П.Нямлхагва: Энэ бол ганц П.Нямлхагвын биш, бүх монголчуудын бүтээл гэж ойлгож болно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

Хүн төрөлхтний хөгжил, даяаршлын хөлд уламжлалт ахуй соёл өдрөөс өдөрт алсарч, энэ хэрээр монгол үг хэллэг мартагдаж байгаа энэ үед “Нүүдлийн ахуй соёлын үг, хэллэгийн шүлэгт тайлбар толь” хэвлэн уншигчдын хүртээл болгож байгаа нь нүдээ олсон зүйл гэлтэй. Ийм цаг дор тус толь бичгийг бүтээн, уншигчдын хүртээл болгоод байгаа Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа.


-Нийгмийн хөгжил, орчин цагийн салхийг дагаж, уламжлалт үг хэллэг алдагдаж байгаа энэ үед та “Нүүдлийн ахуй соёлын үг, хэллэгийн шүлэгт тайлбар толь” гаргасан нь олны анхааралд оржээ?

-Энэ ном бол миний сүүлийн найман жилийн судалгаа, хөдөлмөр юм. Их сургуулийн багш байхаас анзаарч харсан зүйл. Сүүлийн үеийн залуусын дунд монгол хэлний үгийн баялаг хомсдож байгааг харсан. Үгийн сонголт, найруулга, тухайлж хувиргаж хэлэх гэх мэт олон тал дээр цөөхөн хэдэн үгэнд багтах болсныг анзаарсан. Эрдэмтэн мэргэдийн хэлснээр монгол хэл бол далай баялаг хэл юм. Ийм их далай баялаг хэлтэй улс оронд төрчихөөд үүгээрээ бахархаж явахгүй бол устах юм байна гэж бодсон. Зарим судлаачид бол хэл мөхөхгүй цааш хувирч өөрчлөгдөөд явна гэдэг. Дэлхий дээр 7000 хэл байгаагаас хэд нь ч устаад алга болсон юм бэ. Улс үндэстэн бүхэн эх хэлээ бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө тэмцэж байна. Их эрдэмтэн Б.Ренчин гуай монгол хэлэнд 1.5 сая орчим үг бий гэсэн. Гэтэл бид ийм баялаг хэлтэй байж маш цөөн үгэнд багтан ойлголцох болжээ. Хэл өөрөө нийгэм цаг үеийн толь байдаг бололтой. Нийгэм, цаг үе, хөгжлөө дагаад үг хэллэг ихэд мартагдаж байгаа энэ үед бид бүхэн цагаан дээр хараар тэмдэглэж үлдээх нь эх хэлээ сахин хамгаалах хамгийн том үүрэг гэж боддог. Эх хэлнийхээ тайлбар толийг төрөл бүрээр хэвлэн гаргах хэрэгтэй гэж ойлгосон учраас энэ ажлаа эхлүүлээд байна, цаашид ч үргэлжлүүлнэ.

-Өнөөдрийн өргөн хэрэглээнд байгаа гэж болох өдөр тутмын сонины материалыг 500 үгэнд багтаж байна гэсэн судалгаа гаргасан байдаг?

-Их сургуулийн багш байхдаа оюутнуудтайгаа хамтран, механик аргаар нэг удаа тоолж үззхэд 500-600 үг болж байсан. Манай эрдэмтэн судлаачид ч ийм багцааны тоо гаргасан байдаг.

-Тэгвэл утга зохиолын чиглэлд үгийн тоо гаргаж үзэв үү?

-Тийм судалгаа байдаг. Хэл зохиолын хүрээлэнгээс “Монголын уран зохиолын дээжис 108 боть”-ийн үгийг тоолоод 30 мянга орчим үг байна гэж үзсэн. Толь гаргахад үгийг нь үсгийн дарааллаар толгойлоод утгыг нь тайлбарлаад явах нэг хэрэг. Харин шүлэг зориулж бичээд түүнийгээ утгачилан тайлбарлахаар илүү ойлгомжтой болж байгаа юм. Тухайлбал, “Гануулдах” гэдэг үг яаж хэрэглэдэг юм. Говь нутагт бол тэмээний ногтны шижмийг буруу талаар нь оруулаад шилэн дээгүүр нь дарахыг хэлдэг бол баруун Монголд онь хөтлийг гануу гэх мэтээр хэрэглэдэг. Монголчууд энэ мэт үгийн утга санааг хэрхэн гаргаж, утга хааш нь шилжүүлж, өгүүлбэрийн аль талд нь хэрхэн хэрэглэж байсан жишээ гарцаагүй хэрэг болдог. Үүний жишээ болгож найман мөр шүлэг зохиож, энэ шүлэгтээ мартагдаж байгаа, мартагдах шахсан үг хэллэгийг оруулсан юм. Хүнд хүрэх нь илүү, хүний тархи толгойд үлдэх талаасаа ч өөр. Тэгэхээр миний номноос найман мөр шүлгүүдийг уншихаар ойлгогдохгүй үг хэллэг гарч ирнэ, харин шүлгийн дор үг хэллэгээ хадаад тайлбарлачихсан байгаа нь илүү хялбарчилж ойлгуулахыг хичээсэн хэрэг.

-Таны хувьд хөдөө, говь тал нутагт төрж өссөн уран бүтээлч хүн учраас давуу талтай байх. Бага наснаасаа нутгийнхаа өвгөдийн хэлж ярьж байсан үг хэллэг таны энэ номонд шингэсэн болов уу гэж бодож байна?

-Чи бидний үеийн хүүхдүүд аав ээждээ тус болж, малын захад өслөө. Сүүлдээ өөрсдөө бие даан мал маллаж, морь уяад явж байхад нутгийн өвгөдийн хэлж ярьж байсан үг хэллэг тархи толгойд хадгалагдаж үлдсэн байдаг. Үүний дараа эрдэмтэн багш нарын ном дор танхимын боловсрол эзэмшиж, шашин соёлын чиглэлд судалгаа хийхээр судар бичгийн хэл найруулга, хүндэтгэлийн найруулгаар хэлэгдэж байсан үгнүүд тархи толгойд үлддэг юм байна. Энэ бүгдийг шүлэг зохиолдоо оруулаад бичээд байдаг байлаа. Гэтэл хүмүүс П.Нямлхагва үгээр чамирхаж гангардаг, магадгүй бараг үг зохиолоо, шүлэг нь ойлгогдохгүй байна гэх мэт зүйл ярьж байгаа нь өөрт мэдрэгддэг болсон. Үгийг нь ойлгохгүй бол шүлгийг нь ойлгохгүй, тэгэхээр шүлгэнд байгаа үгүүдийг тайлбарлах хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай монголчууд их нэрэлхүү ард түмэн. Монгол хүн байж монгол үгийг “Энэ ямар үг вэ” гэж хүнээс асуухаасаа нэрлэхдэг учраас аажим аажмаар мартагдаад явдаг. Нөгөө талаар хөдөөд ч уламжлалт ахуй холджээ. Манай говь нутагт тэмээ нуруу ачаад нүүдэл хийдэг айл байхгүй болсон. Хөгжил дэвшил, төмөрлөг эринийг дагаад хөдөлмөр хөнгөвчлөх, хялбарчлах зүйл олон бий болж, энэ хэрээр ахуй соёл алдарч, энэ ахуйд хэрэглэгдэж байсан үг хэллэг устаж үгүй боллоо. Бид одоо уламжлалт үг хэллэгээ орчин цагт хэрэггүй гээд орхих уу, үүнийгээ өвлөн үлдээх үү гэдэг хоёр замын уулзвар дээр зогсож байна.

-Хөгжил дэвшлийг үгүйсгэх аргагүй. Гэвч хөгжил дэвшил асар хурдтай явж байгаа учраас нүүдлийн иргэншил, монгол соёл уламжлалыг үгүй хийж байгаатай бас эвлэрэх аргагүй. Дэлхийн бусад оронд энэ тал дээр ямар байдаг юм бол?

-Хэдийгээр хөгжлийн эрин давлагаалж байгаа ч дэлхийн улс үндэстнүүд хэл соёлоо авч үлдэхийн төлөө чармайж байдаг бололтой. Жишээ нь, Японд бол эртний самурайн ёс, дэг жаяг, соёл уламжлал, эртний эрдэм, үг хэллэг одоо байхгүй ч ханзны тайлбар толь бичигт тайлбарлаад явж байдаг юм байна. Асар хурдтай довтолгож байгаа хөгжлийн давлагаанд хэл соёлоо авч үлдэхийн тулд хойч үедээ тайлбар толь бичиг үлдээж байгаа хэрэг.

-“Нүүдлийн ахуй соёлын үг, хэллэгийн шүлэгт тайлбар толь”-д хэдэн үгийг тайлбарлан шүлэглэв?

