Хааяа хааяахан хуучны шар хуудастай ном сөхдөг сөн. Үнэр нь, материал нь цаанаа л өөр. Урагдаж, хуучирч, элэгдсэн хэдий ч хуучны бүтээлүүд цаанаасаа л нандигмаар. Багахан урагдсан хуудсыг нь илүү урахгүйг хичээн болгоомжтойхон нэг нэгээр эргүүлнэ. Номын нэр, зургийг хараад сэтгэл эмтрэм бүтээл мэт санагдсан нь эндүүрсэнгүй.
“Бурхан өршөө” романы талаарх тэмдэглэлийн өмнө зохиолчийн талаар товч дурдъя. Зохиолч Батын Нямаа нь 1928 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг “Гурван харуул” хэмээх газар төржээ. 1968 оноос зохиолчийн гараагаа эхэлсэн. “Араараа модот Биндэръяа” бүтээлээрээ овоглосон нэгэн юм. “Арандалынхан” роман, “Насны намар” тууж өгүүллэгүүд, “Хүндэт зочин хэн бэ?” найраглал, “Хавх” шүлгүүд, “Нүд” жүжиг, “Багын найз” кино гэх мэт олон бүтээлийг туурвисан юм.
1989 онд бичиж дуусган, 1991 онд хэвлэгдэн олны хүртээл болсон уг роман нь хэлмэгдэлтийн үеийн Монголын түүхийг өгүүлдэг. Гол дүрийн Очирбат гэх залуугийн зүгээс үйл явдал өрнөнө. Тэр цаг үе ямархан хүнд байсныг баримтат бүтээл, зохиолоос л мэдэх боломжтой. Очирбат бол уян зөөлөн сэтгэлтэй, намд ажилладаг, чийрэг бие бялдартай, ухаалаг нэгэн. Ажилдаа бүхий л цагаа зориулдаг. Ам алдан итгэлт нэгэндээ хэлсэн ганц өгүүлбэр түүний амь насанд нөлөөлөх тийм л хэцүү цаг үе байжээ. Дөнгөж төрсөн үрээ дахин үнэрлэж чадалгүй, хамт амьдраад удаагүй гэргийгээ нялх үрийн хамт орхиод, харанхуй гяндангийн буланд мөрөөдөл, бодол, амьдрал, дурсамжинд умбан цагийг өнгөрөөнө.
Буриад ястан гэх шалтгаан, эсэргүү гэх үндэслэлийг яаж ийгээд л гаргаж ирэх нь хэцүү. Тэгээд бүгдэнд нь ял онооно. Эр хүн үгүйдэж, эд баялаг үнэгүйдсэн цаг. Энэ бол хэлмэгдүүлэлтийн үеийн гол ээдрээ. Хэнд ч итгэх аргагүй. Очирбат хүртэл итгэсэн нэгнээсээ болж гяндангийн буланд суусан. Тэгтлээ итгэсэн найз нь ар нуруу руу нь “хутга зоосон”. Хүнд итгэх хэцүү. Итгэхгүй байх бүр хэцүү. Итгэл гэдэг ихээхэн чухал зүйл юм сан. Гэвч тэр үед итгэл гээч нь алдас болдог байжээ. Хий хоосон мэт хэдий ч итгэлийг бий болгодог бурхан гэгчид үхлийн өмнө ирэхдээ хэн ч итгэдэг бололтой.
Сайхан цаг үед амьдарч буйгаа ийн л мэдэх юм. ЗХУ-аас хараат байх Монгол Улсын нийгмийн харанхуй цаг үе. Эрдэм мэдлэг, боловсролтой, эгэл хүмүүс ч өртсөн хэлмэгдэлтийн түүх. Амьд гарахын тулд хийгээгүй хэргээ хүлээн, гянданд цагийг өнгөрүүлнэ. Хайран сайхан амь нас. Хүний амь гэдэг ганцхан өгүүлбэрийн дотор оршдог байжээ. Ганцхан хором, ганц гүнзгий амьсгал, ганц сумны дайтай амь. Хүний амь гэдэг тийм үнэгүй боловч орчлонгийн тоос хөдөлгөгч оршихуй байлаа. Хэлмэгдүүлэлт хэзээ сайн сайхнаар төгсдөггүй. Бурангуй цаг үеийн золиос болж алтан амиа өргөсөн тэднийг бурхан өршөөг.
Н.Анужин
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )