ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрикотой ярилцлаа.
-Та Монголд ирээд гурван жил гаруй болжээ. Томилогдохоосоо өмнө манай улсад ирж байсан уу?
-Би 2018 онд буюу ЖАЙКА олон улсын байгууллагад ажиллахаар томилогдон ирэхээсээ өмнө гурван ч удаа Монголд ирсэн. Ингэхдээ аялахаар хоёр удаа, 2015 онд ажлын шугамаар буюу Гачууртын цэвэр усны байгууламжтай танилцахаар нэг удаа ирж байлаа. Жайка нь Улаанбаатар хотын цэвэр усны байгууламжийн буцалтгүй тусламжийн төслийг гурван удаа хэрэгжүүлсэн байгаа.
-Монгол оронд одоо хэдийнээ дассан биз дээ. Монголд ажиллаж, амьдарч буй гадаад хүмүүсийн хувьд Монголын өвөл хамгийн хэцүү санагддаг байх. Харин танд ямар санагдсан бэ. Гэхдээ Японы Хоккайдо, Саппород төрж, өссөн хүмүүсийн хувьд бол манай өвлийн улирал тийм ч хүйтэн санагдахгүй байх?
-Монгол бол япончуудын хувьд амьдрахад хамгийн таатай орнуудынх нь нэг болов уу гэж би боддог. Япон хоол хүнс зардаг дэлгүүр, япон хоолны ресторан олон байдаг.
Царай төрхний хувьд ч ойролцоо. Япон оронд дуртай хайртай хүмүүс ч олон байдаг учир миний хувьд Монголд амьдрахад ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй байна. Монголд ажиллаж амьдардаг манай байгууллагын 100 гаруй япон хүн байдаг байсан. КОВИД-19 цар тахлын улмаас цөөрөөд байна. Төрсөн нутгийн хувьд бол би Японы 47 мужийн хамгийн жижиг нь болох Тотторид төрсөн. Тоттори муж Төв аймагтай найрамдалт хамтын ажиллагаатай гэдгийг мөн дурдах нь зүйтэй болов уу.
-Та томилогдохоосоо өмнө гурван удаа Монголд ирж байсан гэлээ. Анх ирэхдээ аялахаар ирж байв уу эсвэл ажлаар ирсэн үү. Анх манай улсад ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Анх аялахаар дүн өвлөөр буюу хоёрдугаар сард ирж байлаа. Өвлийн ид хүйтэн үе байсан учир нэлээд агаарын бохирдолтой, онгоцноос буухад л нүүрсний үнэр үнэртээд их л гайхаж байж билээ.
-Таны хобби морь унаж, гольф тоглох мөн нум сумаар хичээллэх гэсэн. Гэвч өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хүн бүр хүссэн зүйлээ хийх боломжгүй байлаа.Өнгөрсөн хугацаанд хоббигоо хөгжүүлж чадсан уу?
- Хөл хорионы үеэр бүгд л гэртээ байсан байх. Би ч мөн гэртээ байж, өнгөрсөн жилийг нам жим өнгөрөөлөө. Хэдийгээр коронавирус хурдацтай тархаж байсан ч морь унах хоббигоо чамлахааргүй сайн хөгжүүлсэн. Учир нь, морь унахад хүмүүстэй ойртох шаардлагагүй. Тиймээс морь унах хоббигоо хөгжүүлэхэд минь цар тахал төдийлөн нөлөөлөөгүй гэж хэлж болно. Бараг бүх долоо хоногийн амралтын өдрүүдээр морь унаж байсан.
-Морь хэр сайн унадаг болсон бэ?
-Моринд маш сайн болсон шүү. Малчид адуучдын хэмжээнд биш ч гэсэн хотын хүмүүсийг бодвол сайн унадаг болсон гэж бодож байна. Байнга очиж морь унадаг газар маань анхан шатнаас нь эхлээд сургагч багш хүртэлх таван түвшинд зааж сургадаг. Түүнчлэн Мөөгий гээд япон хэлтэй ажилтантай учраас амар байдаг. Анхлан сурагч тавдугаар түвшнээс эхэлдэг. Миний хувьд одоо нэгдүгээр түвшинд буюу сургагч багшийн хэмжээнд очоод байна. Тогтмол очиж морь унадаг газар болох “Nomad horse camp” маань Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Тэндээс Салхитын салхин цахилгаан станц хүртэл нэлээд зайтай, ирж очих хоёр талдаа хоёр цаг гаруй болдог. Нэг удаа морь унахдаа Салхитын салхин цахилгаан станц хүрээд буцдаг. Өдөртөө 24 орчим км газар мориор явдаг гэсэн үг л дээ.
-ЖАЙКА бол Японы Засгийн газрын олон улсын байгууллага. Тус байгууллагын Монгол Улсад үзүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаа 1977 оноос эхтэй гэдэг. Өнгөрсөн хугацаанд мөнгөн дүнгээр үнэлбэл хэр хэмжээний хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлээд байгаа вэ?
-Японоос Монгол Улсад чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагаа 1977 онд буцалтгүй тусламжаар Говь комбанитыг барьж байгуулснаар нь эхлэл нь тавигдаж, 1990 онд ардчилсан, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн. Өнөөг хүртэл техникийн хамтын ажиллагаа, иений хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд 328.4 тэрбум иений хөрөнгө оруулаад байна. Мөн 1992 оноос хойш 710 гаруй сайн дурын гишүүнийг томилж, 5700 гаруй төрийн албан хаагчийг Японд сургалтад хамруулах зэргээр Монголын эдийн засаг, нийгмин дэд бүтцийг бэхжүүлж, хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Япон Улс нь өнөөг хүртэл тогтмол Монгол Улсын тэргүүлэгч хандивлагч орон байсаар ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд ЖАЙКА нь гол үүргийг гүйцэтгэж байна.
-ЖАЙКА-гаас өнгөрсөн жил манай улсад 27.1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Харин 2019 онд 3.5 тэрбум, 2017 онд 38 тэрбум иен байх жишээтэй. Яагаад ийм харьцангуй өөр өөр дүнтэй байна?
-Нийт хэрэгжүүлсэн төсөл дээр иенийн хөнгөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн дүнгээс шалтгаалан хөрөнгө оруулалтын дүн харилцан адилгүй байх тохиолдол байна. Тухайлбал, 2017 онд 32 тэрбум иенийн төсвийн дэмжлэг, 2020 онд 25 тэрбум иенийн бодлогын хөнгөлөлтэй зээлийн төслийг хэрэгжүүлсэн. Техникийн хамтын ажиллагааны хувьд өнгөрсөн жил харьцангуй буурсан буюу нэг тэрбум орчим иенээр буурсан. Учир нь, цар тахалтай холбоотойгоор Монгол дахь төслийн үйл ажиллагаа удаашрах, Монголд ирэх япон мэргэжилтнүүдийн тоо цөөрсөн
-Монголд томилогдсоноосоо хойш хэрэгжүүлсэн болон эхлүүлсэн томоохон төслүүдийнхээ талаар товчхон дурдвал?
-Шинэ нисэх онгоцны буудал, Монгол, Японы хамтарсан эмнэлгийн төслийг онцолмоор байна. Онгоцны шинэ нисэх буудлын төслийн хувьд 65.7 тэрбум иенийн төсөл болон техникийн хамтын ажиллагаагаар шинэ нисэхийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх төсөл мөн хэрэгжүүлж байна. Харин эмнэлгийн хувьд найман тэрбум иенийн буцалтгүй тусламжийн төсөл бөгөөд Монголд анх удаа сургалтын эмнэлэг барьж байгуулсан юм. Эмнэлгийг өнгөрсөн 2019 оны намар Монголын талд хүлээлгэж өгсөн бөгөөд хэдийнээ иргэдэд үйлчилж эхлээд байгаа. Гэхдээ жинхэнэ утгаараа үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Учир нь, сургалтын эмнэлэг нэгдүгээрт, иргэдэд үйлчлэх, хоёрдугаарт, сургалт явуулах, гуравдугаарт судалгаа хийх гэсэн гурван гол зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа бол сургалт, судалгааны үйл ажиллагааны хувьд цаашид эхлүүлээд явахаар төлөвлөж байна.
-Жилд дунджаар хэчнээн төсөл дээр Засгийн газартай болон хувийн байгууллагатай хамтран ажилладаг вэ?
-Тухайн жилээсээ шалтгаалаад өөр өөр байдаг боловч жилд дунджаар том, жижиг нийлээд 60 орчим төсөл хэрэгжүүлдэг. Гэхдээ энэ тоо буурах эсвэл нэмэгдэх тохиолдол бий. Техникийн хамтын ажиллагаа, иений хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Төр хувийн хэвшлийн түншлэл, Иргэдийн оролцоотой хамтын ажиллагаа гэсэн төслийн гол чиглэлийн хүрээнд хамтран ажилладаг.
-Хамгийн сүүлд ямар төсөл хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна вэ?
-Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хэд хэдэн төслийн судалгааны талаар онцолмоор байна. Тухайлбал, сүүлийн үед шинэ нисэх орчмын хөгжлийн судалгааг хийж байна. Олон улсын шинэ онгоцны буудлын орчимд ачаа тээврийн ложистик төв болоод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжтой эсэх талаар судалгааг хийж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах иенийн хөнгөлөлтэй зээлийн төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар судалж байна. Мөн Монголын Засгийн газраас гаргасан “Цахим Үндэстэн” санаачилгын хүрээнд боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх төслийн судалгааг мөн хэрэгжүүлж байна. Монголд дижиталчлалыг нэвтрүүлж эхлээд байгаа ч кибер аюулгүй байдлын тал дээр олон асуудал байдаг.
-Төслийн судалгаанууд одоогоор яг ямар түвшинд явж байна. Тэр тусмаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслийн судалгаа хамгийн их анхаарал татаж байна л даа?
-Жайка-гийн зүгээс богино хугацаанд ийм арга хэмжээ авснаар түгжрэлийг ингэж бууруулах боломжтой, харин урт хугацаандаа ийм арга хэмжээ авснаар тулгамдаж буй асуудлаа ингэж шийдэх боломжтой юм байна гэсэн жагсаалтуудыг гаргасан. Богино хугацаанд хэрэгжүүлж болох нэг төслийн жишээг дурдвал, гүүрэн дээгүүр (fly over) болон доогуур нь зам тавьж болох юм байна гэж харж байгаа. Харин дунд, урт хугацаандаа метро тавибал өртөг өндөр тул хөнгөн галт тэрэг тавих талаар санал солилцож байна. 2013 онд метро тавихаар техник эдийн засгийн судалгаа хийхэд метро ойролцоогоор 150 тэрбум иений өртөгтэй байхаар тооцоо гарсан байдаг. Энэ нь өртөг өндөртэй тусаж байгаа тул метро байгуулах гэхээсээ илүү хөнгөн галт тэрэгтэй болох нь хэрэгжүүлэх боломжтой төсөл байгаа юм. Сүүлийн үед Нийслэлийн засаг захиргаа Яармаг руу нүүх тухай яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор мөн Яармагаас шууд хойшоо чиглэсэн шинэ зам эсвэл шинэ хурдны зам тавих санал зөвлөмж мөн хүргүүлээд байна.
-ЖАЙКА-гаас хамгийн сүүлд хэрэгжүүлсэн МОNJA хөтөлбөрийн талаар товчхон дурдвал?
-Монголд мундаг залуус олон байдаг. Сүүлийн үед монгол залуус гарааны бизнес эрхлэх нь ч өссөөр байна. Энэ мундаг залуусыг дэмжих зорилгоор нэгэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь “MonJa” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн дагуу нэг старт апп компанийг 30 мянган ам.доллароор санхүүжүүлж, нэг жилийн турш бойжуулж, бизнесээ өргөжүүлэхэд нь тусаллаа. Мобиком болон Монгол Япон төвтэй хамтран бизнесийн зөвлөгөө өгөхөөс гадна дотоод гадаадын хөрөнгө оруулагчтай холбон зуучилсан. Өнгөрсөн есдүгээр сард эхний төслөө хэрэгжүүлж дууссан бөгөөд Монголд гарааны бизнес эрхлэгчид цаашид амжилттай бойжих үндсэн суурь бүрдсэн гэж үзэж байна.
-Хэрэгжүүлэх төслүүдээ хэрхэн сонгодог вэ?
-ЖАЙКА Макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх, Хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлт болон Хүртээмжтэй нийгмийг бий болгох гэсэн гурван тэргүүлэх салбарын найман чиглэлийн дагуу төслөө сонгож хэрэгжүүлдэг. Манай төслүүдийн хэрэгжих хугацаа 3-5 жил, мөнгөн дүнгийн хувьд 300-500 сая иенийн хооронд хэлбэлздэг. Төсөл сонгох хамгийн гол шалгуур бол Монголын эдийн засаг болон нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг юм.
-Олон улсын байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл үр дүнгүй болох тохиолдол байдаг. Танайхаас энэ тал дээр хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Төслийн хяналт бол хамгийн хэцүү зүйл нь. Гэхдээ төслийн удирдах хорооны хурал гэж бий. Хороонд Монгол болон Японы талын холбогдох хүмүүс багтдаг.Уг удирдах хороо төслийн явцыг анх төлөвлөсний дагуу явж байгаа эсэх, хугацаанаасаа хоцорч буй эсэхийг хянадаг. Хэрэв ямар нэгэн асуудал үүсвэл тухай тухайн үедээ шийдээд явна. Ерөнхийдөө Монгол талтай нягт хамтран ажилладаг. ЖАЙКА-гийн бусад олон улсын байгууллагуудаас ялгарах нэг онцлог нь япон мэргэжилтнүүд Монголд ирж, сургалт хийж, техник технологио дамжуулж өгдөг нь юм. Түүнчлэн төрийн албаныхныг Японд сургалтад хамруулдаг. Одоогоор 5700 орчим Монголын төрийн албан хаагч зэрэг Монгол хүмүүс сургалтад хамрагдаад байна. Сургалтанд оролцогчид маань Японд байдал дээр нь очиж юуг сайжруулах ёстойгоо нүдээрээ харах боломжтой.
-ЖАЙКА-гийн Монгол, Японы харилцаанд оруулж буй хувь нэмрийг та хэрхэн үнэлэх вэ?
- Япон Монголын харилцаа холбоо нэмэгдэн Монголын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна гэж би үзэж байна. Түүнчлэн Монголын төрийн албан хаагч нар Японд очиж сургалтанд оролцдог талаар би дээр дурдсан. Манай улсын талаар эерэг бодолтой болохоос гадна буцаж ирээд чухал албан тушаалд ажилласнаар Монголын хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Монгол бол эх газрын улс бөгөөд эдийн засаг, гадаад харилцааны хувьд Орос, Хятад гэсэн том хоёр гүрнээс ихээхэн шалтгаалдаг ярвигтай гэж хэлж болно. Тиймээс Япон шиг гуравдагч хөрш оронтой харилцаагаа өргөжүүлэх нь Монголын хувьд нэн чухал байсаар байна. Ирэх жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жил, төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Тиймээс бид олон монгол хүн Япон орны тухай, эсрэгээрээ япончууд Монгол орны талаар илүү ойлголттой болоосой гэж хүсэж байна.. Ирэх жил бидний хувьд хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх чухал жил юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )