ТОЙМ: Стратегийн салбар улсдаа байх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийг хэлэлцэхдээ Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компанийг хувьчлах шийдвэр гаргасан. Ингэхдээ компанийн 49 хувийг болон тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд хувьчлахаар шийдвэрлэсэн байх юм. Гэхдээ энэ асуудлыг УИХ-аар эцэслэн шийдэх бөгөөд одоогоор хэлэлцээгүй байгаа.

Энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ч МИАТ компанийн хувьчлалын асуудал орж ирж байгаа бололтой. Харин Засгийн газрын энэхүү шийдвэртэй дөрөө харшуулан “МИАТ”-ийг хувьчлах нь зөв, буруу гэсэн маргаан шийдвэр гаргах түвшинд буюу иргэний нисэхийн зүтгэлтнүүд дунд дэгдээд авсан. Нийгэмд ч яригдаж байгаа гол сэдэв болсон. 

 

МИАТ-ийг хувьчлах нь зөв

 

Төрийн өмчит компаниудаас хамгийн ашиггүй ажилладаг, асар их ашиг олдог ч хэдэн хүний хувийн бизнесийн замаар ажиллаж, “алдагдал хүлээж” ирсэн байгууллага бол МИАТ гэх. Төлөө­лөн Удирдах зөвлөлийн есөн хүний бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллага, ЗТХЯ-наас нийлээд гурав, Төрийн өмчийн хорооноос хоёр хүн багтдаг бол бусад нь улс төр, бизнесийн бүлэглэлээс “хөндлөнгийн” гэх нэршлээр орж ирдэг нь тус компанийн алдагдал хүлээх гол нөхцөл болдог байх магадлалтэй гэж үздэг тал бий.

Харин өнгөрөгч 2017 онд Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ МИАТ-ийн ТУЗ-ийн дарга болсноор түүхэндээ хамгийн ашигтай буюу долоон тэрбум төгрөгийн орлого олсон гэдгийг Төрийн өмчийн хорооны дарга мэдэгдэлдээ дурд­сан нь бий. Алдагдал хүлээх бас нэг шалтгаан нь найман чиглэлд нисдэг зургаан онгоцтой ч 800 орчим ажиллагсадтай нь дэндүү нүсэр бүтэц гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Үүнээс гадна МИАТ-ийн удирдах албан тушаалд улс төрийн шалтгаанаас үүдэн мэргэжлийн бус шахааны хүмүүс томилдог нь тус байгууллагын академик шинжийг алдагдуулж, аюулгүй байдалд нөлөөлсөөр ирсэн гэх байр суурийг илэрхийлж байгаа. Иргэний агаарын тээвэр нь стратегийн чухал салбар мөн үү гэвэл мөн. Гэхдээ стратегийн гээд хувьчлахгүй байх нь нүсэр бүтэцтэй ямар ч ашиггүй ажилласан, улс төрийн томилгооны нэг салбар төдий байгууллага болж хувирлаа гэх. Ерөөсөө “Төр өөрөө хамгийн муу менежер” гэсэн “эртний” үгийг сануулаад, хувьчлах нь зөв гэсэн байр суурь бол энэ сэдвийн яах аргагүй нэг тал нь юм.

 

Хувьчилснаар хяналт сайжирна

 

