“Дэлхийн улс оронд буй болсон засаглал дундаас хамгийн ёс суртахуунтай нь хаант засаглал байсан. Монголчууд хааныгаа мөнх тэнгэрийн өгөгдөл. Ард түмнийг аз жаргалтай амар амгалан байлгах ёстой хүмүүн хэмээн үздэг байв. Тийм ч учраас Монгол төр Чингис хааны үед хамгийн хүчирхэгээр хүн төрөлхтөнийг байлдан дагуулж байсан. Энэ бүхний гол хүч нь ёс суртахуун” хэмээн ярих энэ эрхэм бол академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл.
Нар налайсан намрын шаргал өдрөөр түүнийг зорин ирээд буй нь энэ юм. Монгол хүний найрсаг зочломтгой зангаар С.Нарангэрэл багш зурагчин, бид хоёрыг угтан авав.
Хашаанд нь оруут эртний хаан төрийг санагдуулах хөшөө баримлууд цогцлоосон хэсэг хамгийн түрүүнд анхаарал татлаа. Тэрбээр энэ бол миний бүтээлгэсэн “Алтан ургийн цогцолбор”. Чингис хаан болон түүний эцэг Есүхэй баатар, дөрвөн хүү Зүчи, Цагаадай Өгөөдэй, Тулуй энд байна. Цаашлаад Тулуйгийн дөрвөн хүү Мөнх хаан, Хубилай хаан, Хүлэгү, Аригбөх байна. Их хаант төрийн үед том үүрэг гүйцэтгэсэн эрхэм хүмүүс бол ээж нар байдаг. Тийм болохоор би энэ цогцолбортоо Өүлэн, Бөртэ, Сорхугтан хатны баримлыг бүтээлгэсэн. Мэдээж тэднийг хамгаалсан есөн өрлөг жанжин болон цогцолборынхоо голд тулга бүтээлгэсэн. Монголчуудын гал голомт үргэлж бадарч байг гэсэн утгыг өгүүлж байгаа юм.
Харин дунд буй энэ авдарт Монголын хөлгөн их судрууд болох Монголын нууц товчоо, Судрын чуулган, Алтан товч, Эрдэнийн эрхийг залсан байгаа. Энэ судруудад “Газар этүгэн эхийнхээ хэвлийг хуулж онгичиж, хөгжил дэвшилд хүрэхгүй. Монголчуудыг хөгжилд хүргэх хамгийн гол чухал зүйл нь ёс суртахуун гэсэн санааг л үүгээрээ илэрхийлэх гээд байгаа юм шүү дээ” гэлээ.
Аливаа зүйлийн агуулгыг уг чинадаас нь тайлахыг эрмэлзэж буй түүний энэ л чанар жинхэнэ эрдэмтэн хүнд л байдаг өгөгдөл гэлтэй. Хууч дэлгэх сэдэв болгоноо баримтад тулгуурлан ярих нь С.Нарангэрэл багшийн хуульчийн мэргэжлийн онцлог ч байх.
Тэрбээр “Энэ цогцолборыг бүтээн байгуулж дууссаныхаа дараа буддын шашны ёсоор лам нараар ном хуруулж, бүх хөшөө дурсгалуудыг шүншиглүүлж өгсөн байгаа. Зуны цагт манай энүүгээр үхэлгүй мөнхийн цагаан уул цэцэг хэдэн мянгаараа ургадаг. Ийм увидастай” хэмээн ярихтай зэрэгцээд сурвалжлагч надад нэг л сайхан энерги мэдрэгдэж байсныг нуух юун. С.Нарангэрэл багшийг бид академич гэдгээр нь л мэддэгээс бус ийм аж ахуйч, амьдарч буй хашаа хороогоо өөрийн гараар тордож, өнгөлдөг ажилсаг хүн гэж санасангүй. Хашаандаа хоёр ч хүлэмжтэй. Хүлэмжиндээ ногоо ургуулдаг гэнэ.
