад зогсохгүй, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлж, улмаар цар тахал хумигдаж, эдийн засаг сэргэхэд үүсэх “шинэ хэвийн байдал”-д эдийн засгийн салбаруудаа дасан зохицох чадвартай болгоход чиглэх ёстой” гэв.

Энэ оны дөрөвдүгээр сард вирусын дельта хувилбар гарснаас хойш хөгжиж буй Азийн орнуудад ковидын халдварын тоо нэмэгдсэн. Шинэ тохиолдлын тоо тавдугаар сард өдөрт 430,000 болж дээд цэгтээ хүрсэн. Зөвхөн  наймдугаар сарын 31-ний өдөр 163,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ хөгжиж буй Ази дахь вакцинжуулалтын явц жигд бус хэвээр байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсоор байна. 2021 оны наймдугаар сарын 31-ний байдлаар тус бүс нутгийн хүн амын 28.7% нь вакцинд бүрэн хамрагдсан байсан бол АНУ-д 51.8%, Европын Холбооны улс орнуудад 58.0% байсан.

Бүс нутаг дахь эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй байна. Зүүн Азийн хувьд дэлхийн эрэлт огцом нэмэгдсэнээр тус бүс нутгийн экспортыг нэмэгдүүлж, дөрөвдүгээр сард 7.4% байхаар төсөөлж байсан энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.6% болгон өсгөсөн байна.

Харин Зүүн Азийн 2022 оны өсөлтийн төлөв 5.1% хэвээр байна. Бүс нутгийн хамгийн том эдийн засагтай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өөрчлөгдөөгүй бөгөөд 2021 онд 8.1%, 2022 онд 5.5% байна.

Армен, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан улсын эдийн засгийн төлөв сайжирсан тул Төв Азийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг  дөрөвдүгээр сард 3.4% байснаас 4.1% болж өсгөсөн байна. Тус дэд бүс нутгийн 2022 оны төлөвийг 4.0% байснаас 4.2% болгож нэмэгдүүллээ.

АХБ дөрөвдүгээр сард Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 9.5% байхаар төсөөлж байснаа бууруулж 8.8% болгосон байна. Харин 2022 оны төлөв 6.6%-иас 7.0% болж сайжирсан байна. Тус дэд бүс нутгийн хамгийн том эдийн засагтай Энэтхэг Улсын 2021 оны эдийн засгийн төсөөллийг 11.0% байснаас 10.0% болгож бууруулсан бол ирэх оны төлөвийг 7.0%-иас 7.5% болгон нэмэгдүүлжээ.

Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнууд вирусын шинэ хувилбаруудтай тэмцэж, хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тавигдсан хэвээр, мөн вакцинжуулалт удаашралтай байгаа тул тус дэд бүс нутгийн эдийн засгийн төсөөллийг бууруулсан байна. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн 2021, 2022 оны өсөлтийн төсөөллийг дөрөвдүгээр сард 4.4%, 5.1% байхаар тус тус тооцоолж байснаас бууруулж 3.1%, 5.0% болгожээ. Номхон далайн эдийн засаг 4 дүгээр сарын тооцооллоор энэ жил 1.4%-иар өсөх таамагтай байсан бол эсрэгээрээ 0.6%-иар агшиж, 2022 онд 4.8%-иар өсөх төлөвтэй байна.

Хөгжиж буй Азийн инфляц энэ жил 2.2%, 2022 онд 2.7% байх төлөвтэй байна. Олон улсын зах зээлд түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа нь тус бүс нутгийн зарим эдийн засагт инфляцыг улам өдөөж болзошгүй гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top