-Толгойлсон үгээр үзэх юм бол 1500 орчим, үгээ нэг бүрчлэн тайлбар хэллэгтэй нь тоолох юм бол 3000 орчим үг, шүлэг нь 340 бадаг шүлэг бий. Өнөөдөр хэл ярианд төдийлөн хэрэглэгдэхээ больсон, орхигдох гээд байгаа үгнүүдээс сонгосон. Ардын хувьсгал ялсан цагаас хойш судлаачид орчин цагийн монгол хэлийг бичгийн, ярианы гэж хоёр хуваажээ. Ярианд “байхиймаа” гэдэг бол бичгийн хэлээр “байх юм” гэж бичнэ. Бичгийн хэл бол хар ярианы хэл шиг палан цүлэн байж болохгүй. Дээр нь судалгаа шинжилгээний хэл найруулга, албан бичгийн хэл найруулга гээд хэлний хувьд хуваадаг болсон. Ингэхээр хүн бүхэн боловсролтой академик харагдах гэж хичээнэ. Үүнээс үүдээд өдөр тутмын яриан дунд байдаг өнөөх уламжлалт үг хэллэг маш ихээр гээгджээ. Жишээ нь, “Надын юмыг аваад ир” гэхээр “Надын гэж юу байдаг юм, миний юм гэхгүй юу” гэдэг. Гэтэл амьд хэрэглээний ярины хэрэглүүр дотор, зарим уран зохиолд гарч л байна. Хасах аргагүй. Энэ мэт нь амьд ярианы харилцаан дотор байгаа нандин чанарыг устгах боллоо. Миний тайлбар толь дотор бол энэ мэт амьд ярианы хэрэглүүрт байдаг үг нэлээдгүй орсон. Хэл яриа бол хүмүүсийн амьд харилцаа төдийгүй сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. “Тачигнасан юм өнгөрлөө”, “тожигносон юм өнгөрлөө” гэх хоёр өгүүлбэр  тэс өөр утга агуулна.  Хүч нэмэгдүүлсэн, хүч сулруулсан утгаар авч үзнэ. Тухайн зүйл тожигнож байна уу, тачигнаж байна уу гэх зэргээр тухай зүйлээ таних, хүчтэй хүчгүйг мэддэг ард түмэн. Тухайлбал, “Хулгана тачигнаад” гэж ярихгүй. “Хулгана тожигноно” гэнэ биз дээ. Харин “эмнэг адуу тачигнаж байна” гэх мэтээр монгол хэл маань өөрөө утга дагасан, шилжсэн далай баялаг юм.

-Зохиолч, яруу найрагчид эх хэлний манаач, хамгаалагч нь байх ёстой гэж үздэг юм билээ. Энэ нь манайд хэрхэн үүргээ гүйцэтгэж байна?

-Харьцангуй байна, үнэхээр эх хэлээ баяжуулан бичиж, харийн халдлагаас хамгаалж явдаг зохиолчид ч бий, харийг шүтдэг уран бүтээлчид ч бий. Хэл бол аливаа улс үндэстний оршин тогтнохын үндсэн баталгаа, бид хэлтэй байж гэмээнэ хилтэй байна. Хэлтэй байж гэмээнэ үндэстэн гэдэг зүйлээрээ омогшино. Аливаа улс үндэстний эрдэмтэн мэргэд, зохиолчдоос эхлээд эгэл жирийн иргэд хүртэл эх хэлнийхээ төлөө санаа чилээж ирсэн. Дагестаны яруу найрагч Расул Гамзатов “Өнөөдөр эх хэл минь мөхвөл маргааш нь би үхнэ” гэж дуун алдсан байдаг. Энэ цаг үед хоёрдогч, гуравдагч орны хэлийг эх хэлнээсээ илүү сурч, дэлхийтэй хөл нийлүүлэн алхана гэдэг уриа лоозон ч байна, сэтгэхүй ч давамгайлах болжээ. Ийм үед бид эх хэлээ хамгаалахаас өөр аргагүй.

-Цахим орчин, хэвлэл мэдээллээс харж байхад таны ном хүмүүст нэлээд хүрч байгаа бололтой. Манай хэлний эрдэмтэн мэргэд хэрхэн хүлээж авч байх юм?