Үндэсний өв уламжлалаа дээдэлдэг хүний хувьд байшингийнхаа урд монгол гэр барьжээ. Дотор нь Монголын өв соёлыг харуулах эмээл хазаар, тулга, авдар хийгээд хоймортоо эцэг Содовсүрэн, их хаан Чингисийнхээ хөрөг зургийг залжээ. Зургийн өмнө зузаан, зузаан боть номууд өрөөстэй... Байшиндаа тохижуулсан өрөөнүүд нь номын сангаар дүүрчээ.
“Эрдмийн хүн, номын хүн гэдэг ийм л байдаг юм байна” гэж гайхан биширснээ цухас дурдаад түүнтэй хөөрөлдсөн ярилцлагаа эхэлье.
ХУУЛИЙН АМИН СҮНС НЬ ЁС СУРТАХУУН
-Ёс суртахуун гэж яг юуг хэлээд байна вэ?
-Угаас хүн төрөлхтөн эхээс төрөхдөө ёс суртахууныг уураг тархиныхаа эд эсэнд шингээн мэндэлдэг. Өөрөөр хэлбэл, ёс суртахууныг хүний заяамал зүйл байх нь гэж ойлгох ёстой.
Харин сүүлийн хэдэн зуун жил ёс суртахуунаа алдаад зөвхөн мөнгө, эд хөрөнгө, тансаг хэрэглээг нэгдүгээрт тавиад ирсний гор нь өдгөө хүн төрөлхтнийг мөхлийн ирмэг дээр авчраад байна.
Би эрдэмтэн хүний хувьд ковидыг бодохдоо “Энэ бол дэлхийн хаа нэгэн газар хүмүүсийг үй олноор нь устгаж болзошгүй тийм туршилтыг хийж байгаад лабораториосоо алдчихсан. Тэр нь өнөөдөр улам хүндэрч, орчин цагийн анагаах ухаан ч хүчин мөхөсдөх хэмжээнд хүргээд байна. Хамгийн гол нь тэр туршилт судалгаанд оролцож байсан эрдэмтдийн ёс суртахууныг энд бодох ёстой. Уг нь эрдэмтэд “Би энэ судалгаанд орохгүй” гэж хэлэх байсан. Гэтэл өнөөх л их мөнгө, төслийн асар их валютад шунаад ийм гамшигт өртчихсөн юм биш биз дээ. Ингэж жишиж бодохоор ёс суртахуун гэдэг хүн төрөлхтөнийг орших уу, эс орших уу гэдгийг ч шийдэх тийм чухал асуудал юм. Тиймээс ч өдгөө шинжлэх ухаанчид ёс суртахуун, ёс зүй гэдэг ухагдахууныг хуулиас өндөр түвшинд ярьж, хүлээн зөвшөөрөөд эхэллээ.
Өнөөдөр УИХ дэргэдээ “Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо” бий болгочихлоо. Дээр нь Төрийн албан хаагчийн ёс зүй сахилгын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Түүнээс гадна УИХ Хүмүүнлэгийн боловсролын тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Энэ бүхэн нь ёс суртахууны асуудал Монгол төрийн бодлогын хэмжээнд гараад ирлээ гэдгийг баталж буй хэрэг.
-Ёс суртахууны тухай ойлголт хэзээнээс буй болсон байдаг вэ?
-Ёс суртахуун гэх ойлголтыг одоогоос 2500 жилийн өмнө манай эриний дөрөвдүгээр зууны үед дэлхийн аугаа сэтгэгчид гаргаж ирсэн байдаг. Дэлхийн долоон суут сэтгэгчдийн дунд буюу Европт аугаа их Аристотель, Азид алдарт Күнз яг тэр цаг үед ёс суртахуун ярьж эхэлсэн. Тэд дүгнэхдээ “Ёс суртахуун гэдэг бол хүний эрхэм зан чанаруудын цогц нийлбэр нь юм. Ёс суртахуун нь хүнд заяагдмал. Гэхдээ хүн болгонд хэмжээ нь ижил биш. Зарим нь өндөр ёс суртахуунтай. Зарим нь ёс суртахуун багатай. Тэр нь гэр бүл, нийгмийн нөлөөллөөс шалтгаалдаг” тухай өгүүлсэн байдаг.
-Ёс зүй нь ёс суртахуунаасаа юугаараа ялгаатай юм бэ?
-Ёс зүй гэдэг нэр томьёо бол шинжлэх ухаанд хоёр янзаар хэрэглэгдэж байгаа. Тэр дундаа мэргэжлийн ёс зүй дээр төвлөрч ярья. Хуульчийн, эмчийн, багшийн, сэтгүүлчийн төрийн албан хаагчийн, өмгөөлөгчийн гээд мэргэжлийн ёс зүйг төгөлдөршүүлэхийн тулд тухайн мэргэжилтэн хувь хүний ёс суртахууны эрхэм чанарыг эзэмшсэн байх учиртай. Жишээ нь, хуульч хүн үнэнийг баримталдаг, шударга зан суртахуунтай байснаар давуу байдлаа бий болгодог. Эмч хүнд өвчтөнд мэргэжлийн нарийн туслалцааг чин сэтгэлээр үзүүлэх нинжин сэтгэл чухал. Хэрвээ тийм зан чанар байхгүйгээр цагаан халад нөмрөөд мөнгө нэхээд байвал энэ эмч мөн үү.
-Тэгэхээр ёс зүй байгаа цагт тухайн мэргэжлийн мөн чанар, жинхэнэ утгаараа тодорч гарах нь ээ?
-Яг тийм. Жишээ нь, тогооч хүн экологийн эрүүл бүтээгдэхүүнээр хоол хийж, түүнийг нь зооглосон үйлчлүүлэгч нь сэтгэл ханамжийн таашаал авах хэрэгтэй. Түүнээс хамгийн муухай хаях ёстой хор болох юмыг янз бүрийн амтлагчаар дараад хүнд өгвөл тэр нь хор өгснөөс ялгаагүй. Үүнийг бид тогооч гэж үзэхгүй. Бүх мэргэжил адилхан.
-Сайн хууль дүрэм батлаад түүнийг дагаж мөрдсөнөөр ёс суртахууны хэм хэмжээ дээшилнэ гэж бодох хүмүүс цөөнгүй байгаа байх. Гэтэл Күнз нэгэнтээ “Хэрэв эзэн хаан өөрөө шударга байвал, хууль эс гаргасан ч эгэл ард түүнийг дагана. Хэрвээ эзэн хаан өөрөө шударга бус байвал, хууль хэчнээн олныг гаргасан ч эгэл ард эс биелүүлнэ” гэсэн гэдэг. Энэ утгаар нь аваад үзвэл дагаж мөрдөх мянган хууль гаргаад ёс суртахуунгүй бол бүтэшгүй мэт?
-Ерөөсөө хуулийн амин сүнс нь ёс суртахуун. Өөрөөр хэлбэл, хууль гэдэг бол хүний ёс суртахууны эрхэм сайхан чанаруудыг хамгаалдаг, бэхжүүлдэг. Хэрвээ тэрийг ноцтой зөрчсөн бол гэсгээдэг ийм л зүйл. Хууль бол шударга ёс, үнэнийг тогтоодог, нинжин сэтгэлийг бий болгодог ийм л хэрэгсэл. Чингис хааны үед хуулийг ингэж л үздэг байж. Гэтэл 1778 Францын нэрт сэтгэгч Шарль Луй Монтескье “Хуулийн амин сүнс” гэсэн алдартай бүтээлээ туурвисан. Түүний бүтээл бол дэлхийд орчин үеийн хуулийн суурь болж байгаа. Тэрбээр “Хууль гэдэг бол хууль тогтоогчдын бодож, боловсруулдаг нарийн тогтолцоо. Энэ бол тусдаа. Харин ёс суртахуун гэдэг бол хүний оюун санааны гол хүчин зүйл. Мөн тусдаа” хэмээн ялгаад энэ онолоор нь хүн төрөлхтөн 300 орчим жил явж байна. Гэтэл өдгөө хүн төрөлхтөн хаа сайгүй хямарсан. Дэлхийн өнцөг булан бүрд болж байгаа их гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн, айл гэрт үүсэж буй тэр маргалдаан. Энэ бүхэн хууль, ёс суртахууныг ялгаж үзсэнээс үүдэлтэй.
