Эртээ урьдын цагт ах дүү гурав байжээ. Нэгэн өдөр хүзүү чанаж идэхдээ хоёр ах нь дүүдээ ганцыг тавьсан байв. Аргалд яваад ирсэн дүү нь гомдон “Ах дүү гурвуул билээ, аман хүзүү зургаа билээ” гэсэн тухай үлгэрийг мэдэхгүй хүн үгүй биз.
Манай хоёр хөршийн бидэнд ханддаг хандлага яг л энэ шоовдор дүүгийн үлгэртэй адилхан. Сүүлийн хэдэн өдөрт Монгол Улсад шатахуун тасалдлаа. Холбогдох байгууллагууд нь энэ хямрал дор хаяж хагас сар үргэлжилнэ гэж байна. Харин шатахуун импортлогчдын хэлж буйгаар хоёр сараас наашгүй аж. Монголчууд хоёр хөршөөсөө дан ганц шатахуун авдаггүй. Энэ зуунд амьдрахад хамгийн хэрэгтэй эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг авдаг. Тэр байтугай хязгаар нутгууд одоо ч Хятад, Орос хоёроос цахилгааны 100 хувь хамааралтай байгаа юм.
Богинохон дурсамж өгүүлэхэд өнөөгөөс зургаа, долоон жилийн өмнө Дорнод аймгийн Халхгол суманд ажлаар очиж байлаа. Тэгэхэд цэргийн ангийн захирагч, сумын удирдлагууд нь “Энэ хятадууд хачин шүү. Цагаан сар, наадам болохоор засвар хийж байна гээд тог тасалчихдаг” гэж ярьж байв. Бас тэр жилд Төрийн ордонд аймаг, сумдын Засаг дарга нарын чуулган боллоо. Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга гээд нэг хүнтэй хязгаар нутгийн намаржилтын тухай яриа дэлгэж байхад “Оросууд засвар хийж байгаа нэрээр наадмаар тог тасалчихаад байдаг. Наадмын бөхийг тэр өдөрт нь үзэж чадалгүй арваад жил болжээ” гэж билээ. Хоёр хөрш ямар ч байсан монголчуудад наадмыг нь үзүүлэх дургүй байх нь. Тэд бидэнд юу өгч байгаагаа мэддэг, мэддэгээр барахгүй сануулдаг нь үүнээс харагдана.
Хэлэлцсэн юм шиг тог тасалдаг тэр үйлдлээ хоёр хөрш маань шатахуун дээр бас гаргаад байна. Оросын хувьд экспортоо бууруулах нь өнгөрсөн зунаас л ил тод явж ирсэн. Ийм илэрхий мэдээлэл хөвөрсөөр байхад манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар харахыг үл хүсэж байлаа. Өнгөрсөн долоодугаар сард ОХУ-д бензиний эрэлт ихсэж, он гарсаар үнэ нь 5.2 хувиар өсөөд байсан юм. Тухайн үед дотоодынхоо хэрэгцээг хангах үүднээс бензин экспортлохыг нэн яаралтай хориглох саналыг ОХУ-ын Эрчим хүчний яам Засгийн газартаа хүргүүлж байв. Харин наймдугаар сард нь ОХУ-ын Шадар сайд Александр Новак тус улсын газрын тосны компаниудын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “Засгийн газраас бензиний экспортод хориг тавих ийм хатуу арга хэмжээ одоохондоо авах шаардлагагүй гэж шийдсэн” тухай хэлжээ. Гэвч одоохондоо гэдэг үгийнх нь хариулт тун түргэн ирсэн юм. Тодруулбал, наймдугаар сарын сүүлчээр оросууд гэрээгээр хүлээсэн графикт шатахуунаа есдүгээр сард өгч чадахгүй тухайгаа хэлэх болсон байна. Монгол орны шатахууны хэрэгцээний 95 орчим хувийг бүрдүүлдэг тэд сард манай импортлогч компаниудаар дамжуулан 28 мянган тонн АИ-92 бензин нийлүүлэх үүрэгтэй. Эхлээд 17 мянган тонныг өгье гэж бууруулаад улмаар долоон мянган тонноор хязгаарлаад “Үүнээс илүүг өгөх ямар ч боломж алга” гэсэн аж.
Улмаар шатахууны гачигдал нүүрлэх нь цаг хугацааны асуудал болсон тул сэргийлэх үүднээс Хятад улсын “Чайна ойл” компанитай “Петровис”, “Шунхлай”, “Магнай трэйд”, “Сод Монгол”, “Лэкс ойл” гэсэн таван аж ахуйн нэгж шатахуун худалдан авах гэрээ хийжээ. Мөнгө төгрөгөө ч бүрэн шилжүүлжээ. Харамсалтай нь, оросууд өгнө гэж амалсан шатахууныхаа үлдэгдэл дээр “унжих”-тай яг зэрэгцээд Хятадын тал “Манай улс дотооддоо их хэмжээний төмөр замын ачааны эргэлт, Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон” гэж мэдэгдсэн гэнэ. Ингээд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд хязгаарлалт хийж эхэлжээ. Товчхондоо, Орос Хятадын хэн нь ч манай улстай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Ийм бүдүүлэг, дээрэнгүй шийдвэр гаргаж байгаагаасаа ч ичихгүй байна.
Хамгийн харамсалтай нь, энэ зөвхөн шатахууны тухай асуудал биш. Монгол руу илгээх 28 мянган тонн шатахуун бол Оросын хувьд Эрхүүгийн хэрэгцээнээс хэд дахин бага зүйл. Хятадын талд ч Эрээний зэргийн л юм. Гэтэл нэгэнд нь шатахуун дутаж, нөгөөд нь вагон олдсонгүй гэнэ. Үнэндээ бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр өнгөрсөн зунаас эхлэн сануулсаар байтал шатахуун түлш гуйж очилгүй эсрэгээрээ бараг дайсан нь болчихоод байгаа АНУ-д л айлчлал хийж байгаа нь оросуудын дургүйг хүргэсэн байж таарна. Тэд монголчууд хэний хараанд байгааг нь мэдрүүлэхийг хүсжээ. Бас Хятадын тал ч оросуудын монголд сургамж өгч буйд садаа хийхийг хүссэнгүй. Ердөө л энэ. Хоёр хөрш хилээ хаахад монголчууд тог цахилгаан, шатахуун түлшгүй XIII зуундаа эргээд очно гэдгийг мэдрүүлж байна. Ийм болохоор иргэд ууртай байгаа юм. Тэртэй тэргүй манай хоёр хөршид дуртай орон энэ дэлхий дээр байхгүй. Ийм өөрсдийнхөө эрх ашиг, нэр төрөөс өөр юу ч хөөцөлддөггүй хөршүүдтэй хэрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохоор Засгийн газрыг ард олон чичлээд байгаа хэрэг.
