БНХАУ цахилгаангүй, Их Британи бензингүй, Европ нүүрс, байгалийн хийгүй долоо хоног

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Хятадын олон мужид эрчим хүч тасалдсаны  улмаас айл өрхүүд гэрэл цахилгаангүй болж, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа билээ. Түүнчлэн энэ долоо хоногт Их Британийн шатахуун түгээх станцуудын гуравны нэг орчим нь бензингүй болсноос гадна Европ даяар эрчим хүчний үнэ  дээд хэмжээнд хүрч өслөө.  АНУ-ын хий, нүүрс үйлдвэрлэгчид өвлийн улирал эхэлж, халаалтын хэрэгцээ огцом өсөхөөс өмнө эрэлтээ хангахын төлөө тэмцэж байна.

 

Дэлхийн эрчим хүчний хямралын шалтгаан юу байв

 

Шинжээчид  эрчим хүчний хомсдлын шалтгаан цар тахлаас ч  өмнө байсан гэдгийг онцолжээ.  Цар тахалтай холбоотойгоор нийлүүлэлтийн гацаа үүссэн нь байдлыг улам дордуулсан гэдгийг холбогдох шинжээчид тодотгож байна. Сүүлийн 5-10 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө хаяж,  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байгаа. Гэхдээ  энэ нь чулуужсан түлшинд оруулж буй хөрөнгө оруулалтыг бууруулж, өнөөгийн асуудал үүсэхэд нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Бодит байдал дээр  дэлхийн улс орны олонх нь   газрын тос, нүүрс, байгалийн хий гэх мэт уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүд дээр тулгуурласан хэвээр байгаа юм. “Goldman Sachs” группийн түүхий эдийн судалгааны багийн тэргүүн Жефф Карри өнгөрсөн мягмар гарагт “Bloomberg TV” -д өгсөн ярилцлагадаа "Хий, нүүрс, газрын тос, тэргүүтэй уул уурхайн түүхий эдийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом буурсан. Энэ нь эргээд өнөөгийн нөхцөл байдлыг бий болгоход түлхэц болж байна” гэжээ.

 

Европ нүүрс болон хийний хомсдолд оржээ

 

Нүүрс, хийн хомсдол  Европт эрчим хүчний үнэ тэнгэрт хадах гол нөхцөл болоод байна.  “ICE Futures” биржийн арилжааны мэдээллээр Европт хийн үнэ мянган шоо метр нь 1050 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Европын хамгийн хөрвөх чадвартай бирж болох Нидерландын TTF биржийн индексээр лхагва гарагийн арилжаа эхлэхэд хийн үнэ 955 орчим ам.доллар байсан бол өдрийн туршид өсөж, 1064 ам.долларт хүрсэн байна. Энэ нь мягмар гарагийн арилжааны дундаж үнээс 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Шинжээчид үүнийг Европын хий хадгалах байгууламжуудын нөөц бага байгаатай болон  эдийн засаг сэргэхийн хэрээр эрэлт нэмэгдсэнтэй, мөн цаг агаарын хүчин зүйлүүд, байгалийн шингэрүүлсэн хийн зах зээлд Азийн орнуудын өрсөлдөөн нэмэгдэж, Европын томоохон нийлүүлэгч болох “Газпром” компанийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай холбоотой гэж үзэж байна. Харин БНХАУ нүүрсээ хангалттай хэмжээгээр нөөцлөхийн тулд дэлхийн хамгийн бохир чулуужсан түлшний үнийг өсгөж байна. Колумбийн их сургуулийн “SIPA” судалгааны төвөөс гаргасан Дэлхийн эрчим хүчний бодлогын тайланд БНХАУ нүүрсний үйлдвэрлэлээрээ болон хэрэглээгээрээ  дэлхийд тэргүүлэгч боловч нийлүүлэлтийн хомсдол нь тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн гарцыг хязгаарлахад хүргэсэн гэдгийг тодотгосон байна.  БНХАУ-д  цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс зохицуулдаг тул нүүрсний үнэ дээд хэмжээндээ хүрсэн ч  цахилгаан үйлдвэрлэгчид  үнээ нэмж чадахгүй.  Ингэснээр зарим эрчим хүчний компаниуд алдагдалд орж байгаа юм. Тэгэхээр эрчим хүчний компаниуд  өнөөгийн хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх сонирхолгүй байгаа юм.

 

Нүүрс, байгалийн хийн өссөнөөр үүсэх үр дагавар

 

АНУ энэ өвөл байгалийн хийн хомсдолтой тулгарахаар байгааг шинжээчид тодотгожээ.  Энэ нь цар тахлаас үүдэлтэйгээр хөрөнгө оруулалт буурч,  ажиллах хүчний хомсдол үүссэнтэй холбоотой байна.  Далласын Холбооны нөөцийн банкнаас өнгөрсөн мягмар гарагт  гаргасан тайланд дурдсанаар,  газрын тос, байгалийн хийн компанийн 51 хувь нь ажиллах хүчний дутагдалд оржээ. 

 

Их Британийн шатахууны хомсдолын шалтгаан

 

Их Британийн шатахууны үнэ хянадаг RAC компанийн мэдээлснээр мягмар гарагийн байдлаар нэг литр хар тугалгагүй бензиний үнэ дунджаар 136.50  пенс (1.83 ам.доллар), дизель түлшний үнэ 138.78 пенс (1.86 ам.доллар) болж өсжээ. Их Британийн шатахуун түгээх станцууд бензингүй болсны нэг гол шалтгаан ачааны машин жолоочгүй болсон явдал юм. Их Британи Европын холбооноос албан ёсоор гарахдаа цагаачлалын дүрмийг чангатгаж, холбооны иргэд тус улсад  визтэй зорчиж байхаар болсон. Тус улсын ачааны машин жолоочийн олонх нь Европын бусад орноос ирдэг  бөгөөд ажиллах хүчний хомсдол нь Их Британийг шатахуун болон бусад олон төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх жолоочийн дутагдалд оруулжээ. “Kpler” -ийн тэргүүлэх шинжээч Кевин Райт "Жолооч нарын хомсдол нь “Brexit” болон цар тахлаас үүдэлтэй. Ялангуяа Зүүн Европын орнуудын жолооч нар Их Британийг олноороо орхисон” гэжээ.

 

ХЯМРАЛ ЦААШИД ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?

 

Эрчим хүчний эрэлт хэрэгцээг  хангах эсвэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах хоёрын хоорондох гацаа  болоод  цар тахал  хямралын гол шалтгаан юм. Засгийн газрууд ямар арга хэмжээ авч үүсээд буй асуудлыг шийдэх вэ гэдгээс хямрал үргэлжлэх эсэх нь шалтгаална гэдгийг ажиглагчид хэлж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.219.41) 2021 оны 10 сарын 03

bitgii teneg 5 nastai huuhdiin ulger yariad bai,sayahan hyatadduud tanai nuursiig yaahavdee huurhiiduu geed avaj baigaa gej helee bizdee,tumur zam tavibal zamin tatvar geed asar undur tatvar tavina,tegeed uurhaig chini dan hyatad ajilchid tehnikuud ni ireed ezeleed avna,bitgii 4 nastai huuhed shig teneg teneg yum bichij bai,ichij yav

0  |  0
сонгогч(202.9.46.140) 2021 оны 10 сарын 06

10 жилийн өмнө Гашуун сухайтын төмөр замаа ашиглалтанд оруулчихсан бол өдийд маадайж байхгүй юу? хэн түүнийг гацааж монголын хорломон билээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

2  |  1
М(64.119.16.164) 2021 оны 10 сарын 03

Уулын буга хараад унасан морио голохоор ийм л юм болно

0  |  0
Уншигч(66.181.180.220) 2021 оны 10 сарын 09

Заавал 5 толгой гэхгүй шивээговийн нүүрсээ вагоноор хятад руу гаргаж валютийн нөөцөө нэмэгдүүлж болохгүй юм байх даа

4  |  0
Top