-Номоо хэвлэлтээс авсан даруйд л хэлний эрдэмтэн мэргэд, судлаачдад хүргэж өгсөн. Тэд маань цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр болон бусад хэлбэрээр байр сууриа илэрхийлж байгаагаас харвал ам сайтай байна. Тэр ч бүү хэл үүнийг ингээд орхиж болохгүй, дараа дараагийн толь, номыг гарга гэх зэргээр саналаа ч хэллээ. Миний хувьд цаашид цувралаар гаргана. Ямартай ч ойрын үед гурван боть гаргана. Ер нь гурваар тогтохгүй есийг хийсэн ч далай баялаг хэл маань бий, цаана нь ахиад ч үлдэнэ. Дараагийн толь бол адуун зүсмийн толь бий. Манай судлаачдын тоолсноор монгол адууны зүс зүсэм нийлээд 370 гаруй байгааг тогтоожээ. Зөвхөн адууныхаа зүсийг 370 гаруй үгээр нэрлэж байдаг ард түмэн шүү дээ. Жишээ нь, халзан гээд аваад үзэхэд хонгор халзан, хар халзан, зээрд халзан гээд зүс болгоноос явна. Гэтэл халзан дундаа олон тодорхойлолттой. Өргөн халзан, нарийн халзан, манхан халзан, гадсан халзан, мэрлэн халзан, зурвас халзан гээд олон.

-Нөгөө талд Монголын өргөн уудам нутагт тархан суурьшсан олон ястнууд дунд нэг зүйлийг өөр өөрөөр хэлж нэрлэж байна. Энэ бүгд ч хэлийг улам далай баялаг болгодог байх?

-Тэгэлгүй яахав. Малын зүсийг гэхэд баруун монгол, төв халхад өөр өөрөөр нэрлэнэ. Миний хувьд монголд байгаа бүхий л зүсмийн адууны фото зургийг аваад зүсийг нь тайлбарлаж бичих явдал юм. Тухайлбал, будан цоохор адууны зургийг тавиад үүнийг Ховд аймагт ингэж нэрлэдэг бол Сүхбаатар аймагт ингэж нэрлэдэг, харин говь нутгийнхан ингэж нэрлэдэг гэх мэтээр нарийн тайлбарлана. Харин гурав дахь толь нь тэмээн зүсмийн толь байх юм. Тэмээний үс ноос, яс шүд, түүнд хэрэглэдэг эдлэл хэрэглэл, тэмээнд гардаг өвчнийг хүртэл нэрлэнэ. Тэмээ балцруутна, чойронготно гэж яадаг юм гэх мэтээр тайлбарлана. Адуу чойронготно гэж байхгүй шүү дээ. Саяхан хөдөө явж байхад нэг уяач хэдэн үрээ зассан, хүнд гартай хүн зассан юм болов уу, хуухнаг нь хавдаад усандаа ирж чаддагүй гэж байх юм. Уг нь “Хэдэн үрээ агталсан юм, гар хүнд хүн хүрч дээ, соёнготоод алга боллоо” гэнэ шүү дээ. Наад захын ийм зүйл уяачдын дунд алга болжээ. Адуун дагасан соёлд бол маш том өөрчлөлт бий боллоо. Хуучин цагт адууг бэлчээрээр уях, өвс ногоог сонгож тааруулах, адууг эмнэх, домнох, морины тар, хөлс авах гээд ахуй дагаж уламжилсан зүйл байсан бол одоо өөр болжээ. Үүн дунд л өнөөх уламжлалт үг хэллэг дагаж явдаг байв. Одоо бол морины жүчээ байна, морь ачдаг машин байна, бэлэн өвс тэжээл байна, тэр бүү хэл тариа будаа хийлгэж асруулж байгаа зэрэг нь өнөөх л уламжлалаас улам бүр алсарч, үг хэллэг үүнийг даган устаж байна. Дараа нь монгол хувцас гэсэн нэг толь байж болохоор харагдаж байгаа юм. Бид нар сайхан оёж хийсэн хувцас өмсөөд явж байгаа ч хувцсанд байгаа оёдлыг нь чухам юу гэдгийг мэддэггүй. Оёдол бүрийг нь тайлбарлах хэрэгтэй. Хавах гэдэг нь аль юм, алийг нь мэтгэх, юуг нь шаглах гэдэг юм гэдгийг мэдэхгүй л өмсөөд явдаг. Энэ бүхнийг тухайлан тайлбарласан толь байх ёстой. Зөвхөн аягатай халуун цай хөрөх хүртэл шазлам халуун, час халуун, халуун бүлээн, зөөг, хүйтэн бүлээн, цэв хүйтэн гээд асар олон үг бий. Одоо бол халуун, хүйтэн, бүлээн гэсэн төдий үг хэрэглэгдэх болжээ.

