Өчигдөр /2021.09.30/ Засгийн газраас 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр /2021.10.01/ нээлтээ хийсэн намрын чуулган, арваннэгдүгээр сарын 15-ны өдөрт багтан, ирэх оны төсвийг хуульчлан батална.
Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 5 хувьтай байна гэж тооцож буй Засгийн газар төсвийн нийт орлогыг 16.4 их наяд төгрөг, зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар төсөлдөө тусгасан бөгөөд “Хөгжлийн төсөв” болсон гэж тодотгож байна.
Тэгвэл дунд, урт хугацааны хөгжлийн суурийг бататгахад чиглэсэн гэх 2022 оны төсвийн төсөлд нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгажээ. Гэхдээ ирэх оны төсөвт тусгасан төслүүдийн нийт төсөвт өртөг 5.9 их наяд төгрөг бөгөөд жишгийн дагуу жил дамнасан санхүүжилтүүд шаардагдах юм.
Ирэх оны төсвийн төсөлд нийт 18.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 5334 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж.
Нийт төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд орон нутаг, салбар яам, Сангийн яам гэсэн гурван түвшинд, хоёр үе шаттай төлөвлөж, төслүүдийн эрэлт хэрэгцээ, нийгмийн ач холбогдлыг тооцох, мөн төслүүдийн хэрэгжүүлэх бэлэн байдал хэр хангагдсан талаар үнэлгээг 16 шалгуур үзүүлэлтээр цахим системээр төлөвлөн ажилласан гэж Сангийн яамнаас тодотгосон.
Түүнчлэн нийт 5,943.6 тэрбум төгрөгийн зардалтай 2022 онд санхүүжих 2,137.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1334 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгажээ.
2021 оны түвшнээс зам тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 7.5 дахин, барилга байгуулалтын салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 4.1 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин их төлөвлөсөн байна.
Тодруулбал, зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 2022 оны ДНБ-ийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөөлөл гарсан гэж Сангийн яамнаас мэдээлсэн.
Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө хөрөнгө оруулалтын зардлын талаар хэлэхдээ:
"Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн бизнесийн орчныг дэмждэг, дэд бүтцүүдийг бий болгоход төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг чиглүүлнэ. Ковидын нөхцөл байдал үргэлжлэх учраас эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавьж байгаа. Бусад нийгмийн салбарын хөрөнгө оруулалтууд дээр бол боломжийнхоо хэрээр хэмнэлтүүдийг хийнэ. Тэгснээр тэр орон зайг дэд бүтэц рүүгээ илүү оруулъя гэсэн зорилтууд тавьж байгаа. Шилжих төсвийн хөрөнгө оруулалтуудыг аль болох хурдан дуусгах хэрэгтэй. Олон жил үргэлжлэх тусам л эрсдэл гардаг. Төсөвт өртөг нь нэмэгддэг. Инфляц зэрэг бидний тооцоолоогүй олон эрсдэл гарч ирж байгаа учраас шилжих хөрөнгө оруулалтуудыг бол бушуухан дуусгах хэрэгтэй. Концессын өрүүдийг бушуухан дуусгах хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалтуудад онцгой анхаарна. Тэвчиж болох олон төрлийн хөрөнгө оруулалтууд байна” гэж байсан.
Төсөлд тоонуудыг тусгаж, өргөн барьсны дараа Сангийн яамнаас “Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход түлхүү чиглэсээр ирсэн, энэ хүрээндээ 2022 онд эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн өмнөх онуудад эхэлсэн төслүүдийг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах чиглэлийг баримталсан” гэсэн мэдээллийг өгч байна.
Сангийн яам хөгжлийг дэмжинэ гэсэн тодотголтой хөрөнгө оруулалтуудаас дараахыг онцолж, мэдээлсэн. Тухайлбал:
Сэтгэгдэл ( 0 )