Ковидын шинэ хувилбарын эсрэг НАНО ЭСРЭГ БИЕТ гаргаж авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Оксфордын их сургуулийн молекул биологичид коронавирусний омог, хувилбаруудын хэсгүүдтэй нэгдэж, устгах чадвартай дөрвөн нано эсрэг биет гаргаж авчээ. Эдгээр эсрэг биетийг Сирийн усан гахай дээр амжилттай туршсан байна.

“Research Square”  сэтгүүлд бичсэнээр, нано эсрэг биет нь эсрэг биетийн молекулуудыг бүрдүүлдэг блокуудаас зөвхөн нэгээс нь бүтсэн эсрэг биетийн онцгой дэд төрөл гэнэ. Нано эсрэг биет маш тогтвортой байдаг тул эмчилгээнд тохиромжтой гэнэ. Хүний биед байдаггүй ийм төрлийн молекулыг тэмээ, лам гөрөөс, аварга загасны цусны дээжийг судлах явцад нээсэн аж.

Оксфордын их сургуулийн профессор Жеймс Найсмит тэргүүтэй эрдэмтэд лам гөрөөсний дархлааг ашиглан коронавирусний бүрхүүлийн гол “дайчин” хэсэг болон RBD уурагтай нэгдэх чадвартай дөрвөн нано эсрэг биет гарган авчээ. Нэг жилийн өмнө эрдэмтэд үүнтэй төстэй судалгаа хийж, Уханьд анх халдвар дэгдэж байсан үеийн SARS-CoV-2 вирусний омгийг устгах чадвартай хоёр молекул гаргаж авч байв. Харин шинэ хувилбарууд нэмэгдэн гарч ирснээр судлаачид шинэ нано эсрэг биет дахин гаргаж авах шаардлагатай тулсан байна. Үүний тулд тэд вирусний бүрхүүл болон уургийг Их Британийн Редингийн их сургуулийн төвийн лам гөрөөсний биед суулгасан байна. Хэд хоногийн дараа биологичид лам гөрөөсний цусны дээж авч, энэ амьтны дархлаа SARS-CoV-2 вирусний уургийн эсрэг ямар молекул бий болгосныг шинжилжээ. Үүний дүнд эрдэмтэд лам гөрөөсний биед коронавирусний янз бүрийн хувилбаруудтай нэгдэх чадвартай дөрвөн нано эсрэг үүссэн байсныг илрүүлсэн байна. Эдгээрийг H3, F2, C5 болон C1 гэж нэрлэсэн байна. Үүний дараа биологичид эдгээр молекулыг үйлдвэрлэдэг дархлааны эсийг ялган авч, их хэмжээний нано эсрэг биет гарган авчээ. Эсрэг биетийг хүнтэй нэгэн адил коронавирусний халдварт өртөмхий Сирийн усан гахайд туршсан байна. Эсрэг биетийг усан гахайд тарьснаар жин алдахаас урьдчилан сэргийлж, уушгин дахь вирусний тоо хэмжээг мэдэгдэхүйц багасгаж, ковидын бусад шинж тэмдгийг дарангуйлж чаджээ.

Эдгээр нано эсрэг биет дээр суурилсан эм дараа дараагийн эмнэлзүйн туршилтаар үр дүнтэй болох нь батлагдана гэж судлаачид найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top