-Хэл бол яах аргагүй хөндөх асуудлын нэг болсон. Төрийн хэлний зөвлөл ч гэж байдаг. Таны хувьд энэ зөвлөлд хандаж үзэв үү. Тэд ямар бодол санаатай явдаг юм бол?

-Төрийн хэлний зөвлөлтэй уулзсан. Тэд халуун дотно хүлээн авч дэмжин ажиллаж байгаа. Төрийн хэлний зөвлөл бол маш их ажилтай газар юм билээ. Гадаад нэр томъёог орчуулах, зөв бичгийн журмалсан толь гаргах, монгол төрийн хэл ямар байх ёстой вэ гэх мэтээр ажил мундахгүй бололтой. Энэ газартай хамтарч ажиллаж байгаа, зөв зүйтэй зүйл гэж маш их дэмжиж байгаа. Толь гэдэг бол нэг хүнд нүсэрдэж томдсон ажил юм билээ. Үгийг бол бид цуглуулаад авч болно, үгийг тайлбарлана гэдэг өөрөө монгол сэтгэлгээ, монгол  ухаан шаардсан том ажил. Би энэ толийг бүтээх явцдаа Я.Цэвэл гуайг ганцаараа тийм том толь бичиг хийсэн гэхээр гайхаж биширсэн. Ганц хүнд бол дэндүү ахадсан ажил. Хэл шинжлэлийн хүрээлэн, бусад газраас баг хамт олноороо хийхэд бол хамаагүй хялбар байх. Үг үсгээр нь хувааж аваад ч юм уу, аймаг овгоор нь хувааж аваад хийхэд илүү хялбар, амар байхаас гадна даацтай болох юм байна гэж бодсон.

-Таны хувьд баг бүрдүүлж илүү даацтай ажиллахыг хүсэж байгаа юм байна. Энэ саналаа холбогдох газарт уламжилав уу?

-Одоогоор энд тэнд санал тавиагүй ч ойлголцсон гэж үзэж байгаа. Миний зүгээс бол хувь уран бүтээлч хүн, өөрийнхөө чадах чинээнд л хийж байна. Харин төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлбэл тусгай баг бүрдүүлээд есөн ботийг илүү даацтай, өргөн хүрээнд хийх юм сан гэж боддог. Энэ бол ганц П.Нямлхагвын бүтээл биш, бүх монголчуудын бүтээл гэж ойлгож болно. Яагаад гэхээр би үүнийг бүх монголчуудын дундаас цуглуулж байна, өвгөдөөсөө асууж сурж байна, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөж байна. Үүгээр зогсохгүй энэ нь Монгол үндэстэн оршихын гол шалтгаан шүү дээ. Ганц хүн хийж болно, гагцхүү асар урт цаг хугацаа орно. Өнөөгийн нөхцөлд Монгол хэлний хэвлэмэл толь гардаг боловч учир дутагдалтай байгаа юм. Хамгийн наад захын жишээ гэхэд “Дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат” гэдэг үгийг “Дөрөө дарсан ат” хэмээн буруу ярьж бичээд байх болжээ. Уг нь дөрвөн шүд нь адил түвшинд ургаж, нас бие гүйцсэн атыг хэлж байгаа юм шүү дээ. Энэ мэт ташаарсан зүйл нь явсаар байгаад ирээдүй хойчид буруугаараа үлдэнэ. Тиймээс тайлбар толь гаргаж үлдээх учиртай. Миний хувьд шүлгээр тайлбарласан нь хүнд сонирхолтойгоор хүргэж, ой тойнд нь үлдээх гэж зорьсон хэрэг. Зөвхөн тохойны эсрэг нугаладаг үеийг чухам юу гэдгийг арваад жил хайж байж Архангай аймгийн нэг өвгөнөөс мэдэж авсан. Бүх үений эсрэг зүйл нэртэй байдаг ч тохойны эсрэг нугардаг хэсгийг мэддэг хүн байдаггүй. Гэтэл тэр өвгөн “Нахим” гэдэг юм гэж хэлж билээ. Өвдөгний эсрэг үеийг “тахим” гэдэг шүү дээ, түүн шиг л юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top