-Шарль Луй Монтескьегийн энэ онолоор бол монголчууд бид бүдүүлэг ард түмний төлөөлөл болох юм билээ?
-Алдарт сэтгэгч энэ онолоо бий болгохдоо манай эзэн Чингис хаан, монголчуудыг нэлээн гутааж дорд үзсэн гэж ойлгож болно.
Тэрээр дэлхийд гурван том үндэстэн бий. Нэгдүгээрт нь, сонгомол үндэстэн. Энэ нь Европт байдаг. Дэлхийн хамгийн шилдэг хүмүүс. Хоёрдугаарт, зэрлэг улс үндэстэн. Энэ нь гол төлөв тайга, их ой модтой газар амьдардаг ард түмэн. Гурав дахь нь бүдүүлэг ард түмэн. Энэ ард түмний амь зуух хэрэгсэл нь мал сүрэг. Тэгэхээр монголчууд гурав дахь руу нь яваад орчихож байгаа биз. Улмаар Шарль Луй Монтескье “Тал хээрийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр мал сүргээ хариулж амьдардаг ард түмний мал нь хоорондоо нийлэхээр хүмүүс нь цуглардаг. Гэхдээ хоёр замын аль нэгийг сонгодог. Нэг нь мал малаа таниад сор бэлчээрээ дагаад явна.
Хоёр дахь зам нь нийлж нэгдээд нэг хаантай болж аваад дэлхий дахиныг малын бэлчээр болгох гэсэн ард түмнийх. Ийм учраас Монголд байгаа шиг нэг хүний хэмжээгүй эрхт хаант засаг огт буй болгож болохгүй. Үүний оронд нэг хүнд байгаа эрх мэдлийг гурван хэсэгт ангил. Нэг хэсгийг нь хууль тогтоох, нөгөөхийг нь гүйцэтгэх, нэгийг нь шүүх эрх мэдэл рүү олго гэсэн байдаг. Хүн төрөлхтөн энэ онолоор нь явсаар байгаад бас л гацаанд орчихож байгаа юм. Ингээд эргээд бид анхных руугаа буюу ёс суртахууныг эрхэмлэдэг үе рүүгээ очих ёстой. XIII зуунд манай дэлхийн хамгийн ёс суртахуунтай ард түмэн бол монголчууд байжээ. Энэ чанараараа Чингис хааны үед, түүнийг шууд залгамжлагчдын түүхэн цагт буюу монголчууд дэлхийд 140 жилийн турш амар амгаланг буй болгож, дэлхий дахиныг хөгжил дэвшилд сэтгэл тэнүүн, аз жаргалтай амдьдралыг буй болгож явсан ард түмэн.
-Тэгэхээр өдгөө бид өвөг дээдэс Чингис хааныхаа төрт ёсноос суралцах хэрэгтэй гэж та хэлэх гээд байна даа?
-“Монголын нууц товчоо”-ны 144 дүгээр зүйлд Чингис хааны нэгэн айлдвар бий. Тус айлдварт “Би улс гүрнээ шударга болгож, ганц жолоонд оруулж чадсан” гэж буй. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтоосон гэсэн үг. Үүнээс гадна тэр үеийн монголчуудын баримталж байсан ёс суртахууныг улам төгөлдөршүүлсэн.
