Монгол Улс ковидын улмаас 617 иргэнээ цаг бусаар алдаж, “ковидгүй зун”-ы хүлээлт талаар болж буй талаар өнгөрсөн долоодугаар сарын 5-ны өдөр бичиж байв. Тухайн үед ковидын нийт батлагдсан тохиолдол 125.260 байсан бол өчигдрийн /2021.09.23/ байдлаар 333.994 болж, 200 гаруй мянгаар өсчээ. Харин ковид болон бусад өвчинтэй хавсарсан шалтгаанаар нас барсан иргэдийн тоо 1217 болж, хоёр дахин нэмэгдсэн байна.
Өнгөрсөн саруудад вакцинжуулалт 65 хувьд хүрч, Монгол Улс бүс нутагтаа тэргүүлэх түвшинд байгаа ч, халдварын тархалтын явц цурманд оролгүй, хэд дахин өсөлттэйгээр нэмэгдэж байгаа юм.
Ерөнхийдөө нөхцөл байдлыг авч үзэхэд, төр засгийн түвшинд ч, иргэдийн хувьд ч вакциндаа хамрагдсан л бол халдвараас өөрсдийгөө хамгаалчихна гэсэн өндөр хүлээлттэй байсан.
Тэгвэл Азийн хөгжлийн банкнаас энэ долоо хоногт эдийн засгийн төлөв байдал, ирээдүйн хүлээлтийн талаарх шинэ тайлан мэдээллээ танилцуулах үеэр, Ахлах эдийн засагч С.Болд “Цар тахлын үеийн менежмент, тахлын дараах эдийн засгийн сэргэлт ярьж байгаа тохиолдолд, вакцинжуулалтын талаар нийгмээрээ маш зөв хүлээлттэй байх нь асар чухал байна” гэдгийг онцолж байсан.
“Вакцинжуулалтын үр нөлөө ямар байна вэ гэдгийг улс орнуудын нөхцөл байдлаар аваад үзэхэд халдвар авсан хүнд ногдох нас баралтын түвшин л буурч байгаа. Вакцинжуулалт халдвараас хамгаалахгүй, өвчлөлийн хүндрэлийн тодорхой эрсдэлийг бууруулахад л нөлөөтэй байна” гэдийг хэлж байсан.
Үүнийг тодотгохын учир нь ковидын халдварын тархалт цаашид ч өсөх бодит эрсдэл байна. Эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүдээс өгч буй мэдээллээр вакцинжуулалтын нөлөөллөөр биеийн байдал хүндрэх, амь насаа алдах эрсдэл буурч байгаа боловч, эрсдэл огт байхгүй болно гэсэн үг биш гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал ойлгомжтой харуулж байна.
Тэгэхээр ковидын тархалт өндөр үед нийгмийн эрүүл мэндийн эрсдэл бодитой байгаа учраас Засгийн газар, түүн дотроо эрүүл мэндийн салбар цар тахлыг даван туулах эрсдэлээ удирдах, илүү маневр сайтай ажиллах шаардлага тулгарсан хэвээрээ байна.
Бүр тодруулбал, ковидын улмаас сэхээнд орохдоо тулсан өвчтөнүүдийг гэрт нь байлгасаар байгаад үхүүлээд байгаадаа дүгнэлт хийх цаг хэдийнэ өнгөрчихөөд байна.
Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр ковидын шалтгаанаар 22.204 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 12.702 буюу 50-иас илүү хувь нь ХӨНГӨН хэлбэрээр өвдсөн иргэд бол 7004 нь хүндэвтэр, 2103 нь хүнд, 395 нь нэн хүнд байна гэсэн мэдээллийг өгсөн.
Цар тахлын өмнө эрүүл мэндийн салбар хүчин мөхөсдөж, эмч, мэргэжилтнүүд амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгааг бид бүгд л ойлгож, харж байгаа.
Мөн нөгөө талаас энэ салбарт шат шатандаа удирдлагын маневр хэрэгтэй байгааг Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатарын хэвлэлд өгсөн ярилцлага харуулж байна.