Ядаж байхад цар тахлаас болоод өнгөрсөн хоёр жилд зөвхөн айдас хүйдэстэй мэдээлэл цацаж байсан Засгийн газраас гэнэтхэн баахан өдөрлөг, “Цахим үндэстэн” гэх шоу хийж эхэллээ. Айдаст хучуулсан, хорионоос залхсан иргэдийн дунд бөөн маргаан дэгдэв. Улмаар Засгийн газар иргэддээ хэрэгтэй ажлаас илүү шоу, цэнгээн л хийж байгаа юм байна гэдэг дүгнэлт гарчих нь тэр. Ийм үед нь бензин тасраад шархан дээр давс нэмчихэж байгаа юм. Уг нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний өнгөрсөн хэдэн жилд хийсэн ажил хувь хүн гэдэг өнцгөөс нь харсан ч багагүй бий. Цар тахлын үед чичлүүлэн барин зүтгэсэн тухайг нь орхиё. М.Энхболдыг тойрон хүрээлж “Газрын мафи” гэж алдаршсан бүлгийг задалсан, Эрдэнэтийг төрд авчирсан, Дубайн гэрээг эргэж харах нөхцөлийг бүрдүүлсэн гээд өөр ч ярих юм байдаг. Эргээд урт, богино хугацаандаа Монгол Улсад бодитой өгөөжөө өгөх ажлууд түүний өнгөн дээр гараагаа тавьсан. Ийм байтлаа хийсэн ажлаараа овоглож чадалгүй, найр наадам хэсэж явдаг балгах дуртай эр шиг имиж бүрдүүлээд шоу болгон дээр гарч ирээд байгааг нь ойлгох юм алга. Уг нь бол одоо Дорноговь аймагт баригдаж буй Шатахуун нэрэх үйлдвэрийнхээ явцын талаар мэдээлэл хийгээд, Орос руу шууд өөрөө явах хэрэгтэй байна. Бүх ажилд Ерөнхий сайд оролцох албагүй ч танхимынх нь нөхдүүд ажлаа хийгээгүйгээс байдал ингэж өндрөө авчихсан болохоор өөр гарц алга даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Засгийн Газрыг огцруулчихвол; \n1. Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх асуудлыг зогсоож, Рио-оос тэр их долларыг нь цохьчих санаатай АН-ынханы сэрэл нь хөдөлчихөөд унтаж чаддаггүй дээ,\n2. Хүрэлсүхэд хураалгасан үйлдвэрүүд, лицензүүдээ буцааж авах боломж бүрдэнэ гээд сэтгэл нь тогтож өгөхгүй, Дайрцгаая! Харлуулцгаая! Гүжирдэцгээе! Муулцгаая! гээд улайрчихажээ.
Хүрэлсүх Оюунэрдэнэ хоёр ядарсан монгол улсаа одооноомс л нэг хөгжүүлчих юмсан гэж санаа нэгдэн зүтгэж эхлээд нэлээдгүй зүйлийг эх орныхоо төлөө хийсэн нь ,,,,гадаад дотоодын дайснуудад таалагдаагүй учраас л энэ их хов жив хаалт боолтууд гарч ирээд үймүүлээд байгаа бололтой.Бид монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэгчээр дээр дооргүй нэгдэж нийлж нэг санаа бодолтой байж энэ дарамт хаалт боолтоос гарч улс эх орноо дутагдаж гачигдах зүйлгүйгээр сайхан хөгжүүлж чадна. ХАМГИЙН ГОЛ НЬ бид өөрсдөө стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэдэг болох
Хүрэлсүх Оюунэрдэнэ хоёр ядарсан монгол улсаа одооноомс л нэг хөгжүүлчих юмсан гэж санаа нэгдэн зүтгэж эхлээд нэлээдгүй зүйлийг эх орныхоо төлөө хийсэн нь ,,,,гадаад дотоодын дайснуудад таалагдаагүй учраас л энэ их хов жив хаалт боолтууд гарч ирээд үймүүлээд байгаа бололтой.Бид монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэгчээр дээр дооргүй нэгдэж нийлж нэг санаа бодолтой байж энэ дарамт хаалт боолтоос гарч улс эх орноо дутагдаж гачигдах зүйлгүйгээр сайхан хөгжүүлж чадна. ХАМГИЙН ГОЛ НЬ бид өөрсдөө стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэдэг болох
ямарч боловсролгүй луйварын нөхөр байнадаа энэ
Их үнэн юм бичжээ. Уул нь энэ залууг дэмжиж ажиллах ёстой байтал үргэлж доош нь татах юм аа. Энгийн хүмүүс л хохиролыг үүрч, бензинтэй холбоотой саарал ордныхон баяжих юм даа. Е,Сайддаа тулгуур болж ажилладаг ч болоосой.