С.Энхболд: Ачаалал таазандаа тулчихсан, цаашид ор дэлгэх боломжгүй

2021 оны 09 сарын 27

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ.

Энэ талаар дараах мэдээллийг өглөө.


УОК-ын дарга С.Амарсайхан: Ковид-19 вирусын тархалт цаашдаа 5-10 жил дэлхий даяар үргэлжилэх нь ээ гэдэг эрдэмтэн судлаачдын үнэлэлт дүгнэлт гарсан. Тийм учраас цаашид амьдралын шинэ хэв маягт шилжиж, дасан зохицож, сөрж амьдрах, өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээнүүдээ цаашид авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ вакцинжуулалтаа нэмэгдүүлэх, ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх.

Гэхдээ хүндрэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ялан гуяа хүндрэлтэй, хүнд нөхцөл байдалд байгаа, хүндэрч болзошгүй халдвар авсан иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах, хамгаалах чиглэлийн ажлуудыг шат шатанд хэрэгжүүлж байгаа хэдий ч зарим анхаарах асуудлууд байна" гэв.

Эрүүл мэндийн сайнд С.Энхболд: Нөхцөл байдал хүнд байгаа. Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулчихсан байна. Улсын хэмжээнд нийт 27.083 ортой байдаг. Энэ нь үндсэн тусламж үйлчилгээ болон сувилалын чиглэлийн орнууд багтдаг.

Өнөөдрийн байдлаар бид 21.700 ор дээр ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Зөвхөн орон нутгийн хэмжээнд гэхэд үндсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг орныхоо 46.9 хувийг ковидод дэлгэн ажиллуулж байна. Улаанбаатарын хэмжээнд 50.3 хувийг дэлгэн халдвар авсан иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тэгэхээр бидэнд үүнээс цааш ор дэлгэх боломж байхгүй. Яагаад гэхээр жирэмсэн эх, гэмтэл авсан, хавдартай иргэд, хүүхдэд үзүүлэх үндсэн тусламж үйлчилгээ алдагдах эрсдэлтэй.

Эрүүл мэндийн салбар бүх дээд хэмжээндээ хүртэл ажиллаж байгаа. Тэгэхээр ард иргэд маань цаашид амны хаалтаа сайн зүүж, өдөр тутамд мөрддөг халдвар хамгааллын дэглэмээ сайн барьчих юм бол халдвараас сэргийлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар халдвартай эмчлэгдэж байгаа 21600 хүнээс 12 мянга нь хөнгөн хэлбэртэй байгаа. Хүнд болон хүндэвтэр, маш хүнд хүн 10 мянга орчим нь хэвтэн эмчлүүлж байгаа. Манай улс ор дэлгэн ажиллуулж байгаа бусад оронтой харьцуулж үзэхэд хамгийн өндөр хувьтай явж байгаа. Жишээ нь АНУ-ын идэвхтэй тохиолдлын тоо 9800 байхад эмнэлэгт 83580 ор дэлгэн ажиллаж байна. Францыг харахад 153 мянган хүн халдвартай байхад 8887 ор дэлгэсэн байна. Манай улсын хувьд идэвхтэй тохиолдлын тоо 88 мянга байхад 21600 ор буюу 24,4 хувьтай байна. Ингэснээрээ нас баралтыг хамгийн бага түвшинд барьж чадаж байгаа. Дээрээс нь манай улсын вакцинжуулалт өндөр хувьтай, нийт хүн амын 65.4 хувь нь вакцинд хамрагдсан. Нас баралтын түвшин олон улсын дунджаас бага буюу 0,4 хувьтай байгаа. Манай улс хамгийн бага нас баралттай орны есдүгээрт явж байгаа. Эхнийх нь Сингапур улс байгаа. 84 мянган тохиолдлоос 73 хүн нас барсан, 0.1 хувьтай байна.

Цаашид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Эмнэлзүйн ор зохицуулах баг мөн гарса байгаа. Өчигдөрхөн гэхэд эмнэлэгт хэвтэж чадахгүй нэн хүнд, маш эрсдэлтэй 200 хүн байсан. Тэднийг ЭМЯ-ны харьяа байгууллагууд болох гуравдугаар шатлалын эмнэлгүүд рүү зохицуулалт хийж татаж авсан.

Тэгэхээр цаашид бид ард иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумьж, даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаа. " гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top