Эрүүл мэндийн яамнаас өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийхдээ ковидоор хөнгөн өвдсөн 12.702 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн бол дээр нэр дурдсан эмч сэхээний тасагт орох заалттай, хүчилтөрөгчийн хэмжээ нь 70 хүрээд буурчихсан 11 хүн, маргааш гэхэд биеийн байдал нь сэхээ рүү орох хэмжээнд хүрчихээр 60 гаруй хүнд эмнэлгийн ор олдохгүй байгаа учраас арга буюу түргэний машинаараа тээвэрлээд яаман дээр очоод байгаагаа учирлаж байсан.
Энэ бол нэг л дүүргийн хэмжээнд яригдаж буй тоо. Бусад дүүргүүдэд ч ковидын улмаас сэхээнд ортлоо биеийн байдал нь хүндэрч буй өвчтөнүүд олон байгаа.
Гэвч нэг зүйл анзаарагдаж буй нь эмнэлгийн орнуудын 50-иас дээш хувийг хөнгөн өвчтөнүүдэд нээлттэй байлгах бодлогыг эрүүл мэндийн байгууллагууд тогтмол барьсаар байна.
Эрчимт эмчилгээ, сэхээний тасгийн ор болон тэнд ашиглагдах тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу гэдгийг хаа хаанаа ойлгож, мэдэж байгаа.
Тийм учраас л өнгөрсөн долоодугаар сард энэ оны төсвийг тодотгохдоо Эрүүл мэндийн салбарт нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж тусган, батлуулсан гэж ойлгоод байгаа.
Тухайлбал, энэ мөнгөнөөс 110 тэрбум төгрөгийг “Халдварын тархалт нэмэгдсэнтэй уялдан гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай ECMO, CRRT, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нийслэлд нэмэлтээр ковидын 2,000 ор дэлгэхэд зарцуулахаар хоёр сарын өмнө хуульчлан баталсан. Бусад 600 гаруй тэрбумаар эрүүл мэндийн салбараа дэмжихээр тусгаж өгсөн.
Гэвч одоогийн нөхцөл байдлыг харахаар, өвчлөл нэмэгдсээр, биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүд ор олдохгүй байна гэж хэлж ярьсаар. Мөн нөгөө талд танил тал, ар өврийн хаалгаараа хэлүүлж, яриулж байж арайхийн эмнэлгийн бараа харлаа гэсэн кэйсийг хэлж, яригсад ч цөөнгүй байна. Энэ дунд биеийн байдал нь хүндэрсэн хүмүүс ч байгаа, хөнгөн туссан нь ч байна. Хатуухан хэлэхэд, ковидын тархалттай зэрэгцэн манайхны авлига, танил талын сүлжээгээ ашигладаг байдал давтагдсаар л байна. Танилгүй, мөнгөгүй бол үхэх юм байна гэсэн сэтгэгдлүүд сошиалд цөөнгүй таарч байгааг уншигч та харж буй биз.
Ковидоор хөнгөн өвдсөн сайд дарга нарыг хэвтэн эмчлүүлэхгүй бол болохгүй гэсэн онцгой заалтад хамруулан, онцгой үйлчилгээ үзүүлсэн бодит жишээнүүд манай эрүүл мэндийн салбарт цөөнгүй. Эсрэгээрээ эрүүл мэндийн байдал нь өдрөөр биш цагаар муудаж, сэхээнд орох заалтад орсон өвчтөнүүд эмнэлгийн хаалганы цаана үлдсээр байна. Тэдгээрээс үхэх нь үхээд, үхлээс хэлтэрч үлдсэн хүмүүс нь эмнэлгийн тусламж цаг хугацаанд нь авч чадаагүйнхээ уршигийг үлдсэн амьдралдаа биеэрээ л үзэх болов уу.
Ийм үед эмнэлгийн орны 50-иас илүү хувийг ХӨНГӨН өвчтөнд зориулах нь цагаа олсон бодлого уу гэдэг асуулт хариулт нэхэж байна.
Сэтгэгдэл ( 0 )