Чингис хаан хүчтэй болсныхоо дараа Монголын төдийгүй дэлхийн аугаа эрдэмтдийг дэргэдээ авчирч, багш шавь бололцож, их зүйлийг сурсан байдаг. Тэрбээр Чанчун бумба багшийгаа урихдаа нэг өгүүлбэрийг хэлсэн байдаг. Тэр өгүүлбэрт “Хаан миний бие умард зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоогоод өмсөх хувцас, идэх хоолоо ард иргэдтэйгээ хуваалцаж, эрдэмтэн мэргэд, цэрэг дайчдыг ах дүүгээ мэт эрхэмлэж, эв эеийг хичээж, энэрэл хишгээ түгээж явна” гэж өгүүлсэн байдаг. Энд ёс суртахууны маш чухал хэсэг шударга ёс, нинжин нигүүлсэнгүй зан чанар, бусдын төлөөх сэтгэл, эв эеийг эрхэмлэх, эрдэмтэн мэргэдээ сонсох зэрэг зүйлүүд багтсан байгаа биз. Хэрвээ Монгол төрийн албан хаагч, эрхэм дээдсүүд энэ өгүүлбэрт байгаа санааг ягштал биелүүлэх юм бол монголчууд аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдчихнэ.
-Монголчууд яг энэ өгүүлбэрийг ягштал мөрдмөөр юм байна?
-Энэ өгүүлбэрийг Төрийн ордны орой дээр гэрэлтэж, байнга харагдахаар тогтоомоор байгаа биз /инээв/.
-“Ард түмний ёс суртахуун” гэж ярьж болох уу. Болно гэвэл, монголчуудын ёс суртахуун ямар түвшинд байна вэ?
-Бид XIV зууны сүүлчээс үндэснийхээ эв нэгдлийг алдаад баруун, зүүн гэж хоорондоо цус асгаруулсан хагарал бутралд хүрсэн. Энэ үеэс монголчуудын ёс суртахуунд ялзралын шинжүүд илэрч эхэлсэн. Арга буюу энэ хагаралаа засан тохинуулахын тулд Манжийн хаанд дагаар орж, 200 гаруй жил манж шиг болж, тэдний занг сурсан. Энэ нь цаашдаа болохгүй юм байна гэж үзээд хойд хөршийг дагаад далан жил явсан. Тэгтэл бас л болж өгөөгүй. Тэгэхээр нь бидний дагаж явах ёстой зам барууны чиг баримжаа юм байна гэж бодоод 1990 оноос барууны соёлыг дагаад эхэлсэн. Ингээд энэ 400 гаруй жил гайхамшигтай, уламжлалт монголын ёс суртахуун алдагдсаар байгаад өнөөдөр монголчуудын үндэсний уламжлалт ёс суртахуун мөхлийн ирмэгт хүрээд ирсэн.
-Одоо тэгээд яах ёстой вэ. Бидний ёс суртахуун мөхөх үү, сэхэх үү гэдгийг хэн мэдэх вэ?
