Нийслэлийн Онцгой комиссоос долоо хоног бүр КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэхээр болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өчигдөр цар тахлын одоо үеийн нөхцөл байдал, эмнэлгийн орны хүрэлцээ, тусламж, эмчилгээний талаарх мэдээллийг танилцууллаа. Тэрбээр нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг 11 арга хэмжээг авч хэрэгжүүлж буй талаараа дурдсан юм. Тухайлбал, шинжилгээний лабораторийг хөгжүүлэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тусгаарлан эмчлэх байрыг бэлтгэх, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг сайжруулах, ор зохицуулалт, эмийн сангуудтай хамтын үйл ажиллагаатай байх зэрэг ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж.
ЦАР ТАХЛААРНАС БАРАГСДЫН ТОО ТОГТМОЛ ӨСӨВ
Нийслэл хотод цар тахлын батлагдсан тохиолдлын тоо сүүлийн долоон хоногийн турш тогтмол өссөн. Энэ оны 38 дахь долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо өдөрт дунджаар 3,983 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос хоёр хувиар өссөн үзүүлэлт юм. Тэр дотроо жирэмсэн эхийн халдварласан тохиолдол долоо хувь, хүүхдийн тохиолдол таван хувиар өсжээ. Есдүгээр сар гарснаас хойш халдварын 97,122 тохиолдол бүртгэсэн нь зургаадугаар сарын давалгаанаас 60 хувиар өссөн дүн юм. Шуурхай штабын нарийн бичгийн дарга Д.Оюунболд өвчлөл нэмэгдсэн шалтгааныг сургууль, цэцэрлэг эхэлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэсэнтэй холбон тайлбарлав. Мөн тэрбээр сургууль, цэцэрлэгт бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх хувь нь ахуйн хүрээнд халдварласан тохиолдол гэв. Сүүлийн долоо хоногийн байдлаар дундаж нас баралт найм байгаа бөгөөд өвчлөгсдийн 0.1 хувийг нас барсан тохиолдол эзэлжээ. Энэ хугацаанд нэн хүнд өвчтөн 4.2 хувиар, хүнд өвчтөн 20.2 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөн өнгөрсөн сарын 27-ны байдлаар 232 байсан бол 29-нд 450 болж огцом нэмэгдсэн. Улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ч ор хүрэлцээгүйн улмаас гэртээ нас барсан тохиолдол удаа дараа гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор хөнгөн тусаад, танил талаараа эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс болж ор хүрэлцэхгүй байна хэмээн иргэдийн дунд бухимдал үүсэх болсон. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар тайлбар хийхдээ “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 80 хувь нь хүнд, хүндэвтэр, нэн хүнд гэх ангилалд байгаа. Үлдсэн 20 хувь нь хөнгөн ангилалд багтана. Гэхдээ хөнгөн хэмээн ангилж байгаа ч жирэмсэн, суурь өвчтэй зайлшгүй хэвтэн эмчлүүлж, эмчийн хараа хяналтад байх ёстой хүмүүс юм. Тиймээс танил тал ашиглан эмнэлэгт хэвтсэн хэмээн буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна” гэв.
Б.БЯМБАДОРЖ: НЭМЭЛТ ОР ДЭЛГЭХИЙН ТУЛД
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Цар тахлын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор орны хангамж болон хүний нөөцийн асуудал хүндрэлтэй болсон. Үүнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тайлбар хийлээ.
-Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Орны хүртээмжгүй байдлыг хэрхэн зохицуулах вэ?
-Бид 46 эмнэлэгт 5,986 ор дэлгэсэн. Гэтэл хэвтэн эмчлүүлж буй өвчтөний тоо 6,539 байна. Нэмэлтээр 152 ор дэлгэсэн. Хэрвээ сайдын тушаал гарвал өнөөдрөөс нэмж 300 ор дэлгэнэ. Ерөнхийдөө бүхий л нөхцөлийг хангасан. Одоо бол сайдын тушаалыг хүлээж байна. Сая хэлсэнчлэн хоёр хоногийн дотор 100 гаруй өвчтөнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага нэмэлтээр гарч байгаа юм. Нөгөө талаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эмчлүүлээд гарч буй хүний тооноос өндөр байгаа учраас ор сулрахгүй байгаа юм.
-Өвчтөнүүдийн тоо нэмэгдэх тусам эмнэлгийн ажилчдын нөөц хангалтгүй болох юм биш үү. Халдварын тохиолдлууд эрс нэмэгдэхээс ч өмнө улаан бүсэд ажиллаж буй ажилчдын тоо хүрэлцээгүй байсан шүү дээ?
-Эмнэлгийн салбарт хүний нөөц дутмаг байгаа. Хоёр мянга гаруй албан хаагч голомтод ажиллаж байна. Бүх нөөц бололцоогоо дайчилж байгаа боловч эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийг асрах, зөөхөд хүрэлцэхгүй байна шүү дээ. Ядаж л дөрвөн мянга орчим хүн ажиллавал хангалттай хүний нөөцтэй гэж үзнэ.
-Хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бид хүний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд олон талт хамтын ажиллагаанд түшиглэж байгаа. Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Өрхийн эмнэлгийн холбоо зэрэг төрөл бүрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 239 резидент эмчийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилсан. Эдгээр хүмүүсээс 150 нь ажлын байранд хуваарилагдан ажиллаж байна. Глобал сангийн санхүүжилтээр өдөрт 50 ам.долларын урамшуулалтайгаар сайн дурын ажилчдыг ажиллуулж байгаа. 207 хүн бүртгүүлснээс 111 хүн сайн дураар ажиллаж байна. Өдөр бүр бүртгэж, нэмэлт зөвлөгөө өгч, ажиллах нөхцөлөөр хангасан. Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 187 хүн ажиллахаас 117 хүн ажиллаж байна. Стандартаар бол таван өвчтөн тутамд нэг эмч, нэг сувилагч ажиллах ёстой. Гэтэл манай улсад битгий хэл дэлхий даяар сувилагчдаар дутагдаж байна шүү дээ. Ердийн үед ч эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолтой байсаар ирсэн.
-Сайн дураар ажиллаж байгаа хүмүүсийн талаар дурдлаа. Нийт хэчнээн төгрөгийн төсвөөр хэдэн төрлийн мэргэжилд ажиллуулах вэ?
-Бидэнд есөн төрлийн 910 ажилтан шаардлагатай байгаа. Явуулын амбулаторийн бүртгэгч, тандалтын багт, эмчилгээний багц түгээгч, зөвлөгөө мэдээллийн ажилтан, тунгийн бүртгэгч, жолооч, дуудлагын оператор, шинжилгээний цэгийн бүртгэгч болон дархлаажуулалтын багт туслах ажилтан гэсэн ажлын байр байна. Эдгээр ажлын байранд сайн дурын хүмүүсийг цалинжуулж ажиллуулах юм.Тэдэнд ажлын цалин гэж 3.64 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдгээр хүмүүсийг богино хугацаанд сургалтад суулгаж, дараа нь ажлын байранд хуваарилахаар тооцоолж байна.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
dund gobi shorongin humuss booz airan higed zurhai zurah uzegdel bol yalsarsan umhi uuchure tarasan daa.
mongol hun buhen ene dund gobi boo geels horngin zugtasan horigdol abgai zagnaal. hen bolchol chi umhii boo hoodni boo na d zaah ged baidin bi said hun shuu.
bas shono ireel ulzere zodosn doo. ene boo shorngu yaltan hun zodoj alad sursan umhi haraal jagatag lam shuu.shonrgin hunmuus boo hiiged zurhai zuraal ih buzarlasan biz.