Засгийн газраас гаргаж өгсөн чиглэлд дурдахдаа “Компанийн 49 хувийг болон тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчлах” тухай онцолсон байдаг. Ингээд тодорхой хувийг иргэд олон нийтэд хувьчлахаар МИАТ-ийн хувьцаа эзэмшиж, ямар нэгэн хэмжээгээр хөрөнгөө оруулчихсан учраас хувьцаа эзэмшигч иргэн бүр тухайн байгууллагыг хяналтдаа авч, улмаар хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог орлого, зарлага ил болох сайн талтай гэж үзэж болох юм. Нөгөө талаар дэлхий дээр иргэний агаарын тээвэр шиг гольбалчлагдсан салбар байдаггүй гэдгийг ч дурьдаж болно. Олон улсад “Эйр Чайна”, МИАТ-ээс өөр төрд харьяатай компани байдаггүй. Олон улсад агаарын тээврийн салбарыг хамгийн том бизнес гэж үздэг байна. Тэгээд ч олон улсад “Эйр Чайна”, МИАТ хоёроос өөр төрийн өмчид байдаг иргэний агаарын тээврийн байгууллага байдаггүй. Агаарын тээвэр нь цэвэр бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг асар их орлоготой ажилладаг салбар гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Тэгвэл яагаад манай улсад ашигтай бус алдагдалтай ажиллаад байна вэ гэх асуулт гарах байх. Энэ тухайд дээр дурдсан бөгөөд “Төр өөрөө хамгийн муу менежер” гэдгээр тодорхойлж болох юм. Агаарын тээврийн салбар нь олон улсад нисэхийн чиглэлээр батлагдсан дүрмийг мөрдөж, олон улсын гэрээ конвецид нэгдээд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тухайн улс орныхоо хууль эрх зүйн байдал, төрөөс явуулж буй бодлогыг дагаж мөрдөнө. Тухайн орны хуульд нийцэхгүй зүйл гарвал олон улсын гэрээ конвенцид нэгдсэн дүрэм, журмаар зохицуулагддаг өөрийн гэсэн онцлогтой салбар юм. МИАТ, “Эйр Чайна” хоёр нь Төрийн өмчид байдгаараа адил төстэй болохоос биш бусад зүйлээрээ тэс өөр. Арга ч үгүй дэлхий нийтэд алдартай, дэлхийн 100 орчим оронд нислэг үйлддэг зуугаар тоологдох онгоцтой Хятадын “Эйр Чайна”-г зургаан онгоцоор арав хүрэхгүй улсад нислэг үйлддэг байгууллагатай зүйрлэх аргагүй юм. Эндээс харвал, олон улсын жишигт иргэний агаарын тээвэр нь бизнесийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг хамгийн ашигтай салбар байдаг бөгөөд бүгд хувийн хэвшилд олон улсын жишгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

 

МИАТ-ыг хувьчлах нь зөв үү, буруу юу

 

Нөгөө талаас манай улс далайд шууд гарцгүй орон учраас стратегийн маш чухал ач холбогдолтой, үндэсний эрх ашигт онцгой нөлөөтэй салбар болох МИАТ-ийг либералчлал нэрийн дор дампууруулчих вий гэж санаа чилээсэн хүмүүс ч бий. Казахстан улс эрчим хүчний салбараа хувьчлаад маш хүнд байдалд орж байсан жишээ, Гүрж улс иргэний агаарын тээврийн билетийн үнийг бууруулах зорилгоор гадны авиа компаниудад найр тавьснаар асар хүнд байдалд орсон тухай, дотооддоо нефть бүтээгдэхүүний импортоос шууд хамааралтай, энэ салбараа хувьчлаад Монголын төр хувийн компанийг царай алдан гуйж байгааг ч тус тус дурьдаж болно. Үүнтэй агаар нэгэн иргэний нисэхийн салбараар хамаагүй оролдох нь сайн дохио биш гэх байр суурийг илэрхийлэх хэсэг мэдээж бий. МИАТ-ийн хувьчлалын зардал буюу үнэлгээний зардал 700 орчим сая төгрөг байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэвлэлд мэдээлсэн байдаг. Тэдний өгсөн мэдээллээс харахад өнгөрсөн дөрвөн жил төрийн өмчит компаниудын 70 гаруй хувь нь ашиггүй ажилласан бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2020 онд 70 гаруй хувийг ашигтай ажиллуулж чаджээ. Ашигтай ажилласан компаниудын нэгд МИАТ зүй ёсоор багтсаныг дээр дурьдсан. Энэ нь юу вэ гэхээр гагцхүү менежментийг маш зөв хийх нь чухал гэдэг нь харагдана.

 

НЕФТИЙН САЛБАР ШИГ БОЛОХ ВИЙ!

 

Төрийн өмчит компаниудыг хувьчлаад алдсан жишээ цөөн байдаг ч дээр хэл­сэнчлэн нефтийн салбараа хувьчлаад өнөөдөр тэднийг царайчилж суугаа нь туйлын үнэн. ОХУ-аас шууд хараат нефтийн салбарыг хувьд өгснөөр төр өөрөө эргээд тэдний дохио зангаагаар хөдөлж байна. ОУВС-тай тохиролцоо ёсоор өнгөрөгч 2017 оны долоодугаар сард шатахуун түлшинд Онцгой албан татвар ногдуулсан ч энэ оны эхээр шатахуун импортлогчдын шантаажаас үүдэн тэглэчихсэн. Сүүлдээ урт дараалал үүссэн. Үүнээс харахад импортлогчдын шантаажинд орж, төр өөрөө гаргасан хууль, тогтоомжоо эргүүлээд хүчингүй болгож байна. Тэгэхээр Монгол Улсад монополь эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй МИАТ-ийг хувьчиллаа гэж үзье. Гэтэл шатахуун импортлогчид шиг өөрийн дураар тасалбарын үнэ тогтоогоод эхэлбэл яах вэ гэсэн болгоомжлол байна. Өнөөдөр Монгол Улсад МИАТ-ийн харьяа “Чингис хаан” хэмээх цор ганцхан олон улсын нисэх буудал бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаанаас ч онгоц буусан, дэлхийн хаашаа ч ниссэн энэ буудлаас хөөрнө, зөвхөн энэ буудалд бууна гэхээр аргагүй монополь биз дээ. Тэгэхээр нэг талдаа хувьчлалд болгоомжтой хандахыг сануулж байгаа нь буруу биш бололтой. Яахав, ирэх оны тавдугаар сарын 1-нд Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх буудал ашиг­лалтад орсноор байдал өөр тийшээ эргэх байх. Хөшигийн хөндийн нисэх бууд­лын менежментийг япончууд атгана гэхээр төсөөлөөгүй өрсөлдөөн ч гарахыг үгүйсгэхгүй.

 

НИСЭХИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “ТЭНЭМЭЛ” ЯРИАГ ҮГҮЙСГЭВ

 

Харин салбарын мэргэжилтнүүд иргэний агаарын тээвэрт мэргэжлийн бус томилгоо байдаг гэдгийг шууд үгүйсгэсэн. Улс төрийн томилгоо бол МИАТ компанийн удирдах албан тушаалтнуудад байдаг нь үнэн. Тэр тусмаа үйлдвэр үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлд мэргэжлийн боловсон хүчнээ 100 хувь хангаж ажилладаг гэдгийг дурдсан. Нөгөө талаар ажил нь цалгардсан, аюулгүй ажиллагаанд заналхийлсэн гэдгийг бүр ч зөвшөөрөөгүй. Яагаад гэхээр иргэний нисэх нь олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажилладаг, олон улсын бүхий л шалгалтыг өгч тэнцэж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр сая үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Иргэний нисэхийн салбар нь бараг цаг минут тутамд шинэ технологи, шинэ боловсон хүчнээр хувьсан өөрчлөгдөж байдаг. Олон улсын түвшинд цор ганцхан аюулгүй ажиллагааны дүрмээр ажилладаг аж. Түүнээс биш АНУ-ын нисэх буудал ийм байх ёстой, Монгол Улсынх ийм байх ёстой гэсэн дүрэм байхгүй. Нисэх буудлын стандарт, инженер техникийн ажилчдын баримтлах зарчим дэлхий нийтэд яг адилхан нэг стандартаар батлагдсан дагуу мөрдөгддөг байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цог(202.55.188.39) 2021 оны 10 сарын 06

Төр муу менежер биш улс төрчдийн томилж ажиллуулж буй менежер нь муугийнх. Төр муу менежер гэдэг үгийг манай улс төрчид төрийн өмчийг хувьчилж авахын тулд гаргасан үг шүү. Бас дээр нь нэмж хэлэхэд төрийн нислэгийн компаниуд 2 оос илүү олон байгаа шүү

1  |  0
Top