-Юуны өмнө уламжлалт ёс суртахуунаа судлаач эрдэмтэд судалж, шинжлэх хэрэгтэй. Миний хувьд сүүлийн 20 жил ёс суртахуун, хууль хоорондын харилцаа, ёс суртахууны тухай үндсэн ойлголтыг түүх, филисофи, квантын физик, тархи судлал, сэтгэл судлал, хэл шинжлэл зэрэг маш олон шинжлэх ухааны уулзвар дээр судлаад ном тохимол болгож, нийтийн хүртээл болгосон. Тухайлбал, 2009 онд “Монголчуудын зан суртахууны гарвал”, 2013 онд “Чингис хааны сүр хүч”, 2014 онд “Чингис хааны ёс суртахуун ба эрх зүйн шастир”, 2015 онд “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой”, 2017 онд “Хуулийн амин сүнс ба Чингис хаан” 2020 онд “Монголчуудын ёс суртахуун сэргэлт, ялзралт, эргэн сэргээлт” ном зохиол бүтээлүүдийг бүтээж гаргасан. Зарим бүтээлүүд маань англи, орос хэл дээр орчуулагдан гадаадад нийтийн хүртээл болгосон нь Олон улсын эрдэмтдийн судалгааны томоохон баримт бичиг болоод байна. Дотооддоо ч гэсэн энэ судалгааны үр дүн маань тодорхой хэмжээнд үр дүн гарч эхэлсэн. Монгол төрийн бодлогын хэмжээнд очсон талаар дээр өгүүлсэн. Миний 2020 онд нийтийн хүртээл болгосон “Монголчуудын ёс суртахуун, сэргэлт, ялзралт, дахин сэргээлт” номонд монголчуудын ёс суртахууныг эргэж сэргээх, төрийн бодлогын хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэлийг үндсэндээ бичсэн байгаа. Энд ёс суртахууныг сэргээхийн тулд ард түмэн нь юуг анхаарах хэрэгтэй, төрөөс ямар бодлогыг хэрэгжүүлэх ёстой зэрэг бүх асуудлыг багтаан бичиж, хойч үедээ үлдээсэн байгаа.
-Ёс суртахуунаа бид үл хайхраад яваад байвал эцэстээ юу болох бол?
-Хэрвээ монголчууд уламжлалт ёс суртахуунаа гээгээд ирвэл араатан амьтнаас ялгагдах юмгүй болно. Ёс суртахуунгүй ард түмний хүсэн хүлээдэг юм нь мөнгө. Эд хөрөнгө, тансаг хэрэглээг эрхэмлээд ирдэг. Яг л хоол руугаа дайрч байгаа чоно шиг.
Тэгэхээр хүн гэдэг өөрөө ёс суртахууны амьтан гэдгийг ойлго. Миний нэг номд байгаа. Чингис хаан “Хатан сайхан эхийнхээ халуун элгийг хөргөсөн цадиггүй муухай үгийг Цагаадай чи хэллээ. Харуусаад харуусаад хожимдлоо шүү“ гэж хэлсэн байдаг. Цагаадай, Зүчи хоёрыг Их хуралдай дээр муудалцах үед болсон явдлаас үүдэлтэй хэлсэн үг л дээ. Энд хүний “Элэг хөрнө” гэдгийг өчсөн байгаа юм. Тэгэхээр ёс суртахуун гэдэг хүний элгэнд нь, эд эсэнд байдаг гэдгийг Чингис хаан үүгээр илэрхийлжээ.
Энэ хөгжил мөн үү...
-Монгол хүний эрхэмлэн дээдлэх, үнэт чанар юу вэ?
-Дэлхий дахинд монголчуудын талаар Рашид ад-дины “Судрын чуулган”-ыг их ишлэл болгон бичдэг. Би судалгааныхаа явцад “Судрын чуулган” бол түүний хувийн бүтээл бус. Чингис хааны отгон хүү Тулуй, Тулуйгийн гуравдугаар хүү Хүлэгү болон Хүлэгүг залгамжилсан Ил хаант улсын Хасаан, Төмөр хааны үед Монголын түүхийг перс хэл дээр бичүүлж, хойш үедээ үлдээсэн түүхэн үйл явдал болжээ. Харин Рашид ад-дин тэр бүтээлд одоогоор бол редакторын үүрэг гүйцэтгэсэн. Хянан тохиолдуулж, эмхэтгэсэн байгаа юм. 1300-1311 онд буюу бүтэн 11 жил бичсэн. Монголчуудын перс хэл дээр бичигдсэн албан ёсны түүх гэсэн үг. Энэ судрын чуулганаас нэг ишлэл хэлье. Тус ишлэлд “Хэрэв 500 жил, 5000 жил, 10 мянган жилээс цааш хүн төрөлхтөн Чингис хааны ёс суртахуунаас суралцаж, хуулийг нь өөрчлөхгүйгээр дагаж мөрдөж чадах юм бол хорвоо ертөнцийн хүн ард үеийн үед аз жаргалтай, амар амгалан байна” гэсэн байдаг. Тэгэхээр энэ ёс суртахуун гэдэг чинь хүн төрөлхтөнд ямар их хэрэгтэй, үнэт зүйл гэдгийг монголчуудын тэр их гайхалтай хөлгөн их сударт бичээд үлдээчихсэн байна.
-Монголын хөгжлийг та ёс суртахуунлаг байхаас эхэлнэ гэдгийг л хэлэхийг их зорилоо доо?
-Хэд хоногийн өмнө бид нэг зүйлийг ухаарлаа. Маш үнэтэй машинтай байгаад сайхан байна гэж бодсон чинь бензингүй гээд бүгд зогслоо. Энэ аз жаргал мөн үү. Асар их үнэ цэнтэй хаус баригдаж байна. Гэтэл Улаанбаатар хот ундныхаа усыг ганц Туул голоос авч байна. Хэрвээ энэ голын маань ундарга тасарвал тэр их үнэтэй хаус юу болох вэ. Хөгжил мөн үү. Тэгэхээр хөгжил дэвшил гэдэг чинь тэр их мөнгө, эд хөрөнгөнд бус хүн болгоны өөрийн тархинд нь байгаа байхгүй юу. Чингис хаанд багш Чанчун бумба нь “Гэнэт олдсон их мөнгө тэнгэрт үүл нүүгээд одохтой адил” гэж хэлсэн байдаг. Үүнийг ухамсарлан бодох хэрэгтэй.
-Ёс суртахуун аливаа зүйлийн цөм нь гэдэг ойлголтыг та ямар нэгэн жишээгээр илэрхийлж тайлбарлаач?
-Цөмийн зэвсэгтэй хэд, хэдэн орнууд байна. Хэрвээ тэр улсын тэргүүнүүд овлигогүй, ёс суртахуунгүй загнаж байгаад нэг нь л кноп дарахад өнөөдөр дэлхийд дахиад галав юүлэх хэмжээнд хүрсэн байгаа. Тэр утгаараа дэлхий өөрөө ёс суртахууны мөхлийн ирмэг дээр ирээд байгаа юм. Ёс суртахуун гэдэг эцсийн дүндээ хүнийг хүрэх насаа хүртэл нь наслуулах ийм том хөшүүрэг нь байгаа юм.
-БСШУЯ-ны Боловсролын хүрээлэнгээс энэ сарын 14-нд таны “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой” номыг хэлэлцээд 100 хувийн саналаар 2021 оны Төрийн шагналд дэвшүүлж байгаа юм билээ. Энэ нь Монголын эрдэмтэд ёс суртахууны судлалд онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж ойлгож байна. Монголчуудын уламжлалт ёс суртахууныг сэргээн, түгээх оройгүй их эрдмийн ажилд тань амжилт хүсээд ярилцлагаа өндөрлүүлье?
-Баярлалаа. Монголчууд та бид энэ хорвоод сэтгэл тэнүүн, аз жаргалтай, бие биенийхээ нүд рүү эгцэлж харж, эргэж буцсаныхаа дараа сайхан нэр төрөө үр хүүхдэдээ үлдээж, үр хүүхэд чинь өвөг дээдэс шигээ байхыг хичээж ёс суртахуунаа эрхэмлэн дээдлэх тэр мэдрэмжээ бүгд мэдэж, энэ зүг рүүгээ төрийн түшээдээсээ эхлээд эгэл жирийн ард түмэн минь тэмүүлэх болтугай. Өнөөдөр дэлхийн хаана ч Монголынхоо гадаад паспортыг бариад зорчиход Монгол хүн гэдгээрээ бахархах цаг бидэнд ойрхон байгаа шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )